Marchaahai 2024.07.23

Төсөл: Хүүхдийн эрхийн интерактив контент бүтээх төсөл

Контент: Анимейшн                                             Анги: 2

Анимейшний ерөнхий гарчиг: БЯЦХАН ХАМГААЛАГЧИД

Анимейшний дэд гарчиг: СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ

 

ОРШИЛ: Тэд ер бусын сонин замуудаар ниснэ. Эхлээд солонгон замаар ннсэх ба энэ үед Лүлү инээж хөхрөн баяр хөөртэй явна. Жийн, Мона 2 ч түүнтэй хамт жаргалтай явна. Цааш саарал өнгийн уйтгартай замаар явна. Цааш янз бүрийн замаар янз бүрийн царайны хувирал гаргаж явж байгааг үзүүлнэ.

Эцэст нь Лүлүгийн дотор янз бүрийн сэтгэл хөдлөл холилдон байгааг илтгэхийн тулд янз бүрээр хувирах нь хэцүү байгааг харуулна.

ЛҮЛҮ: Бид хаана ирчхэв ээ?

ЖИЙН: Энэ бол чиний сэтгэл хөдлөлүүд байдаг газар байхгүй юу. /Том хаалганы урд зогсоно/

МОНА: Аанхан. Одоо чиний сэтгэл хөдлөлүүдтэй уулзацгаая. Хэхэ би догдлоод байна аа.

/Лүлү гайхан ийш тийш харна. Гэрэл улам тодорч эргэн тойрны дүрс ялгарч гарна. Тэд харанхуй, энд тэнд эвдэрч, сүйрсэн, таагүй газар ирсэн байна. Тэд гар чийдэн шиг гэрэл асааж эргэн тойрноо харна. Уур, гуниг, дургүйцэл, айдас нийлээд аварга том болчихсон тэрүүгээр ямар нэг зүйл хайна. Алхах үед нь газар хөдөлнө. Тэр гурав айж юмны ард орж нуугдаж, нууцаар харна./  

ЛҮЛҮ: Энд юу болоо вэ?

МОНА: Лүлү, энэ чиний дургүй сэтгэл хөдлөлүүд байх шиг байна. /мөн л гайхан харангаа хэлнэ/

ЛҮЛҮ: Айн?! Тэр... тэр том муухай мангас уу? /Лүлү хувирсан тэдэн рүү ярвайн уйлахаас наагуур айсан царайтай хуруугаараа заан хэлнэ/

ЖИЙН: Тийм ээ, Лүлү. Чи өмнө нь уур, гуниг, айдас, дургүйцлийг муухай гэсэн шүү дээ. Тэгээд тэднийг гадагш нь илэрхийлж гаргахаа больсон доо.

ЛҮЛҮ: Аанхан, тэгсэн. Би зөвхөн инээдэг болохыг хүссэн.

МОНА: Тэгснээс болоод тэд дотор чинь бөөгнөрсөөр ийм мангас болсон байна. 

ЛҮЛҮ: Яана аа? Тийм гэж үү? /гайхсан, гэмшсэн өнгөөр хэлээд хэсэг бодлогоширно/ Аан, тэгээд л би гаднаа инээгээд баяр баясалтай байсан ч дотор минь хэцүү, муухай санагдаад байсан юм байна шүү дээ.

ЖИЙН: Ммхан. Тэднийг илэрхийлж гаргасны ачаар чи жинхэнээсээ баяр баясгалантай болдог юм. Тиймээс өөрт ямар санагдаж байгаагаа ичиж нуулгүйгээр хэлэх хэрэгтэй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлэх хэрэгтэйг санаарай.

ЛҮЛҮ: Зөвөөр илэрхийлэх ээ?

ЖИЙН: Тийм ээ. Жишээ нь уураа илэрхийлэхдээ хэн нэгэн рүү орилж хашхирах юм уу, юм эвдэлж сүйтгэж болохгүй. Хэрвээ тэгвэл бусдыг гомдооно.

МОНА: Хамгийн аймаар нь, чи уураа буруу илэрхийлэх тусам уур чинь яг л Амбо шиг хорон санаатай болно гээд бод доо. /жүжиглэлттэй сануулгын өнгөөр хэлнэ/

ЛҮЛҮ: Ммм. Тэгвэл яаж зөвөөр илэрхийлэх үү?

ЖИЙН: Жишээ нь уур хүрсэн үедээ бусдыг буруутгаж, уурлах биш харин түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг нь чамд таагүй мэдрэмж өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэрэв бүүр үг хэлж чадахааргүй их уурлавал тухайн газраас холдож, алхаж, гүнзгий амьсгалах хэрэгтэй байдаг юм даа.

ЛҮЛҮ: Аан тэгвэл муухай сэтгэл хөдлөл гэж байхгүй юм байна. Харин сэтгэл хөдлөлөө зөвөөр  илэрхийлэх л чухал юм байна.

МОНА: Ёстой ухаантай гэдэг нь. /Лүлү рүү харан бахархалтайгаар инээн хэлнэ/

ЛҮЛҮ: Хүүе, найзууд аа! Гэхдээ одоо би энэ дотор байгаа мангасаа яаж зүгээр болгох уу? /Санаа зовсон өнгөөр хэлнэ/

МОНА: Аан мэдлээ. Шууд очоод үзэлцчихье л дээ. /ханцуйгаа шамлангаа хэлнэ/

ЖИЙН, ЛҮЛҮ: Айн? /хоёул гайхан зэрэг Мона руу харна/

МОНА: /инээд алдан/ За за тоглосон юм аа.

ЖИЙН: Лүлү, битгий санаа зов оо. Ямар нэг арга байж л таараа. /бодон ийш тийш холхингоо хэлнэ/ Мона, хоёулаа ерөөсөө Лүлүг мэдрэмжээ таньж, илэрхийлж сурахад нь туслах хэрэгтэй юм байна.  Тэгж байж л сэтгэл хөдлөлүүд зүгээр болно.

МОНА: Хо, ёстой янзтай санаа. /Лүлүгийн энд тэнд гаран юм ярьж байгаа мэт дүрс үзүүлэх ба үүн дээр доорх дууг хоёул дуулна, төгсгөлд нь Лүлүгийн дотроос нөгөө 4 эможи янз бүрээр цувран гарч байгааг харуулна/

Найзууд аа, найзууд аа!

Наашаа суугаарай

Хнннн хнннн гээд

Хааяа бид уурладаг

Ийн ийн гээд

Илүү чангаар уйлдаг

Бүгд уурладаг

Бүгд уйлдаг

Дараа нь нар шиг инээдэг

Дахин дахин уучлаарай гэдэг

Найзууд аа, найзууд аа!

Наашаа суугаарай

Ий ий, энэ юу вэ? Тэр юу вэ?

Их олон зүйлээс бид айдаг

Үгүй үгүй гэж

Үнэхээр дургүйгээ хэлдэг

Бүгд айдаг

Бүгд дургүйцдэг

Энэ бол би, чи, бид

Энэ бол хүмүүс

Энэ бол би, чи, бид

Энэ бол хүмүүс

/гурвуул ийш тийш гүйлгэн харна. Сэтгэл хөдлөлүүд бүгд хэвийн болсон харагдана/

МОНА: Ура, бид чадлаа. Хөөрхөн Мона, хөгжилтэй Мона. /өнөө хөдөлгөөнөө хийнэ/

ЛҮЛҮ: Баярлалаа. Одоо би жинхэнээсээ баяр хөөртэй байна. Бүх сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлчихсэн чинь ёстой сайхан болчихлоо.

ЖИЙН: Тэгэлгүй яахав. Өөрөө мэдэрсэн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ тухай бүрт нь илэрхийлж байх нь чамайг жаргалтай болгодог юм. Бас найз нөхөд, ойр дотнын хүмүүс чинь чамайг ойлгоход амархан болдог юм даа.

МОНА: Ммхан. Бусад хүн чамайг юу мэдэрч байгааг мэдэх юм бол чамтай харилцахад илүү хялбар болдог байхгүй юу.

ЛҮЛҮ: Ммм. Ойлголоо. Баярлалаа, найзууд аа!

ЖИЙН, МОНА: Зүгээр дээ, Лүлү. /Жийн гараараа дохин ойр орчны ундуй сундуй байдлыг хормын төдийд өнгөлөг сайхан болгоно/ За одоо буцацгаах уу?

МОНА, ЛҮЛҮ: Аанхан, тэгье. /гурвуул буцаад нөгөө замуудаараа явна, план хаагдан титр урсах ба титрийн ард дээрх дууг явуулна/

 

 

Back to episodes Go home