Drain of Oceans-8

Далайн усыг татраах нь

Үргэлжлэл:  00:47:14 мин      

Эр:

Мэтью                  археологич

Роберт Стивен Бианчи      египт судлаач

Эмад Халил                 археологич

Жон Хендерсон          археологич

Крис Нонтон        археологич

Кадзуси Хиро              холбоочин асан

Кензо Хаяшида          археологич

Эрик                             далайн түүхч

Икухиро Томохиро    Мацура хотын дарга

Жин Кимура        далайн археологич

Хироши Ишихара              цаг уурын станцын дарга

Тран Ха                 сувдны шумбагч

Иан                       археологич

       

Эм:

Лорел Бесток              эрдэмтэн

Изабель Хейри           архитекторч, археологич

Жейн Стоуэлл             Гүүглийн стратеги бодлогын зөвлөх

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  Хятадын тэнгис. Зүүн өмнөд Азийн орнуудаар хүрээлэгдсэн энэ газар дэлхий дээрх хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тэнгис билээ. Түүний усан доор агуу тулалдаануудын үлдэцүүд бий.

Жей: Энэ яг хэдэн зуун хөлөг онгоцуудыг мах хэрчигчид хийсэнтэй адилхан.

Кен:  Нууцлаг эрдэнэс, технологийн гайхамшгууд гээд энэ бүгд бидний нүднээс далд... өнөөг хүрсэн юм.

           Далайн ёроолын нууцыг нээхийн тулд бид далайг татрааж, усыг нь урсгаж чадна гэж төсөөлөөд үз дээ? Одоо бид чадна. Хамгийн сүүлийн үеийн усан доорх сканнерын технологийг ашиглан далайн гүнд нэвтэрч, үнэн зөв мэдээллийг гурван хэмжээст дүрс болгон хувиргана. Энэ удаад америк дэлхийн 2-р дайны хамгийн том линкор хөлгийг хэрхэн ялсан бэ?

Жей: Тэр нүсэр том байсан. Тэр хүчтэй, тэр хурдан байсан. Түүнтэй таарсан америкчуудын хувьд агуу хүчирхэг линкор байсан юм.

Кен:  Эртний хамгийн хүчирхэг байлдан дагуулагчид хачирхалтайгаар алга болсон тухай үнэн юу вэ?

Эрик: Тэнгисийн цэргийн дайны түүхэн дэх хамгийн том сүйрлийн нэг.

Кен:  Дэлхийн ВЭБ сүлжээг байгалийн аюулаас хэрхэн хамгаалах вэ?

----------------------------------------------------------------------------------------------------------------------

ДАЛАЙН УСЫГ ТАТРААХ НЬ – ХЯТАДЫН ТЭНГИСИЙН НУУЦ

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  Өрсөлдөх үү, хамтран ажиллах уу? Худалдаа хийх үү, байлдан эзлэх үү? Хүний энэ хоёр зөн совин олон зууны турш Хятадын тэнгисийг тодорхойлж иржээ. Хэрэв энэ бургилсан ус татарч эхэлбэл японоос өмнө зүгт 220 км-ийн зайд маш нууц байлдааны хөлөг онгоц гарч ирнэ. Далайд гарч байсан хамгийн аварга хөлөг.  Түүний нууц юунд байсан бэ? Япончууд яагаад 3000 хүний ​​амийг аварч чадаагүй вэ?

           1944 оны 10-р сар, хоёр аварга линкор хөлөгүүд түүхэн дэх хамгийн агуу тэнгисийн тулалдааны зүг явж байна. Хүчирхэг “Ямато” ба түүний ихэр “Мусаши”.

Жей: “Ямато” ой санаанд багтамгүй хэмжээтэй. “Ямато”, түүний ихэр “Мусаши” урд өмнө баригдаж байгаагүй хамгийн том байлдааны линкорууд байсан.

Кен:  Бараг 263 метрийн урттай, 40 метрийн өргөн эдгээр супер линкорууд дайснуудаа айдас төрүүлж байсан юм. Тэдний их бие нь 40 см-ийн зузаан ган хуягтай. Мөн тэд дээрээсээ доошоо хүртэл зэвсэглэсэн. Хөлгийн урд тавцан дээр их бууны хоёр аварга цамхагуудтай. Дараа нь гол хэсгээр 100 гаруй жижиг их буунуудтай. Гурав дахь цамхаг хамгийн хойд хэсэгт. Эдгээр линкорууд нь урд нь далайд гарч байгаагүй хамгийн том хөвөгч цайзууд байлаа. Ямато нь Японы эзэнт гүрний тэнгисийн цэргийн флотын тэргүүн хөлөг онгоц учраас эзэн хааны өөрийнх нь билэг тэмдэгийг зүүж явжээ.  Алтан хризантем.

Жей: “Ямато” гэдэг нь “Ямато-Дамаший” гэсэн нэрнээс гаралтай, “Япон үндэстний урам зориг” гэсэн утгатай. Тэр утгаараа ч уг хөлөг японы өөрийнх нь биелэл байсан юм.

Кен:  “Ямато” зөвхөн аварга том ч биш, бас дээд зэргийн нууц.

Эрик: Япончууд “Ямато”-г гадаадын тэнгисийн цэргийн хүчнээс нууцлахыг тулд ихээхэн арга хэмжээ авч, барууны тэнгисийн цэргийн атташе нарт хөлөг онгоц барьж байгааг харуулахгүйн тулд барилга хүртэл барьсан байдаг.

Кен:  “Ямато”-ийн командлагч нар хүртэл түүний жинхэнэ хэмжээг мэддэггүй байсан. Түүний нууцыг ямар ч нөхцөлд, ямар ч үнээр хамаагүй хамгаалах ёстой.

Марк:    Япончууд тэгж чадсан, дайны туршид америкчууд уг хөлөг онгоцны жинхэнэ хэмжээ, түүний тээж явсан буунуудыг хэмжээг огт мэдэж чадаагүй.

Кен:  Японы нууц байлдааны линкорууд Дэлхийн 2-р дайны хамгийн том тэнгисийн цэргийн тулалдааны нэгэнд туршигдахаар болжээ. Япон улс Сувдан боомтыг бөмбөгдсөнөөс хойш гурван жилийн дараа Номхон далай дахь дайн оргилдоо хүрч байлаа.

           Японыг чиглэн хөдөлсөн АНУ, Австралийн холбоотны хүчин Филиппин рүү довтолж эхэллээ. “Ямато”, “Мусаши” хоёр холбоотнуудыг замд нь зогсоохоор японы флотыг толгойлжээ.

Кен:  1944 оны 10-р сард Лейте булангийн тулалдаан түүхэн дэх хамгийн том цар хүртээтэй тэнгисийн тулаан болжээ. Байлдааны 300 хөлөг онгоцнуудын агуу тулалдаан.

Эрик: Лейте булан бол америкийн флотын давшилтыг зогсоох япончуудын сүүлчийн боломж байсан.

Кен:  “Ямато” эхлэж цохилт өглөө. Түүний аварга их буунууд америкийн нисэх онгоц тээгч “Гэмбиер Бэй”-г буудаж, удалгүй далайн ёроол руу илгээлээ. Холбоотнууд хариуд нь их буу, торпед, мөн нисэх онгоцоор хариу барилаа. Завсаргүй шуурган галын хүч японы 26 хөлөг онгоцыг устгаж... дээр нь арав гаруйг гэмтээжээ.

Марк:    Энд японы тэнгисийн цэргийн флотыг идэвхтэй байлдааны хүч гэж үзэхээ больсон.   

Кен:  Ямато гэмтэл авчээ... гэхдээ түүнийг гайхалтай зузаан хуяг нь аварчээ. “Мусаши” тийм ч азтай байсангүй. Тэр америкийн бөмбөг, торпедийн шуурган довтолгоонд живж, багийн 1000 гишүүн амь үрэгджээ.

           Ялагдлын ирмэг дээр ирсэн япончууд одоо шинэ, цочирдмоор тактик хэрэглэж эхэлжээ. Тэд үүнийгээ камиказе гэж нэрлэдэг.

Жей: Олон мянган залуучууд дайсны хөлөг онгоцны тавцан руу онгоцоо чиглүүлж байлаа.

Кен:  Өөрсдийгөө золиослож Япон улсыг аварна гэдэгт тэд итгэдэг байжээ. Гэвч энэ нь АНУ-ын хүчнийг зогсооход хангалтгүй байлаа. Америкчууд Лейте буланд ялалт байгуулсны дараа японы алслагдсан босго болох Окинавагийн арлуудад дөхөж очжээ.

           Япон улс “Ямато”-г дахин тулалдаанд илгээлээ. 1945 оны 4-р сарын 7-нд линкор хувь заяагаа угтан хөдөлжээ. Тэр түрэмгийлэгчдийг таслан зогсоож, эцсээ хүртэл тулалдах тушаал авсан байлаа. Камиказегийн эцсийн даалгавар.

Жей: Энэхүү нүсэр хөлөг онгоц, дийлдэшгүй сүрлэг линкор америкийн хөлөг онгоцуудыг холхон барьж байх аварга том их бууны батерей болохоор эргэж ирэхгүй даалгавартаа гарсан юм.

Кен:  Гэхдээ “Ямато” Окинавад хэзээ ч хүрч чадаагүй. Америкчууд асар их хүчээр түүнд гэнэтийн цохилт өгчээ. Супер линкорын сүрлэг хэмжээ, асар хүчтэй галын хүч энэ удаад түүнийг аварсангүй. Бөмбөгдөлтийн эхний давалгаанаас хойш хоёр цагийн дараа Японы эзэн хааны тэнгисийн цэргийн флотын тэргүүн хөлөг онгоц усан дор живжээ. Тэгвэл Яматогийн нууц юу байсан бэ, тэд яагаад линкорыг аварч чадаагүй юм бэ?

Кен:  Хагас зуун жилийн дараа Франц, Японы сүйрсээн хөлөг онгоц судлаачид энэ нууцыг тайлахаар болжээ. Японоос өмнө зүгт 220 км-ийн зайд далайн ёроолд хөлөг онгоцны үлдэгдэл байгааг  гидролокатор зааж байна. Гэхдээ бүүдгэр сүүдрээс ойлгох юм тун бага. Тэд шумбагч онгоц ашиглах гэж байна. Судлаачид харанхуйн гүнд  буух үест тэдний  гэрэлд хачирхалтай дүрс тодорлоо.

Эр:     Энэ зангуу байна. Зангуу. Үндсэн зангуу.

Кен:  Эдгээр хэлбэрээ алдсан аварга төмрүүд үнэхээр “Ямато”-ийнх байж болох уу? Тэд нотлох баримт хайсаар.

Эр:     Аа.... Энэ билэгдэл байна. Тиймээ.

Жей: Би хөлөг онгоцны сүйрлийн хохирогчдын нийгэмлэгийн гишүүний хувьд тэр зургуудийг анх харсан хүн, гайхалтай, бас хүчтэй мэдрэмж төрсөн.

Кен:  Тарж бутарсан хэлтэрхийнүүд дунд... хөлөг онгоцны 3000 багийн гишүүдийн хувь заяаг сануулна. “Ямато” бол японы тэнгисийн хамгийн том эмгэнэл билээ.

           Экспедицийн нарийвчилсан гидролокаторын өгөгдлийг компьютерийн дүрслэлийн хамгийн сүүлийн үеийн технологтой хамт ашиглан Хятадын тэнгисийн усыг татрааж, дэлхийн хамгийн том хөлөг онгоцны сүйрлийн ил гаргах боломжтой болно. Эцэст нь “Ямато” хөлгийн нууцыг нээх болно.

           Эхлээд эзэн хааны билэгдэл тодорч эхэллээ. Дараа нь тус бүр нь 6 метрийн өргөнтэй аварга сэнсүүд. Гайхалтай нь, энэхүү аварга линкорын сүүлчийн зовлон шаналал ил гарч эхэллээ. Тэр бүхэлдээ тасар татуулсан ажээ.

Жей: “Ямато”-гийн харгис үхэл болон линкорын тасар татуулсан цогцос сэтгэл шимшрэм дүр төрхийг бий болгосон, учир нь хөлөг онгоц шууд утгаараа тасар татуулсан бөгөөд үүнийг далайн ёроолоос харж болно.

Кен:  Тэгэхээр, “Ямато”-ийн том нууц юу вэ? Мэргэжилтнүүд объектын асар том цар хүрээг тодорхойлохоор судлаж байна. Мөн ер бусын зузаан хуягтай их биеийг нь. Гэхдээ тэд өөр ямар нэг далдлагдсан юм байгаад итгэсээр, түүнийг олж харахын тулд зөвхөн далайг төдийгүй далайн ёроолыг татраах хэрэгтэй. Үүнийг гаргахын тулд.

Кен:  “Ямато”-г бүтээх үед холбоотнууд түүнийг тухайн үеийн линкор хөлөгт түгээмэл хэрэглэгддэг 38 см-ийн их буугаар зэвсэглэсэн гэж таамаглаж байв. Гэхдээ тэд эндүүрсэн юм. “Ямато”-гийн их буунууд нь үнэндээ 460 мм байсан нь линкор хөлөг дээр суурилуулсан хамгийн том, хамгийн хүчирхэг их буу болсон юм. Тус бүр нь машин шиг хүнд сумыг 40 км/цагийн  хурдтайгаар илгээх чадалтай.

Жей: Линкор 46 см-ийн их буутай байна гэдэг бол дайснуудаа бодвол чиний их буу маш том, чиний их буу хол буудна, чиний их буу илүү хүчтэй тусна гэсэн үг. Тиймээс, линкоруудын эрин үед энэ япончуудад асар их тактикийн давуу байдал өгсөн хэрэг.

Кен:  Кадзуси Хиро, “Ямато”-д алба хааж байсан далайн холбоочин, түүний галын хүч чадлыг дурсаж байна.  

Хиро: Дуу чимээ нь маш чанга байсан. Хөлөг онгоц дээр олон аянга зэрэг буух шиг санагддаг.

Кен:  Хэрэв “Ямато” усан дээр хамгийн хүчтэй буутай байсан юм бол яагаад илүү их эсэргүүцэл үзүүлээгүй вэ?

Кен:  Дэлхийн хамгийн том линкорын үлдэгдэлүүд түүний сүүлчийн тулааны ээдрээтэй нарийн ширийн зүйлсийг харуулж байна. “Ямато”-гийн өөрийнх нь буунуудын хэдэн зуун сумны хонгионууд хаа сайгүй тархжээ. Гэхдээ сайтар нягталж харвал тэд аварга том их бууных биш гэдэг нь тодорхой болно. Эдгээр хонгионуудын ихэнх нь хамаагүй жижиг бууных. “Ямато”-гийн их буунууд нь бусад хөлөг онгоцыг устгах зориулалттай боловч хурдтай довтолж буй дайрагч нисэх онгоцнуудын эсрэг төдийлөн ашиггүй. Тэр ердөө 25 мм-ийн диаметртэй сумаар бууддаг 25 мм-ийн зенитийн их буугаар өөрийгөө хамгаалдаг. Гэхдээ эдгээр их буунууд нь асуудалтай байжээ.

Эрик: 40 мм-ийн буугаар зэвсэглэсэн британи, америкийн хөлөг онгоцуудаас ялгаатай нь японд ийм их буунууд байгаагүй. Тэд 127 мм-ийн зенитийн их буунаас шууд 25 мм-ийн зенитийн их буу руу шилжсэн нь “Ямато”-г торпед тээгчдийн дайралтанд өртөмтгий болгосон юм.

Стив: Тэдгээр нь бага оновчтой, буудах хурд удаан, маш дунд зэргийн зэвсэг. Тэгээд их чичиргээтэй байсан учраас алдаж буудах нь их байсан.

Кен:  “Ямато”-гийн үр дүн муутай зенитийн их буунууд нь тулалдахад огт зориулагдаагүй дайсантайгаа тэмцэж чадахгүй байжээ. АНУ-ын хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцнуудаас бөмбөг, торпед зүүсэн хурдан хөдөлгөөнтэй дайрагч нисэх онгоцуудын сүргийн эсрэг.

Кен:  Эдгээр нүх тус бүр нь оновчтой цохилтыг илтгэнэ. Энэ “Ямато”-г жагсаалаас гаргахад хангалттай. Гэвч энэхүү живсэн аварга биетийн сүйрсэн үлдэгдэлд өөр нэг нууц ил болжээ. Түүний 40 см хуяг нь цагаан тугалган цаас шиг урагдаж, аварга их бие нь дундуураа хуваагдсан байна. Ямар ч бөмбөг, торпед ингэж тас татаж хүчрэхгүй. Эсвэл “Ямато”-г өөрийнх нь нууц зэвсгээр устгасан байж болох уу? Тарж бутарсан үлдэгдэлүүд дунд линкорын аймшигт галын хүчний зүрх нь бий. Энэ нүхний ором дээр урд өмнө нь 46 см-ийн их бууны цамхаг байрлаж байсан бөгөөд их буунд дамжуулах дайзтай сумнууд, түлшийг энд хадгалдаг байжээ.

Стив: Энэ хөлөг онгоцны хамгийн эмзэг хэсэг нь. Хэрэв дайзтай сумнууд оногдвол хөлөг онгоцыг бүхэлд нь сүйрүүлж чадна.

Кен:  Энэхүү ховор бичлэг “Ямато”-гийн хувь заяа хэрхэснийг хэлж өгөх сэжүүр болжээ. Дэлхийн 2-р дайны үед торпедын дайралтанд өртсөн британийн линкор “Бархэм”-д ус орохын хэрээр аажмаар живж байгааг харуулж байна. Усан онгоц хөмрөх үед доторх дайзтай сумнууд тавиур дээрээс асгарч эхэлжээ. 800 хүн амь үрэгдсэн байна. “Ямато”-гийн сүйрсэн үлдэгдлээс харвал, түүнийг хэдэн хэсэг болгосон дэлбэрэлт яг хоёр дахь цамхаг байсан газарт болжээ. Энэ бол супер байлдааны линкорын хамгийн сүүлчийн гэрэл зургуудын нэг. Түүний дээгүүр 6 км-ийн өндөр утааны багана тэнгэрт хөөрчээ. Сүүлчийн аймшигт дэлбэрэлтийн үр дүн.

Эрик: “Ямато”-г дэлбэрэхэд асар том мөөгөн үүл бий болсон нь Хирошима, Нагасакигийн дээгүүр нүүгэлтэх цөмийн мөөгөн үүлийн түүчээ болж, удалгүй энэ нь Номхон далайн дайнд цэг тавьсан юм.

Кен:  Кадзуси Хиро “Ямато” хөлөг дээр сургалтаа дуусгаад өөр хөлөг онгоцонд шилжсэн байжээ. Тэр одоо 94 настай, гэвч тэр өдөр амь үрэгдсэн олон тооны багын анд нөхдийнхөө төлөө одоо ч залбирсан хэвээр. 

Хиро: Энэ хөшөөн дээр миний анд нөхдийн хэдэн арван нэрс бий. Би эднийхээ булшийг эргэж 7 хоногт нэг удаа ийшээ ирдэг, учир нь надад хугацаа байна, би амьд байна.

Кен:  Японы маш нууц байлдааны линкор хөлөг далайн ёроолд живэх тавилантай байжээ. Камиказегийн даалгавраас болсон биш, харин тааварлах араггүй дайны өөрчлөлтийн улмаас нууц зэвсэг нь ашиггүй болсон юм.

Эрик: “Ямато” живсэн нь линкоруудын хувьд сүүлчийн амьсгаа нь болсон. Хэрэв линкор агаараас хамгаалалтгүй бол торпедийн довтолгоонд ихээхэн эмзэг болдогийг “Ямото” харуулсан, тиймээс энэ линкоруудын эрины төгсөл болсон юм.

Кен:  “Ямато” линкор хөлөгт өөрийгөө золиосолсон усан цэргүүд нэгэн ер бусын гайхалтай үйл явдлаас санаа авчээ. Самурай дайчдын эрин үеэс. Хятадын тэнгисийн ус татарсан хэвээр байгаа энэ үед далай тэнгисийн бас нууцлаг, тайлагдаагүй нууц илж болж байна. Эртний хамгийн хүчирхэг булаан эзлэгчдийн флот хэрхэн ул мөргүй алга болсон бэ?

Эрик: Энэ тэнгисийн цэргийн дайны түүхэн дэх хамгийн том сүйрлийн нэг байсан.

Кен:  Имари булан, Кюүшю арал. Японы дөрвөн гол арлын хамгийн өмнөд хэсэг нь. Одоогоос 700 жилийн өмнө Монголын эзэнт гүрний дайчид япон руу довтолж эхэлсэн түүхтэй. Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг удирдагчдын нэгний тушаалаар... Эзэн хаан Хубилай. Эзэн хаан Хубилай монголын тал нутгийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэсэн домогт жанжин Чингис хааны ач хүү юм. Өдгөө түүхэн дэх хамгийн том армийн нэгийг удирдсан Хубилай хаан Монголын эзэнт гүрнийг Хятадаар дамжуулан өргөжүүлсээр байжээ. Тэрээр Бээжин хотыг байгуулж, худалдааны өргөн сүлжээний ачаар ер бусын их баялаг хуримтлуулсан. Түүний амьдрал, үхлийг шийдэх хязгааргүй эрх мэдэл европоос Хятадын тэнгис хүртэл үргэлжилж байлаа. Гэвч Их хаанд энэ хангалттай байсангүй.

Эрик: Хубилай хаан монголын эзэнт гүрнийг зүүн тийш тэлсэн. Тэрээр өөрийгөө хятадын эзэн хаан хэмээн өргөмжилж, солонгосыг дагуул улсаа болгож, одоо японы ээлж ирсэн байсан.

Кен:  Японы самурай дайчид их хааны эсрэг тэмцэж эхэлжээ. Их хаан 1281 онд япончуудтай нэг л удаа, бүрмөсөн тооцохоор шийджээ. Тэрээр урьд өмнө байгаагүй хамгийн том флотыг байгуулж, далайгаар илгээсэн байна.

Жей: Хэрэв чи далайн эрэг дээр зогсож байсан япон байсан бол ямар байсныг төсөөлөөд үз дээ? Гэнэт л нүдний хараа хүрэх газарт үй түмэн хөлөг онгоцнуудаар бүтсэн хана л харна.

Эрик: Монголын флот асар том, янз бүрийн хэлбэр, хэмжээтэй 4000 хөлөг онгоцтой байсан. Энэ нь магадгүй 1944 онд Нормандад буусан десантаас өмнөх хамгийн том десантын ажиллагаа байсан байх.  

Кен:  Самурай нар эрэлхэг зоригтой тулалдаж, хамгаалалтаа авч үлдэхийг оролдсон боловч тэднийг монголчууд тоогоор илт илүүрхэж байлаа. Эзлэн түрэмгийлэгчдийн эхний давалгаа эрэг дээр тулалдаж байхад далайгаас илүү олон хүч ирж байлаа. Гэвч дараа нь гэнэт гайхалтай зүйл тохиолджээ. Монголын хөлөг онгоцны асар том флот учир битүүлгээр алга болсон байна.

Эрик: Хубилай хаан 4000 хөлөг онгоц бүхий довтолгооны флотоо алдсан нь тэнгисийн цэргийн дайны түүхэнд хамгийн том сүйрлийн нэг болсон.

Кен:  Ингэхэд юу болсон бол? Японы түүхчид үүнд бурханы оролцоо байсан гэж үздэг. Түүхчид, археологичид, шумбагчид далайн ёроолыг нарийн судалж, архивын материалуудтай танилцсаар байна. Гэвч тэд живсэн ганц ч хөлөг онгоц олж чадаагүй. Өдийг хүртэл.

Кен:  Хубилай хааны флотын тухай домогт татагдсан тэнгисийн археологич Кэнзо Хаяшида түүнийг олон жил хайж байгаа билээ.

Кэн:   Би 1988 оноос хойш өөрийгөө энэ судалгаанд зориулсан, ойролцоогоор 30 гаруй жил.

Кен:  Эртний Японы түүхэнд тэрхүү довтолгооны тухай бичсэн байсан нь Кэнзогийн сонирхолыг нь татжээ. Түүнийг маш ховор тохиолдолд л гаргаж ирдэг.

Эр:     Сайн байна уу.

Кэн:   Сайн байна уу.

Эр:     Та үүнийг дэлгэж үзмээр байна уу?

Кэн:   Тийм ээ, энэ их урт юм. Маш урт.

Кен:  Хуйлмал бичээс дээр гардан тулааныг тодорхой харуулжээ. Мөн алга болсон хөлөг онгоцууд хүртэл. Гэхдээ монголын флотыг далайн ёроол руу илгээсэн бурханы оролцооны тухай огт дурдаагүй байна.

Кен:  Гэхдээ Имари булангийн усан доороос зарим олдворууд бий. Монгол дуулга, бүсний гогцоонууд, бүр эртний сам хүртэл. Мөн энэ. 1277 он гэсэн бичигтэй хүрэл тамга. Түүнийг монголчуудын довтолгооноос дөрөвхөн жилийн өмнө хийжээ, цэргийн тамга, маш чухал цэргийн ноёны тамга.

Ику:  Энэ бол монгол цэргийн салааны захирагчийн албан ёсны тамга байсан, энэ олдвор маш чухал нотлох баримт болсон.

Кен:  Энэ бол монголын довтолгооны флотын хамгийн том нотолгоо.

Жей: Үүнээс илүү сайн археологийн баттай нотлох баримт олдохгүй.

Кен:  Кэнзо энэ олдвороос урам авч шумбахаар шийджээ. Шаврын маш зузаан давхаргууд энд хайлт хийхэд маш хүндрэлтэй болгодог. Гэвч тэрээр далайн ёроолын цэвэрлэж байгаад анхны чухал нээлтээ хийжээ.

Кэн:   Бидний олсон зүйлс ихэвчлэн хөлөг онгоцоор тээвэрлэдэг ачаа бараанууд байсан. Жишээлбэл, зэвсэг, хуяг дуулга, хүнсний вааран савнууд.

Кен:  Гэвч бүх хөлөг онгоцууд нь хаана байна? Кензо болон түүний багийнхан зузаан шавар луу бүр лавшруулан хайх арга хайх хэрэгтэй боллоо. Үүний тулд тэдэнд технологи туслажээ.

Жун: Олон цацрагт гидролокатор нь далайн ёроолын нарийвчлалтай топографын зураглал гаргах боломж өгдөг. Тунамал давхаргууд, тэдний давхаргын зузаан, мөн тунамал давхаргын нягтралыг судлана, хэрэв нягтрал өндөр байвал тэнд нэг юм байна гэсэн үг.

Кен:  Энэ мэдээлэлд үндэслэн японы өмнөд хэсгийн эргийн усыг татрааснаар маш гайхалтай дүр зураг бидний өмнө дэлгэгдлээ. Эхлээд хугарсан хэдэн гуалингийн хэлтэрхийнүүд. Харин дараа нь олон зуун жилийн түүхтэй лаг шаврыг үлээлгэвэл... 1281 оны анхны далайн ёроол ил гарч ирнэ. Ингээд Хубилай хааны алга болсон ээдрээтэй усан флотын үлдэгдэлүүд 700 жилийн дараа анх удаа харагдаж эхэллээ.

Жун: Хэрэв далайн ёроолын бүх тунамал давхаргыг цэвэрлэвэл ус нэвтэрдэггүй хашлагууд, хэвтээ хөндлөвчүүд, мөн модон хийцүүдийг олох болно.    

Кен:  Мөн ширгэсэн далайн ёроол өөр зарим зүйлийг ил болголоо.

Жун: Тэнд хаа сайгүй хөлөг онгоцны үлдэгдэлүүд тархсан нь яг нисэх онгоцны сүйрлийг харж байгаа юм шиг.

Кен:  Үлдэгдэлүүд дунд зэр зэвсэгүүд, сав суулганууд, тэр байтугай монгол дайчдын араг яснууд ч байна.

Жей: Яг л хэдэн зуун хөлөг онгоцуудыг мах хэрчигчээр оруулчихсан юм шиг.

Кен:  Бүхэл бүтэн флотод юу ийм хохирол учруулж болох вэ? Энэ самурайн домогт гардаг бурханы оролцоо байсны нотолгоо мөн үү? Хариулт нь далайн ёроолоор тархсан олон мянган модон үлдэгдэлүүдэд байгаа.

Кен:  Гидролокаторын хайлтын өгөгдлийг яг аварга том гурван хэмжээст оньсого мэт ашиглан Хубилай хааны байлдааны хөлөг онгоцнуудыг сэргээх боломжтой, гэвч энэ археологичдын хүлээж байсан тэр зүйл биш байлаа. Эдгээр хөлөг онгоцнуудын ихэнх нь далайд гарахаас өмнө сүйрчээ.

Эрик: Хубилай хаан өөрийн флотыг дайчлахад ихээхэн бэрхшээлтэй тулгарсан юм. Тэнд солонгосын хөлөг онгоцууд байсан ч ихэнх нь далайн эргийн хөлөг онгоцууд байсан. Хятадын хөлөг онгоцууд байсан ч ихэнх нь голын усан онгоцууд байсан. Тэд далайгаар довтлоход тийм ч тохиромжтой биш.

Кен:  Ихэнх хөлөг онгоцнуудад нэг чухал зүйл дутуу байжээ. Доод хэвтээ хөндлөвчүүд. Үүнээс болж хөлөг онгоцууд тогтворгүй, ширүүн шуурганд амархан хөмрөнө гэсэн үг. Түүнээс гадна, хөлөг онгоцуудыг чанаргүй хийсэн байв.

Жун: Энэ довтолгоонд ашигласан хөлөг онгоцууд найдваргүй хийгдсэн байсан. Тэд тэсэж үлдэж чадаагүй шалтгаануудын нэг нь энэ байх, учир нь тэд хэврэг хийцтэй байсан.     

Кен:  Гэхдээ муу хийц сүйрлийн цар хүрээг тайлбарлахгүй. Энэ оньсгыг тайлах түлхүүр нь Токиогоос 1100 км-ийн зайд оршдог. Тэр бол Японы цаг уурын агентлаг. Эндэхийн ажиглалтын бичлэгүүд зөвхөн 1950-иад оны үеэс эхэлдэг ч энэ хугацаанд цаг агаарын тодорхой дүр зураг бий болжээ.

Хиро: Япон улс нь Номхон далайн баруун хойд хэсэгт оршдог бөгөөд дэлхийд далайн хар салхи хамгийн их тохиолддог газар.

Кен:  Жил бүр японы эргүүдийг дор хаяж арав гаруй хар салхи дайрдаг. Монголын флотын тухайд нэг зүйл тодорхой боллоо... тэд 1281 оны зуны сүүлчээр, яг хар салхины улиралын үеэр японд хүрчээ. Салхины хурд 300 км/цаг хүрч, харин давалгаа 15 метрийн өндөр үхлийн усан хана үүсгэдэг. Япончуудын камикадзе гэж нэрлэдэг салхи.

Жей: “Каме” гэдэг нь бурхан, “Казе” гэдэг нь салхи гэсэн үг, япон улсыг аварсан бурханы салхины тухай хүчирхэг домог буюу камиказе эндээс л үүссэн юм.

Кен:  Япон улс Дэлхийн 2-р дайнд ялагдахын ирмэг дээр дахин бурханы салхийг ашиглахаар шийдсэн юм. Гэвч тухайн үедээ америкийн армийг зогсоож дийлээгүй, гэвч 700 жилийн өмнө жинхэнэ камиказе салхи Хубилай хааны муухан байгуулсан флотыг бут ниргэсэн билээ.

Кэн:   Дийлэнх хохиролыг чухам хар салхи учруулна.

Кен:  Эрин зууны агуу хүчирхэг арми... догширсон байгалийн өмнө ямар ч хүчгүй байжээ. 

Кен:  Хятадын тэнгисийн ус татарсаар вьетнамын эрэг орчмоос дахин нэг далайн нууцыг нээсэн нь сүүлийн 2000 жилийн дотор сүйрч живсэн бөөн хөлөг онгоцнуудын тарж бутарсан үлдэгдэлүүд. Энэ хэсэг газар яагаад түүхэн дэх хамгийн аюултай газруудын нэг болсон бэ? Мөн далайн ёроолд ямар ер бусын эрдэнэсүүд булаатай байгаа вэ?

Иан:  Энэ түүхэнд анх удаа хүний нүдэнд ил боллоо.

Кен:  Вьетнамын ойролцоох Чам арлууд. Энэ бол 1000 хөлөг онгоц живсэн далайн эрэг гэж нэрлэгддэг бүс нутгийн нэг хэсэг. Гэвч тэдгээр хөлөг онгоцууд эзлэн түрэмгийлэгчдийнх биш, харин амбицтай худалдаачдын хөлөг онгоцууд байв. Эндхийн далайн ёроолоос олон зуун жилийн эрчимтэй худалдааны ул мөр одоо ч олддог. Эрт дээр үеэс нутгийн шумбагчид маш их  сонирхолтой олдворууд олжээ. Олон зуун жилийн настай шаазангууд, керамик эдлэлүүд.

Тран: Археологичдын үзэж байгаагаар энэ зүйлийг эртний эдлэл гэж үздэг. Энэ нь ойролцоогоор 14-15-р зууны үеэс эхэлдэг.

Кен:  Орон нутгийн дэлгүүрүүд сэргээсэн вааран эдлэлүүдийг нэг бүрийг нь хэдэн зуун доллараар зардаг. Эдгээр эрдэнэс хаанаас ирсэн бэ? Тэд яагаад далайн ёроолд тарсан байдаг билээ?

Кен:  Судалгааны баг хамгийн сүүлийн үеийн гидролокаторын технологийг ашиглан боомтыг самнах гэж байна.

Иан:  Хэрэв Газар дундын тэнгис шиг үзэсгэлэнтэй газар очвол үзэгдэх орчин 40 метр байх болно. Энд бид хагас метр хүртэл шумбаж чадна, энэ удаад засгийн газраас зайнаас тандан судлах төхөөрөмжийг авч явахыг зөвшөөрсөн, тиймээс бид хажуугийн самналт хийх хайлтын гидролокаторыг ашиглах болно. Энэ түүхэнд анх удаа хүний нүдэнд ил боллоо.

Кен:  Хайлт эхэлснээс хойш хэдхэн минутын дараа дэлгэцэн сүйрэл болсон байж болзошгүй газрын бүдэг зургууд гарч ирлээ.

Иан:  Залуус аа, хүрч ирээд хар даа. Энэ үнэхээр сонирхолтой юм.

Кен:  Судлаачид сайтар харахаар шумбацгааж байна. Удалгүй түнэр харанхуйгаас хэмхэрсэн шаазан, керамикууд бүхий талбай алгуурхан тодорч эхэллээ. Тэд нийт 10 хавтгай дөрвөлжин км талбайг самнаж, ер бусын зүйлсийг олж илрүүлжээ. 

Иан:  Өө, сайн уу, залуу.

Кен:  Судалгааны мэдээлэлд сайтар дүн шинжилгээ хийсний дараа... Чамын арлуудын далайг татраах боломжтой боллоо. Гайхалтай үзэмжийг харуулахын тулд элс, шаврын давхаргыг ч арилгана. 15-р зууны үеийн хятадын керамик эдлэлийн эрдэнэсийн сан. Аяга, сав, тавагнууд бүр 600 жилийн дараа ч эмх цэгцтэй эгнүүлэн хураасан хэвээр. Эргэн тойронд нь живсэн хөлгүүдийн үлдэгдэлүүд байх бөгөөд тэд нийт 30 орчим.

Иан:  Бид усан доор байгаа сүүлийн 2000 гаруй жилийн дотор живсэн хөлөг онгоцнуудын тухай ярьж байна.

Кен:  Яагаад ийм олон живсэн хөлөг онгоцууд байна вэ? Тэгээд яагаад ийм их шаазан байдаг билээ? Хариулт нь дэлхийн хамгийн том худалдааны зам болох Далайн торгоны замын зүүн төгсгөлд орших Чамын арлуудын өвөрмөц байрлалд бий. Энэ зам Азиас Ойрхи Дорнод, Константинополь, Европ хүртэл үргэлжилдэг. 1000 жилийн турш энэ далайн супер зам ноёд ба папууд, хаант улсууд, эзэнт гүрнүүдийг холбож байсан юм.

Жей: Торгоны замаар торго, халуун ногоо, шаазан эдлэлүүдийн худалдаа хийгдэж ид цэцэглэж байсан юм. Хятад шаазан эдлэлүүд тансаг, бас чамин.

Иан:  Хятадад ашигладаг байсан шаврын ач гэж хэлж болно. Тэнд нэг тийм цав цагаан шавар байдаг, тэр өөр хаана ч харагдаж байгаагүй.

Кен:  Чам арлуудын боомтын усыг ширгээвэл  бүр илүү гайхамшигтай зүйлс нүдэнд ил болно. Олон үндэстнүүдийн живсэн хөлгүүд. Испанийн галлеон, хятадын сампан, арабын дау. Гэвч чухам яагаад ийм жижигхэн газар ийм олон хөлөг онгоц сүйрсэн бэ?

Иан:  Би үүнийг зогсоолын онол гэж нэрлэдэг, учир нь ихэнх автомашины осол зогсоол руу орох, гарах гэж оролдох үед гардаг, боомтын хувьд ч энэ адилхан. Тэнд хэсэг бүлэн хөлөг онгоцууд боомт руу орох, гарахыг оролдож байна, тэгтэл гэнэт салхи өөрчлөгдвөл тэр хэд далайн эргийн хадан цохионууд руу шууд хийсэх болно.

Кен:  Шаазан эдлэлүүд, торгоны наймаанд татагдсан эдгээр хөлөг онгоцуудын багийнхан бүгд л баяжина гэсэн найдвар тээдэг байв. Гэтэл тэд түүний оронд хэт их төвлөрөлтэй, шуурганд сүйдсэн далайн боомтод маш өндөр үнэ төлжээ.

Кен:  Өнөөдөр Хятадын тэнгис худалдааны гол зам хэвээр байгаа ч далайгаар шаазангууд биш, харин өгөгдөлүүд дамжуулдаг. Нэгэн цагт Торгоны зам байсан зам одоо мэдээллийн супер зам болжээ. Тэгсэн ч далайн торгоны замтай адил энэ мэдээллийн хурдны зам аюулаар дүүрэн байдаг. Дэлхийн интернетийн өргөн сүлжээ далайн гүнд ямар эрсдэлтэй тулгарах вэ?

Грэх: Яг тухайн тохиолдолд үнэхээр айхтар далайн шуурга байсан.

Кен:  Интернэтийг хайрлах бидний хайр хязгааргүй, хоёр жил тутамд мэдээллийн эрэлт хэрэгцээ хоёр дахин нэмэгддэг. Мөн гигабайтыг хамгийн их залгидаг нь хэн бэ? Олон нийтийн сүлжээ, видео бичлэгүүд. Олон видео бичлэгүүд.

Грэх: Одоогоор YouTube-ийн видео бичлэгийг минутанд дөрвөн сая удаа үзэж байна. Үүнд асар их хэмжээний өгөгдөл зарцуулагддаг.

Кен:  Үүн дээр корпорацууд болон банкуудын хооронд шилждэг цахим сангийн хэдэн их наяд доллар нэмэх хэрэгтэй.... энэ бол бидний 60 секунд тутамд хэрэглэдэг 3.4 петабит өгөгдөл гэсэн үг.

Грэх: Петабит гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүст араваас арван таван тэг гэсэн үг.

Кен:  Энэ бүх мэдээллүүдийг хаа нэгтээ хадгалагдах ёстой, бид үүнийг үүл гэж нэрлэдэг. Гэхдээ энэ мэдээллүүд тэнгэрээр аялахгүй. Үнэндээ тэд усны гүн ёроолоор дамждаг.

Кен:  Хэрэв бүх далайн усыг татраавал дэлхийн интернетийн өргөн сүлжээнд холбогдсон хагас сая км урт сүлжээг ил гаргах болно. Энд далайн ёроолоор аварга том кабелийн шугамнууд дотуур мэдээллийг гэрлийн хурдаар дамжуулдаг.

Жейн:    Бид үүлний тухай ярьж байна. Бодит байдал дээр интернетийн 98% нь далай доогуурх шилэн кабелиар дамждаг.

Кен:  Интернэтийн хамгийн ачаалалтай, хамгийн чухал хэсгүүдийн нэг нь Хятадын тэнгисийн усан дор, Тайвань, Филиппиний хоорондох Лузоны хоолойд байдаг. Бүх усан доорхи кабелиудын нэгэн адил энэхүү мэдээллийн супер зам  халдлагад өртөмтгий байдаг. Кабелийг тас хаздаг далайн хамгийн аюултай махчин загасаас эхлээд ... илүү том амьтадтай тулгарах хүртэл. Норвегийн эргээс холгүйхэн мэдээлэл дамжуулах бэхэлгээгүй дата кабельд бөгтөр халим орооцолдох үед юу болсныг энэ бичлэгт үзүүлжээ. Гал сөнөөгчид халимыг чөлөөлж чадсан, гэхдээ ингэхийн тулд кабелийг нь тасалсанаар Скандинавын зарим хэсэг интернетийн сүлжээгүй болсон юм.

Кен:  Инженерүүд аюулыг багасгахын тулд эртний далайчдын хувьд хүрэшгүй аргыг сонгож, далайн ёроолын гүнд үнэт кабелийн утсыг булж эхэлжээ. Энэ нарийн ажлыг асар том ороомогтой инженерийн тусгай хөлөг онгоцны флот гүйцэтгэж, далайг хэрсэн олон мянган км кабелийн шугамыг аажмаар сунган татаж байдаг юм. Гэхдээ хамгийн чухал ажил нь далайн бүр гүнд нь өрнөдөг. Далайн усыг татраасны дараа дэлхийн интернетийн сүлжээний кабелийг татдаг аварга том машиныг харж болно. Тэр байшингийн хэмжээтэй анжис бөгөөд далайн ёроолоор мөлхөж ажиллана. Өндөр даралттай усны цацралууд кабелийн утас татах 3 метрийн гүн суваг ухахад тусалдаг. Далай тэнгисийн хамгийн гүн хэсэгт, зангуу байтугай халим ч хүрэхээргүй газарт инженерүүд далайн ёроолд шууд кабелийн утаснуудыг татаж байна. Лузоны хоолойн хамгийн гүн хавцлын усыг шавхсанаар Ази ба Барууныг холбосон мэдээллийн гол судсыг нээж харуулна. Их наяд гигабайт мэдээлэл дамжуулах 19 кабелийн шугамууд бизнес, засгийн газар, их дээд сургуулиуд болон хөрөнгийн зах зээлийн хооронд мэдээлэл дамжуулна. Тэд бүгд ил задгай, эмзэг байдаг.

Кен:  Грэхэм Эванс бол дэлхий даяр далай дамнуулан ​​кабелийн шугамыг хаана байрлуулахыг төлөвлөдөг компанийн гүйцэтгэх захирал.

Грэх: Энэ бол зүгээр ч тэгшхэн, онцлог шинжгүй хоосон далайн ёроолууд биш. Тэдгээрийн зарим нь маш бат бөх байдаг тул бид эдгээр онцлогуудыг тойрч гарах шаардлагатай болдог.

Кен:  Түүний ажил бол А цэгээс В цэг хүртэлх хамгийн дөт замыг олох явдал. Гэхдээ усан доорх саадаас зайлсхийнэ гэдэг нь кабелийн шугамууд эгзэгтэй газруудад нийлнэ гэсэн үг юм. Яг л Лузоны хоолойд байдаг өрнө, дорныг холбосон 19 кабелийн шугам шиг.

Грэх: Яагаад эгзэгтэй газар вэ гэж үү? Учир нь Азиас АНУ руу эсвэл Азиас Япон руу татах боломжтой маршрут байдаггүй.

Кен:  2006 оны 12-р сарын 26-нд энэ эгзэгтэй хэсэг дээр саатал үүссэн юм.

Грэх: Энэ мэдээж манай салбарт мартагдахааргүй өдөр байсан.

Кен:  Оройн 20:26-д Хятадын тэнгисийн ёроолд хүчтэй түлхэлт, чичиргээ боллоо. Энэ бол 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт байлаа. Тайваньд барилгууд нурж, хоёр хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Гэвч энэ эмгэнэлт явдлыг төгсгөл биш ээ. Газар хөдлөлтийн хоёр дахь шат нь Лузоны хоолойн гүн хавцалд эхэлжээ. Усан доорх хүчтэй хөрсний нуралт.

Грэх: Энэ тухай үед үнэхээр аймшигтай шуурга байсан. Хавцлын ирмэг дээр хурдасны маш зузаан давхарга хуримтлагдсан байсан бөгөөд түүнийг доош унагахад тийм ч их зүйл шаардагдахгүй.

Кен:  Тэдний яг зам дээр хавцлын ёроолд мэдээлэл дамжуулах кабелийн шугамнууд байжээ.

Грэх: Хэрэв хавцлын ёроолд нь очвол хуйларсан бөөн хар шороо харагдах болно. Энэ нуралт Зүүн Өмнөд Азийг АНУ-тай холбосон бүх кабелийг гэмтээсэн.

Кен:  Интернет унтарч, хэдэн минутын дотор энэ байдал сая сая хүмүүсийн халаасыг тэмтэрсэн юм.

Грэх: Усан доорхи кабель байхгүй бол мөнгө байхгүй.

Кен:  АТМ-үүд ажиллахаа больсон. Хувьцааны арилжаа зогссон. Олон тэрбум долларын гүйлгээг царцаасан. Номхон далайн хоёр талд корпорацууд, банкууд сааталд орсон байлаа.

Грэх: Яг энэ тохиолдолд дэлхийн интернетийн хэрэглээнд кабелийн шугамууд ийм олноороо тасарч ингэж их хор хохирол учруулсан тохиолдол хэзээ ч байгаагүй.

Кен:  Хэсэг шуурхай ажилласны дараа мэдээллийг бусад сүлжээнүүдээр дахин дамжуулснаар эмх замбараагүй байдлыг зогсоожээ. Гэхдээ бүх тасарсан кабелийн шугамуудыг бүрэн сэргээхэд гурван сар шаардагдах болно. Мэдээллийн эрэлт өссөөр байгаа энэ үед кабелийн  багийнхан болон тэдэн шиг бусад хүмүүс хэдэн арван жилийн турш завгүй байх болно.

Кен:  Энэ Азийн эрчимтэй хөгжиж буй эдийн засагтай холбоотой. Өрсөлдөх үү, хамтран ажиллах уу, худалдаа хийх үү, дайран эзлэх үү? Хүний энэ хоёр зөн совин Хятадын тэнгисийг тодорхойлсоор байна. Эндхийн усыг шавхсанаар өнгөрсөн үеийн завгүй амьдралыг олж мэдсэн. Нууцлаг домгийн цаадах үнэнийг ил болголоо. Дэлхийн интернетийн сүлжээний чухалыг ойлгож авсан.  Мөн дараагийн тоон хувьсгалд биднийг юу хүлээж байгааг.

---------------------------------------------

Төгсөв

 

 

Back to episodes Go home