Marchaahai 2024.09.20 zaswar

Төсөл: Хүүхдийн эрхийн интерактив контент бүтээх төсөл

Контент: Анимейшн                                       

Анги: 1

Анимейшний ерөнхий гарчиг: БЯЦХАН ХАМГААЛАГЧИД

Анимейшний дэд гарчиг: ЛҮЛҮГИЙН ХУВИРАЛ

 

ОРШИЛ: Жийн, Мона хоёр том том бөмбөлгөн дэлгэц бүхий өрөөнд байна. Тухайн бөмбөлгөн дэлгэцэнд өөр өөр газар амьдарч байгаа хүүхдүүд аз жаргалтай, инээд хөөртэй харагдана.

МОНА: Жийн!

ЖИЙН: Яасан, Мона?

МОНА: Чи тэднийг хараач. Бүгд жаргалтай харагдаж байна. Бид ч ажлаа сайн хийсэн байна шүү. /сэтгэл хангалуун хэлнэ/

ЖИЙН: Айн? /гайхан бөмбөлөг рүү ойртон харах үед нэг бөмбөлгөнд Лүлү гунигтай харагдана./ Хүүе, Мона! Энд Лүлү байна.

МОНА: Аль аль? /мөн л бөмбөлөг рүү ойртон харна/  Аан, тийм байна. /бөмбөлөг рүү камер татан орно. Лүлү элсээр цамхаг барьж байх ба 2 найз нь хөөцөлдөж гүйхдээ байшинг нураачихна. Лүлү уурлаж бухимдан хувирна. Тэрээр өөрийгөө гайхан харна. Гэтэл хажууханд нь аалз явж байгаа харагдана. Тэр аалзнаас айн хувирч огло үсрэн босож хэсэг зогсоно. Мөн л өөрийгөө гайхан харна. Энэ үед аав, ээж нь “Лүлүхээн, Лүлүхээн” гэж дуудах сонсогдоно. Лүлү дурамжхан царай гарган хувирч  “Лүлүхэн гэнэ шүү. Жаахан хүүхэд шиг ингэж дуудахаа болиосой” гэж амандаа бувтнаад, “За, би одоо очлоо” гэж хашхиран хэлнэ.   Тэгээд өөрийгөө хувирсныг анзаарч гайхан ярвайснаа, “Би яагаад ингээд хачин хачин юм болж хувираад байгаа юм бол оо” гэнэ. Тэгээд толгойгоо сэгсэрснээ гэр лүүгээ гүйн орно. Камер түүнийг дагана. Аав ээж нь түүнд хайрцагтай бэлэг өгөхөд тэрээр баярлаж хөөрөн хувирна. Лүлү өрөө рүүгээ орон бэлгээ задлахад дотор нь гоёмсог үсний хавчаар байна. Хавчаарыг аван үсээ хавчина. Тэгээд толинд харахаар толио хайна. “Толь, толь, толь хааччив?” Гэтэл толь нь олдсонгүй. Тэр “Өө, олсонгүй” хэмээн гуниглан суухад хувирна. Тэгээд өөрийгөө анзаараад айх гайхах, уурлах, баярлах, гомдох, дургүйцэх гээд сэтгэл хөдлөлүүд зэрэгцэн тэр янз бүр болж хувирсаар байх ба Лүлү “Айн!!! Энэ... дахиад л хувирч байна. Би ид шидтэй болсон юм байх даа!” хэмээн баярлан хэлснээ “Аан арай... Дотор маань мангас орчхоод намайг удирдаад байгаа юм болов уу? Ааааааааа!!!” хэмээн айн орилоход камер задран бөмбөлгөөс гарч Жийн, Монаг харуулна.

ЖИЙН: Лүлүд бидний тусламж хэрэгтэй бололтой. 

МОНА: Мммхан.

ЖИЙН: Тэр одоо сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ таних цаг болжээ.

МОНА: Тэр одоохондоо сэтгэл хөдлөл, мэдрэмжээ танихгүй байгаа болохоор яг л галзуу хулгана тоглоомд суусан юм шиг санагдаж байгаа даа?! /галзуу хулганад суусан юм шиг, дотор нь муухай оргисон юм шиг царай гарган хэлэх/

ЖИЙН: Аанхан. Тэгвэл явцгаах уу?

МОНА: Тэгье тэгье. Хөөрхөн Мона, хөгжилтэй Мона /үүнийг хэлэхдээ өнөө хөдөлгөөнөө хийнэ/ Би бэлэн.

Сцен солигдон Жийн, Мона 2 Лүлүгийн ертөнц рүү орж байгаа харагдана. Лүлү гадаа гуниглан сууж байгаа харагдана.

ЖИЙН, МОНА: Тадда!

МОНА: Гэнэтийн бэлэг!

ЖИЙН: Сайн уу, Лүлү? Бид ирлээ. /Лүлү цочин босоод тэдэн рүү гайхан ширтэнэ. Хэсэг хугацааны дараа/

ЛҮЛҮ: Жийн, Мона? Энэ та 2 мөн гэж үү? /ихэд гайхсан бас баярласан өнгөөр хэлнэ/

ЖИЙН: Тийм ээ, бид мөн байна.

МОНА: Хөөрхөн Мона, хөгжилтэй Мона би байна.

ЛҮЛҮ: Хөөх, мөн байна. Ирчихсэн байна. /Баярлаж хөөрөн тэднийг тэврэн дэвхцэнэ./ Би та хоёрыг ямар их санав аа?  /Лүлү мөн л янз бүр болон хувирна./

ЛҮЛҮ: Өө, ахиад л... Би сүүлийн үед ингээд өөр өөр болж хувираад байгаа юм л даа.

МОНА: Зүгээр дээ, Лүлү. Бид чамайг шидэт бөмбөлөгтөө харсан.

ЖИЙН: Аанхан. Чиний энэ хувирч байгаа бүхнийг сэтгэл хөдлөл, мэдрэмж гэдэг юм. Чамайг баярлахаар, гомдохоор, уурлахаар эсвэл айж сандрахаар, дургүйцэхээр энэ бүхэн бий болдог. /Лүлү хэсэг гайхсанаа/

ЛҮЛҮ: Аан, тийм байх нь ээ. Өмнө нь Амбог байхад би дандаа гунигладаг байсан болохоор өөр сэтгэл хөдлөл мэдэрдэггүй байсан юм байх даа?!

МОНА: Тийм ээ, Лүлү. 

ЛҮЛҮ: Ммм, ёстой гайхмаар юм аа.

/энэ үед тэдний дээрээс бороо ороход Лүлү “Яана аа, бороо орчихлоо” хэмээн айж сандарсаар ойролцоох саравчны доор зогсоно. Жийн тайван гэгч явсаар саравчны доор зогсов. Харин Мона инээж хөхрөн дээш нисэж бороо, бороо ороорой, болор дуслаа унагаарай хэмээн аялангаа аз жаргалтай эргэлдэнэ. Лүлү түүнийг ихэд гайхан харна/

ЛҮЛҮ: Хүүе, Мона чи норчихлоо ш дээ. Хурдан энд ир ээ. /хашхиран хэлнэ/

ЖИЙН: Тэр бороо орохоор л ийм сонин болчихдог юм.

/Монагийн янз бүрийн инээдтэй кадр харуулаад бороо зогсож байгааг харуулна. Мона тэдэн дээр ирнэ/

МОНА: Хүү, янзтай. Бороонд норох ч зугаатай шүү.

ЛҮЛҮ: Чи бороонд дуртай юм уу? Баярлаад л байх юм.

МОНА: Аанхан. Би бороонд дуртай. Тэээр хараач. Үзэсгэлэнтэй сайхан солонго татчихаж. /солонго татсан харагдана/ Бороо, бороо ороорой, болор дуслаа унагаарай /мөн л аялан хэлнэ/  гэж байгаа юм даа.

ЛҮЛҮ: Сонин юм аа. Харин би бороонд дургүй. Тэгээд л сая айж сандраад ийшээ ирж зогссон. Жийн, чи бороонд дуртай юу?

ЖИЙН: Дуртай ч биш, дургүй ч биш. Бороо заримдаа гоё, заримдаа муухай.

ЛҮЛҮ: Тэгвэл бүгд адилхан зүйл харсан ч хүн бүрийн сэтгэл хөдлөл, мэдрэмж өөр байдаг байх нь ээ?

ЖИЙН: Тийм шүү. Жишээ нь,  чи зайрмаг идэх гэж байгаад унагачихлаа гэж бодъё л доо. Тэгвэл чи яах уу?

ЛҮЛҮ: Би харамсаад уйлна аа.

ЖИЙН: Харин Мона, хэрвээ чи зайрмагаа унагачихвал яах уу? 

МОНА: Би дахиад л өөр зайрмаг авчихна.

ЖИЙН: Харж байна уу, Лүлү? Тэгэхээр адилхан зүйл тохиолдсон ч хүн бүр өөрөөр хүлээж авч байгаа биз?

ЛҮЛҮ: Аанхан. Тийм байна. Гэхдээ би энэ айдас, уур, дургүйцэл, гунигийг бүрмөсөн байхгүй болгомоор байна. Тэд бүгд муухай.

МОНА: Хүүе хүүе! Лүлү, тэгж болохгүй ээ. Ийм олон сэтгэл хөдлөл байсны ачаар чи аз жаргалыг мэдэрч чадаж байгаа юм шүү дээ.

ЖИЙН: Аанхан, тийм шүү.

ЛҮЛҮ: Айн?! Яагаад?

МОНА: Бидний энэ бүх мэдэрч байгаа сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд өөр өөрийн онцлог давуу талтай. Тэгэхээр бид чамайг нэг нууц газар аваачъя. Биднийг дагаад яваарай.

ЖИЙН: Хурдлаарай, явцгаая. /ийнхүү тэд Лүлүг дагуулан хөгжилтэйгөөр нисэн одно/

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

 

Төсөл: Хүүхдийн эрхийн интерактив контент бүтээх төсөл

Контент: Анимейшн                                             Анги: 2

Анимейшний ерөнхий гарчиг: БЯЦХАН ХАМГААЛАГЧИД

Анимейшний дэд гарчиг: СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ

 

ОРШИЛ: Тэд ер бусын сонин замуудаар ниснэ. Эхлээд солонгон замаар ннсэх ба энэ үед Лүлү инээж хөхрөн баяр хөөртэй явна. Жийн, Мона 2 ч түүнтэй хамт жаргалтай явна. Цааш саарал өнгийн уйтгартай замаар явна. Цааш янз бүрийн замаар янз бүрийн царайны хувирал гаргаж явж байгааг үзүүлнэ.

Эцэст нь Лүлүгийн дотор янз бүрийн сэтгэл хөдлөл холилдон байгааг илтгэхийн тулд янз бүрээр хувирах нь хэцүү байгааг харуулна.

ЛҮЛҮ: Бид хаана ирчхэв ээ?

ЖИЙН: Энэ бол чиний сэтгэл хөдлөлүүд байдаг газар байхгүй юу. /Том хаалганы урд зогсоно/

МОНА: Аанхан. Одоо чиний сэтгэл хөдлөлүүдтэй уулзацгаая. Хэхэ би догдлоод байна аа.

/Лүлү гайхан ийш тийш харна. Гэрэл улам тодорч эргэн тойрны дүрс ялгарч гарна. Тэд харанхуй, энд тэнд эвдэрч, сүйрсэн, таагүй газар ирсэн байна. Тэд гар чийдэн шиг гэрэл асааж эргэн тойрноо харна. Уур, гуниг, дургүйцэл, айдас нийлээд аварга том болчихсон тэрүүгээр ямар нэг зүйл хайна. Алхах үед нь газар хөдөлнө. Тэр гурав айж юмны ард орж нуугдаж, нууцаар харна./  

ЛҮЛҮ: Энд юу болоо вэ?

МОНА: Лүлү, энэ чиний дургүй сэтгэл хөдлөлүүд байх шиг байна. /мөн л гайхан харангаа хэлнэ/

ЛҮЛҮ: Айн?! Тэр... тэр том муухай мангас уу? /Лүлү хувирсан тэдэн рүү ярвайн уйлахаас наагуур айсан царайтай хуруугаараа заан хэлнэ/

ЖИЙН: Тийм ээ, Лүлү. Чи өмнө нь уур, гуниг, айдас, дургүйцлийг муухай гэсэн шүү дээ. Тэгээд тэднийг гадагш нь илэрхийлж гаргахаа больсон доо.

ЛҮЛҮ: Аанхан, тэгсэн. Би зөвхөн инээдэг болохыг хүссэн.

МОНА: Тэгснээс болоод тэд дотор чинь бөөгнөрсөөр ийм мангас болсон байна. 

ЛҮЛҮ: Яана аа? Тийм гэж үү? /гайхсан, гэмшсэн өнгөөр хэлээд хэсэг бодлогоширно/ Аан, тэгээд л би гаднаа инээгээд баяр баясалтай байсан ч дотор минь хэцүү, муухай санагдаад байсан юм байна шүү дээ.

ЖИЙН: Ммхан. Тэднийг илэрхийлж гаргасны ачаар чи жинхэнээсээ баяр баясгалантай болдог юм. Тиймээс өөрт ямар санагдаж байгаагаа ичиж нуулгүйгээр хэлэх хэрэгтэй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлэх хэрэгтэйг санаарай.

ЛҮЛҮ: Зөвөөр илэрхийлэх ээ?

ЖИЙН: Тийм ээ. Жишээ нь уураа илэрхийлэхдээ хэн нэгэн рүү орилж хашхирах юм уу, юм эвдэлж сүйтгэж болохгүй. Хэрвээ тэгвэл бусдыг гомдооно.

МОНА: Хамгийн аймаар нь, чи уураа буруу илэрхийлэх тусам уур чинь яг л Амбо шиг хорон санаатай болно гээд бод доо. /жүжиглэлттэй сануулгын өнгөөр хэлнэ/

ЛҮЛҮ: Ммм. Тэгвэл яаж зөвөөр илэрхийлэх үү?

ЖИЙН: Жишээ нь уур хүрсэн үедээ бусдыг буруутгаж, уурлах биш харин түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг нь чамд таагүй мэдрэмж төрүүлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэрэв бүүр үг хэлж чадахааргүй их уурлавал тухайн газраас холдож, алхаж, гүнзгий амьсгалах хэрэгтэй байдаг юм даа.

ЛҮЛҮ: Аан тэгвэл муухай сэтгэл хөдлөл гэж байхгүй юм байна. Харин сэтгэл хөдлөлөө зөвөөр  илэрхийлэх л чухал юм байна.

МОНА: Ёстой ухаантай гэдэг нь. /Лүлү рүү харан бахархалтайгаар инээн хэлнэ/

ЛҮЛҮ: Хүүе, найзууд аа! Гэхдээ одоо би энэ дотор байгаа мангасаа яаж зүгээр болгох уу? /Санаа зовсон өнгөөр хэлнэ/

МОНА: Аан мэдлээ. Шууд очоод үзэлцчихье л дээ. /ханцуйгаа шамлангаа хэлнэ/

ЖИЙН, ЛҮЛҮ: Айн? /хоёул гайхан зэрэг Мона руу харна/

МОНА: /инээд алдан/ За за тоглосон юм аа.

ЖИЙН: Лүлү, битгий санаа зов оо. Ямар нэг арга байж л таараа. /бодон ийш тийш холхингоо хэлнэ/ Мона, хоёулаа ерөөсөө Лүлүг мэдрэмжээ таньж, илэрхийлж сурахад нь туслах хэрэгтэй юм байна.  Тэгж байж л сэтгэл хөдлөлүүд зүгээр болно.

МОНА: Хо, ёстой янзтай санаа. /Лүлүгийн энд тэнд гаран юм ярьж байгаа мэт дүрс үзүүлэх ба үүн дээр доорх дууг хоёул дуулна, төгсгөлд нь Лүлүгийн дотроос нөгөө 4 эможи янз бүрээр цувран гарч байгааг харуулна/

      ЖИЙН, МОНА: Найзууд аа, найзууд аа!

Наашаа суугаарай

Хнннн хнннн гээд

Хааяа бид уурладаг

Ийн ийн гээд

Илүү чангаар уйлдаг

Бүгд уурладаг

Бүгд уйлдаг

Дараа нь нар шиг инээдэг

Дахин дахин уучлаарай гэдэг

Найзууд аа, найзууд аа!

Наашаа суугаарай

Ий ий, энэ юу вэ? Тэр юу вэ?

Их олон зүйлээс бид айдаг

Үгүй үгүй гэж

Үнэхээр дургүйгээ хэлдэг

Бүгд айдаг

Бүгд дургүйцдэг

Энэ бол би, чи, бид

Энэ бол хүмүүс

Энэ бол би, чи, бид

Энэ бол хүмүүс

/гурвуул ийш тийш гүйлгэн харна. Сэтгэл хөдлөлүүд бүгд хэвийн болсон харагдана/

МОНА: Ура, бид чадлаа. Хөөрхөн Мона, хөгжилтэй Мона. /өнөө хөдөлгөөнөө хийнэ/

ЛҮЛҮ: Баярлалаа. Одоо би жинхэнээсээ баяр хөөртэй байна. Бүх сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлчихсэн чинь ёстой сайхан болчихлоо.

ЖИЙН: Тэгэлгүй яахав. Өөрөө мэдэрсэн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ тухай бүрт нь илэрхийлж байх нь чамайг жаргалтай болгодог юм. Бас найз нөхөд, ойр дотнын хүмүүс чинь чамайг ойлгоход амархан болдог юм даа.

МОНА: Ммхан. Бусад хүн чамайг юу мэдэрч байгааг мэдэх юм бол чамтай харилцахад илүү хялбар болдог байхгүй юу.

ЛҮЛҮ: Ммм. Ойлголоо. Баярлалаа, найзууд аа!

ЖИЙН, МОНА: Зүгээр дээ, Лүлү. /Жийн гараараа дохин ойр орчны ундуй сундуй байдлыг хормын төдийд өнгөлөг сайхан болгоно/ За одоо буцацгаах уу?

МОНА, ЛҮЛҮ: Аанхан, тэгье. /гурвуул буцаад нөгөө замуудаараа явна, план хаагдан титр урсах ба титрийн ард дээрх дууг явуулна/

 

 

 

Back to episodes Go home