өнгөрсөн, одоо, ирээдүй
(Баримтат кино)
МигаФильм, Аta.mn агентлагын хамтын бүтээл
Төсөл санаачлагч, төслийн удирдагч: Шатарбал Даваадорж (Сэтгүүлч, нийтлэлч)
Зохиолыг бичиж, найруулсан: Баасан Номинчимэд (Сэтгүүлч, зохиолч)
Намсрай Лутбаяр (Сэтгүүлч, яруу найрагч)
Дашцэрэн Заяабат (Сэтгүүлч)
Хоолой. 99074206 Пүүжээ
1. ЭХЛЭЛ
(Алтайн магтаалын аянд Алтайн уулс, Таванбогдын сав газар, цаст хайрхан, Ховд голын зураг)
Алтайн уулс. Бардам сүрлэг энэ тунгалаг цаст уулнаа мөнхийн манан хорогдоно. Бас хүмүүний сэтгэлд ч цаг үргэлжид гэрэлтэх билээ.
Монгол, казах ард зон их уулсаа түшиж, мөнх цаст оргилуудаас нь эх авсан тунгалаг уст рашаан булаг уснаас ундаалан хэдэн үеэрээ хаяа дэрлэн айл саахалт амар жимэр, аж төрөн суусаар хэдэн арван жилийг элээж байна.
(Баримтат киноны нэр, шторк гарч ирнэ.)
МОНГОЛ ба КАЗАХ
Өнгөрсөн одоо, ирээдүй
Монгол Улс 140 орчим мянган казах иргэнтэй. Тэд хүн амын 4 орчим хувийг эзэлж байна. Сүүлийн 100 гаруй жилийн түүхэнд бид хамтдаа эх орноо хамгаалан мөр зэрэгцэн тулалдаж, хөгжил дэвшлийн төлөө гар, сэтгэл нийлэн эв найртай амьдарсаар өдий хүрсэн билээ.
Ингэхэд Монголын казахууд гэж хэн вэ? Монгол болон казахуудын харилцаа хэдийнээс эхлэж, ямар замыг туулж өнөөдрийг хүрэв? Сүүлийн жилүүдэд яагаад казах, монголоороо талцсөн зарчил үе үе гарах болов оо? Ер нь бидний хооронд ямар нэгэн эмзэг сэдэв байдаг юм биш байгаа?
...
Хэрвээ байдаг бол...?
Бид чимээгүй ажиглах уу? Эсвэл асуудлыг сөхөн гаргаж, хэлэлцүүлгийн талбарт урин, сайн муугаа ярилцаж, ойлголцол, зөвшилцлийн суурийг зөв бөгөөд бат бэх тавих нь дээр үү? Чимээгүй байдал бугшсаар хожмоо давж туулахад нэн хэцүү бэрх ч болдог шүү дээ.
Үүнд сэтгэл чилээсэн бидний хэдэн сэтгүүлч бүдэг бадаг эрлийн замд гарцгаалаа
...
Замд цасан шуурга нүүр нүдгүй шавхуурдаж, үе үе машины хамар ч харагдахгүй болно. Хальтиргаатай замд урд гэнэт мал сүрэг, осолдсон машин ч гарч ирнэ. Бас араас... Бидний эрэл ч бас тийм бүдэг бүрхэг, амаргүй байлаа.
Аливаа утасны үзүүр хэзээ ямагт их түүхээс уяатай учир бид эрлээ түүхийн жимээрх бяцхан аяллаас эхлүүлэв.
(Цасан шуурган дундуур яваа зураг, бичлэг)
2. Алтан ордны хаант улс, түүний задрал. Казахын хаант улс байгуулагдсан нь
Евразийг бүхэлд нь эрхшээсэн Монголын эзэнт гүрэн өрнө дорныг холбож, янз бүрийн соёлыг төдийгүй улс үндэстнүүдийг аварга том тогоонд хутгаж орхисноор соёл, танин мэдэхүй, технологи шинэ түвшинд гарав. Улс орнуудын хил хязгаар цоо шинээр зурагдаж, шинэ шинэ үндэстэн угсаатнууд мэндэлж эхэлсэн юм.
XIII зууны хоёрдугаар хагаст их гүрний задарч, Юань гүрэн, Цагаадайн улс, Ил хаант улс, Алтан ордны улс гэсэн өөр ямар ч улстэй эгнэшгүй, зөвхөн өөр хоорондоо л эгнэн өрсөлдөх боломжтой үндэстэн дамнасан дөрвөн том хүчирхэг улс үүсэв.
Зуун тавь орчим жилийн дараа дахин задрал хуваагдал үргэлжлэв. Карпатаас Алтайн нурууны баруун зах хүртлэх Дундад Азийн уудам газар нутгийг эрхшээсэн Зүчи хан хөвүүний Алтан орд улс л гэхэд Цагаан орд, Хөх орд, Крымын ханлиг, Астраханы ханлиг, Касымын ханлиг, Ногайн орд, Казанын ханлиг, Узбекийн ханлиг гэх мэт олон улс болжээ. Гэсэн ч Дундад Ази даяар Монголын эзэнт гүрний эрх мэдэл сүр хүчин хэвээр байж, эдгээр бүхий л ханлигуудыг хууль ёсоор Чингис хааны алтан ургийнхан захирч байлаа. Энэ уламжлал бүр ХХ зууныг гартал энэ бүс нутагт хүчинтэй хэвээр байсан юм. Эдгээр олон ханлигуудад найман, хэрээд, мэргэд, конгирад, жалайр, мангуд, арулад зэрэг монгол аймгуудаас гадна, түрэг, булгар, алан, кангл, осет, болон хазар, сак, кумануудын хойчис зэрэг хэдэн арван үндэстэн холилдон харьяалагдаж байжээ. Тэдэн дундаас хэд хэдэн үндэстэн шинээр үүссэний нэг нь Узбекүүд байв.
1320 онд Зүчийн улсын зүүн хэсгийг захирч байсан Мөнхтөмөр хааны ач хүү Узбег хаан харьяат ард түмнээ хүчээр исламжуулав. Тэр үеэс Узбег хааны харьяат бүх хүн амыг Узбек хэмээн нэрлэх болжээ.
Монголын Барлас овгийн Доголон Төмөр хааны дараагаас буюу 1400-аад оны эхээр Алтан ордын улс дахин задарч Казань, Крым, Ногайн улс гэсэн хэдэн ханлиг болсны нэг нь Абульхайр хааны улс юм. Мөн Узбекийн хаант улс ч гэдэг.
(На.Сүхбаатарын яриа)
(Нүүдэл, Жатысугийн байрлалыг
харуулсан зураг)
Узбекийн Абулхайр хаан 1457 онд Алтан ордын зүүн нийслэл байсан Сыгнакийн дэргэд Ойрдын Өш Төмөр тайшид ялагдаж, Дешт Хипчагийн усгүй цөл рүү зугтжээ. Ойрдуудыг буцсаны ард Абулхайр хаан эргэж ирээд өөрийг нь тууштай дэмжээгүй харьяатуудаа “Урвагч” хэмээн хавчин, хайр найргүй устгаж эхэлсэн байна. Энэ үед Абулхайр хааны харьяат Керей, Жанибек хэмээх хоёр султаан Абулхайр хааны өрсөлдөгч Могулистан улс руу дүрвэж, Цагаадайн угсааны Есөнбуга хааны ивээл хамгаалалтад оржээ. Тиймээс зарим эх сурвалжид Керей, Жанибек нарыг урвагчид, оргодол босуулууд хэмээх үздэг.
Энэ явдал 1465 оны орчимд болжээ. Могулистаны Есөнбуга хаан тэднийг Могулистаны нутгийн зах, Сүбээдэй баатар Мэргэдийн үлдэл ба Хипчагийн хамтарсан хүчтэй тулж асан Чу мөрний эх орчимд, Жатысуд суулгажээ.
1468 оноос Абулхайр хааныг үрэгдсэнээр эзэнтэйгээ тэрсэлдэн зугтаасан хоёр султаны эрин үе эхлэв. Узбекийн хаант улсын дотоодын зөрчил, тэмцэл туйлдаа хүрч, түүнээс дүрвэсэн янз бүрийн овог, аймгийнхан Керей, Жанибек нар руу ирсээр төдөлгүй 200 мянга болж, хүч чадал нь зузаарав. Абулхайрын залгамжлагчидтай ч хэдэнтээ тулалдав.
Керей, Жанибек хоёр султан Узбекийн хаант улсаас тусгаарлан салсан энэ үйл явдлыг Казах үндэстний шинж нийтлэг бүрэлдэхийн эхлэл, төрт улсынх нь түүх эхэлсэн хэмээн үздэг байна. Шинэ угсаатныг бүрэлдэхэд Хипчаг-түрэг угсаат олон овог аймаг голлосон ба дундаж азид очсон монголчууд байв. Энэхүү Хипчагууд бол Чингис хаанд цохиулсан Хада, Чулуун тэргүүт Мэргэдийн үлдлийг тосон нийлж, Төмөр тэрэгт Сүбээдэй баатартай 1206 оны бар жил Чү мөрний хөндийд тулалдаж байсан тэр хипчагууд юм. Хожим 1223 онд тэднийг Кавказын нурууны ард байхад нь Зэв, Сүбээдэй нар Элбрусийн өврөөр давж цохисон, үлдэл хипчагууд Оросын вангуудтай хамтран Калька голын хөвөөнд 5 сарын 23-эл бут цохиулсан, хожим, 1238-1239 онуудад Мөнх, Бужаг нарын цэргүүд өмнөд орос, Дон, Ижилийн адгаар хоёр жил хөөцөлдөн бутаргахад, Хипчагийн хаан Хотян үлдэгдэл 40 000 цэрэг бүхий 200 000 хүнээ аван Карпатыг даван, Унгарт Бат, Сүбээдэйн цэргийг дагуулан түймэр авчирсан тэр хипчагууд юм.
Бас Хипчагийн үлэмжхэн хэсэг Чингис хаанд, бас Зүчи, Бат нарт дагаар орж, цэргийнх нь тавны нэгийг бүрдүүлж явжээ.
(На.Сүхбаатар, Отгонбаяр нарын яриа)
Жанибек султан нь Зүчи хааны бага хүү Тугтөмөрийн 9 дэх удмын хан хүү юм. Керей султан мөн Тугтөмөр хааны 6 дахь удмын Үрүс хааны үр хойчис болно. Жанибек султаны удам 1800-аад оны дунд үеийг хүртэл Казахийн овог аймгуудыг тасралтгүй удирдаж байв. Харин өнөөх Абулхайр хаан бол Зүчи хааны тавдугаар хүү Шибаны удмынх юм.
Ер нь Алтан ордны үеэс Дундад Азийн ард түмнүүдийг Зүчийн угсааныхан удирдаж байсан ба энэ хэм хэмжээ, уламжлалын дагуу Казахийн султан хаад, ноёд Чингис хааны удмынхан юм. Тэднийг Төрэ буюу Цагаан ястнууд хэмээдэг ба төрийг удирдахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Монголоор бол Алтан ургийнхан, цагаан яст тайжууд болно. Төрэ овгийнхон казахын Их ордод хамаарах ба хүн амаар хамгийн цөөнх нь. Өнөөдөр ч Төрэ овгийнхон нэр хүндтэй хэвээр, Чингис хааны угсааныхан казахуудыг үеийн үед удирдаж байснаар бахархах нь ч бий. Монголын казахуудын дотор Төрэ овгийнхон цөөнгүй.
(На.Сүхбаатар, Өмербэк нарын яриа)
3. Казах нэрийн талаар?
Чухам Керей, Жанибек нарын үеэс тухайн ард түмэн өөрсдийгөө “Чөлөөт узбекүүд” буюу “Узбек-казах”, “Кассак” хэмээн нэрлэж эхэлсэн тухай казахын албан ёсны түүхэнд бичжээ.
Гэвч янз бүрийн таамаг, дэвшүүлдэг судлаач эрдэмтэд ч бас байдаг..
(Өмербэк яриа)
Казах нэр түүхэнд их л эрт цагт байсаан гэсэн мэдээллүүд бий. Тухайлбал,
- Юань гүрний судрын орчуулгын хавсралтад “Түрэгүүд нэн хүчирхэгжсэн үед тэдний баруун хэсэгт каса буюу хаса аймгууд оршиж байв”,
- Дорнын сонгодог найрагч Фирдоусийн “Шахнаме” алдарт бүтээлд “Арал тэнгисийн зүүн эргээр нутагладаг Касах хэмээх ханлиг”-ийн тухай дурджээ.
Гэхдээ энэхүү казах гэдэг нь тодорхой үндэстний нэршил байв уу, эсвэл тухайн бүс нутагт байсан чөлөөт нүүдэлчин овог аймгуудыг ерөнхийд нь нэрлэдэг нэршил үү гэдэг нь өөр асуудал юм. Мөн өөр ч таамаглалууд олон байдаг.
(Өмербэк яриа)
Г.В.Вернадский. Оросын түүхч, эрдэмтэн.
(Вернадскийн зураг. “Монголчууд ба орос” номынх нь зураг)
1943 онд бичсэн "Монголчууд ба Орос" бүтээлдээ: "Казах” хэмээх нэршил нь хэд хэдэн түрэг аялгуунд "Чөлөөт хүн" гэсэн утгатай казак үгийн нэг хувилбар юм. "Чөлөөт адал явдалт" ба улмаар "хилийн зурваст оршин суугч". Энэ үг нь Татар, Украин, Оросын суурьшлын бүлгүүд буюу Козакууд, мөн Киргиз зэрэг Төв Азийн бүх ард түмнийг тодорхойлоход хэрэглэгддэг...” гэжээ.
Махмуд Хайдар Дуглат:
1499—1551 онуудад амьдарч байв. Дундад Азийн Могулистан улсын монгол угсаат язгууртан, цэргийн жанжин, түүхч, яруу найрагч. Тэрбээр Могулистан улс болон дундад азийн бусад үндэстнүүдийн тухай үнэ цэнэтэй мэдээлэл бүхий “Тарих-и-Рашиди” хэмээх түүхийн бүтээл туурвижээ.
(Махмут Хайдарын зураг. “Тарих и Рашиди” номынх нь зураг)
Энд Керей, Жанибек нарын султануудыг эзэн хаанаасаа урван, дайсагнагч Могулистан руу зугтаж, удаан хугацаагаар ядуу зүдүү амьдарч байсан тул тэднийг "тэнүүлч" хэмээн хочилсон ба “Чөлөөтэй тэнүүчлэх узбекууд” гэсэн утга бүхий “Узбек-Касаки” хэмээн нэрлэдэг тухай өгүүлжээ. Мөн ямар нэгэн Казахын хаант улсын тухай дурдсангүй.
Жаксылык Сабитов: түүхч, генетикч. Казахстаны Евроазийн үндэсний их сургуулийн доцент, доктор.
(Жаксылык Сабитов: “Мифы и факты в истории Казахстана” ярилцлагын 14:35-аас 00:39 хэсгийг оруулна.)
Абулхайр хааны нөхөр болон дайсан 200 эмир, ноёдын нэрс дотор Жанибек, Керей хоёрын нэр байдаггүй. Энэ их чухал мэдээлэл. Тэдний нэр анх 1447 оны үест дурдагддаг. Тэгэхэд Жанибек, Керей нар Или голын эргийн нэгэн хотын 1000 цэрэг бүхий захирагч байжээ.
Улсаа Казах гэж нэрлэдэггүй байжээ. Калгари Жалайри 1600 оны орчимд бичсэн номдоо “Урус хааны улс” гэж нэрлэж байсан тухай өгүүлдэг. Тэнд нэг ч удаа казах гэж бичээгүй, хэрвээ тэдгээр ард түмний тухай бичих болвол “Узбек”, “Узбекүүдийн хаан” гэдэг байжээ. Зөвхөн XVI зууны эхэн үеэс л Казах хэмээн нэрлэх болсон байна.
Дундад Азийн улс орнуудын байршил, нэршлийг харуулсан, тухайн цаг үед ойрхон бүтээгдсэн, зарим нь биеэр явсан хүмүүсийн хийсэн газрын зургуудад Казах гэдэг нэр анх 1562 онд гарч ирсэн байдаг.
(1500-аад оны газрын зургууд болон анхлан Казах нэр дурдагдсан 1562 оны газрын зургуудыг харуулах.)
Тэрхүү зургийн нэг хэсэгт Cassacky хэмээн тод тэмдэглэжээ. Түүнээс хойшхи хэд хэдэн зурагт дурдагддаг. Заримд нь Киргиз-Кассак гэсэн нэрээр ч тэмдэглэгджээ.
(Кассак гэсэн нэр орсон дундуд зууны үеийн газрын зургуудыг харуулах)
Эдгээр газрын зургуудад Кассак хэмээн нэрлэгдсэн энэ бүс нутагт чөлөөт ард нүүдэллэн аж төрдгийг тэмдэглэжээ.
Тухайн цаг үед Дундад Азийн тал нутгаар чөлөөтэй нүүдэллэх хэнийг ч Казах гэж нэрлэж болдог байжээ.
(Отгонбаяр, Ганболд нарын яриа)
Казахын түүхч, зохиолч, угсаатны зүйч, төр-нийгмийн зүтгэлтэн Койшыгара Салгарин: “Казах гэдэг бол овгуудын нэгдэл юм. .. үндэстэн төлөвшөөгүй байхад овгууд байв. Уг овгууд хоорондоо нийлэн нийгмийн харилцаанд орсноор казах үндэстэн хожмоо төлөвшин бий болсон”-ыг онцлон тэмдэглэжээ.
(Койшыгарагийн зураг. Султааны яриа)
Аажмаар бүс нутгийн султанууд Монголчуудын төвлөрсөн эрх мэдлийн үзэл санааг үргэлжлүүлж сул зохион байгуулалттай байсан тал нутгийн тэдгээр чөлөөт ард түмэн “кассах”-уудыг нэгтгэж, нэг жолоонд оруулав. Чингис хааны Их Засаг хуулийн хэм хэмжээнд тулгуурлан "Жети Жаргы" буюу “Долоон зарчим” хэмээх хууль тогтоомжийг бий болгов. Шинэ угсаатан бүрэлдэх үйл явц ч хурдацтай өрнөжээ. Тэр шинэ угсаатны бүрэлдхүүнд түрэг угсааны хипчаг, узбек, киргиз, харлуг, мөн монгол угсааны найман, хэрэйд, жалайр, хонгирад, хатагин, адай, мэргэд, арулад, мангууд, хиад, буркууд, салжууд, ойрдууд, - иран угсааны скиф, сак, сармат, массагет зэрэг олон овог оржээ.
Засаг захиргааны хувьд ерөнхийлөн захирах султан хааны дор Их, Дунд, Бага гэсэн гурван Жуз буюу жигүүрт хуваагдсан зохион байгуулалттай болов.
(3 жузын зураг. Тэмдэг, тамга)
Гэхдээ оросууд шинэ тутам үүссэн үндэстнийг хожуу болтол Киргиз-кайсак хэмээн нэрлэж байжээ. Энэ нь мөн утга агуулга нэг чөлөөт иргэд буюу Кайссак гэдэг нэрээр нэрлэж байсан Хаант Оросын Донын бүс нутагт байх слав гаралт чөлөөт иргэдтэй хольж будилахгүйн тул ялган тэмдэглэсэн хэрэг байв.
Дорно дахины судлаач, монголч А.М.Позднеев “Брокхаус ба Ефроны нэвтэрхий толь” бичигт бичсэн өгүүлэлдээ “Киргиз-кайсакууд өөрсдийн үндэстнийг заримдаа казак гэсэн нийтлэг нэрээр тодорхойлдог боловч ихэнхдээ харьяалагдах овгийнхоо нэрээр өөрсдийгөө тодорхойлдог” гээд, “Гэсэн ч тэд нэг ард түмэн, нэг хэлээр ярьдаг” болохыг онцгойлон тэмдэглэжээ. Тухайн үед буюу ХХ зууны эхэнд казахуудын дунд 40 том овог байжээ.
(А.М.Позднеевийн зураг. Уг номынх нь зураг)
(Отгонбаярын яриа)
1731 онд оросууд Бага Жүзийн казахуудын нутагт нэвтэрч, протекторат захиргаа байгуулснаар казахуудын дунд Оросын эзэнт гүрний ноёрхол эхэлжээ. Энэ үеэс 1916 он хүртэл казахууд оросын засаг захиргааг эсэргүүцэн 300 гаруй удаа босож, дайтаж, тэмцэж, хатуу ширүүнээр дарагдаж байв. Хамгийн сүүлийн томоохон бослого нь 1802-1847 онуудад болсон Кесенары хааны удирдлага дорх Дунд жузын бослого байлаа.
(3 жузын зураг, Кесенарын хаан, бослогын киноны бичлэгээс)
1890 оны "Оросын эзэнт гүрэнд амьдарч байсан ард түмний цагаан толгойн жагсаалт"-д нийтлэгдсэн мэдээллээр Киргиз-кайсакууд хэлбэл казахууд Оренбург, Астрахань мужууд, Семипалатинск, Семиреченск, Тургай, Уралын бүс нутагт амьдарч, нийт 3 сая хүн амтай байжээ.
1917 оны 12 сард Оренбургт Бүх казахын II их хурал хуралдан, Казахын автономийг “Алаш” нэрээр зарлаж, “Алаш-Орда” Ардын зөвлөл буюу Засгийн газар байгуулав. Алаш-Орд нь меньшевикүүдийг дэмжиж байсан учир 1920 оны эхээр иргэний дайнд ялсан большевикууд Алашийн автономийг устгаж, удирдагчдыг буудан хороожээ.
Тэгээд уг оныхоо 8 сарын 26-нд Зөвлөлт Оросын бүрэлдхүүн дэх Киргизийн Зөвлөлт Автономит Социалист Бүгд Найрамдах Улсыг байгуулжээ. Уг тогтоолд М.И.Калинин, В.И.Ленин нар гарын үсэг зурсан байна.
(Зөвлөлт киргизийн улсын зураг)
1925 оны 4 сарын 19-нд болсон Зөвлөлтийн бүх казакуудын 5-р их хурлаар Киргиз нэрийг түүхэн зөв угсаатны нэрээр Казак болгон өөрчилж, Казакын Автономит Социалист Бүгд Найрамдах Улс болгов.
Эдгээр баримтуудаас харахад 1925 он хүртэл оросууд Казахыг Киргиз хэмээн нэрлэж байжээ. Хааяа заримдаа киргиз-кассах гэнэ.
1936 оны төгсгөлөөр Дон орчмын слав гаралт эрх чөлөөт Казакуудаас ялгахын тул Дундад азийн казак түмний нэрийн төгсгөлийн К- үсгийг Х-гээр сольж, Казах болгожээ. Ийнхүү өнөөгийн Казах үндэстний нэршил, Казахстан улсын нэр эцсийн хувилбараараа тогтжээ.
(Казакийг Казах болгосон тухай “Правда” сонины мэдээ, бусад зургууд )
4. Хасаг уу? Казах уу?
Монголчууд казахыг хасаг, казах хүмүүсийг хасагууд гэдэг.
Ямар ч үндэстэн хөрш зэргэлдээ болон харилцаа холбоотой улс үндэстнийг нэрлэх өөрийн гэсэн түүхэн нэршлүүдтэй. Монголчууд бид Чайнаг Хятад, Корейг Солонгос, Русийг Орос, Индиаг Энэтхэг, Уйгурыг Чантуу гэх мэтээр нэрлэдэг. Үүний л адилаар Киргизийг Хиргис, Казахыг Хасаг хэмээн эртнээс нэрлэж иржээ. 1990-ээд он гартлах бүхий л түүх, утга зохиолын бичвэрт ихэвчлэн Хасаг гэдэг нэрээр тэмдэглэгджээ.
Харамсалтай нь Монголын казахууд маань Хасаг хэмээн дуудуулахдаа баахан дурамжхан, шууд эгдүүцэн эсэргүүцэх нь их байдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд уламжлалт Хасаг гэх нэршил бүдгэрч, Казах хэмээн нэрлэх нь нэлээн түгээмэл болж байна. Үндэстний уламжлалт түүхэн нэр нэршлийг өөрчлүүлэх гэж хөндлөнгөөс зүтгэх нь, биднийг ингэж нэрлэ хэмээн тулгах нь соёлын түрэмгийллийн нэг хэлбэр болдог. Тийм ч таатай хандлага биш юм.
Хасаг гэх үгэнд ямар нэгэн доромж утга огтхон ч байхгүй юм. Зүгээр л Кайсаки болон Кассаки гэх мэт дуудлагууд нь авиа сэлгэх хуулиар Хасаг болон хэвшжээ. Кирилл үсэг нэвтрэхээс өмнө монгол бичигт “К” үсэг байсангүй буюу. Мөн монгол хэлийн дуудлагад үгийг төгсгөлийн Х-г зөөлрүүлж Г болгон дуудах нь түгээмэл.
(Хасагийн хуулийг боловсруулсан Даулетбай тэргүүтэй хүмүүсийн бичсэн “Манай 12 крей хасаг” гэх мэт бичиг, Магсаржав болон бусад бичиг захидлуудад буй Хасаг гэсэн бичлэгийг харуулах)
Ган тулганы цагираг бүсийг хасаг гэдэг. Дөрвөн хасагтай тулга гэвэл дөрвөн цагирагтай их тулга болно. Мөн бод мал хөллөн ачаа ачихад зориулсан том тэргийг “Хасаг тэрэг” гэнэ. Энэ нэршил бүр эрт, Чингис хааны үед ч байжээ.
Бид ч мөн энэ нэвтрүүлэгтээ уламжлалт Хасаг нэршлээ хэрэглэсэнгүй. Гэхдээ Архивын баримт материалуудад “Хасаг” хэмээн бичсэнийг дураар өөрчилж үл болох тул, хэвээр нь үлдээв. Учрыг тунгаах буй за.
Бидний үзэхээр “Хасаг” нэрэнд таагүй ханддаг нь 1950-иад он хүртэл үргэлжилсэн баруун хилийн үйл явдалтай холбоотой байх магадлал бий. Нэгэн үе Баруун хязгаарын ард түмэн “Хасаг ирж байна” гэвэл дээрэм ирж байна гэж шууд ойлгодог, сандарч мэгддэг байв. Хүн ардын зүрхэнд орсон тийм л өршөөл энэрэлгүй дээрэм тонуул, аллага үргэлжилсэн гашуун түүх бий.
Монголчууд казахуудыг хасаг гэдгийн адилаар хасагууд ч бас монголчуудыг “Кайкбасчүүд” буюу “Ээтэн гуталтнууд” гэдэг. Энэ ч бас доромжлол биш, түүхэн нэр томъёо.
(Амангүл болон, Золбаяр докторын яриа)
5. Зүүнгар ба Казах
Цэл залуухан Казах үндэстэн [U1] үргэлжийн дайн самуун, довтолгоо, хүчирхийлэл дунд тунчиг амаргүй замыг туулан өсөн өндийжээ. Тэдэнд монголчууд хүчийг өгч, ивээж ч байж, бас аюулт дайсан нь ч болов. Цагаадайн угсааны Могулистаны монгол хаад анхлан ивээлдээ авч, газар нутаг гаргаж өгч байж. Өнөө тэр бүс газрыг Жатысу буюу Тулгаа тулж, галаа цахисан Төрөлх газар нутаг хэмээн эрхэмлэнэ. “Тарих-и-Рашиди”-д бичсэнээр бол дараа нь тэд дайран довтолж, талан дээрэмдэж ч байжээ.
Могулистанаас ч илүү хүчирхэг нэгэн хүч казахуудын зүүн талд байсан нь мөнөөх Узбекийн Абулхайр хааныг Сыгнакийн дэргэд цохин доройтуулж байсан Ойрд монголчууд.
Казахууд Жатысуд ирсэн цагаас л Ойрд-Монголчуудыг Ата Жауй хэмээн нэрлэдэг байсан нь Өвөг дээдсийн дайсан гэсэн утгатай. Энэ үг тэртээх зуунуудад хоёр үндэстний хоорондын тэмцэл зөрчлийг илтгэнэ.
XVII зууны төгсгөл, Галдан бошигт хааны үед Дундад Ази бараг бүхлээрээ Ойрдын залгамж болсон Зүүн гарын мэдэлд орж, бүр Энэтхэгийн Кашмир ч хүрч, Манж, Оросууд жийрхэн болгоомжилж байв. Тэд казахуудыг хууль ёсны харьяатаа хэмээн үзэж, алба гувчуур ч авч байжээ.
(Отгонбаяр, На. Сүхбаатар докторын яриа)
Казахын султанууд Зүүнгарын эздэд очин ивээлд нь багтана. Султануудын залуу аги нар Зүүнгарын хааны ордонд барьцаанд өсөж өндийнө. Буддын ертөнц Түвд рүү ч илгээж байв.
1643-аас 1725 оны хүртэл Зүүнгар, Казахын хооронд 7 удаагийн дайн болжээ. Энэ дайн аль алинд нь ихээхэн хохиролтой байлаа.
Дайны шалтгаан аль аль талаас болно. Ойрд, Зүүнгарынхан худалдааны замыг хяналтандаа байлгах, татвар төлөөс авах, мөн хил хязгаарыг нь нэвтрэн дээрэм тонуул хийснийг гэсгээх зохилгоор Казах руу дайрч байжээ. Тухайн үед казахууд хөрш зэргэлдээ орнууд руу довтлон хүн амыг нь Хивийн хаант улс зэрэг дундад азийн улс орнуудад боол болгон зарж байв. 1717 онд 3000 орос иргэд, хүүхдийг Хивийн хаант улсад худалдсан, 1830 оны Оросын баримтанд жил бүр 200 орос хүнийг казах, киргизүүд боол болгон худалдсаныг дурджээ. Мөн охид эмэгтэйчүүдийг олноор нь олзлон татварлаж байв. Энэ мэт хөрш зэргэлдээ орнуудынхаа ард иргэдийг боол болгодог, орчин үеийн хэллэгээр хүний наймаанд явуулдаг бурангуй явдал бүр 1950-иад он хүртэл үргэлжилж, Монголын баруун хязгаар болон Хятад улсад буй Алшаа, Сүвэй, Синай, баруун Түмэд, Хөх нуурын монголчууд ихээхэн өртсөн билээ. Мөн Зүүн гарыг манжтай дайтаж байх ар хударгаар нь довтлон талсан тохиолдол ч гарчээ.
Зүүнгар, Казахын хооронд болсон тулаан нь хоёр үндэстэнд сайныг авчирсангүй. Аль аль нь ихэд хохирчээ. Казахстан улс Урбулак болон Оныракийн тулалдаанд Зүүн гарын цэргийн хүчийг ялж байсан тухай хэд хэдэн уран сайхны кино хийв. Гэвч уран сайхны киногоор түүхийг төсөөлөх боломжгүй юм. Бодит байдал арай өөр байжээ.
Энэ тухай Казахстаны тэргүүлэх эрдэмтдийн нэг Сабитов ийнхүү ярьж байна.
(Сабитовын Урбулак болон Оныракын тулалдааны тухай яриаг оруулах)
1750-иад онд Зүүнгар-манжийн хооронд хүч шавхсан дайн өрнөж, Зүүнгарын бүрэн ялагдав. Манжууд Зүүнгарын нутагт аймшигт геноцит үйлдэж, хүн амын 80-90 орчим хувь буюу багадаа 600 мянга орчим хүнийг хяджээ. Тухайн үед Зүүнгар нутгаар явсан жуулчны тэмдэглэлд “Хэдэн зуун газар явсан ч амьд хүн таарсангүй. Алуулсан хүний яс энд тэндгүй цайран харагдана” хэмээн бичиж үлдээжээ.
Өмнө дайтаж тулалдаж, ялж ялагдаж явсан казахууд Манжийн хядлагаас үлдэж хоцорсон Зүүнгарчуудад хатуу харгис хандав. Түүхч В.А.Моисеев 1758-1760 онд казахууд Уулын Алтайд нэвтэрч, тэндэхийн Алтай монголчуудыг хядсаныг геноцит хэмээн бичсэн.
Бүр Зүүнгарын дотоодод хаан ширээний төлөөх тэмцэл өрнөж, үймж самуурах цагийг ашиглан, казах, узбек, киргизүүд хуучин алдсан нутгаа авахаар баруун баруун хойноос нь мөн довтолж байжээ.
Монголчуудын нэг өмөг түшиг Зүүн гарын хаант улс мөхсөний дараа 1760 оноос Ижил мөрний сав газрын Халимаг монголчуудыг Оросын хаант улс элдвээр хяхан хавчив. Тэсэхэд бэрх болсон Халимагууд 1770 оны өвөл өвгөдийн нутаг Зүүнгарын зүг нүүв. Казахын гурван Жузын нутгийн хойт талаар захалж нүүсэн энэ нүүдэл нь дундад зуунд Төв Азид болсон нэн эмгэнэлтэй, цусан мөр дагуулсан нүүдэл байлаа. Араас нь Оросын слав гаралт козах цэргүүд нэхэн, хажуу бөөрнөөс нь Башкир, монголчуудын Бурууд гэдэг Киргиз, мөн Казахууд дайран довтолж, тулаан, өлсгөлөнд анх гарсан хүн амын 40 хүрэхтэй үгүйтэй орчим хувь нь Зүүнгарын нутагт хүрч, аргагүйн эрхэнд Манжийн төрд дагаар оржээ. Тэднийг манжууд хэдэн хэсэг болгон газар бүр тараан суулгасан байна.
(Халимагийн их нүүдлийн зураг. Отгонбаярын яриа)
Хоосорч суларсан Зүүнгарын нутаг руу казахууд түрэн орж ирж суурьшив.
1760-1780-аад онуудад Хаант оросын Тоболск, Семиреченск зэрэг мужуудад албаны түшмэл, цэргийн дарга хийж явсан Н.А.Аристов “1753 оноос Хожаберген Казахийн Дунд Жузийн Керейчүүдийн нэг хэсгийг толгойлон Ижим голын хавиар нутаглаж байгаад 1757 онд манж-хятадад дагаар оров” хэмээн тэмдэглэж үлдээсэн нь Бээжин дэх манжийн үеийн Казах иргэдийн хүн амын тооллогоор батлагддаг байна. Манжид дагаар орсон нь газар нутагтай олох зорилготой гэж үзэж болно.
1762-1764 онуудад Аргын, Найман омгийн хэдэн мянган өрх мөн Зүүн гарын эзгүйрсэн нутаг болох Талас, Чу мөрний хөндий рүү орж иржээ. Мөн киргизүүд ч хоцорсонгүй. Энэ эзгүйрсэн нутагт эзэн суух эрмэлзэл Казах, Киргизийн хооронд дайн өдөөж, 1775 он хүртэл хориод жил нэгнээ хядсан догшин ширүүн дайтсаны эцэст казахууд ялав.
1765 оны 8 дугаар сард Манжийн төрөөс Казахын Абылай хаанд “Манайд дагаар орно гэвэл ирэгтүн гээд” Зүүнгарын нутаг Ил зэрэг газруудаар малаа маллаж аж төрөхийг зөвшөөрчээ.
1784 онд Абага Керейн ханд өргөмжлөгдсөн Көгедэй 1790 онд бараа бологчдын хамт Монголын нутгаар дамжин Бээжинд хүрч, манжийн эзэн хаанд овоохон бэлэг сэлттэй бараалхан, дагаж оржээ.Тухайн үед Керейн хүн ам 150 мянгад хүрээд байжээ. Манжийн хаан Көгедэйд хэргэм зэргээр шагнаж, жил бүр багагүй алба татварлаж байхаар болов.
Ил, Тарвагатай, Шинжааны хойт хэсгээр нутагласан Абага Керейн 12 омог 1790 оноос 1919 он хүртэл 130 орчим жил Ховдийн манж амбанаар дамжин, Бээжинд шууд харьяалагдаж байжээ. Мөн Уах, Аргын, Найман, Хонгирад, Хипчаг, Төре, Хожа овгынхон ч байв. Зүүнгарын нутаг руу түрэн суурьшин үйл явц XVIII зууны төгсгөлөөс XIX зууны төгсгөл хүртэл зуу гаруй жил үргэлжилжээ.
(Түрэн орж ирж буйг харуулсан газрын зураг.)
6. Монгол нутагт хөл тавьсан нь. Анхны нүүдэл
Төргэрэлтийн 18 дугаар он буюу 1838 оны Манжийн хааны зарлигт “Урианхайн нутагт орж ирсэн хасагуудыг цэрэг дайчлан хязгаараас хөөн гаргаж, олон харуулыг суулган, чандлан сэргийлж, нэгэн хасагийг ч нутагт нуун бүү нутаглуулагтун “ хэмээн тушааж байжээ.
Гэвч казахуудын нүүдэллэн ирэх явдлыг таслан зогсоож чадсангүй. Хэсэг хугацааны дараа Шинжаанд нутагшсан нүүдэлчин казахууд өвсний соргог, усны тунгалгийг даган урианхайн эзгүй уудам нутгаар үе үе орж гарч нүүдэллэсээр байв. Тэр үед Манжийн хядлагаас үлдсэн урианхай нь цөөн, газар нутаг нь уудам байжээ.
1864 онд Орос-Манжийн хилийн гэрээгээр Оросынх болсон бүс нутгийн казахууд сайн өвөлжөө ихтэй Тарвагатай руу бөөн бөөнөөр нүүж ирэх болжээ. Тарвагатайн манж сайд арга ядаж ирсэн казахуудыг Ховдын буюу Алтайн Урианхайн нутгийн хойт хэсгээс тойрог хүрээ нь 700 газар бүхий Хав голын хавь нутаг газрыг түр зээлдэн нутаглуулж, Цагаан гэгээн хэмээгдэх Гунгаажалсанаар захируулжээ. Гунгаажалсан харьяат казахуудад чанга хатуу хандсан улмаас олон казах Ховд руу зугтаж Алтайн урианхайн нутгийн гүн рүү олноороо ирэх болов.
Нөгөө талаар 1860-1880-аад онуудад Шинжааны ард олон Дунгааны хэмээгдэх их бослого үймээнд нэрвэгдэв. Монголчууд энэ бослогыг Хуй-Хуйн дайн гэдэг. Баруун монголчууд ч энэ үймээний хөлд багагүй өртсөн билээ. Дунгаан буюу Хуй-Хуй гэдэг нь исламын шашинт, хятад хэлт янз бүрийн үндэстнүүдийн нэгдэл юм. Исламын ариун улс байгуулахаар боссон Хуй-Хуй буюу можахидууд ислам бус хятад иргэдийг хоморголон хядсанаар бослого эхэлж, 20 гаруй жил үргэлжлэв.
Бослогыг Манж цэргийн жанжин сайд Зү Зотанг хатуу ширүүнээр харгислан дарав. Бослогын хөлд нийтдээ 21 сая хүн амь үрэгдсэнээс Умард Шинжааны хүн амын 28 хувь нь буюу 10 хүн тутмын 3 нь л амьд үлджээ.
1884 оноос Манж нар хоёрдахиа эзгүйрсэн тэр хязгаар нутгийг “Шинэ хязгаар” буюу Шинжаан хэмээн нэрлэж, төдөлгүй хятад тариачид үерлэв. Энэ бослого самуун, Зү Зонтангийн хатуу гар, хятад цагаачдын түрэлт бүс нутгийн Казах нүүдэлчдэд нэн халтай байжээ.
Энэ мэт шалтгаануудаас үүдэн Шинжааны казах иргэд 1870-аад оноос Урианхайн нутагт отог отгоороо шилжин суурьшиж эхэлжээ. Ихэвчлэн Даян, Ганцмод орчмоор Алтай давжээ. Урианхайн хөгшчүүлийн аман хуучид “Хасагууд Хуйхийн дайны үед л Алтай давж орж ирсэн” гэсэн мэдээлэл байнга давтагддаг байна. “Хуйхийн дайн” гэдэг нь Хуй-Хуй буюу Дунгааны бослого юм.
Урианхайчуудын хууч яриагаар “Казахуудыг нутагт нь орж анх ирж нутаглахад Урианхайчууд:
- Өвөг дээдсийнхээ шарилыг Урианхайн нутагт оршуулахгүй.
- Тулга тавихгүй.
- Газрын нам, салхин дор нутаглаж байх ёстой гэсэн гурван шаардлага тавьжээ.
Казах иргэд бие бараачийнхаа шарилыг бунхан болгоод хороолж тавьдаг нь монголчуудад таагүй сэтгэгдэл төрүүлдэгээс гадна хожмоо газар нутгийн маргаан гарахаас сэргийлж байжээ. Тулга тавихгүй гэсэн шаардлагын агуулга нь ч адил юм. Газрын нам гэдэг нь уул хайрханд сан тавьж, дээж өргөдөггүй Цор ганц Аллахад шүтдэг казахууд Монголчуудын тахиж шүтдэг хайрхануудын лус савдгийг хилэгнүүлэхээс болгоомжилсон явдал байв.
Мөн 1927 оны үед болсон казах иргэдийн хуралд “Манай овог Дэлүүн гэдэг энэ газраа нүүж ирээд, 51 жил боллоо. Манай казахийн ёсон болбоос өвөг дээдсийнхээ хүүр ясыг бие сэтгэлдээ өмчилж, тойрч нүүдэллэдэг. Тийм учраас энэ газраас нүүмээргүй байна. Холдмооргүй байна” хэмээн ярьсан нь архивын баримтад үлджээ.
(Дунгааны бослогын зураг, баримтат киноны хэсэг. Мөн Алтай даван нүүдэллэж буй Казахуудын зураг.)
7. Тасчин хуваагдсан Урианхайн нутаг.
(Газрын зураг 5-1).(Ганболд түүхчийн яриа).
Аль 1500-аад оны дундуур Монголын хаад Урианхай нарыг Алтайд авчирч нутаглуулжээ. Тэр цагаас хойш Алтайн Урианхай гэх нэршил үүсэв.
1889 онд Урианхайн хошуудын нутгийн хойт хэсгээс түр авч дүрвэж ирсэн казах иргэдийг суулгаж байсан тойрог хүрээ нь 700 газар бүхий Хав голын хавь нутаг Тарвагатайн мэдэл очив. Үүнээс болж газрын маргаан удтал үргэлжилж, үе үе хурцдаж байжээ.
1907 онд Чин улсын засгийн газар Ховдын хязгаарыг Алтайн нурууны яг зоогоор хувааж Алтай, Ховдын хоёр хязгаар болгон, Ховдын туслах сайдыг Алтайн Шар сүмд шилжүүлэн суулгажээ. Энэ удаад Урианхай нутаг тэхий голоороо хуваагдав.
1911 онд Манж мөхөж, Монгол Улс тусгаар тогтнолоо зарласны дараа 1912 оны 8 сард монголчууд Ховд хотыг эзлэв. Алтай урианхайн 7 хошуу Богд хааны Монгол улсад сайн дураар дагаар орсон учир Алтайн өврийн Шар сүмийг дайлан, тасарсан Урианхай нутгийг чөлөөлж, нэгтгэхээр Жа лам цэрэг аван мордсон боловч 1913 оны 12 сарын 8-ны ѳдѳр байгуулагдсан Орос, Хятадын гал зогсоох хэлэлцээрээр таслагдав. Уг хэлэлцээрт “Монгол, Синьцзяны хооронд байлдааны гал зогсоох шугамыг тогтоохдоо: Монгол Алтайн нуруугаар уруудаж Алтайн нурууны Ганц модны даваанд хүрээд, Булган голын гольдирлоор уруудан ѳмнѳ зүг чиглэн Цагаан түнгэ, Туханцэг, Хараатын ам хүртэлх шугамыг 8 сарын хугацаагаар” хэмээн тогтоосон байна.
Тэр бүү хэл Хаант Орос, Хятадын хооронд 1912 оны эцсээр Бээжинд эхэлсэн хэлэлцээгээр “Бүх Өвѳр Монгол ба Алтайн хязгаарын 10 хошууг Хятадын мэдэлд таслан авах”-аар шийдсэн байжээ.
Энэ үер Алтайн өврийн Өрѳнгѳ, Чингил, Чанхан зэрэг газраа суусан гүн Балдандоржийн харьяат Урианхайн хошууныхныг хасаг нар довтлон булаах, хохируулан зовоох нь их болсон тул Ховдын газраас хамгаалан авахыг гуйн мэдүүлсний дагуу Баруун хязгаарыг тохинуулах хэргийг хавсран туслагч байсан тайж Баяр хоёр зуу илүү цэргийн хамт Алтайн өвөрт очиж, тэдгээр урианхай олныг тамга захирлын хамт Алтай давуулан нутгийн гүн рүү, өнөөгийн Монгол Улсын Булган, Дэлүүн, Цэнхэр зэрэг газраа нүүлгэн авчирчээ. Энэ нь өнөөгийн Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Дэлүүн орчмын урианхайчуудын нэг хэсэг юм. Үүнийг дараах зурагт тодорхой үйлдсэн байна.
(Зураг 4)
1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрээр Хятадын тал Алтайн урианхайн нутаг, Ховдын хязгаарыг бүхэлд нь авна хэмээн дахин зүтгэв. Энэ нь одоогийн Баян-Өлгий аймаг, Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сум, Буянт сумын хэсэг болно.
(Зураг 7)
Хариуд нь Монголын тал 1913 оны гал зогсоох шугамыг тогтоосон хэлэлцээрийг эш татан эсэргүүцжээ. Энэ гал зогсоосон шугамын цаана үлдсэн Чингэл, Ээвийн гол, Өлөнгөр нуурын сав газрын нутаг тэр чигтээ таслагдан, өнөө хятадын хилийн цаана үлдсэн байна.
Алтайн урианхайчуудын нутгийг өөрсдийг нь оролцуулахгүйгээр Их гүрнүүд тасчин хувааснаар нэгэн аймаг хошууны ахан дүүс амьдын хагацал үзэж,нэгэн бүрэн бүтэн нутаг таслагдан гашуун түүхийн ой дурсамж болсон нэгэн дуу төрсөн юм.
“Хоёр нутгийн эрх” хэмээх сэтгэлт хоёрын тухай өгүүлэх урианхай ардын дуунд ийн дуулах билээ.
Уулаар яаж давъя даа мань
Уулзаад яаж сална даа мань
Салъя гэж салсангүй дээ мань
Салангад нутгийн эрхээр саллаа
(Хоёр нутгийн эрх дууг дуучин... дуулж буй бичлэг. Мөн яриа.)
Уг зурагт хөхөөр Чингэл гол, Эрчис мөрний сав газарт ирж нутагласан казахийн суурьшлыг заажээ.
(Зураг 7)
8. Богд хаант Монгол Улсад дагаар орсон нь
1911 оны 12 сарын 29-нд Монгол оронд Үндэсний тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн хүчтэй өрнөж, манжийн амбанг хөөн зайлуулж, Богд Хаант Монгол Улсыг зарлан тунхаглав. Ар, өвөр, зүүн, баруун монголчууд нэгдэн та бүрээс шинэ тулгар байгуулагдсан Монгол Улсад дагаар орж байв. Үүний нэгэн адилаар Алтайн казах иргэд ч Богд хаант Монгол улсад дагаар орохыг хүсэн эрмэлзэв.
Тухайн үеийн Алтайн казахийн Үкэрдаа буюу Тэргүүн захирагч Сугарбайн хошууны гутгаар зэргийн зайсан хүнд Хилан тэргүүлэн Залан Жунасбай, Жортубай, занги Бодобай, Айбыгари, Айбыга, бошиго Түнхүбай, зайсан Айдараш, настай баян Хижубай, Тогтобай нарын 400 өрх айл санал нэгдэн Эзэн Богд хааны төр, соёлд дагаар орж, монголын ард түмэнтэй хувь заяагаа нэгтгэхийг батлан өргөсөн бичиг үйлдээд, Хилан нарыг Нийслэл хүрээнээ заран илгээжээ.
Уг бичигт: “Ихсийн газраа мөргөж, жанжин, ван, гүн, бэйс Халхын ихэс танаа. Өргөн мэдүүлэхийн учир”... хэмээгээд Богд хааны төр, соёлд дагаар орох учраа өгүүлэн, “биднийг өршөөхийг гуйна. Бас олон хүн бараалхъя гэвээс өөрийн дотроос айж буй. Үүний тул нутаг бүгдээр хөгшин залуу, их бага мөргөж, таны өршөөлийг хүлээж баймуй. Үүний тулд гарын тэмдэг дарж өргөв.
Олноо өргөгдсөний хоёрдугаар он (1912 он) Долоон сарын арван дөрвөн” гэжээ.
Хилан нар мөн Казах хошууны тэргүүн захирагч үкэрдаа Сугарбайгаас Торгуудын Балт ванд илгээсэн хоёр бичгийг зам зуураас нь олзлон авчирсан ба Сугарбай Хятадыг сайшаан дагаж, Балт вангийн үгээр явж, Балт ван түүнд буу гучин хоёр, морьт цэрэг зэргийг өгсөн тухай чухал мэдээний хамт “Сугарбайд захирагдаж, Балт ванг даган чирэгдэж огт чадахгүй” гэдгээ эрс шулуун илтгэжээ.
Зайсан Хиланы бичгийг хүлээж авсан Баруун хязгаарыг сэргийлэн батлах сайд Наваанцэрэн нараас Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэгч яамнаа өргөн илгээсэн бичигт... “...чин үнэнээс Богд хааны шинэ төрд дагаар орж, хишиг өршөөлийг хүртэж, боол албат болж, алба дагнаж, зүтгэн явсугай хэмээн нэгэнт шулуудан тогтож, алив албан зүйлийг хүнд Хилан чи тэргүүлэн мэд. Чамайг дагалдан түшиглэж явсугай хэмээн манай олон түшмэд ард бүгдээр хэлж, миний биеийг томилон, түшмэдийг өөр өөрийн газрын тэмдэг дарсан хотон үсгийн дагаж орох батлах бичиг өгч илгээв. Одоо өчүүхэн боолчууд угаас эзлэх нутаг үгүй, яахин нутаг олгуулж хамгаалан авч, хишиг өршөөлийг хүртээж, алба дагнуулахыг хүсмүй. Манай 12 хасаг нар цөм энэ мэт дагаж орох төлөв буй хэмээн батлах бичгийг барьж мэдүүлэн хүрч ирэв” хэмээгээд “...зах хязгаарыг сэргийлэн сахиж, түгшүүртэй мэдээг авч, цаг тухайд нь мэдүүлэн ирүүлэхээр тогтон тушаасан ба тэдний харьяат нутгийн түшмэд, зайсан нарын олон хүнд тусгай нутаг олгуулах, жич яахин хөгжүүлэн хөхүүлж, хязгаарын олон боолчуудыг даруй өршөөн хишгийг хүртээж, улс төрийн сүрийг бадруулах явдлыг зохих газарт мэдүүлэн тушааж, журамлан дагаж явуулахыг олдвоос Дотоод Яамнаа мэдүүлэн явуулаад байцаан толилуулж, уламжлан айлтгаж, хишиг хүртээхийг” уламжилсан байна.
Зам зуураас нь олзлон авчирсан ахлагч Сугарбайн бичиг нь Шинжаан дахь Алтайн Монгол журганы газарт хандсан ба Хилан нар “Хятадыг халх дийлж байна. Халх, дөрвөдөд очиж нийлье” гэснийг мунхаг хасаг нар дагаж, алба өгөхгүй, миний үгийг дагахгүй болов. Тиймд энэ Хилан нарыг дуудан авчирж, чандлан яллахыг хүссэн байжээ. Бичгийг 1912 оны 6 сарын 22-оор огноолсон байв. Энэ 12 хасаг гэж буй нь Керейн 12 отгыг зааж байна.
1912 оны намрын сүүл сарын 23-нд Богд хааны Засгийн газар 400 өрх тэргүүтнийг дагуулан төр соёлыг даган ирсэн Хилан нарын нэр бүхий 11 хүнд отго жинс, хэргэм цол шагнан олгож, хязгаарын сайд нарт “эдний хасаг нарт чухам аль газраас хэдий нутаг олговоос зохих явдлыг түүгээр зохих газрууд лугаа сайнаар зөвөлдөн тогтоож”, шийдвэр гаргахад бэлтгэхийг үүрэг болгожээ.
Гэхдээ үйл явдал амар хялбар байсангүй. Монголд дагаж орсон казах иргэдээс үе үе тэрслэн босож, аллага дээрэм хийн, Шинжаан, эсвэл Орос руу эргэж дүрвэх явдал гарч байжээ. 1916 онд бас дахин хэсэг иргэд Богд хааны төр, соёлд дагаар орохоо илэрхийлэн бичиг барьж байжээ.
***
Мөн 1915 оны зургаан сарын 27-оор огноолсон Дөрвөдийн Бат ерөөлт төгс хүчит Далай хан нарын зэрэг хүмүүсийн Гадаад, Дотоод яамны нэр дээр илгээсэн бичиг захидлуудад Сагсай голын болон Даян нуурын газар нутаглахаар ирсэн казах иргэдийн санаа бодол ямар байгааг тандан судалж, араас нь нэхэн тэмцэх харьяа эзэн этгээд буй эсэхийг Алтайн Шар сүм, Нийслэл хүрээний орос сайд, Ховдын монголын сайдуудаас лавлан үзээд шийд гаргах хүртэл нааш давшин нутаглахгүй байхыг чангалан ухуулж байжээ.
Энэхүү Даян нуур, Сагсайгаар орж ирсэн казах иргэдийн дотор өмнө нь хятадыг дагасугай хэмээн тэмцэж асан Казахийн бүгдийн дарга, Үкэрдаа Сүгэрбайн хөвүүн Дөрвөтханы тэргүүлсэн хэсэг хүмүүс ч байсан байна. Мөн уг захидалд “нэгэнт нүүж орж ирсэн казах иргэдийг урьдын явдал дахин гарахаас айж, нүүхийг чандлан хориглож” байсан тухай өгүүлсэн нь өмнө дагаар орж ирсэн казах иргэдээс эргэж буцах, самуун үймээн өдүүлэх явдал гардаг байсантай холбоотой юм.
Урианхайн хошууны нутагт нүүдэллэн орж ирсэн казах иргэдээс бэлчээрийн болон газар тариалан эрхэлсэн бол тодохой хэмжээний татвар авдаг байжээ.
Энэ тухай мэдээлэл архивын баримтад тод үлдсэн ба 1924 онд хуралдсан Монгол Улсын их хуралд Урианхайн баруун гарын ноён Чүлтэм да ламын хэлсэн үгэндээ "... Чин улсын үед хасаг цутган орж ирснийг хаан эзний зарлигаар манай нутагт багтаан суулгаж жил бүр өвс бэлчээрийн хөлс тэмээ, адуу, үхэр, хонь тус бүр 100-гаас нижгээдийг хураан авч, бас хасаг тариа тарихад тариалангын хөлсийг зүй зогсоор тусгай хураан авч ядууг тэнхрүүлэх ба албанаа нийлүүлэн нутаг газрын шимд түшиж аж төрөн алба залгамжилж он уджээ. 14 дүгээр он хүртэл тэрхүү нутаг газруудад суусан Хасагуудаас өвс бэлчээр тариалангийн хөлсийг урьдын удааг мөрдүүлэн хураан асан бүлгээ” гэжээ.
Харин 1926 оноос казах иргэдээс ийнхүү бэлчээрийн болон тариалангийн түрээс татвар авах явдлыг Ардын засгийн газраас нэг мөр таслан зогсоосон юм.
Алтай давж орж ирсэн казахуудыг хэл, шашин өөр хэмээн хажигласангүй, хүлээн авсанд хэд хэдэн учир шалтгаан бий. Нэгд, шинэ тулгар Монгол Улсын хил хязгаар тайван байх ёстой. Баруун тал, Шинжаанд үргэлжилсэн үймээн бослого, тэмцэл нь монголын баруун хилийн аюулгүй байдал үргэлж заналхийлж, ялангуяа Шинжааны хятад эрх баригчид бүс нутгийн казах иргэдийг зэвсэглэн монгол нутаг руу турхирч байв. Тиймээс казах иргэдийн өөртөө авах нь хил хязгаарын самууныг бууруулахад нөлөөлнө гэж үзжээ. Нөгөө талаар Шинжаан орчмын алтны уурхайд эзэн суухыг санаархсан орос, хятадуудад казах иргэд саад болж байсан учир Монгол руу түржээ. Мөн, туйлдаж ядарсан нэгэндээ гар сунгадаг нүүдэлчдийн ёс суртхууны бичигдээгүй хууль чухал суурь нь болж байлаа. (Дүгнэлтийг үзэгчдэд нь үлдээх)
9. Жа ламын лай дайрсан он жилүүд
Өлгий хотод байх Баян-Өлгий аймгийн орон нутгийн судлах музей үзэж явахад тайлбарлагч бүсгүй “Жа ламын лай дайрсан он жилүүд”-ийн тухай хальт дурсаад өнгөрөв. Мөрөөр нь мөшгиж үзвэл үнэхээр л Жа лам буюу Дамбийжанцан казахуудад нэн хатуу харгис хандаж байжээ.
Угаасаа ч Жа лам буюу ЖАЛАМ гэдэг үг нь казахаар “Харгис алуурчин” гэсэн утгатай ажээ.
Жа лам 1912 оны сүүлээр Алтайн ар луу орж ирэн суурьшаад байсан казахууд дээр ирээд “За, та нар монголыг дагах уу, хятадыг дагах уу?” гэхэд нь “Шавар гэртэй, Шаазгай хэлтэй хятадыг дагаснаас монголчуудаа дагьяа. Бид нүүдэлчдийн үр сад, нэг тэрэгний хоёр дугуй” гэсэн тухай хууч яриа байдаг... Жа ламыг Ховдын Манханы Цэнхэрийн голд нутаглаж байхад нь дээр дурдсан Зайсан Хилан Өлгийгөөс зорин очиж, уулзан, Богд хаант Монгол Улсад дагаар орох тухайгаа илэрхийлж байсан нь магадтай юм.
Тэр үед Жа лам Ховдыг чөлөөлөх тулалдаанд гарамгай гавьяа байгуулж, Богд хаанаас Эрдэнэ бишрэлт, хүчин төгөлдөр ноён хутагт цолыг хүртэж, мөн Баруун хязгаарын тохинуулах сайдаар томилогдон суусан үе байлаа.
Ар Монголыг тусгаар улс болсныг хүлээн зөвшөөрөөгүй, бүр өширхөж хорссон Шинжаан дахь хятадын цэргийн зүтгэлтнүүд, мөн хятадын талыг баримтлагч торгуудын Балт ван нар Сугарбай тэргүүтэн казахуудыг дэмжин, зэр зэвсгээр тусалж, турхирчээ. 1913 оны дундуур Килан нарын араас мөшгин Алтай давж ирсэн зэвсэглэсэн казахууд Урианхайн нутгийн зарим хэсгийг тонон дээрэмдэв. Мөн урагшаа Засагт хан аймгийн Урианхай дайчин бээсийн нутагт ч халджээ.
Жа лам цэрэглэн хөдөлж, казахуудыг дарав. Тэгэхдээ Богд хаанд өргөдөл хүсэлт гарган, Монголд улсад дагаар орсон ам тангаргаа сахисан казахуудыг ивээлдээ авч, харин ам тангаргаа зөрчсөнийг нэн хатуу харгисаар шийтгэж, амьдаар нь зүрхийг нь сугалж байжээ.
Чухам тэр үед л болов уу, Жа лам нэгэн ноёны арьсыг амьдаар хуулан хатаасан нь өнөө Чех улсын Прага хотын Үндэсний музейд бий. Арьсаа хуулуулсан тэрхүү золгүй хүн нь казах уу, эсвэл урианхай, дөрвөдийн аль нэг ноён уу гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй ч казахын ноён байсан гэсэн таамнал түлхүү яригддаг юм.
Жа лам ийнхүү дээрэм тонуул хийсэн казахуудыг нам дараад, үлдсэнийг нь нутгийн гүн рүү, одоогийн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байх Үүрэг нуур луу хүчээр нүүлгэжээ. Энэ нь Шинжаан дахь казахууд болон Урианхайн нутагт орж ирсэн казахуудын харилцааг таслах, магадгүй тэдний халдлагаас хамгаалах зорилготой ч байсан байж болно.
Казахуудыг Үүрэг нуур луу авч явахдаа Бөхмөрөнгийн наана байх овоонд монгол ёс заншлаар овоог тойрч, чулуу тавиулж, дээж өргүүлжээ. Хүчээр хийлгэсэн энэ үйлдэлд казах иргэд ихэд дургүйцсэн байдаг.
Жа лам Дэлүүн орчмын казахуудыг дарж, эрхшээлдээ оруулаад, гурван казах бүсгүйг авчран гэрт хорьжээ. Харуулуудын нэг нь “Та нарыг Жа лам эхнэрээ болгохоор хорьж байгаа юм” гэсэнд “Жа ламын эхнэр болсноос үхсэн нь дээр” гээд нэгнээ боож амиа егүүтгэцгээжээ. Тэр цагаас хойш тэрхүү газрыг Ишкана буюу Гурван ээж хэмээн нэрлэх болсон ба энэ нь Шинжааны урд хэсэг, Шармөрөн талруу байдаг хэмээсэн нэгэн эмгэнэлтэй домог хуучийг одоо ч Казахууд ярьдаг. 1912-1921 онуудад Жа лам Шинжааны нутагт байран суурин сууж байгаагүй юм. Тэгэхээр энэ үйл явдал нь Жа ламыг Ардын засгаас салан тусгаарлаж, өнөөгийн хятадын нутаг болсон Маазунсан ууланд очсон 1921-1922 онд хамаарах болов уу?
Мөн Жа лам томчуулыг нь алж устгасны дараа, харах хандах хүнгүй хаягдсан 50 гаруй казах хүүхдүүд өлбөрч үрсэн тухай ч хууч бий.
Казах иргэд Жа ламын энэ мэт дарамт харгислалаас зугтан зарим нь Шинжаан, зарим нь Оросын Хош-Агач руу дүрвэжээ.
Оросын Хош-Агач руу дүрвэсэн казах иргэдийн араас Хатанбаатар Магсаржав очиж, удаа дараа уулзан ярилцаж байж, буцаан авчирсан түүхтэй.
Хатанбаатар Магсаржавын Бүгд ерөнхийлөн захирах яамнаа өргөсөн бичигтээ арав гаруй цэргийн хамт Хөшөө Модны газар очиж, оросын консул албаны хүмүүстэй хамт тийш очсон казах хүмүүстэй уулзан, тэрслэн урвасан ялыг хэлтрүүлэн, сайн нутаг олгон, хашраан зовоохгүйгээр хамгаалахыг баталсан бичиг гаргажээ. Энэхүү “тэрслэн урвасан ял”-ын тухай хөндсөн нь ортой юм. Казах иргэд монгол нутгаас оросын зүг дүрвэн гарахдаа замд таарсан монгол айр өрхийг тонон дээрэмдэж, алж талсан явдал болжээ.
Хариуд нь казах иргэд “Бид болбоос урьд хятад улс дор захирагдаж явсныг монголчууд цэргийн сүр хүчнээр албадан тулгаж авсан хойно, хуучин нутгаас ангижруулан өвгөдийн хүүр яснаас холдуулж, зүйл зүйлээр хашруулан зовоосон нь тэсэхүйеэ бэрх. Бид дуртайяа дагаж орсон газаргүй тул элдэвлэн, монголчуудад буцаж одох үгүй. Орос улсад дагаж ормой. Хэрвээ хүлээж авахгүй болбоос хятад улсад буцаж одох зам тавин явуулмой” хэмээж байжээ.
Чухам казах иргэдийг цэргийн сүр хүчээр дагуулан авч, өвгөдийн хүүр яснаас холдуулж, зүйл зүйлээр зовоосон явдал нь Жа Ламын үйлдэл болно.
(Архивын баримтууд, тухайн үйл явдал болсон газруудыг зураг бичлэг, Прагын музейд буй хүний арьс)
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт Хасагийн хар толгой, Хасагийн хар үзүүр нэртэй газар бий. Энэ яагаад ийм нэртэй болсон түүхийн нутгийнхан өнөө ч марталгүй санаж ярьсаар байдаг.
1913 оны орчимд Шинжаанаас 130-150 орчим казах дээрэмчид Тахийн шар нуруугаар дамжин орж ирээд, Цагаан гол, Хөх сайрын айлуудыг талан дээрэмджээ. Тэндээсээ Бугын даваагаар даван одоогийн Бугат сумын төв орчмын Баянголоор байсан айлуудыг түйвээж, алахыг нь алаад, гэр барааг нь шатааж, мал хуйг нь залуу охид бүсгүйчүүдийн хамт туун явсан байна.
Морио аргамжихаар явсан хүн тэр чигтээ зайдан морьтой давхиж, 60 гаруй км-т байх Тонхил сумын төв буюу Усанзүйлийн хүрээнд байсан Жа ламд хэл дуулгаснаар тэрбээр 50 гаруй цэрэгтэй хөдлөн, зам зууртаа Амттай, Тамч, Бижийн эх орчмоос хүч нэмсээр Бугаар даван буцаж явсан дээрэмчдийг амдан одоо Хасагийн хар толгой нэртэй болсон газраас эхлэн цохиж, 7-8 орчим км газарт байх хар үзүүрт хүртэл цувуулан даржээ. Тэр газар Хасагийн хар үзүүр хэмээх нэртэй болжээ. Хамгийн сүүлд хоёр казах Гашууны хөтлөөр зугтаасанд Жа ламын дэргэд байсан “Говийн урт хар бууч” хэмээх алдартай бууч хүн дээшээ харж хэвтээд хөлөө давхарлан, гутлынхаа ээтгэр хоншоор дээр буугаа шийрлэн тавьж байгаад буудсанд нэг нь навсайгаад унажээ. Хар бууч буугаа сумлаад дахин буудах гэхэд Жа лам “Наадхаа үлдээ, очоод юу болсныг бусдадаа мэдэгдэг” хэмээн явуулж байсан гэдэг.
Энэ мэтээр Жа лам шинжаанаас баруун хязгаараар халдан дээрэм тонуул, аллага хийсэн казахуудыг хатуу харгисаар дарснаас хойш 1930-аад он гартал хэсэгтээ л дээрэм тонуул орж ирэхгүй, амгалан тайван амьдарсан байна.
Зөвхөн казах иргэдэд ч тийм хатуу харгис байгаагүй юм. Олон монголчуудыг нүдийг нь ухах, улайдсан лантуугаар элгийг нь шарах, цовдлох зэргээр харгислаж байсан, угийн харгис догшин хүн байжээ.
Тэрбээр Монгол улсаас салан тусгаарлах санаа агуулж, Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул заналхийлсэн учир 1922 онд өнөөгийн Хятадын Гансу мужид байх Маазушан буюу Дааган дэл ууланд байхад Монголын засгийн газрын хүмүүс очиж устгасан байдаг. Жа лам бол монголын түүхэнд гавьяа ч байгуулсан, бас гай ч их тарьсан өвөрмөц түүх намтартай хүн юм.
Ер нь Жа ламтай холбоотой казах түмний түүх маш эмзэг. Тиймээс ч өнөөг хүртэл казахуудын дунд “Жа ламын лай дайрсан он жилүүд” хэмээн ярьсаар буй.
10. Хэрээд үү? Керей юу? нь
Монгол улсад Абага Керейн 12 омгоос гадна Уах, Аргын, Найман, Төре, Хожа овгийн казах иргэд аж төрдгөөс үнэмлэхүй олонхи нь Керей нар юм.
Төре овог нь Чингис хааны алтан ургийн буюу казахын ноёлох овог болно.
Хожа овгийнхон нь Дундад Азид шашин дэлгэрүүлэх зорилгоор ирж ууссан арабаас гаралтай.
Эдгээр бүх овгууд нь дотроо 90 орчим жижиг овог болон салбарладаг ба Төре, Хожа хоёроос бусад овгын гарал угсааны асуудал маргаантай, янз бүрийн саналууд байна.
(Доктор Өмэрбек, Отгонбаяр нарын яриа)
Өнөөдөр казахын утга зохиол, урлагт Керей аймаг нь XIII зуунд Монголд амьдарч байсан Ван хааны хэрээдтэй гарал үүсэл нэг гэсэн үзэл баримтлал ноёлсоор байна. Казахын судлаачдын олонхи нь энэ үзлийг баримталдаг.
Хятадын Шинжааны хэрээд угсаат эрдэмтэн Бадраамаа хятад сурвалжийг эх болгон Хар хэрээд, Шар хэрээд, Хон хэрээд нэртэй эртний Хэрээдийн гурван үлдэл байна гэжээ.
Хон хэрээдүүд нь Торгууд, Хар хэрээд нь Монголчууд дотор үлдсэн. Харин Шар шувууны өд зүүдэг Шар хэрээд нь казахууд дунд байна гэжээ. Баян-Өлгийн казахууд нь шар шувууны өдийг эрхэмлэдгийн учир нь наранд гаргахад өдөн дээр Коран судрын бичиг тодрон харагддаг гэж үздэг байна. Тиймээс хүүхэд багачууддаа бурхан, сахиус зүүдгийн адил шар шувууны өд зүүж өгдөг, малгайндаа болон машин тэргэндээ ч шар шувууны өд зүүх нь өнөөдөр хэвээр бий.
Доктор Ислам 1976 онд казахаар бичсэн “Керей аймгийн түүхэн тэмдэглэл” гэдэг номд эртний Хэрээд, Монголын керейн 12 овог түүхэн хамааралтай гэсэн санаа бий. Ер нь Энэ чиглэлийг барьдаг эрдэмтэн судлаачид нэлээн байна.
(зохиолч Султаан, Доктор Өмэрбек нарын яриа)
Мөн 12 керейг Ван хааны Хэрээдтай угсаа гарлын хувьд холбоогүй гэж үздэг эрдэмтэд байна.
Оросын аялагч, газарзүйч, амьтан судлаач, угсаатны зүйч эрдэмтэн Г.Э.Грум-Гружайло 1880-аад оноос 1900 он гартал Памир, Тэнгэр уул, төв азийн газар нутгаар аялж, ард түмнүүдийн түүх, гарал үүсэл, угсаатны асуудлын талаар бичсэн бүтээлдээ Абага керей, найманы түүхийн талаар арвин баялаг мэдээлэл үлдээсэн байдаг. Хятадын түүхэн бичгийн сурвалжид Керей, Хэрээд хоёр угсаатны нэрийг өөр өөр ханзаар бичдэг болохыг онцлон, угсаа гарлын холбоотой гэсэн үзлийг үгүйсгэжээ.
Монгол Улсын Бага хурлын орлогч дарга асан Зардыхан “Нулимстай жилүүдийн намтар” гэдэг номдоо хэрээд болон керейн угсаа гарвалын холбоонд эргэлзэж буйгаа илэрхийлээд “Абага хаан, эсвэл Үйсин хаанаас одоогийн хасагуудын уг гарлыг хайвал зохилтой” гэв.
Казахуудын дотор монгол овог аймгуудын нэрс олноороо таардаг нь 13 дугаар зуунд монголчууд нүүгээд Дундад Азид оччихсон гэсэн үг биш бөгөөд байлдан дагуулалтын үр дүнд эзнийхээ овог аймгаар харьяатууд нь нэрлэгддэг байсны илрэл юм. Тухайлбал монголын найман аймгийн нэг ноёны харьяатууд бүгд найманууд, мангууд гаралт ноёны албатууд бүгд мангуудууд хэмээн нэрлэгдэж байсантай холбоотой.
(На Сүхбаатар, Ганболд, Отгонбаяр нарын яриа)
Хуучин Дешт Хипчагийн тал нутгийн узбек, казах, киргиз, ногай харкалпак зэрэг бараг бүх ард түмнүүд дунд мангууд, хонгирад, хэрээд, хиад, буркууд, салжиуд зэрэг монгол угсаат овог аймгууд олон.
Тэдгээр аймгуудын нэрсийн төгсгөл нь бүгд олон тооны “д”-ээр төгссөн байдаг ба олон тооны нөхцөл авахгүйгээр бичигдсэн тохиолдол байдаггүй байна. Тиймээс олон тоон дээр бичигддэг Хэрээд аймагтайүргэлж ганц тоон дээр бичигддэг керейг холбоотой хэмээн бичих нь учир дутагдалтай юм хэмээн үздэг.
(Казахстаны эрдэмтэн Сабитов)
Энэ домог бол төр засгийн бус харин зон олны домог л доо. Хүмүүс Казахстаныхаа дундад зууны үеийн түүхийг тааруухан мэддэг шүү дээ. Бас дээрээс нь Исай Калашников, Владимир Ян зэрэг зохиолчдын Чингис хааны Монголчуудын тухай зохиолыг уншихаар баахан казах аймгуудын нэрстэй таарна. Жишээлбэл жалайр, хонгирад, найман, хэрэйдүүд болон бас бусад ч аймгууд манайд ч, Монголд ч байгаа юм. Тийм учраас л Монголд манай өвөг дээдсүүд байсан юм чинь Чингис бол казах хүн л байж таараа гэсэн хамгийн энгийн зэрэгцүүлэл хийчихэж байгаа хэрэг л дээ. Гэвч үнэн хэрэг дээрээ шинжлэх ухаан нь домгийг шинжлэх ухаантай тэрсэлддэг л гэж үздэг.
***
Түүхэн эх сурвалжид үндэслэн Керей нарын Абага, Ашамайлын гэсэн хоёр дэд угсаа нь 20-22 үе буюу анхны өвгөөсөө 500-550 орчим жилийн өмнө салсан гэж үздэг үзэл ч байна.
Казахын түүхч М.Жампеисовын судалгаа ч сонирхолтой. Ер нь казахын их, дунд ордод монгол гаралтай хүмүүс цөөнгүй байдаг.
Казахстаны түүхч Сабитов:
Судалгаагаар Дунд Жузын Керей нар нь 13 дугаар зууны үеийн хэрэйдүүдтэй Y хромосомоороо шууд хэлхээ холбоо байхгүй гэж үзэж байгаа. Үүнийг нотлохын тулд Бага Жузын казах керей нар болон Халимаг, Монголын торгууд нарт генийн шинжилгээ хийх шаардлагатай. Керей овгийн нэр нь тухайн овгийг үндэслэгчийн нэрээс үүсэлтэй гэж үзүүштэй. Мөн керей нар нь найманчуудын удам угсааны Каракерей нартай угсаа гарвалын холбоогүй болно.
(Казахын түүхч Сабитовын яриа)
Эртний ван хааны хэрээдүүд болон монголын керей казахуудын хооронд угсаа гарлын шууд холбоо бий эсэх талаар эрдэмтэн мэргэд сайтар судалж, шинжлэх ухааны ул суурьтай дүгнэлт тайлбар гаргах буй за.
11. Толбо нуурын тулалдаан казахууд оролцсон нь
Дүнсгэр хөх уулсын дунд далайн түвшнээс дээш 2000 метрийн өндөрт орших Толбо нуур. Алтайн нурууны цэнгэг уст томоохон нуур билээ. Баруун талаар нь Бардам, Халбан, Хөх хэрцийн оройд сэрэлзэж, зүүн талийг нь Хатуу сай, Улаан сайгийн уулс эмжинэ. Урд талд нь 4000 метрийн өндөртэй Сайр хайрхан сүүхийх ажээ.
Монгол Улсын түүхэнд сүүлийн хэдэн зуун жил болоогүй олон хоногийн бүслэлт бүхий хүнд хэцүү тулалдааныг Толбо нуурын тулалдаан гэдэг. 1921 оны намар Хасбаатар, Байкалов нарын командалсан орос, монголын 300 орчим цэрэг Саруул гүний хүрээнд Бакич нарын удирдсан цагаантны 3000 орчим цэрэгт бүслэгдэж, 42 хоног хориглон тулалдсан юм. Олон хоногийн бүслэлтэд хоол хүнсээ дуусгаж, алагдсан морьдоо ч идэж, эцэст нь хүрээний золбин муур нохой, бүр сүүлдээ эмээлийнхээ дөрөөний сур, гөлмийг ч чанаж идэхдээ тулж байжээ.
Хойшоо хил орчмын Хөшөө модны орос улаан цэрэг, урагшаа Ховд орчимд байсан Хатанбаатар нарт хэл хүргэж тусламж авахаар дөрвөн орос цэргийг, казах Даутбайн хамт бүслэлтийг гарган явуулсан ч амжилттай болсонгүй. Иймд дахин Шангысбай, Шалганбай хэмээх хоёр казахийг Хөшөө мод руу илгээв. Тэд бүслэлтээс явган гарч, зам зууртаа унаа олж аван явсаар 260 гаруй км хол Хөшөө модонд хүрч туслах хүч дагуулан ирсэн байна.
(Шангысбай, Шалганбай хоёр тусламж авчрахаар явахдаа туулсан зам.
Өлгий хот дахь Ардын хувьсгалын партизан Шангысбайн хөшөө.)
Өдгөө Өлгий хотод аж төрж буй нам, төрийн зүтгэлтэн, өндөр настан Жүкей гуай ийш үе үе ирж, малгайгаа авах сөгдөн мөргөх нь эцэг өвгөдийнхээ эрх чөлөөний төлөө тэмцэж явсан тэр хатуу ширүүн цагийн цуурайг анирдах мэт...
Тэрбээр аавдаа болон хамтран тэмцэж явсан партизануудын дурсгалд зориулан ийм нэгэн дурсгалын цогцолборыг 2021 онд өөрийн хөрөнгөөр босгожээ.
Мөн аавынхаа дурсамж болон 1921 оны үйл явдалд оролцож явсан монгол, орос, казах хүмүүсийн дурдатгал, түүхийн баримтуудад тулгуурлан “Толбо нуурын тулалдаан” хэмээх ном бичиж хэвлүүлсэн байна.
(Зуркумын ярианы ард...)
1921 оны долдугаар сарын сүүлчээр Хаант Оросын генерал Бакич Шинжааны Алтайн тойргийг хятад цэргээс бүрэн чөлөөлөөд, 8 сарын дундуур Ирмэгтийн даваагаар Алтай давж орж ирэв. Тэгээд цэргийн унаа, идэш гаргаж өгөхийг казахын Шеруш хошууны захирагч Дөрбетханаас шаарджээ. Энэ Дөрбэтхан бол 1912 оны үед Алтайн казахуудын бүгдийн дарга байсан Сугарбайн хүү бөгөөд 1915 оны үед монголд дагаар орсон хүн юм.
Дөрбетхан татгалзсан хариу өгөөд орос хэлтэй Шангысбай, Шалганбай хоёр туслахаа Кош-агачид байгаа Байкалов, Бөхмөрөнд байгаа Хасбаатар нарлуу илгээж, хэл дуулган тусламж хүсжээ.
Бакич генерал тэр даруй 30-40 цэрэг илгээн Дөрбетхан захирагчийг ах дүүсийнх нь хамт баривчлан, Дөрбетханыг алж, харьяат ардын эд хөрөнгө, мал ахуйг хураан авчээ.
Хэл хүргэхээр явсан Шангысбай, Шалганбай хоёр болон Дөрбетхан захирагчийн шадар туслагч Даутбайгаар ахлуулсан мал хөрөнгөө дээрэмдүүлж, эзэн ноёдоо баривчлуулсан Шеруш хошууны казах эрчүүд Байкалов, Хасбаатар нарыг тосон очиж нэгдсэн байна. Мөн зам зуурт казах эрчүүд нэг хоёроороо нэмэгдсээр байжээ. Тэд газарчилж, тандуул туршуул хийж, хэл мэдээлэл цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Мөн нутгийн казах иргэд цэргийн уналга, хоол хүнсээр ч тусалсан байна.
Нөгөө талд бас Бакичид тусалж, үйлчилж байсан казах, урианхай нар ч байв.
Ауакир, Дөрбет, Шабан хэмээх гурван казах Хасбаатар нарт хэл дуулгахаар явахад өшт овгийн 16 казах таарч, мориор чирч, өрлөж хороожээ. Хожмоо Ауакирын охин Күришхаан эцгийнхээ хойноос,
Олны төлөө амиа өргөсөн
Эцгийгээ үгүйлж баршгүй.
Залуу сайхан ааваасаа
Санаандгүй салах нь энэ.
Нэгийгээ яргалж алсанд
Айдас хүйдэс төрөөд байна.
Абага хэрээдийн дунд
Алуурчид ийм байх гэж
Өөр хоорондоо алалцаж
Өрөөл бусдын хоол болов гэх мэтээр гашуудан дуулсан 1450 гаруй мөх бүхий дуулал ихээхэн алдартай. Энэ мэт талийгчдийн хойноос гашуудсан үглэл дууллыг казахаар Жоктау гэдэг.
Үүнээс үзэхэд Шангысбай, Шалганбай нарын хэл дуулгахаар явсан нь ямар эрсдэлтэй аюултай байсныг илтгэнэ.
Толбо нуурын тулалдаан болсон Саруул гүний хүрээг бид яг л нуурынхаа хөвөөнд хэмээн боддог байв. Гэтэл нуурын урд үзүүрээс 20 гаруй км зайд, Сайр хайрханы бэлд байх ажээ. Алтайн Урианхайн долоон хошууны нэг Саруул засгийн хүрээний тууриас одоо бүтэн бүү хэл тал тоосго ч олдохгүй болжээ. Гүн ухсан нүхний үлдэл, хонхор гүдгэр бүхий газрын шарх зуун жил өнгөрсөн ч эдгэрсэнгүй.
Мартагдаж хаягдсан энэ буурин дээр 1975 онд залуусын тойрон аялалд зориулан босгосон нэг хөшөө, мөн 1995 онд урианхай иргэдийн босгосон бас нэг гэрэлт хөшөө тэртээ дээр Сайр хайрханы оройгоор үүлс хуйларыг харж, салхи дүнгэнэхийг сонсох мэт дүнсийн байнам.
12. Казахстан дахь их өлсгөлөн. Улс төрийн хэлмэгдүүлэлт
(Казахстаны олон хотууд дахь Казахын их өгслөгөнгийн үеийн хөшөө дурсгалуудын зураг бичлэгүүд)
Сэтгэл сэрдхийлгэм ийм хөшөө дурсгалуудтай өнөөгийн Казахстаны Алма-Ата, Караганда, Атырау гээд нэлээн хэдэн хотод тааралдана.
Казахстан даяар жил бүрийн 5 дугаар сарын 31-нд өнгөрсөн зууны эхээр болсон их хэлмэгдүүлэлт, аймшигт өлсгөлөнд амь насаа алдан, хэлмэгдэн зовсон сая сая казах хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг.
(Хөгжим)
1917 он. Октябрын хувьсгал. Дарлагдсан ард түмнүүд эрх чөлөөгөө олж, хувь заяагаа мэдэх эрхтэй боллоо хэмээсэн хувьсгалын удирдагч Лениний тунхаглал Хаант оросын колончлолд нэрвэгдээд байсан Дундад Азийн ард түмнүүдэд гэрэл гэгээ тусах шиг болжээ. Гэвч тэр гэрэл казахуудын хувьд дэндүү богинохон, хуурмагхан байв.
1918 оны хавраас хамтралд нүүдэлчин казах иргэдийг хүчээр оруулан, малыг нь нийгэмчлэв. Мөн иргэний дайны фронтод, шинэ бүтээн байгуулалтад зориулсан хүнсний нөөцийг иргэдээс дайчлан худалдан авав. Дааж давшгүй их үр тарианы болон малын бүтээгдхүүний алба ногдуулав. Дайран дээр нь давс нэмж, тэр жил ургац гарсангүй. Ингээд 1919 оны эхээр өлсгөлөнд нэрвэгдэж эхэлсэн байна. Өлсөж бухимдсанаас олон газарт зэвсэгт тэмцэл, дээрэм, бослого гарч, большевикүүд тэднийг хоморголон дарав.
1931 онд нийт малын 92 хувийг хураан авч Казахстанаас гаргажээ. 1933 он гэхэд Казахын ард түмний 40 сая орчим малаас дөнгөж 4 сая нь үлдэж, 90 хувь нь байхгүй болов.
Түүхэнд “Казахстаны их өлсгөлөн” хэмээн нэрлэгддэг энэ хатуу догшин цаг үед нийтдээ 3 сая гаруй иргэдийн амь насыг авч оджээ. Зөвхөн 1929-1933 онуудын хоорондох дөрөвхөн жилд 2 сая таван зуун мянган хүн үрэгдсэн байдаг.
Тухайн үеийн казахын хүн амын тэн хагас нь ийнхүү өлсгөлөнгөөр нас барав. Энэ бол 20-р зууны хүн төрөлхтний түүхийн эмгэнэлт гашуун хуудас байлаа. Түүнээс 50 орчим жилийн дараа буюу 1970 онд л казахын хүн ам сая нэг 1920 оныхоо хэмжээнд очжээ.
Хойт нутгийн казахууд илүү их хохиров. 880 мянга орчим хүн үрэгдсэн нь тэндэхийн хүн амын 75 хувь болж байжээ.
Нэг сая 250 мянган казах хүн төрөлх нутгаа орхин хоол хүнсний эрэлд гарав. Тэд Хятадын Шинжаан, Монголын Алтай, Ирак, Афганистан, Киргиз гээд тал тал тийш дүрвэв.
(Энд дүрвэлт хөдөлгөөн харуулсан зураг)
Их хэлмэгдүүлэлт ч казах түмнийг тойрсонгүй. Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд хэдэн зуун мянгаараа казах иргэд Гулагт цөлөгдөж, үйл тамаа эдлэв. 1920-1953 онуудад 118 мянган хүн ял сонсож, тэдний 25 мянга нь буудуулжээ.
1937 оноос хүн амь нь цөөрөн сийрч, эзгүйрсэн Казахтсан руу нэг сая 200 мянга орчим солонгос, турк, иран, курд, азербайжанчуудыг шилжүүлэн суулгав. Гол зонхилох нь оросууд байв. Дайны үед нэмээд герман, грек, чечен, ингуш, карачай, балкар, крым татар болон бусад үндэстнийг албадан оруулжээ.
(Энд хүн амын өсөлт харуулсан диаграмм харуулна)
Нүүдэлчин ба хагас нүүдэлчин ард түмнийг суурин амьдралд шилжүүлэх кампаанчилсан ажил Казах, Киргиз, түүнчлэн Халимаг, Якут, Буриад, Тува үндэстнүүдийг хамарсан ч Казахстанаас өөр хаана ч ийм өлсгөлөнд нэрвэгдсэн тохиолдол бүртгэгдсэнгүй. Тухайн үеийн Зөвлөлт Казахстаны Коммунист намын дарга Филипп Голощекин казахуудыг ерөөс хүн гэж авч үздэггүй байсан гэдэг. 1919-1922 онуудад гарсан эхний өлсгөлөнг Ашаршылык гэдэг бол 1929-1933 онуудад болсон их өлсгөлөнг энэхүү Голощекиний нэрээр нэрлэдэг. Түүний ”Бага Октябрь” хэмээх дэглэмийн үед 15 минут ажлаас хоцорсны төлөө 5 жил хүртэл шоронд суудаг байжээ.
Мөн Оросын иргэний дайны үед Казахын тусгаар тогтнолын төлөөх Алаш-Ордын хөдөлгөөн, хамтралжуулалтыг эсэргүүцсэн бослого зэрэг нь тийм хатуу харгис хандахад хүргэсэн болов уу хэмээн үзэх нь бас байдаг.
Ийнхүү өнгөрсөн 20 дугаар зуун бол казахын ард түмний хувьд том шалгуур сорилтой тулгарсан, бас том хувь буюу тусгаар тогтнолоо олж авсан зуун байлаа. Тарж бутарсан казах иргэд өнөө дэлхийн 44 оронд аж төрдөг.
13. Хятадын Шинжаан дахь казахууд
XVIII зууны төгсгөлөөр Зүүн гарын эзгүйрсэн нутагт эзэн суух гэсэн өрсөлдөөн, XIX зууны туршид Хаант оросын эсрэг боссон бослого хөдөлгөөн, ХХ зууны эхээрх Зөвлөлт Казахстаны их өлсгөлөн, улс төрийн хавчлага дарамт, мөн омог хоорондын тасралтгүй зөрчил тэмцэл зэрэг олон шалтгаанаас Хятадын Шинжаанд олон мянган казах иргэд нүүдэллэн ирж суурьшсан юм.
Хятадад нийт Нэг сая 500 мянга гаруй казах аж төрдөг. Тэдний үнэмлэхүй олонхи нь Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Или, Мора, Бархөлд байна. Энэ нутаг нь хуучин Зүүнгарын нутаг байв. 1757 онд Зүүн гарын ард түмнийг манж нар алж устган геноцит хийсний дараа эзгүйрсэн нутагт нь казахууд нүүдэллэн орж иржээ.
1930-аад оны үед одоогийн Шинжаан-Уйгур буюу тэр үеийн Зүүн Тукестанд 800 мянга орчим казах оршин суудаг байснаас 1950-иад оны бослого үймээн, Соёлын хувьсгал, дүрвэлтээс болж 421 мянга болтлоо буурч байв.
Сүүлийн хориод жилд Шинжаан дахь хятадын төр засгийн бодлого хатуурч, монгол сургуулиудыг хааж, монгол ном хэвлэлийг хориглож буйг бид сонсож, харамсан суудаг. Гэхдээ Шинжаанд зөвхөн монголчуудыг хавчиж хяхсангүй, уйгур, казах зэрэг исламын шашинт иргэдэд бүр ч хатуу ширүүн хандаж, хүчээр хятаджуулан бодлого улам бүр хүчээ авч байна.
(Шинжаан дахь уйгур, казах иргэдийн бодит байдал. Султааны яриа)
14. Хасагийн дайн, хасаг идсэн он жилүүд,
Баруун хязгаарын монголчуудын дунд, Баян-Өлгийгөөс Баянхонгор өнгөртөл 1000 гаруй км урт хил дагуух 15-16 сумын ард иргэдийн дунд “Хасагийн дайн”, “Хасаг идсэн он жилүүд” хэмээх гашуун дурсамж үлдэж хоцорсон байна. Олон зуун хүн зэрлэгээр алуулж, охид эмэгтэйчүүд олзлогдон, боол болон зарагдав. Энэ зэрлэг балмад явдал зөвхөн өнөөгийн Монголын баруун хилээр хязгаарлагдахгүй, Хятадын Сүвей, Алшаа, Синай, Эзнээ гол, Баруун Түмэдийн нутаг бүр урагшлаад Чинхай мужийн Хөхнуурын дээд монголчууд ч ихэд хэлмэгджээ.
Энэ он жилүүд нь 1900 он орчмоос 1950 он хүртэл бараг хагас зууны турш үргэлжилсэн юм.
(Яриа, хуучууд)
1930 оны орчимд төрсөн Адьяасүрэн өнөөдөр Хятад улсын Эзнээ хошууны Далайн хөв гэдэг газар энх саруул аж төрж байна. Адьяасүрэн гуайг багад тэднийх өнөөгийн Шинжааны Тэнгэр уул, Ганьсу мужийн Эзнээ, Алшаа хошуу, Сүвей орчимд нутаглаж байхдаа олон удаа дээрэмд өртсөн байна. Бага насаа дурсахаар л дээрэм, аллага харагдаж, буун дуу сонсогддог хэмээн хуучилна.
(Адьяасүрэн гуайн яриа)
Чухам яагаад ийм юм болов? Яагаад ийм энэрэлгүй харгис догшин байв?
Шинэ тулгар казах үндэстэнд шалгуур сорил хатуу ширүүн байжээ. Эхэн үедээ хөрш Узбекийн хаант улс, Могулистаны, түүний дараа хоёр зууны турш үргэлжилсэн Ойрд, Зүүнгарын монголчуудын довтолгоо, түрэмгийлэл, залгаад Хаант оросын колоничлол, Манж-хятадын түрэмгий бодлого гэх мэтээр XV дугаар зуунаас хойш ХХ зууны эхний хагас хүртлэх бүхий л хугацаанд үргэлжийн дайн дажин, тэмцэл тулаан амар тайвныг үзүүлсэнгүй. Овог аймаг хоорондын зөрчил тэмцэл ч бас нэрмэжээ. Энэ мэт хатуу ширүүн дайн тулаан дунд тэсэж гарах гэсэн тэмцэл хүнийг догшруулдаг байж магадгүй юм. Бас бус өөр шалтгаанууд ч бий байх. Түүх судлаачид алсан, талсан дээрэмдсэнийг нь л ихэвчлэн ярьдаг, ухдаг. Харин шалтгааныг нь төдийлөн ухаж, тайлбарлаж байсангүй.
Энэ түүх бол монголчууд болон казахуудын аль алинд нь өш хонзонг, үгүйсгэл тэмцлийг биш хатуу сургамж, ухаарлыг дагуулах учиртай мартаж боломгүй түүх юм.
15. Шинжаан дахь улс төр, Зүүн Туркестан улс. Оспан баатар уу, эсвэл...?
Манж чин гүрэн унахтай зэрэгцээд 1912 онд Шинжааны Уйгурууд тусгаар тогтнолын төлөө Монгол, Хятад, Төвдүүдийн нэгэн адил босов. Уйгуруудын тэмцлийн тус бүс нутгийн казах, монгол иргэд дэмжив. Унаж, босож, ялж ялагдсаар 1933 он Дорнод Туркестан улсыг байгуулжээ. Шинжаан руу социалист лагерийг тэлэх, мөн бүс нутгийн байгалийн их баялгийг ашиглахын тулд Коментерн, Зөвлөлтийн тал ч дэмжив.
Төдөлгүй Англи, америкийн шууд дэмжлэгтэйгээр Шинжаан нь Хятадын Гоминданы нам, Чанкайшигийн хяналтад оров. 1940-өөд оноос Шинжааны хятад захирагч Шэн Шицайн хатуу бодлогыг эсэргүүцсэн бослого Умард Шинжаан даяар дахин өрнөхөд Алтайн казахууд Оспанаар манлайлуулан тэр бослогын нэг жигүүр болжээ. Оспан нэгэнтээ Гоминдан намынханд хөөгдөн шахагдаж, Монголын нутагт орж ирэхэд нь эрх баригчид хилийн гүндээ оруулж хамгаалав. Энэ үеэр мөн 5000 гаруй казах Төвдөөр дамжин Энэтхэг рүү дүрвэсэн ч төвдүүд зам зуурт нь эсэргүүцэн тэмцэж, 2000 гаруй нь үрэгдэж, үлдсэн нь Ладакт арай гэж хүрчээ.
ЗХУ-ын зүгээс Чанкайшигийн гоминданы засаглалыг эсэргүүцсэн босогчдыг дэмжлээ. БНМАУ-ын тэргүүн Маршал Чойбалсан Шинжаан нь хятадын эрх мэдлээс гарснаар Алтайн өвөрт таслагдсан Урианхайн хошууны нутаг, мөн цаашлаад Ховог сайр, Бор тал, Бархөл, Баянгол зэрэг нутгууд дахь монголчуудаа эх монголдоо нэгтгэх боломж нээгдэнэ хэмээн үзэж, дэмжив. 1944 оны хавар Булган голын Алагтолгойд Оспантай уулзаж, Сталинаас илгээсэн ихээхэн хэмжээний сум, зэр зэвсгийг гардуулжээ.
Дорнод Туркестан улс амжилт олж, хуучин Уйгурийн нутаг болон Или, Тарвагатайн 90 гаруй хувьд хяналтаа тогтоов. Гэхдээ Уйгурууд зонхилсон Дорнод Туркестан улс засгийн газрынхаа бүрэлдхүүнд Оспаныг оруулсангүй, зүүн захын аймгийн даргаас дээш албан тушаал өгч, Улсын баатар болгожээ.
1946 оны сүүлчээс Шинжааны нөхцөл байдал дахин эргэж, Дорнод Туркестан улсын статус ганхах үед Оспан Гоминданы талыг барих болжээ. Оспаны энэ мэт тогтворгүй байсны шалтгаан нь Дорнод Туркестан улс болон Хятадаас хараат бус бие даасан Алтайн казахийн улс байгуулах зорилготой холбоотой хэмээн зарим судлаачид үздэг. Түүний энэ байр суурь нь Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул заналхийж мэдэх тул Маршал Чойбалсан дэмжсэнгүй, Зөвлөлтүүд ч дэмжсэнгүй.
Чухам энэ үеэс Оспан болон түүний удирдлагад байсан казахууд хятадын Гоминдан намын цэрэгтэй хамтран БНМАУ-ын баруун хил, Байтаг богдын нутгаар удаа дараа томоохон халдлага хийх болсон юм.
1949 онд Чанкайшигийн Гоминдан нам Мао Цэдуны коммунист хүчинд бут цохиулан Тайван руу зугтав. Үлдэж хоцорсон Оспан Хятадын коммунистуудын эсрэг дахин партизаны дайн хийж байгаад хүн хүчээ ихэд хядуулж, өөрөө Гансугийн уулнаас баригдан, 1953 оны 4 сарын 29-нд Өрөмч хотын талбайд олны өмнө буудуулжээ.
Оспаныг дагагсдын зарим нь хэдэн жилийн өмнө Энэтхэгийн Ладак руу дүрвэгсэн казахуудынхаа араас үхэл хагацал дундуур зүтгэж очсон ба хожмоо тэднийг Түрк улс хүлээн авчээ. Мөн БНМАУ-д ч Оспаныг дагаж байсан казахуудаас цөөнгүй нь орж ирсэн байдаг.
Оспан нь Булган голын Хөхтохойд төрсөн, Алтайд суурьшсан Керей овгийн хүн юм. Баруун хязгаарын монголчууд түүнийг Осман гэж дууддаг ба зэрлэг дээрэмчин гэж шууд ойлгодог.
1990 оноос хойш Оспаныг үндэсний баатар хэмээн өргөмжилж, хөшөөг нь босгох тухай Монгол улсын зарим нэгэн казах иргэн ярих болов. Гэвч энэ бол Монгол улсад ямар ч боломжгүй юм.
Хуучин түүх бичлэгийн зарим нэг гажуудлыг засаж, онгорхой орон зайг нөхөн, шинэчилж байгаа энэ цаг үед Оспаны түүхэн үүргийг илүү олон талаас нь харж, дүгнэх болсон ч Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн нь бүхий л баримтаар нотлогддог хүнийг Үндэсний баатар гэж дүгнэх нь Монгол Улсын эрх ашигт ч, шинжлэх ухааны зарчимд ч шууд харшилна. Мөн Оспаны талынхны дээрэм, аллагад өртөж, амь насаа алдсан зуу зуун хүмүүсийн дурсгал мартагдаагүй, үр хойчис нь ярилцсаар байна.
Ийм нөхцөлд Монгол Улсад Оспаныг баатар гэх, хөшөө дурсгалыг нь босгох санаачилга нь түүхэн үнэнийг сэргээхээс илүүгээр хоёр үндэстний хоорондын хуучин шархыг сэргээн яс хаяж, хагарал талцалд түлхсэн бодлогогүй харалган явдал юм. Харин Казахстанд хэрхэн үзэх нь тухайн улсын дотоод асуудал болно.
16. Баян-Өлгий аймаг байгуулах хүртлэх түүх.
1922 оны 12 сарын 17-.д Ардын засгийн газрын дотоод яамны сайд, Ерөнхий сайд нараас Богд хаанд өргөсөн айлтгал бичигт, “хасагийн урьд дагаар орсон хэдэн хошуунд давтан шаардан тушаасанд” тэд цөм Дээдийн соёлд урьд хэвээр хөдөлбөргүй дагаж, чин үнэнээр зүтгэх учрыг батлан гаргаж, тус бүр сум өрхийн тоо зүйлийг тодорхойлон өргөн мэдүүлсэн...” тухай өгүүлжээ.
Мөн “...хасаг иргэд цагийн үймээн самуунд нэрвэгдэхийн зэрэгцээ өөрсдийнх нь эв тангараг буурсны харгайгаар хүн амь, хөрөнгө мал үлэмж сүйдсэн хэрэг явдал”-ын тухай ч мэдэгдсэн байна.
1922 оноос Алтайн казахуудын дунд Ардын засгийн төлөөлөгчид очиж, шинэчилсэн зохион байгуулалт хийж, эхлээд хоёр хошуу, дараа нь гурван, дөрвөн хошуу болгов. Тухайн үед нийт казах хүн амын тоо 8000 орчим байжээ.
Тэдгээр хошууд 1926 оноос Чандмань уулын аймагт харьяалагдаж, хошуудын нэгний дарга Үмбет Улсын V Их хуралд төлөөлөгчөөр сонгогдов. 1927 оноос Алтай аймагт, 1931 оноос Увс, Ховд аймгуудад харьяалагджээ.
Жамсрангийн Цэвээн “Хасаг, Хамниган нарын гарал, үндэс байдлын тухай өгүүлэл”-дээ, 1923 онд Ховдын хязгаарт явуулсан судалгааны дүнгээс харахад Монголын харьяат хасаг өрхийн тоо 1870 байв. Нэг өрх 6 хүнтэй гэж тооцоолбол 11 220 болно. Бид тодорхой тоо бүртгэл аваагүй учир ийнхүү барагцаалан тооцов” гэжээ.
1932 онд Ардын засгаас Засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийгээд, хоёр хошуу казах иргэдэд урианхайн нутгаас тодорхой газрыг олгох болоход “Та нарын өгөх гэж байгаа энэ газар бол миний алганд багтахгүй байна. Хулгана зурам гүйдэг тийм газар байна. Бид тийм газар авмаар байна” гэж хүсэлт тавьж байсан түүх ч байдаг.[w2]
Казах хүн амын тоо 1937 онд 23 229 болсон ба дараа жил нь 21 673 болж буурчээ. Ийн буурсан нь Монгол орныг бүхэлд нь нөмөрсөн их хэлмэгдүүлэлтийн урхаг юм.
Хэлмэгдсэн казах иргэдийн тоо тодорхойгүй бөгөөд эрдэмтэн Х.Зардыхан 3270, Х.Ислам 970, А.Сарай 527, нийтлэлч Б.Баабар 552 хэмээжээ.
Хэлмэгдүүлэлтийн өмнөх болон дараах казах иргэдийн тоог харгуулан үзвэл 1500 орчим хүний зөрөө бий. Гэхдээ тухайн үед цөөн бус казах иргэд хил даван оргож, боссон, Оспантай нийлж байсныг харгалзаж үзэх хэрэгтэй юм.
Эдгээр иргэдийг Гэндэн, Дэмид нарын төрийн эсрэг хуйвалдаанд оролцож гадаадад оргон гарахыг завдсан, ислам шашныг дэвэргэн ард түмнийг буруу ухуулгаар татсан, Октябрийн хувьсгалаас оргож Монголд орж ирсэн, Японы тагнуул байсан зэрэг зохиомол хэрэг тулган яллажээ.
Мөн 1939 он хүртэл казах иргэдийг цэрэгт татдаггүй байсан нь тусгай эрх биш, оргож босох, урваж тэрслэх явдал цөөнгүй байсантай холбоотой юм.
1930-аад он гартал казах иргэдийн амьдрал нэн хэцүү байжээ. “Хасагууд манай өвөөгийн малыг малладаг байсан” гэсэн яриаг олонтаа сонсоно. Урианхай нар өөрсдийгөө
Баруун Алтай нутагтай,
Барын арьсан хэвнэгтэй,
Барлаг боол зарцтай,
Бадам цэцэг малгайтай,
Баатарлаг урианхай түмэн” гэдэг ч байжээ.
Барлаг боол гэдэг нь амьдрал хайж уул хадаар явган нүцгэн орж ирсэн казахууд юм. Энэ нь казах иргэдийн муугийх биш, олон жил үргэлжилсэн Шинжааны хямрал тэдний амьдралыг туйлдуулжээ.
(Хөдөлмөрийн баатар, зохиолч, тува ястан Чинагийн Галсангийн яриа)
1910-1920-иод онд монгол нутагт хөл тавьсан казах иргэд дотор мянгаар тоологдох адуутай язгуурын баячууд цөөнгүй. Хожинбай гэдэг баяны бунхан Цэнгэлийн Хотон нуур орчимд бий. Ботакара овгийн Шаку баян 5000 адуу, 10 000 хоньтой байжээ. Гэсэн ч үнэмлэхүй олонхи нь үгээгүй ядуус байжээ.
Ялангуяа 1930-1940-өөд онуудад хил даван орж ирэгсэдийн ихэнх нь ядуу зүдүү, орон гэргүй, хадны агуй хонгил бараадсан хүмүүс ч байв.
1938 оны казахын хүн ардын мал хөрөнгийн бүртгэлд нийт 91 502 мал бүртгэгдсэн нь нэг хүнд дунджаар 4 толгой мал ногдоно. Гэхдээ энэ бол амьдрал ахуй нь тогтоод, сэргэж эхэлж байсан үе юм.
(Доктор М.Ганболдын яриа,
Намхайсүрэн гуайн яриа)
1939 оны намар Маршал Чойбалсан тухайн үеийн Ховд аймгийн нутаг Шар нуурын хөвөөнөө очиход Монголд суурьшин амьдрах хүсэлтээ гаргасан казахын отог омгийн ахлагч, аксакалууд нар хөлтэй хүлээн авчээ. Маршал нутгийн урианхай иргэдийг цуглуулж казах иргэдийн хүсэлтийг хэрхэх талаар санал асуулга авахад урианхайчууд шууд л “Казах иргэдгүйгээр бидний мал, аж ахуйг хэн адгуулж хариуцахсан билээ” хэмээн зөвшөөрсөн байдаг юм.
Түүний хойт жил, 1940 оны 7 сарын 5- нд Улсын VIII их хурлаас Бага хуралд даалгасан тогтоолд “Казах ба урианхайн ард түмний хүсэлт эрэлтийн ёсоор Ховд аймгийг хувааж, казах, урианхай үндэсний нэгэн аймаг болгохыг Бага хуралд даалгасугай” гэжээ.
Үүний дагуу 7 сарын 7-нд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарав. Уг тогтоолд, “Казах, Урианхай ястныг тусгаарлан, шинэ аймаг болгон байгуулах, сургууль соёл, эрүүл мэнд, аж ахуй, орон сууцны” бэлтгэл ажил болон зохион байгуулалтыг нарийн заасан байдаг.
Ийнхүү Ховд голын хөвөөнд, Өлгий хэмээх газарт казах, урианхай, тува, дөрвөдийн шинэ аймаг галаа асааснаар ХХ зууны Монгол Улсын түүхэнд нэгэн содон хуудас нэмэгдсэн юм.
(Баян-Өлгий аймгийн түүхийг харуулсан баримтат киноны дүрсээс.)
Баян-Өлгий аймагт шинэ шинэ бүтээн байгуулалтууд өрнөж, хүн ам бичиг үсэгт тайлагдаж, соёлжиж, хөдөлмөрлөж байв. 1956 онд буюу 16 жилийн дараа хүн ам огцом өсөж 36 700, 1969 онд 62 800, 1979 онд 84 300, 1990-ээд оны эхээр 120 мянгаас давж, арван жилд дунджаар 70-80 хувиар өсөж байсан нь тус аймагт амьдрал ахуй өөдлөн дэвжиж байсныг илтгэдэг.
17. Экей баатар, Зайсанов. Жанабилхан, Сагадай
Өлгий хотын яг төвд ийм нэгэн хөшөө бий. Энэ бол Монгол Улсын баатар Мазимын Экейн хөшөө юм.
(Зархумын ярианы ард)
Гэвч Экейн хувьд өөр байлаа. Тэрбээр бүр 1931 онд цэрэгт татагдаж, 1932 онд эсэргүү бослогыг дарахад гавьяа байгуулсан учир тухайн үедээ Дэмид жанжнаас дурсгалын сэлмээр шагнуулж явжээ.
БНМАУ-ын АТХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг.
1978 оны 8 сарын 18-ны өдөр.
М.Экейд БНМАУ-ын баатар цол нэхэн олгох тухай.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрэлхгээр хамгаалж 1939 онд Халхын голын районд японы түрэмгийлэгчдийг бутцохих байлдаанд баатарлагаар тулалдаж, гарамгай гавьяа байгуулан амь үрэгдсэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, дэслэгч Мазимын Экейд БНМАУ-ын БААТАР цол нэхэн олгосугай.
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Юмжаагийн Цэдэнбал.
Домогт алаг морьт Дандар баатар нэгэнтээ “Би олон баатрууд мэдэх ч Экей шиг баатрыг мэдэхгүй юм” хэмээн дурсаж байжээ.
...
Дэслэгч Жанабилхан
(Зархумын Зайсановын тухай ярианы араас)
Монголын казар түмний дундаас төрөн гарсан бас нэг баатарлаг дайчин бол Жамбазарын Жанабилхан юм.
1947 оны 6 сард хятадын гоминдан болон тэдэнтэй хүч хавсарсан Оспаны казахуудын 1000 гаруй хүн бүхий үлэмжхэн хүч Байтагбогдын Хужирт, Нарийн, Бүдүүн харгайт, Улиастайн амуудаар давшин ирж, хүч тэнцвэргүй хатуу ширүүн тулалдаан болсон юм. Энэ тулалдаанд бага дэслэгч Жанабилханы удирдсан Ховд 4 дүгээр морьт хорооны 3 дугаар сумангийн хөнгөн пулемётын салааныхан дайсны төв рүү зам гарган довтолж, үлэмж хохирол учруулжээ. Харамсалтай нь зэрэгцэн давших учиртай бусад ангиуд ухарснаас тэдний салаа бүслэлтэнд орж, бүгд амь үрэгдсэн юм.
Уг тулалдаанд оролцсон зарим дайчдын дурсамжинд Оспаны талынхан Жанабилханд өширхөн хонзогнож, амьдаар нь барихаар гоминданы шилдэг хорооны хамт бүслэн, хүнд шархадсан байхад нь баривчлан тамлаж алсан тухай дурдсан байдаг.
Мөн баруун хязгаарын үйл явдалд тод ул мөрөө үлдээсэн алдарт тагнуулч Үвшиний Сагаадай зэрэг Монгол эх орныхоо төлөө амь хайргүй тэмцсэн казах эрс цөөнгүй.
18. Эх орны бүтээн байгуулалтад
1960, 1970-аад он бол Монгол орны ирмүүн бүтээн байгуулалтын он жилүүд байлаа. Энэ үеийн уул уурхай, барилга-хот байгуулалт, газар тариалангийн салбарын шан, хөгжлийг монголын казах иргэдийн оролцоогүйгээр төсөөлөх аргагүй юм. Налайх, Шарын гол, Бэрх, Бор-Өндөр зэрэг уурхайнуудад монгол-казах уурхайчид мөр зэрэгцэн зүтгэж, атрын шан таталцаж, бүхэл бүтэн хотын суурь цутгалцаж байв.
(Эх орны бүтээн байгуулалтад монголын казах иргэдийн оруулсан хувь нэмрийн тухай Зуркумын яриа)
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Улаан хад баг, Алтайн нурууны зоо дагуулан босгосон хилийн багана холгүй. Өндөр уулсын энэ нутагт өнөө урианхай зон олон голлон аж төрдөг. Сумынхаа төвөөс алслагдсан энэ багийн урианхай багачууд сургууль явахад бэрхшээлтэй, дээр нь 90 оноос мал хувьчлагдсанаар тэр уулнаас бууж ирэх нь бүр ч багасчээ.
Тухай үед Алтай сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан Хайса гуай ийн ярьж байна.
(Хайсаан яриан)
Монголын шинжлэх ухаан, урлаг соёлын салбарт ч гарамгай казах иргэдийн гавьяа зүтгэл их. Ялангуяа алтан гарт олон гайхамшигт эмч нарыг монгол даяараа сайн мэддэг.
(Телейхан, Султаан, Зуркумын яриа)
Казах түмний баялаг агуулгатай өв соёл, ардын урлаг нь Монгол орны соёлын амьдралыг илүү яруу, баялаг болгож ирсэн юм.
(Зуркумын яриа. Амангүл, Сайтагүл нарын дуу хуур.)
19. Казахстан руу нүүсэн нь
1990-ээд оны эхээр ЗХУ задарч, бүрэлдхүүнд нь байсан 15 бүгд найрамдах улс ээлж дараалан тусгаарлав.
Төв азийг хамарсан өргөн уудам газар нутагтай Казахстан шинэ тулгар тусгаар улс болж, дэлхийн 40 гаруй оронд аж төрж асан казах ард зоны үндэсний ухамсрыг сэргээн, урам зориг төрүүлжээ. Шинэхэн Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дэлхий даяар тархсан казах иргэдээ улсдаа урихад Монголын казахуудаас ч нүүцгээлээ. 1991 – 2011 онуудад Баян-Өлгийгөөс гадна Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Налайх гээд олон газраас мянга мянгаараа нүүж байв. Албан бус тоогоор 60 мянга гаруй казах иргэн нүүжээ. Монголын төрөөс бүхий л талаар дэмжив. Харин адгуулан маллаж өсгөсөн хувийн малаа авч гарч чадаагүй юм. Малын Хорио цээрийн хяналтаас шалтгаалан ОХУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт, гаалийнхан нэвтрүүлсэнгүй. Үүнд бухимдсан зарим казах Монголчууд зориудаар ингэлээ, хяхаж хавчлаа хэмээх нь ч байв. Өвөлжөө бууцаа эвдэлж, шатаагаад нүүсэн ч тохиолдол гарав. Монгол оронд зовж зүдэрч явснаа гайхан шогширч, монгол үүрд баяртай гэж буй мэт аяг ааш гаргасан нь ард үлдсэндээ, ялангуяа нутгийн урианхай, тува, дөрвөдүүдэд таатай сэтгэгдэл төрүүлээгүй юм. Өчигдөрхөн айл саахалт бууж, инээж наадаж, орж гарч, сайдаж муудаж явсансан. Тэр гомдлын сүүдэр амар арилсангүй нь одоо ч анзаарагддаг.
Хэдийгээр Казахстаны төрөөс боломжийн тэтгэмж өгч байсан ч Монголоос очсон бүхэн шинэ нөхцөлд дасан зохицсонгүй, таатай тухтай байсангүй. Наад зах нь хэл соёлын ялгаа байлаа. Казахстанд орос хэлгүй бол амьдрахад бэрх, бас оросын соёл давамгайлах тул, ялангуяа хөдөөх малчдад амаргүй байжээ.
Монголд байсан шигээ эрх тааваараа нүүдэллэн амьдрах боломж хомс. Мөн монголоос очсон казахуудаа “Монгол” хэмээн нүд үзүүрлэх явдал ч гарч байлаа. Монголд ах дүү, амраг садангууд нь ч үлдсэн байв. Казахстаны төрөөс өгдөг халамжийн хэмжээ ч буурав.
Энэ мэтээс үүдэн Казахстан нүүсэн иргэдийн 30 гаруй хувь буюу 20 мянга орчим нь эргэн ирэв.
Монголын төрөөс ирсэн бүхний иргэний эрхийг нь сэргээн хүлээн авч байлаа.
Харин казахстанд үлдсэн Монголын казахуудын олонхид Монгол орон, Баян-Өлгий бол төрж өссөн өлгий нутаг нь хэвээрээ байдаг. Тэд маань Монголын улсын баяраар наадмаа үзэж, наадам цагаан сараа тэмдэглэнэ. Саяхан Казахстанд очсон “Хурд” хамтлагын тоглолтыг талархан үзэцгээсэн байдаг.
(Казахстанд очсон монголчуудын тухай Владимир, Жухан нарын яриа. Хурд хамтлагын тоглолтын хэсэг.)
20. Иргэншлээ сольсон өндөр албан тушаалтнууд
Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн “Харьяатаас гарахыг татгалзах” хэсгийн гуравдугаарт “Харьяатаас гарах нь Монгол Улсын үндэсний болон нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахаар бол” татгалздаг. Тодруулбал, Улсын аюулгүй байдал, Төрийн хар хайрцагны бодлогыг мэддэг, маш нууц бичиг баримттай танилцаж, хадгалж, хэрэгжүүлж байдаг өндөр албан тушаалтан болох УИХ-ын гишүүд, сайд, агентлагийн дарга, дэд дарга нар, Элчин сайд, Консулын газрын ажилтнуудад энэ хууль үйлчилнэ.
Харамсалтай нь, ийм өндөр түвшинд ажиллаж байсан зарим нэгэн казах иргэн хуулиар хүлээсэн энэ үүргээ умартан, итгэл алдаж, Монгол Улсын харьяатаас гарч, өөр улсын иргэн болов.
- Улсын бага хурлын болон Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, гадаадын хоёр ч улсад Консул, Элчин зөвлөхөөр ажиллаж байсан, К.Зардыхан,
- УИХ-д хоёр удаа сонгогдон суусан, Хууль зүйн байнгын хорооны дарга, ХХЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал Х.Жекей,
- Монгол Улсаас Кувейтэд сууж асан Элчин сайд К.Сайраан,
- БНХАУ-ын Эрээн хотод улсаа төлөөлөн сууж байсан Консул А.Мурат нарыг дурдаж болно.
Иргэншлээ солих нь хүний эрх боловч тэд жирийн иргэн байгаагүйд асуудлын учир оршиж буй.
(Казахстанд Зардыхан, Сайраан, Мурат, Жикей нарын зураг, дүрс бичлэгийн хэсэг.)
21. Баруун хязгаар дахь Исламын шашин...
Монголын казахуудын шашин шүтлэг нь Исламын шашны сүнит урсгалын хамгийн зүүн талын өвөрмөц хэлбэр юм.
1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд монгол даяар шашин шүтэх эрх чөлөө сэргэснээр Баян-Өлгий аймагт Монголын анхны исламын шашны байгууллага болох “Монголын мусульманы нийгэмлэг”-ийг байгуулжээ. Улаанбаатар хотод салбартай болсон тус нийгэмлэгийг тухайн үед АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан, хожим Элчин сайд болсон К.Сайраан тэргүүлж байв. Хүн амынх нь 80 гаруй хувь нь исламын шашинтай Баян-Өлгий аймгийн Өлгий хотод 24 исламын шашны сүм хийд буюу Мечат байгуулагджээ. Хөдөөгийн сум, багийн төвүүдэд ч байна. Улсын хэмжээнд, 15 аймагт казах иргэдэд зориулсан 76 исламын сүм байгуулагджээ.
Өнөөдөр Баян-Өлгий аймгийн хүн амын 92 орчим хувь, Ховд аймгийн хүн амын 15 гаруй хувь нь нь казах иргэд, мөн Увсын Тариалан сумын хотонгууд, бусад уйгар гаралтай хүмүүс байна. Энэ хүмүүсийн олонхи нь исламын шашинтай.
Олон казах залуу Арабын орнууд, Турк, Казахстаны их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлэгтэйгээр исламын шашны боловсрол эзэмшин, эргээд Монгол дахь сүм, хийдүүдэд зүтгэж байна.
Ийнхүү шашин шүтлэгээ сэргээж буй нь сайн хэрэг боловч бас анхаарах зүйлс бий.
Исламын шашны дунд сургууль буюу Мересүүд хэд хэдээрээ байгуулагдав. Өлгий хотод хэд байна. Бугат суманд ч байна. Дотуур байртай эдгээр сургуулиудын үндсэн хөтөлбөр нь Исламын шашныг А-аас нь Я хүртэл заана, шашныг сурталчилна. Дотуур байрны хүүхдүүд нь өдөрт төдөн удаа мөргөл, угаалга хийнэ, уншлага тарниа төдөн удаа хийнэ гэх мэтчилэн хатуу дэг жаягтай. Тэнд сурч буй хүүхдүүд ЕБС-д давхар сурахгүй. Статус нь ЕБС-ийн эрхтэй.
Энэ нь Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн II бүлгийн 18 дугаар зүйлийн Боловсролын сургалтын байгууллага гэсний 6 дугаарт “Боловсролын сургалтын байгууллага шашны сургалт, шашны зан үйл, холбогдох бусад үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа. Энэ байдал мөн Буддын шашны дунд сургуульд ч хамаатай.
Араб, Турк, Казахт шашны янз бүрийн шатны сургуульд сураад ирсэн залуусын итгэл үнэмшил казахуудын уламжлалт шашин шүтлэгтэй зөрчилдөх тохиолдол мэр сэр гардаг байна. Шалтгаан нь манай Баян-Өлгийн Казахууд бол Исламын ертөнцийн хамгийн зүүн хязгаарын, мөн эртний нүүдэлчин уламжлалтайгаа хослуулсан өвөрмөц өнгө төрхтэй Ислам шашинтнууд юм. Харин одоо энэ өвөрмөц шинж нь Араб, Туркийн уламжлалийн нөлөөгөөр өөрчлөгдөж эхэлжээ. Ертөнц дээр зөвхөн цорын ганц Аллах бурхан байх ёстой гэсэн итгэл үнэмшил ч хүчтэй цухалзаж байв. Түгшиж, болгоомжлох бодитой шалтгаан ч гарсан. Ийм итгэл үнэмшил түгэн дэлгэрвэл аюултай. Ер нь Исламын ертөнцөд хэт туйлширсан тулгуур үзэлтнүүд цөөнгүй байдаг.
(Молдагийн ярианы ард)
Олон улсад исламын тулгуур үзэл санаа, хэт туйлширсан хандлага үе үе хүчтэй цухалздаг учир Исламын шашнаас болгоомжлох сэтгэлзүй ислам бус ертөнцөд хүчтэй байдаг. Бидэнд ч бас далдхан тийм түгшүүр бий, нуух юу байх вэ?
Хэдхээн жилийн өмнө Сирийн дайны үеэр Ойрхи дорнодод ISIS хэмээх шашны хэт үзэлтний бүлэглэл юу болсныг бид сайн мэдэж байгаа.
(ISIS-ийн бичлэг оруулах)
Монголчуудын хувьд юутай ч дундад зуунаас өнөөдрийг хүртэл энэ мэтийн шашны фанатизм, туйлшралаас ангид амар жимэр аж төрж буй.
Гэхдээ Баян-Өлгийд нэг бяцхан хэрэг явдал гарсан, гэхдээ анхаарлын гадуур өнгөрөөгүй билээ.
Бурхны шашинтай нутгийн уугуул урианхай, тува иргэд дөрвөн талдаа дөрвөн хүчтэн бүхий Махранз бурханы цагаан гантиган суваргыг Өлгий хотоос Улаанбаатар хот гарах замд босгожээ. Харамсалтай нь 2011 оны 4 сард уг суваргийг татан унагаж, дээр нь доромж үг бичсэн байв.
Энэ мэдээж Баян-Өлгийн нийт ислам шүтлэгтнүүдийн хэрэг явдал биш, цөөн хэдэн хүмүүсийн үйлдэл ч шашин номлол зааж, сургаж буй молда, шашны зүтгэлтнүүд, шашны сургуулийн багш нар, нэр нөлөө бүхий аксакалууд, нэр нөлөө ихтэй казах сэхээтнүүдийн хувьд анхаарч сэрэмжилж, сануулж, зөвөөр тайлбарлан таниулж байх ёстой зүйл гарцаагүй юм.
Өөр бусад хүмүүсийн, ялангуяа нутгийн уугуул боловч цөөнх иргэдийн шашин шүтлэгт хүндэтгэлгүй хандах нь яавч Коран судрын үзэл санаанд ч нийцэхгүй нь тодорхой.
Дов болгон эзэнтэй хэмээн итгэж, уул хайрхадаа дээдлэн сүсэглэж, ус булгаа нандигнан тахиж явдаг монголчуудын уламжлалт шүтлэгт ч хайхрамжгүй хандаж байсан тухай гомдол цөөнгүй сонсогддог юм.
Мөн хэн нэгэн казах Христийн сүмийн цуглаанд очвоос түүнийг нийгмээсээ гаргаж, омгоосоо хасаад хаячихна. Эцэг нь нас барахад очиж ном унших молда олдсонгүй.
(Энд түүхч эрдэмтний яриаг оруулах)
Пешт Хипчагийн тал нутагт аль 7 дугаар зуунд исламын шашин нэвтэрсэн, мөн 13 дугаар зуунд Монгол нутагт байсан Хэрээд аймаг нь ислам шашинтай байсан гэсэн ойлголт нэлээн түгээмэл байдаг.
751 онд исламын дайчид Таласын хөндийд хятадын Тан гүрний их цэрэгтэй тулалдсан их тулаан нь хятадын ч, исламын нь аль алиныхаа түрэлтийг зогсоосон хэрэг байлаа. Тэр цагаас Транссаксония бүрэн исламжиж, Чингис хааны байлдан дагууллаар унаж мөхсөн Хорезмийн улс нь хэдий ислам шашинтай байсан ч умардад байсан Дешт хипчагийн их тал нутагт ислам шашин хүчтэй түгэн тархаагүй юм. Ялангуяа их талын зүүн хязгаарийн нүүдэлчид Исламын шашныг хожуу авчээ.
XIX зууны үед аж төрж, туурвин бүтээж байсан казахын нэрт түүхч, угсаатны зүйч эрдэмтэн Ч.Уалиханов “Казахууд эрт дээр үеэс бөөгийн шашин шүтлэгийг баримталж байсан ба тэр нь одоо хүртэл уламжлагдаж үлджээ” хэмээн бичиж үлдээсэн.
Монголын казахуудын дунд бөө мөргөлийн улбаа одоо ч тасраагүй. Алтай суманд Хусейн, Буянт суманд Хатпа, Дэлүүн суманд Шармолда, Улаанхус сумын Алмажан зэрэг олон бөө, удганууд саяхан болтол амьд сэрүүн байв.
Хүлэг хааны тугийн жанжин Хитбуха. 1260 онд одоогийн Израйлийн Айн-Жалудын тулалдаанд эр баатарлагийг харуулж домог болсон энэ жанжин Найман аймгийн хүн байлаа. Түүнийг түүхчид загалмайн нестор шүтлэгтэй байсан хэмээн үздэг.
Ер нь 13 дугаар зууны үед Цагаан хэрмийн оёороор байсан Онгудууд, мөн Хэрээд, Найманууд христийн Нестор шүтлэгтэй байсан түүхийн судалгаагаар нотлогддог.
Харамсалтай нь исламын шашны зарим зүтгэлтнүүд түүхэн энэ үнэнийг шашныхаа эрх ашгийн үүднээс гуйвуулан, Казахууд бүр VII зуунд л исламжсан, мөн Хэрээд, Найман нар нь нестор шашинтай байсан гэдэг худлаа, исламын шашинтай байсан гэх мэтээр ярьж буй нь, шинжлэх ухаан луу нулимсан, цаашид шашин хоорондын хагаралд ч хүргэж мэдэхээр болчимгүй бодлогогүй явдал юм.
Хэдий Монголын казахууд маань шашин шүтлэгээ сэргээж буй нь сайн ч туйлширсан, бусдыг үгүйсгэсэн байдлаар сэргэвэл тэр харин ч зовлонгийн үр болж болохыг сануулах юун.
22. Баян-Өлгий дэх Монгол хэлний нөхцөл байдал
Баян-Өлгий дахь монгол хэлний хэрэглээний талаар багш, мэргэжилтнүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд ийнхүү ярьж байна. Үнэхээр ч казах иргэд дагнаж амьдардаг сумдад монголоор ярих нь нэн ховор, бүр толгой дохих төдий мэндтэй хүмүүстэй ч таарч байв. Казахстаны ямар ч хүн Баян-Өлгийд ирээд, хаана ч чөлөөтэй ойлголцчихож болно. Харин эсрэгээрээ монгол хүмүүс Баян-Өлгийд ирээд чөлөөтэй ойлголцох газар ховор болчихож.
Төрийн бодлого ч, гадаад нөхцөл байдал ч аль аль нөлөөлж буй байх аа.
Баян-Өлгийн хүүхдүүд англи хэлний мэдлэгийн түвшингээрээ улсад 7 дугаар байрт орох атлаа монгол хэлний түвшингээрээ 21 дүгээр байранд орж байна.
Монголын казахуудын хувьд монгол хэл сурах нь нэг номерийн асуудал юм уу, Англи хэл сурах нь нэг номерийн асуудал уу гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө.
Цаахан талд нь өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж буй Казахстан улс казах залуусийн сэтгэлийг гижигдэн, урмыг хөгжөөнө.
Өнөө монголын хүүхэд залуусын дунд “хил гараад л хэрэг болохгүй монгол хэлээр яах юм” гэсэн хандлага ил тод анзаарагддаг болчихсон байхад зарим казах залуусын хувьд монгол хэл сурах хүсэл тэмүүлэл сул байх нь нэг талаас бас арга ч үгүй юм.
Төр нь төр шиг, хүн ард нь иргэн шиг, хөгжил нь бодитой бөгөөд тогтвортой байх аваас аль аль талдаа хаанаас ийм явдал болох билээ.
Бид нөхцөл байдал ямар байгааг нүдээр үзэхээр Өлгий хотын ЕБС-ийн 1р сургуулиар орж, 5р ангийн монгол хэлний хичээл хэрхэн орж байгааг сонирхов.
Бидний төсөөлж байснаас харьцангуй өөр байлаа. Сургуулийн, ангийн хана талбайд байрлах самбар, тэмдэглэгээг бүгд монголоор бичжээ.
5р ангийн сурагчдын монгол хэлээр болон монгол бичгээр бичсэн зохион бичлэг, хуулан бичлэгийг хананд байршуулсан байв.
(1р сургуулийн нийгмийн ажилтан, Мариа. Монгол Улсын зөвлөх багш)
23. Монгол, Казах хүмүүсийн нөхөрлөл.
(Шууд яриагаар эвлүүлсэн)
24. Монголын казахууд (Ач санах)
(Шууд яриагаар эвлүүлсэн)
25. Украины сургамж, казахстаны нөхцөл байдал. Цаашид яах вэ?
Сэтгүүлч бидний эрэл явсаар хоёр асуулттай тулгарсны нэг нь “Монголд үндэстний асуудал бий юу? Зөрчил, хямрал гарах уу?”. Энэ асуулт глобаль шинжтэй, Казахстанд илүү хамаатай, тэндээс сэжүүрийг хөөвөл ойлгоход илүү хялбар байв.
2022 оны 2 сарын 21-нд Украинаас салан тусгаарлаад байсан Донбасс, Луганскийн Бүгд найрамдах улсыг ОХУ хүлээн зөвшөөрөв. Энэ үйл явдлыг Казахстаны тал цочир хүлээн авчээ.
Түүний өмнөх он жилүүдэд нь хүчирхэг Кремль Гүржийн газар нутаг руу түрж, бас Украинаас Крымын хойгыг авав. Шалтгаан нь тус бүс нутгуудын ард иргэдийн олонхи нь орос иргэд, тэд эх Оросдоо нэгдэх хүсэлтэй, мөн хуучин оросын нутаг.
Украинд болсон энэ хэрэг явдал Казахстанд хэзээ нэгэн цагт гарцаагүй давтагдана хэмээн казахстаны улс төр судлаач, мэргэжилтнүүд урьдчилан анхааруулж байв. Учир нь Казахстаны хүн амын 14 гаруй хувийг орос иргэд бүрдүүлдэг ба Оростой хил залгаа Павлодарская, Северо Казахстанская, Костанайская зэрэг хойт талын мужуудад орос иргэд олон. 1970 оны үед Зөвлөлт Казахстаны хүн амын 43 орчим хувийг орос иргэд эзэлж байсныг бодвол энэ цаг үед хэд дахин буурчээ. Гэхдээ л үндэстний асуудал Казахстанд бодитой оршсоор байсан учраас л мэргэжилтнүүд тийн анхааруулж байсан хэрэг.
Дээрх үйл явдлаас гуравхан хоногийн дараа, 2022 оны 2 сарын 24-нд ОХУ-ын цэрэг арми Украинд довтлон ороход ерөнхийлөгч Токаев барууны орнуудын талд буйгаа илэрхийлж, ганцхан сарын өмнө Казахстанд болсон улс төрийн хямралаас оросуудын шууд оролцоо, дэмжлэгээр гарч байснаа мартсан мэт ОХУ-ыг эрс буруутгав. Казахстаны дотоод нөхцөл байдлыг сайн мэдэхгүй хүмүүст Токаевийн энэ холбиромтгой байдал ойлгомжгүй, бүр эгдүү хүргэм байлаа.
Ерөнхийлөгч Токаев Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулж, Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Казахстаны цаашдын хөгжлийн ноцтой асуудлуудыг сөхөн, өмнөх Ерөнхийлөгч Назарбаевийн босгож ирсэн казахын үндэсэрхэг үзлийн шуургыг намжааж, улс орноо илүү ардчилахын төлөө буйгаа мэдэгдэв. Энэ бүхэн нь Казахстан улсын эрх ашгийн үүднээс зүй ёсны, ухаалаг алхам байлаа. Эс тэгвээс Украины алдаа Казахстанд давтагдах нь зайлшгүй болохыг тэрбээр олж харжээ. Путин Казахстаны төрийн түүхийн талаар таагүй үг хэлсэн нь дайран дээр нь давс нэмэв.
Украины хямрал сүйрэлд Украины үндсэрхэг үзэлтнүүд, тухайлбал "Зөвхөн украинаар л ярих ёстой" гэж чанга хашгирсан бүхэн буруутай. Тэд зүүн мужуудын орос хэлтэй иргэдийг орос хэлээрээ ярьсных нь төлөө хавчиж, орос байсных нь төлөө нийгмийн халамжийн хүрээнээс хөөж, шоодон, гадуурхаж байв. Эцэст нь тэсэхээ байсан украины орос иргэд Орос төв рүү хүчтэй тэмүүлэх болсноор дотоодын зэвсэгт мөргөлдөөн эхэлж, улмаар хоёр улс дайны түвшинд хүрсэн билээ.
Украйн, Армени, Азербайжан, Гүрж, Молдав гэх мэт улсууд сулдан доройтсоны цорын ганц шалтгаан нь зөвхөн үндсэрхэг үзэл байлаа.
1990 онд тусгаар улс болсныхоо дараагаас Казахстанд үндэсэрхэг үзэл хүчтэй сэргэсэн юм. Энэ даамжирсаар сүүлийн жилүүдэд байж болох улаан шугамнаасаа хэтрээд явчихав. Түүхийг хэт эдүгээчлэх, дундад эриний олон ард түмнүүдийн түүх соёлыг өөртөө авчирч наах явдал хавтгайрав. Арай л анхны адам, ева хоёр казах хүн гэсэнгүй.
Хэрвээ энэ хэтрэлт Казахстан дахь казах бус орос болон бусад 12 үндэстний иргэдийн эрх чөлөөнд харшлаад эхэлбэл хоёр дахь Украин болох нь гарцаагүй.
Тиймээс казахстаны эрүүл саруул сэтгэдэг сэхээтнүүд “Ирээдүйд манай Казахстаны газар нутгийн нэг хэсэг алдагдах аваас түүнд манай үндсэрхэг үзэлтнүүд буруутай байх болно. Хамгийн түрүүнд "Е казакша сойле" гэж хашгирч буй хүмүүс, бас бүх юм казахаас эхтэй хэмээн хийрхэж буй бүхэн буруутан” хэмээн сануулав. Казахстаны казах бус иргэдийн, ялангуяа орос иргэдийн өөрийгөө илэрхийлэх, өөрийн соёлоороо аж төрөх эрх чөлөөг хязгаарлах нь хамгийн амар хялбар арга боловч асуудлыг хэзээ ч шийдэхгүй, харин ч эсрэг үр дүнтэй байна. Энэ нь сул дорой сэтгэлгээний илэрхийлэл юм гэдгийг онцолж байлаа.
Назарбаевийн эхлүүлсэн казахстаны үндсэрхэг үзэл амьдрах чадваргүй болох нь нотлогдсон ч түүний сүүдэр арилсангүй, Их Туранаар дамжин сунан сунасаар монголд хүртэл туссан. Тухайлбал Чингис хаан бол Казах хүн. Үүнд өнөөдөр Казахстаны иргэдийн 25 хувь эргэлзээгүй итгэдэг ажээ.
(Судлаач Сабитовын ярианаас)
Эртний Хүннү гүрэн Монголчуудтай ямар ч хамаагүй гэнэ. Давраад XIII зууны үеийн монголын хэрээд, найман зэрэг аймгууд нь исламын шашинтай казахын аймгууд байсан болж хувирав. Зүүнгарын хүчирхэг хаант улсыг Манж биш, казахууд дарж дийлсэн болов. Өнөөгийн Монгол Улсын ард иргэд бол саяхан буюу XVI зууны үед манж-хятадын дундаас үүссэн шинэ үндэстэн болов. Казахууд Төр соёлыг нь дагана хэмээн хүсэн мөргөж, монгол улсын иргэн болоогүй, харин өвөг дээдсийнхээ нутгаа хэмээн зүтгэж ирсэн болж таарав. Оспан бол үндэсний баатар л гэнэ.
Гэх мэт бишгүй юмс бий. Зарим нэг эрдэмтэн судлаачид хүртэл дунд нь хутгалдаж явна. Хэдийгээр Казахстаны төрөөс, эрүүл саруун сэтгэдэг сэхээтнүүд нь энэ мэт явдлыг эрс хатуу шүүмжилж байгаа ч цахим эрх чөлөөний “гавьяа”-гаар хурааж хумихад, засаж залруулахад бэрх тарчихжээ. Цахим ертөнцөд энэ талаарх мэдээллийг сөхөж үзвэл ёстой далай мэт цалгиж байх юм.
Харамсалтай нь өнөөдөр казахстаны 22 тв суваг үздэг, Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сониныг аймгийнхаа хэмжээнд гуравхан ширхгийг захиалдаг Баян-Өлгий аймагт, монголын казахуудад энэ сүүдэр хэрхэн нүүгэлтэж туссан нь илт мэдрэгдэнэ.
Эгэл жирийн казах зон олон гэхээсээ илүү боловсролтой, тэргүүлэгч гэгдэх казахын сэхээтнүүд хамгийн түрүүнд энэ мэт гажуудлыг шүүрэн авч, сүүдрийг нь сунгах ажээ. Үр дүнд нь “Манай ерөнхийлөгч бол Токаев” гэж хэлдэг, итгэдэг монголын казах иргэн бий болбол яах вэ?
(Володимир, Асалбек нарын яриа)
(Сошл ертөнцийн мэдээллүүд)
(Казахстаны зарим эрдэмтдийн хийрхэл)
Тэр хэрээр монголчуудын дунд эсэргүүцэх хандлага хүчтэй идэвхжих нь бараг жам юм. Наад зах нь Монгол Улсын хил хязгаар, бүрэн бүтэн байдалд халдсан, жирийн олон монголчуудыг алж, дээрэмдсэн Оспаныг хэрвээ Үндэсний баатар гэж буй бол наад үгээ Монголын газар нутаг дээр биш, Казахстандаа очоод хэл хэмээн эгдүүцэцгээнэ. Хөөж тууна.
Өнөөдөр л бид эл сэдвийг сөхөн, ил тод олон талаас нь хэлэлцэн ярилцаж, энэ мэт хандлагуудаа хаана хаана аа засаж залруулахгүй бол монголчуудын ч, казахуудын ч 100 гаруй жил нэг тогооноос хооллон амар жимэр аж төрж ирсэн амьдрал ганхаж, гундаж мэдэх юм шүү.
Өдий хүртэл Монгол Улсад үндэстэн хоорондын ямар нэгэн ноцтой асуудал байсангүй. Казахстанд болсон шиг их өлсгөлөн, Хятадын Шинжаанд болсон шиг геноцит, хөдөлмөрийн хүмүүжил олгох төв хэмээх сайхан нэртэй боловсон шорон гэх мэтийн тухай ярих нь бүү хэл толгойд ч орж ирж байсангүй.
Шинжаанд буй казахуудын дунд хийсэн судалгаагаар оролцогчдын 88.8 хувь нь Казахстанд амьдрах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Энэ нь тус нутгийн казах иргэдийн ахуй амьдрал ямар байгааг илтгэнэ.
(Султаан гуайн яриаг араас нь үргэлжлүүлэх)
2017 оноос Хятадын засгийн газар Шинжаан дахь цөөнхийн эсрэг бодлогоо чангалж, “хатуу хяналт, шалгалтын арга хэмжээ”-г хэрэгжүүлж эхлэв.
Казахстан руу явуулахгүйн тулд гадаад паспортыг нь хүчингүй болгож, баривчилж, "Дахин хүмүүжүүлэх төв"-д хашиж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна. Ялангуяа гадаадад хамаатан садантай хүмүүст илүү хатуурхана.
(Султаан гуайн яриаг араас нь үргэлжлүүлэх)
Ерээд оны эхэн үед бие даасан Казахстан улс байгуулагдсаны дараахан Монголын казах иргэдээс Ерөнхийлөгч Очирбатад хандан
1. Казахийг үндэстэн гэж тодорхойлох,
2. Уламжлалт Наурызын баярыг сэргээх
3. Казахын бүгд найрамдах автономит улсыг Баян-Өлгийд байгуулж өгөх.
гэх мэт хүсэлт тавьсны эхний хоёрыг нь дэмжиж, хэрэгжүүлжээ. Энд нэг зүйлийг тодруулж хэлэх шаардлагатай. Учир юун гэвэл 90 оноос өмнө Монголын төр Казах иргэдийн уламжлалт наурызын баяр, мөн ислам шүтлэгийг нь хориглан хавчиж байсан гэж үздэг, хэлдэг ярьдаг хүмүүс нэг бус байдаг юм. Наурызын баярыг сэргээх тухай хүсэлтийг энэ итгэл үнэмшлийнхээ баталгаа болгох нь бий. Угтаа Монголын төрөөс казах үндэстнийх нь хувьд уламжлалт баяр, шүтлэг бишрэлийг нь хорьж, хязгаарлаж байсан юм огтоос байхгүй. Тэр тоталитар цаг үед монгол казах ялгалгүй, шашин шүтлэг, уламжлалын цөөнгүй зүйлс хориотой байлаа. Буддын шашныг хориглож, 700 гаруй сүм хийдийг устгаж, хэдэн арван мянган монгол лам нараа буудчихсан, мөн цагаан сарыг хориглож, хожмоо зөвхөн малчдын баяр болгож байв. Тэгэхээр үүнийг зөвхөн казах үндэстэнтэй холбон ойлгож огт болохгүй юм.
Монголд үндэстний үзэлтнүүд байдаг ч тэдний харц казах иргэд рүүгээ чиглэж байсангүй, уламжлалынхаа дагуу өмнөд хөршид л хамаг анхаарал нь төвлөрч явдаг.
Баян-Өлгий аймгийн сум суурин албан байгууллага, гудамж талбайн хаяг тэмдэглэгээг монгол-кирилл бичгээр болгохыг шаардах нь Монгол Улсын үндсэн хууль болон бусад хуулийн суурь зарчим, хэм хэмжээний л асуудал. Аль ч тусгаар улсад хаяг тэмдэглэгээг зонхилон төрөлх хэлээрээ байхыг шаарддаг нь зүй ёсны асуудал. Япон, Хятад зэрэг орнуудаас тод жишээг харж болно.
Баян-Өлгийн Ерөнхий боловсролын сургуулиудад Монгол хэлийг заах нь, монгол хэл муу сурч байна гэж шүүмжлэх нь ямар нэгэн ялгаварлал биш, монгол улсын иргэнийхээ хувьд монгол хэлээ сурч, нийгмийн харилцаанд орох нь бас л зүй ёсны асуудал. Өнөөдөр Улаанбаатарт казах иргэд төрөлх хэлээрээ яриад, инээж наадаад явж л байна. Монголын ямар нэгэн томоохон урлаг соёлын арга хэмжээг домборгүйгээр, казах үндэсний дуу хуургүйгээр, бүргэдгүйгээр төсөөлөх боломжгүй.
Яг адилхан гавьяатай монгол, казах хоёр иргэний, яг адилхан бүтээл туурвилтай монгол, казах хоёр уран бүтээлчийн казахыг нь түрүүлж шагначих гээд байдаг тал ч бий. Украин шиг орос хэлт иргэдээ нийгмийн халамжаас хассангүй, харин ч Баян-Өлгийд нийгмийн халамж дундаж болон дунджаас дээгүүр байдаг.
Хувь хүмүүсийн хоорондын зөрчил, цэргийн оны ялгаа гэх мэт зүйлсийг үндэстний асуудлыг хэмжээнд ч дөвийлгөх хэрэггүй юм. Чингис хааны Монгол төрийн шашин соёлд алаггүй ханддаг байсан уламжлал, нүүдэлчдийн альтернатив уян хатан хандлагын ямар нэгэн улбаа өнөөдөр ч Монгол Улсад тасарчихаагүй байсааар байна.
Украинаас үүдэлтэйгээр Казахстанд бий болсон түгшүүрийн асуудлыг хөндсөн нь санамсаргүй явдал, зүгээр л сонирхуулах гэсэн төдий зүйл биш билээ. Учир нь бид одоо л ухаантай, уужимхан байхгүй бол бидэнд ч бас тийм нөхцөл байдал нүүрлэхийг үгүйсгэх аргагүй юм.
12 үндэстэн угсаатан аж төрдөг өнөөгийн Казахстан улсын төрөөс нийгмийг бүрэн ардчилж, гишүүд нь нэг нэгнийхээ ялгаатай талыг хүлээн зөвшөөрсөн, өөрөө өөрийгөө удирдах тогтолцоог бэхжүүлэхгүй бол нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалж чадахгүй юм гэсэн байр суурь нь бидэнд ч бас хамаатай юм. Монголын монгол иргэд, казах иргэд бие биенийхээ ялгаатай түүх, зан заншил, соёл, шашныг хүндэтгэн эв найртай оршиж ирсэн уламжлалаа батлан сахих нь бидний үр хойчисийн амьдралын баталгаа болно гэдгийг хэн хүнгүй ямагт санаж явах шаардлагатай болсон байна гэж сэтгүүлчид бид дүгнэж байна. Бодит байдал тийм мэссэжийг бидэнд өглөө.
28. Цөөнхийн доторх цөөнх
Урианхай ардын эртний уртын дуу дуулдаг хүн гуч гаруй мянган хүн амтай Өлгий хотод гарын таван хуруунд багтах шахам. Бид Мишигийн Дамчил, Чүлтэм хэмээх ах дүү хоёртой уулзав.
(Урианхай Дамчилын яриа болон дуу)
Нүд чихгүй цасан шуурган дундуур эрэлд гарсан бидний хэдэн сэтгүүлчдийн эрлийн үзүүрт өртсөн хоёрдахь ноцтой сэдэв нь үндэсний цөөнхийн эрх ашиг ноцтой хөндөгдөж буй асуудал юм. Өдий хүртэл “Үндэсний цөөнх” гэхээр бид казах иргэдээ л гэж боддог, манай төр засгийн бодлого ч казах иргэдийн эрх ашгийг хэлбийлгэчихгүйг анхаарч, хичээж ирэв. Монгол Улс Үндсэн хуулиндаа цөөнхийн эрхийг баталгаажуулж, хэл, шашин шүтлэг, ёс заншлыг нь хүндэтгэсэв тусгав.
Гэхдээ одоо бол “Үндэсний цөөнх доторх Үндэсний цөөнхийн асуудал”-ыг хөндөж байна. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймаг дахь нутгийн уугуул урианхай, тува, дөрвөд иргэдийн эрх ашгийг эргэж харах цаг болжээ.
1940 онд Баян-Өлгий аймгийн байгуулахад нийт хүн амын 50 хувийг эзэлж байсан Урианхай, тува, дөрвөд иргэд өнөөдөр хүн амын 7 орчим хувь болжээ.
Баруун Алтайд наран гарах зүгээ урд зүг гэдэг. Урианхай, тува, дөрвөд нар Улаанбаатар чигийг урд тал гэнэ. Тэгээд “Манайхан урагшаа нүүгээд дуусаж байна даа” гэлцэнэ. Тэд зүүн тийшээ, ихэвчлэн төвийн бүс рүү нүүцгээжээ. Одоо ч нүүцгээсээр байна. Сургууль соёлын мөр хөөж одсон залуус нь эргэж ирсэнгүй.
Урианхай, дөрвөд, тува иргэд хэдэн зуунаар аж төрж идээшин дассан, уугуул нутаг орноосоо дүрвэж гарсан шалтгаан юу байв? Яагаад өвөг дээдэс нь гэрийнхээ бууриар тамгалсан, сүсэглэн залбирдаг Алтай юугаа орхин дүрвэцгээв?
(Өндөр настан Урианхай Намхайсүрэнгийн яриа)
1950-иад оны сүүлчээр аймгийн хүн ам өссөн байна. Энэ үед хөдөө аж ахуйн Нэгдлүүд байгуулагдаж, мал ихтэй байсан уугуул урианхайчууд, мал цөөтэй казах иргэдийн дунд тэгшитгэл явагдав. Нэгдлийн мал хүрэлцэхгүй айл өрхийн тоо олон болж, ажиллах хүчний илүүдэл гарав. Ингээд урьд нь мал ихтэй байгаад малгүй болсон Урианхай иргэд голдуу зүүн тийшээ нүүцгээв.
(Тува доктор Г.Золбаяр, Зуркум, Жүкей нарын яриа)
Урианхайн нүүдэл зогссонгүй, одоо ч үргэлжилсээр...
(Урианхай, дөрвөд, тува иргэдэд тулгарч буй бэрхшээлийн талаар хүмүүсийн яриа).
Энэ хүмүүсийн ярианаас “Баян-Өлгий аймаг дахь урианхай, дөрвөд, тува иргэдийн уугуул нутагтаа ажиллаж амьдрах, сурч хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна” гэсэн дүгнэлт гарч байх юм.
- Урианхай, дөрвөд, тува иргэд хэт цөөнх болсноос тэдний хүүхдүүд эх хэлээрээ боловсрол авах боломж хязгаарлагдмал болсон байна. Ялангуяа хөдөө сумдад. Өлгий хотод ганц Монгол хэлээр сургалт явуулдаг 2 дугаар 10 жилийн сургуульд алсын сумаас илгээвч суулгах байр сав, садан төрөл, танил үгүй. Цөөнхийн зовлон их. 2 дугаар арван жилийн сургуулийн дотуур байрыг нь МСҮТ болгосноос хөдөө сумаас ирсэн монгол хүүхүүдэд сурч амьдрахад туйлийн хүнд болжээ.
- Ажил олддоггүй, нэгэнд нь ажил олдсон ч гэр бүлийн хүн нь ажлын байргүйгээс тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй.
- Баян-Өлгий аймаг дахь үндэсний цөөнх болсон Урианхай, дөрвөд, тува иргэдийн сонгох, сонгогдох эрх ямагт зөрчигддөг. Хүн амын 46 хувь нь монголчууд бүхий Буянт сумаас Аймгийн ИТХ-д нэг төлөөлөгч сонгогдсон, аймгийн захиргаанд хоёрхон мэргэжилтэн ажилладаг. Баг, сумын удирдлагад урианхай, тува иргэд цөөхөн. Уг нь 1924 онд Анхдугаар Үндсэн хуулийг батлахад казахын дөрөв, урианхайн гурван төлөөлөгчийг бодлогоор сонгон оруулж байжээ. Социализмын 70 жилд ч энэ бодлого тасарсангүй. 2024 оны сонгуулийн томсгосон тойрогт зөвхөн Баян-Өлгий аймгийг дангаар тойрог болгосон нь энэ үндэсний квотын бодлого үргэлжилсээр буйг илтгэнэ. Монгол төрийн бодлого энэ.
Харин орон нутагт өөр байна. “Өнөөдөр Баян-Өлгийгөөс зөвхөн казах нэр дэвшигч л гарна. Ямар ч сайн урианхай нэр дэвшээд гарах боломж байхгүй” хэмээн урианхай залуу гутарсан аястай ярьж сууна. “Яагаад Аймгийн 4 удирдлагын нэгийг, сумын орлогч даргыг монгол хүнээр тавьж болдоггүй юм бэ?. Яагаад Баян-Өлгий аймгийн удирдлагууд ийм улс төрийн зориг гаргадаггүй юм бэ?” хэмээн асууж байна.
- Өнөөдөр Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, төр, нийгмийн зүтгэлтнүүд, аймгийн удирдлагууд манай казах түмний эрх ашиг гэж ярих боловч цөөнх болчихсон Баян-Өлгийн урианхай, тува, дөрвөд иргэдийнхээ асуудлыг яагаад ярьдаггүй юм бэ? Цэнгэл суманд байгаа тува багачуудын эрх ашгийн тухай яагаад ярихгүй байна вэ? Баян-Өлгий аймагт байгаа уугуул монголчуудын өв соёл, хэл хэлц, уламжлалын хувь заяанд яагаад санаа зовохгүй байна вэ? Гурван өдөр, гурван шөнө дуулахад нэг дуугаа давтахгүй тийм баялаг өв сантай Урианхайн уртын дуу бараг мартагдлаа. Өлгий хотод байсан Урианхайн театрын барилга зарагдаж, алга болжээ. Аймгийн төв орчимд урианхай дуу дуулдаг ах дүү хоёр хөгшнөөс өөр хүн олсонгүй. Тува хөөмий, урианхай биелгээ бүдгэрчээ.
- Баян-Өлгий аймаг дахь буддын шашинт урианхай, тува, дөрвөд иргэд хэт цөөнх учир шашнаа шүтэх, сүм хийдээ бүтээн босгох боломж нь хязгаарлагдмал байдаг. Тэр бүү хэл Өлгий хотын захад босгосон Бурхны хөшөөг нурааж, дээр нь сэлдий зурсан явдал гарсан нь урианхай, тува, дөрвөд иргэдийн шашин соёл шүтэх эрхэд халдсан, зөрчсөн явдал байв. Мөн бөө мөргөлтнүүд буух үед эсэргүүцэх, зогсоохыг шаардах тохиолдол цөөнгүй байжээ. Цөөнхийн цөөнх болсон иргэдийнхээ шашин шүтэх, сонгох, сонгогдох, хэл соёлоо хадгалж үлдэх эрхийг яагаад анхаарахгүй байна вэ?
- Нөхцөл байдал ийм болсон учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед орон нутгийн удирдлагаас үл хамааран шууд томилох боломжтой босоо удирдлага бүхий Шүүх, Цагдаа, Онцгой байдал зэрэг төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга нарыг Монгол хүнээр томилж, барилгын болон өндөр уулын цэргийн ангийг байгуулсан. Гэвч үүнийг Баян-Өлгийн казах иргэд таатай хүлээн авсангүй. Барилгын цэргийн анги дөнгөж буугаад байх үед бас хөөрхөн мөргөлдөөн гараад амжжээ. Казахстаны зарим эрдэмтэн, судлаачид Монгол Улс казах иргэдээ уусгах бодлогыг хүчтэй болгож байна гэж үзэв. Харин уугуул монгол иргэд “Хэрвээ энэ ангиудыг байгуулж, тусгай байгууллагуудын удирдлагуудыг монголжуулаагүй бол Баян-Өлгийн уугуул урианхай, тува, дөрвөдөөс хүн үлдэхгүй, бүгд нүүх байсан. Энэ шийдвэр нь бидний сэтгэлд их том нөмөр нөөлөг болсон шүү. Монголчуудыг ямар нэгэн байдлаар хавчдаг байсан явдал энэ үеэс хойш илт намжсан. Энэ хязгаарт казахаас өөр хүн амьдрах боломж үнэхээр хэцүү болчихоод байсан нь жаахан ч болов өөрчлөгдсөн” хэмээн ярьж байна.
- Монгол иргэд цөөн учир жижиг бизнес болон хувийн хэвшлийн ТВ, FM оршин тогтнох боломж бага.
- УИХ-аар баталсан "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-д дурдсан нэрийг өөрчлөн, буруу нэршихийг Ерөнхийлөгчийн зарлигаар хориглосон байдаг. Энэ хууль Монгол Улс даяар мөрдөгдөнө. Ийм зөрчил Баян-Өлгийд ил далд түгээмэл ажээ. Газар усны нэртэй холбоотой асуудлаар Баян-Өлгийн 15 албан тушаалтан хариуцлагад татагдсан нь зөвхөн нэг хэсэг нь байв. Алтай сумын баруун талд орших Нүцгэний даваа хэмээх баруун хилийн байлдааны түүхэнд зайлшгүй нэр нь дурдагддаг газар орныг сумын монгол хүүхэд залуусаас сураглаж асуухад мэдэхгүй атлаа казак нэрээр нь лавлахад шууд ойлгож "Аа, тийм. Тэнд байдаг уул, даваа бий, ингэж тэгж яв" гээд зам зааж өгч байх юм. Нутгийн том том уул хайрхадын нэрийг казах залуусаас асуухад “Мэдэхгүй”,эсвэл “Нэргүй” гэх юм. Хөдөө орон нутагт, тэр дундаа малчид аж амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон уул хайрхадаа нэрлэхгүй байх боломжгүй. “Мэдэхгүй” гэдгийн цаана монгол нэршлүүд хэдийнэ мартагдаад, казах нэртэй болсных. “Зүгээр л хэрэглээний нэр” гэдгээр үүнийг хаацайлж боломгүй. Хэрэглээний нэрс явсаар язгуур нэр болон өөрчлөгддөг.
- Баян-Өлгийн урианхай болон казах айлуудын амь амжиргааг харьцуулан харвал хол зөрөөтэй байна. Тиймээ, манай казах иргэд хөдөлмөрч, дайчин. Ажилд махруу, зүтгэлтэйг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ бас хувь хүнээс хамаардаггүй дам нөлөөлөл ч хүчтэй байна. “Бидний үеийн казах залуу банкинд ажилладаг ах дүүдээ очоод “Хоёр давхар байшин барих гэж байна аа, зээл авьяа”, эсвэл барилгын материал зардаг нэг овгийн хүн дээрээ очоод “Барилгын материалаа гурван сарын хугацаатай зээлээч” гэхэд аль аль нь ав л гэнэ. Хамгийн хөнгөлөлттэй нөхцлөөр зээлнэ. Харин урианхай бидэнд юу байгаа юм бэ? Бид хэнээсээ зээллэг хүсэх вэ?” хэмээн урианхай залуу арга барагдан ярьж сууна. Олонхи нь цөөнхийн зовлонг ойлгодоггүй гэдэг.
- Шашин, соёлын зөрүүгээс үүдсэн жижиг зөрчлүүд ч бас байна. Үүний нэг нь оршуулгын зан үйл юм. Нүүдэлч монголчууд язгуураасаа хөдөөлгө, оршуулгаас зэнзийрхдэг. Өвөлжөө бууц, бэлчээр уснаас зайдуу ёсолдог. Харин казахууд их өөр. Энэ ялгаатай байдал нь зөрчил үүсгэх, хардаж сэрдэхийн нэг шалтгаан болж байна. Ховд аймагт тугалаа бэлчээдэг энгэрт гэнэтхэн бунхан хашаа баригдаад ирлээ хэмээн уурлан бухимдаж буй малчинтай таарав. Хэдий казахын ёс заншлийг хүндэтгэх ч оршуулга хаа сайгүй байж болохгүй. Хожмын өдөр оршуулган дотор амьдрах уу?. Тиймээс оршуулгын хууль журмаа, зан заншлаа ч эргэж харах шаардлагатай болсон байна.
- Мөн байгал шүтдэг, уул усны эзэн лус савдаг байдаг гэдэгт итгэдэг, ганц сондгой ургасан модыг “Удган мод” хэмээдэг пантейст шүтлэгтэй монголчуудын болон уул хайрханд идээ өргөж сан тавьдаггүй, үл тоодог, ганц Аллах тэнгэртээ итгэдэг ислам шашинт казахуудын зан үйлийн зөрүүгээс үүдсэн зөрчил ч үе үе гардаг байна.
- Бид өдий хүртэл үндэсний цөөнх казах иргэдийн эрх ашиг ярьж, хамгаалж ирсэн, одоо харин цөөнх доторх цөөнх, айлын шоовдор хүүхэд мэт урианхай, дөрвөд, тува иргэдийн эрх ашиг ярихаас аргагүй нөхцөл байдал бий болсон байна. Монголын төр баруун хязгаарынхаа оюун санааны амьдралаа сайтар шинжиж ойлгох шаардлагатай болжээ.
Ямар ч ард түмэнд зүгээр л идээшиж дассан өвөг дээдсийнхээ нутагт амьдрахыг хүсдэг, бусадтай адил тэгш эрхтэйгээр харилцаж, адил тэгшээр үнэлэгдэхийг хүсдэг. Энэ эрх, энэ хүсэл эрмэлзэл Баян-Өлгийн казах иргэдэд ч, урианхай, тува, дөрвөд иргэдэд аль алинд нь бий. Гэхдээ өнөөдөр урианхай, тува, дөрвөд нарт илүү хамаатай болж хувирчээ. Бодит нөхцөл байдал ийм байна.
Бидний сэтгүүлчид энэхүү эрэлхийллээрээ монгол ба казахийн харилцааны түүхийг сөхөж харав. Бас өнөө тулгамдаад буй, гэхдээ хэн ч сөхөж ярьдаггүй, ярихаас айдаг болгоомжилдог, айдаг эмзэг сэдвүүдийг ч хөндлөө. Ингэхдээ алагчилж, гоёчилхоос аль болох зайлсхийж, сайныг нь сайнаар, мууг нь муугаар үзүүлэхийг хичээлээ. Бид үнэн мөнөө ярилцаж, сайн муугаа хэлэлцэж байж л ойлголцох боломжтой.
ХХI зуунд бид аж төрж байна. Үндэсэрхэг үзэл, үндэстнээ дөвийлгөх, бусдыг ялгаварлан, үгүйсгэх үзэлд ирээдүй байхгүй гэдгийг монгол, казахууд аль аль талдаа гүнээ ухамсарлах ёстой болсон. Ийм үзэл нь бидний хэн хэнд маань үр өгөөжөө өгөхгүй, өгөхгүйгээр барахгүй үйл лай, зовлон дуудах болно.
Ийм хуурамч, дэвэргэсэн үндэсний үзлийн зам хэрхэн бүтэлгүйтдэгийг Украины гашуун жишээ бидэнд харуулж байна. Тэдний үндэсний үзэл хэмжээнээсээ хэтрэх хэрээр үндэсний цөөнхөө эрхшээлдээ оруулах магадлал нь улам буурч, хямралд хүргэсэн.
ХХI зуунд, шинэ ертөнцөд хүмүүсийн амьдралын хэв маяг, үнэт зүйл, эрх чөлөөгөө хамгаалдаг арга зам өөр болж байна. Энэ бол ойлголцол, харилцан хүлцэл, хүлээн зөвшөөрөх юм. Бидний хувьд ч адилхан байх ёстой.
Аль XIII зуунд их хааны маань барьж байсан зарчим иргэншил хоорондын мөргөлдөөн гаарч буй энэ зуунд хамгийн үнэ цэнэтэй болон эргэн ирж байна.
***
Бид хэн нэгэнд тусгайлан хандсангүй. Монголчууд болон казахуудад, Монголын төр засгийнхан, бодлого боловсруулагчид болон Баян-Өлгий аймгийн удирдлагуудад, тус аймгаас сонгогдсон, сонгогддог төрийн зүтгэлтнүүдэд, монгол-казахын сэхээтнүүд, нийтэд нь хандаж байна. Учир нь бид олны дунд өдөр өдрөөр өсөн тэлж буй энэ мэт үл ойлголцлыг өнөөдөр л хамтран хэлэлцэн, ярилцаж, арга замаа зөв тодорхойлон, бодлогоо оновчтой гаргахгүй бол оройтох тусам ойлголцоход, шийдвэрлэхэд улам хэцүү болно.
Сэтгүүлчид бидний зорин зүтгэн, чадан ядан явсны, эрж хайсны эцсийн зорилго үүнд л буй. Бий болсон үл ойлголцлыг хэрхэн яаж хамтран эрүүл ухаанаар давах вэ гэдэг арга замыг л бид эрж хайхыг санал болгож байна. Үл ойлголцлыг дэвэргэж, гал шидэж буй хэрэг огтоос биш гэдгийг эрх биш ойлгох буй за.
Монгол, казах ялгалгүй бид нэг л эх оронтой. Эвтэй байж, эх орноо бүрэн бүтэн байлгаж, хөгжүүлэх нь, Өндөр их Алтайнхаа талыг өгч байж авсан тусгаар тогтнолоо батлан хамгаалах нь бидний сэтгэл, ухааны хэрэг билээ.
Эхийн ариун цагаа сүү шиг Их Алтайнхаа сүүн голоос ундаалдаг монгол, казах зон олон маань өнө мөнхөд амар амгалан, түвшин сайхан орших болтугай гэсэн чин сэтгэлээс энэхүү нэвтрүүлгээ бэлтгэлээ.
***
АЙ, АЛТАЙ МИНЬ, АЛТАЙ МИНЬ, АЛТАЙ МИНЬ
Цахилан буух аянгын гялбаа нь сүр жавхаа юм, Алтай минь
Цацран гэрэлтэх цаст оргилууд нь үзэсгэлэн гоо юм, Алтай минь
Цалгиран садрах сарны гэрэлд хүнхийх харанхуй, сүүдэр төрх юм, Алтай минь
Цайлалзан мэлмэрэх бяцхан горхины хоржигноо, гэгээн тайвшрал юм, Алтай минь
.
Хөх уулсын тунгалаг нуурууд нь одот тэнгэрээ ширтэх гэрэлт нүдэн юм, Алтай минь
Хөшилдөх харгайн тангаас цэнгэнэх хөхөөн дуу инээд баясал юм, Алтай минь
Эгнэгт үргэлжийн орооцолдогч үүл манан нь санаашрал бодрол юм, Алтай минь
Эрчлэн буух ус голын хүрхрээ нь домог хүүрнэгч дуу хоолой юм, Алтай минь
.
Дүнхээн өндөр хөх оргилуудыг нь ороон эрчлээд
Дүнгэнэн шуугих нөөлөг салхины хүүгээн нь аялгуут хуур юм, Алтай минь
Тэнгэр, газрын савсалгад хөх дөл мэт сөрвөлзөөд
Тэсэхүйеэ даллан дуудах шид нь зүүд зөн юм, Алтай минь
.
Өлийж л хардаг, өрмөг тармаг босоо аруудыг нь
Өөд уруугаа эмжиж хэжсэн харгуй замууд уй гуниг юм, Алтай минь
Хүлгийн шандас шалгаж, хүслийн цалам сунгах тэнгэрийн даваагаар
Хүүдээн зорин зүтгэх бөөвгөр ганц морьтны бараа өнчин ганц нулимс юм, Алтай минь
.
Аргалын утаа хоргодон цэнхэртэх уудам хөндий ой санамж юм, Алтай минь
Асгаран шидрэх аадрын чимээнээр асга нурах нь санаа алдалт юм, Алтай минь
Хаа сайгүй сэвэлзэн сэнгэнэх үнэр анхилуун нь сэтгэл юм, Алтай минь
Ханагар хүглэгэр хадан цохиодын дүнсгэр нь итгэл юм, Алтай минь
.
Цаглашгүй цаг хугацаа бол хүч чадал тань юм, Алтай минь
Эгнэшгүй уудам орон зай бол цараа хараа тань юм, Алтай минь
Үглэн дуулахуй өөрийн эрхгүй шившлэг болон аманд орох Алтай минь
Үүрийн зүүднээ зүрхэн сүмбэр оргил нь сүр цохин үзэгдэх Алтай минь
.
Аялсан дууны минь шуранхайн үзүүрт хөвсөлзөн зэрэглээтэх Алтай минь
Амирласан сэтгэлийн чинадад мөнхөд лугшин цохилох Алтай минь
Өлгийдөн тоссон элбэрэлт эхийн минь хайр нургих Алтай минь
Өвөрлөж нөмөрлөсөн эцгийн минь өршөөл хөглөрөх Алтай минь
Их Алтай минь ийм л амьдаас амьд юм даа.
[U1]Энийг ингэж цэл залуу үндэстэн гэж оруулах уу? Нөхдүүд өөрсдийгөө бол их эртний бараг ромын үед байсан шахуу юм бичицгээжээ.
[w2]Энэ мэдээллийг баталгаажуулах.