Төсөл: Хүүхдийн эрхийн интерактив контент бүтээх төсөл
Контент: Анимейшн
Анги: 1
Анимейшний ерөнхий гарчиг: БЯЦХАН ХАМГААЛАГЧИД
Анимейшний дэд гарчиг: ЛҮЛҮГИЙН ХУВИРАЛ
ОРШИЛ: Жийн, Мона том том бөмбөлгөн дэлгэц бүхий өрөөнд байна. Тухайн бөмбөлгөн дэлгэцнүүд дэх өөр өөр газар байгаа хүүхдүүд аз жаргалтай, инээд хөөртэй харагдана.
МОНА: Жийн!
ЖИЙН: Яасан, Мона?
МОНА: Чи тэднийг хараач. Бүгд жаргалтай харагдаж байна. Бид ч ажлаа сайн хийсэн байна шүү. /сэтгэл хангалуун хэлнэ/
ЖИЙН: Айн? /гайхан бөмбөлөг рүү ойртон харах ба энэ үед нэг бөмбөлгөнд Лүлү гунигтай харагдана./ Хүүе, Мона! Энд Лүлү байна.
МОНА: Аль аль? /мөн л бөмбөлөг рүү ойртон харна/ Аан, тийм байна. /бөмбөлөг рүү камер татан орно. Лүлү элсээр цамхаг барьж байх ба 2 найз нь хөөцөлдөн гүйхдээ байшинг нь нураачихна. Лүлү уурлаж бухимдан хувирна. Тэрээр өөрийгөө гайхан харна. Гэтэл хажууханд нь аалз явж байгаа харагдана. Тэр аалзнаас айн хувирч огло үсрэн босож хэсэг зогсоно. Мөн л өөрийгөө гайхан харна. Энэ үед аав, ээж нь “Лүлүхээн, Лүлүхээн” гэж дуудах сонсогдоно. Лүлү дурамжхан царай гарган хувирч “Лүлүхэн гэнэ шүү. Жаахан хүүхэд шиг ингэж дуудахаа болиосой” гэж амандаа бувтнаад, “За, би одоо очлоо” гэж хашхиран хэлнэ. Тэгээд өөрийгөө хувирсныг анзаарч гайхан ярвайснаа, “Би яагаад ингээд хачин хачин юм болж хувираад байгаа юм бол оо” гэнэ. Тэгээд толгойгоо сэгсэрснээ гэр лүүгээ гүйн орно. Камер түүнийг дагана. Аав ээж нь түүнд хайрцагтай бэлэг өгөхөд тэрээр баярлаж хөөрөн хувирна. Лүлү өрөө рүүгээ орон бэлгээ задлахад дотор нь гоёмсог үсний хавчаар байна. Хавчаарыг аван үсээ хавчина. Тэгээд толинд харахаар толио хайна. “Толь, толь, толь хааччив?” Гэтэл толь нь олдсонгүй. Тэр гуниглан суухад хувирна. Тэгээд өөрийгөө анзаараад айх гайхах, уурлах, баярлах, гомдох, дургүйцэх гээд сэтгэл хөдлөлүүд зэрэгцэн тэр янз бүр болж хувирсаар байх ба Лүлү “Айн!!! Энэ... дахиад л хувирч байна. Би ид шидтэй болсон юм байх даа!” хэмээн баярлан хэлснээ “Аан арай... Дотор маань мангас орчхоод намайг удирдаад байгаа юм болов уу? Ааааааааа!!!” хэмээн айн орилоход камер задран бөмбөлгөөс гарч Жийн, Монаг харуулна.
ЖИЙН: Монад бидний тусламж хэрэгтэй бололтой.
МОНА: Мммхан.
ЖИЙН: Тэр одоо сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ таних цаг болжээ.
МОНА: Тэр одоохондоо сэтгэл хөдлөл, мэдрэмжээ танихгүй байгаа болохоор яг л галзуу хулганад суусан юм шиг санагдаж байгаа даа?! /галзуу хулганад суусан юм шиг, дотор нь муухай оргисон юм шиг царай гарган хэлэх/
ЖИЙН: Аанхан. Тэгвэл явцгаах уу?
МОНА: Тэгье тэгье. Хөөрхөн Мона, хөгжилтэй Мона /үүнийг хэлэхдээ өнөө хөдөлгөөнөө хийнэ/ Би бэлэн.
Сцен солигдон Жийн, Мона 2 Лүлүгийн ертөнц рүү орж байгаа харагдана. Лүлү гадаа гуниглан сууж байгаа харагдана.
ЖИЙН, МОНА: Тадда!
МОНА: Гэнэтийн бэлэг!
ЖИЙН: Сайн уу, Лүлү? Бид ирлээ. /Лүлү цочин босоод тэдэн рүү гайхан ширтэнэ. Хэсэг хугацааны дараа/
ЛҮЛҮ: Жийн, Мона? Энэ та 2 мөн гэж үү? /ихэд гайхсан бас баярласан өнгөөр хэлнэ/
ЖИЙН: Тийм ээ, бид мөн байна.
МОНА: Хөөрхөн Мона, хөгжилтэй Мона би байна.
ЛҮЛҮ: Хөөх, мөн байна. Ирчихсэн байна. /Баярлаж хөөрөн тэднийг тэврэн дэвхцэнэ./ Би та хоёрыг ямар их санав аа? /Лүлү мөн л янз бүр болон хувирна./
ЛҮЛҮ: Өө, ахиад л... Би сүүлийн үед ингээд өөр өөр болж хувираад байгаа юм л даа.
МОНА: Зүгээр дээ, Лүлү. Бид чамайг шидэт бөмбөлөгтөө харсан.
ЖИЙН: Аанхан. Чиний энэ хувирч байгаа бүхнийг сэтгэл хөдлөл, мэдрэмж гэдэг юм. Чамайг баярлахаар, гомдохоор, уурлахаар эсвэл айж сандрахаар, дургүйцэхээр энэ бүхэн бий болдог. /Лүлү хэсэг гайхсанаа/
ЛҮЛҮ: Аан, тийм байх нь ээ. Өмнө нь Амбог байхад би дандаа гунигладаг байсан болохоор өөр сэтгэл хөдлөл мэдэрдэггүй байсан юм байх даа?!
МОНА: Тийм ээ, Лүлү.
ЛҮЛҮ: Ммм, ёстой гайхмаар юм аа.
/энэ үед тэдний дээрээс бороо ороход Лүлү айж сандарсаар ойролцоох саравчны доор зогсоно. Жийн тайван гэгч явсаар саравчны доор зогсов. Харин Мона инээж хөхрөн дээш нисэж бороо, бороо ороорой, болор дуслаа унагаарай хэмээн аялангаа аз жаргалтай эргэлдэнэ. Лүлү түүнийг ихэд гайхан харна/
ЛҮЛҮ: Хүүе, Мона чи норчихлоо ш дээ. Хурдан энд ир ээ. /хашхиран хэлнэ/
ЖИЙН: Тэр бороо орохоор л ийм сонин болчихдог юм.
/Монагийн янз бүрийн инээдтэй кадр харуулаад бороо зогсож байгааг харуулна. Мона тэдэн дээр ирнэ/
МОНА: Хүү, янзтай. Бороонд норох ч зугаатай шүү.
ЛҮЛҮ: Чи бороонд дуртай юм уу? Баярлаад л байх юм.
МОНА: Аанхан. Би бороонд дуртай. Тэээр хараач. Үзэсгэлэнтэй сайхан солонго татчихаж. /солонго татсан харагдана/ Бороо, бороо ороорой, болор дуслаа унагаарай /мөн л аялан хэлнэ/ гэж байгаа юм даа.
ЛҮЛҮ: Сонин юм аа. Харин би бороонд дургүй. Тэгээд л сая айж сандраад ийшээ ирж зогссон. Жийн, чи бороонд дуртай юу?
ЖИЙН: Дуртай ч биш, дургүй ч биш. Бороо заримдаа гоё, заримдаа муухай.
ЛҮЛҮ: Тэгвэл бүгд адилхан зүйл харсан ч хүн бүрийн сэтгэл хөдлөл, мэдрэмж өөр байдаг байх нь ээ?
ЖИЙН: Тийм шүү. Жишээ нь, чи зайрмаг идэх гэж байгаад унагачихлаа гэж бодъё л доо. Тэгвэл чи яах уу?
ЛҮЛҮ: Би харамсаад уйлна аа.
ЖИЙН: Харин Мона, хэрвээ чи зайрмагаа унагачихвал яах уу?
МОНА: Би дахиад л өөр зайрмаг авчихна.
ЖИЙН: Харж байна уу, Лүлү? Тэгэхээр адилхан зүйл тохиолдсон ч хүн бүр өөрөөр хүлээж авч байгаа биз?
ЛҮЛҮ: Аанхан. Тийм байна. Гэхдээ би энэ айдас, уур, дургүйцэл, гунигийг бүрмөсөн байхгүй болгомоор байна. Тэд бүгд муухай.
МОНА: Хүүе хүүе! Лүлү, тэгж болохгүй ээ. Ийм олон сэтгэл хөдлөл байсны ачаар чи баяр жаргалтай болдог юм шүү дээ.
ЖИЙН: Аанхан, тийм шүү.
ЛҮЛҮ: Айн?! Яагаад?
ЖИЙН: Тэгэхээр бид чамайг нэг нууц газар аваачъя. Биднийг дагаад яваарай.
ЖИЙН: Хурдлаарай, явцгаая. /ийнхүү тэд Лүлүг дагуулан хөгжилтэйгөөр нисэн одно/
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Back to episodes Go home