Drain of Oceans-2

Далайн усыг татраах нь

Үргэлжлэл:  00:46:08 мин

 

Эрэгтэй:

Кен                        өгүүлэгч

Фриц                            судлаач

Жеймс Дельгадо        тэнгисийн археологич

Кеннет Лаковара               доктор, Эделманы чулуужсан олдоворын хүрээлэн

Марио Ребольедо     судлаач

Фредерик Ханселманн        Майямийн Их сургууль

Гитлер

Эрик Гроув                  тэнгисийн цэргийн түүхч

Роб                        тэнгисийн археологич

Эмэгтэй:

Эми                       эрдэмтэн

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  Мексикийн булангийн бүлээн усны гүнд далайн дээрэм, боолчлол, ач тач мөргөлдөөний үймээн самуунтай түүх оршдог.

Фриц:    Мексикийн хоолой бол далайн зэрлэг баруун байсан, энд хүн бүр өөрийнхөө төлөө.

Кен:  Далайн ёроолын нууцыг нээхийн тулд бид далайг татрааж, усыг нь урсгаж чадна гэж төсөөлөөд үз дээ? Одоо бид чадна. Хамгийн сүүлийн үеийн усан доорх сканнерын технологийг ашиглан далайн гүнд нэвтэрч, үнэн зөв мэдээллийг гурван хэмжээст дүрс болгон хувиргана. Энэ удаад Германы үхлийн аюултай шумбагч онгоц яагаад Нью Орлеаны эрэг орчимд живсэн бэ?

Жей: Маш ойрхон зайд анчин идэш болдог.

Кен:  Далайн дээрэмчид, боолын худалдаачид далайг эзэгнэж байх үед живсэн энэ хөлөгт хэн байсан бэ? Мексикийн буланд унасан ганцхан солир дэлхий даяар яаж үлэг гүрвэлүүдийг устгасан бэ?

           Тэдний хоолны үндсэн гинжин хэлхээ алдагдаж, амьтад өлсөж эхэлсэн.

           Мөн АНУ-ын түүхэнд газрын тосны хайгуулын өрөмдлөг яаж хамгийн том экологийн сүйрэлд хүргэсэн бэ?

Дэйв: Онолын хувьд энэ цооног их амархан байх байсан.

Кен:  Далайн усыг татрааснаар Мексикийн булангийн нууцыг хорвоод дэлгэх болно.

----------------------------------------------------------------------------------------------------------------------

ДАЛАЙН УСЫГ ТАТРААХ НЬ – МЕКСИКИЙН БУЛАН

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  66 сая жилийн өмнө дэлхийг үлэг гүрвэлүүд эзэгнэж байв. Дараа нь тэд геологийн ганцхан агшинд гараг даяар устаж үгүй болсон. Мексикийн булангийн усыг татраавал яагаад гэдгийг нь тайлбарлаж чадах уу? Гэхдээ энэ түүх Мексикийн булангаас биш, харин эндээс 2500 км-ийн алсад Нью Джерсигээс эхлэнэ. Энэ хуучин карьер дэлхийн хамгийн чухал чулуужсан олдворуудтай газар, учир нь палеонтологичид эндээс эртний олон тооны оршуулгууд илрүүлжээ.

Кеннет Лаковара /доктор, Эделманы чулуужсан олдворын хүрээлэн/:  Энэ бол цэрдийн үе, үлэг гүрвэлийн эрин үе, түүний араас үргэлжилсэн палеогены хил хязгаар. Бидэнд энд юу байна гэхээр, энэ бол яснуудын давхарга, 1 м2-т 25 чулуужсан яс байгаа юм. Дэлхий даяар палеонтологчид үлэг гүрвэлийн ясыг геологийн үеийн иймэрхүү давхараас дээш бүр 1 см хүртэлхийг хаанаас ч олж байгаагүй.   

Кен:  Энэ давхаргаас дээш үлэг гүрвэлийн чулуужсан яснууд байхгүй нь нэг л зүйлийг хэлдэг. Тэд 66 сая жилийн өмнө гэнэтийн сүйрлийн гамшигаас болж мөхсөн. 

           Үлэг гүрвэлүүдийг юу ч устгасан бай, энэ дэлхийг хамарсан, аймшигтай, агшин зуурын сүйрэл байж. 

           Эрдэмтэд олон янзын хариултууд санал болгодог. Гэвч тэднээс зөвхөн нэгийг нь хүлээн зөвшөөрчээ.

           Мэдээж, голлох тайлбар нь 66 сая жилийн өмнө дэлхийд солир унаж, дэлхийг там болгоод, үлэг гүрвэлүүд, мөн амьдралын 75%-ийг нь устгасан. 

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен:  Эрдэмтэд гарагийг самнасаар. Солир унасан нотолгоо хайсаар. Гэвч тэдний олсон солирын тогоонууд уршигтай байхаар хангалттай том биш, хангалттай насжилттай биш байлаа. Дараа нь мексикийн Юкатаны хойгоос нэг гайхалтай сэжүүр олжээ. Марио Ребольедо бол энэ бүс нутагт хаа сайгүй таардаг байгалийн гайхалтай үзэгдэлийн мэргэжилтэн. Нутгийнхан сенотууд гэж нэрлэдэг карстын нүхнүүд зөөлөн шохойн чулууны элэгдлээс үүссэн бөгөөд хэдэн зуун метр гүнзгий байдаг. Тэднийг судлахад маш их туршлага шаардлагтай.  

Мар: Энэ маш олон агуйтай, тиймээс бэлтгэгдсэн шумбагч тэдгээр агуйнуудын нэгээр нь ороод төөрч мэднэ. Эсвэл чи тэнд байх үед хүчилтөрөгч чинь дуусна. Шумбалт үхлийн аюултай байж болно.

Кен:  Марио ихэнх сенотууд газар доорхи гүнзгий сувгуудаар хоорондоо холбогдсоныг олж илрүүлжээ. Гэхдээ энэ ингээд дуусахгүй. Тэд бүгд маш адилхан бүтэцтэй байв.

Мар: Ихэвчлэн шохойн чулуу зэрэг тунамал чулуулагийн хурдас хэвтээ байрлалд үүсдэг. Гэтэл бид босоо чулуулгийн хурдасыг харсан, харин түүн дээр дахиад хэвтээ чулуулаг байсан. Энэ бол хурдас бүрэлдэх үе шатанд ямар нэг геологийн үзэгдэл болж, хурдасны тогтоцийн өнцөгийг өөрчилсөн гэсэн үг.  

Кен:  Хэрэв дээрээс нь харвал ер бусын дүр зураг харагдана. Сенотууд хэлбэр үүсгэсэн байжээ. Тэр нь аварга том тогоотой адилхан. Хамгийн их магадлалтай тайлбар нь солирын асар том цохилт энэ бүс нутгийг өөрчилж, дараа нь түүний ирмэгийг тойрсон хагарлын шугамнуудад эдгээр нүхнүүд үүссэн. Энэ тогоо үлэг гүрвэлүүдийн мөхөлтэй холбоотой байж болох уу? Тогоо үүссэнээс хойш хэдэн сая жилийн дараа өнөөдөр цохилтын төв нь ганцхан Мексикийн хоолойн усан дор ч биш, мөн хэдэн зуун метр тунамал чулуулаг дор оржээ. Түүний насын тооцож, үлэг гүрвэлийн мөхөлтэй холбоотой юу гэдгийг нь мэдэх цорын ганц арга бол уг солирын тогооны чулуулгийг шинжлэх ёстой.

Шон: Солирын тогоо үүссэн шалтгааныг мэдэхийн тулд бид солир унасан голомтод нь чулуулгыг шинжлэх ёстой. Бид хамгийн их сүйрэл авчирсан газрыг олсноор солирын тогоо үүсэх механизмын талаар ойлголттой болох юм.  

Кен:  2016 онд олон улсын эрдэмтэдийн баг энэхүү тусгайлан тоноглосон газрын тосны цамхагаар өрөмдлөг хийжээ.

Шон: Бид шохойн чулуунуудыг хойно хойноос нь өрөмдөж гаргасаар байлаа. Тэгээд бид доторхи чулуужилтаар нь насыг нь тогтоосон. Бид хэдийн 48 эсвэл 50 сая жилийн насжилтын заагт хүрсэн, гэхдээ л бид 66 саяд хүрээгүй.

Кен:  Гэтэл гэнэт цаг хугацааны үсрэлт боллоо. Багынхан хайлмал чулуулагтай таарсан нь солир унасан гэдгийг зааж байлаа. Мөн дээжүүд уг чулуулаг 66 сая жилийн настай буюу үлэг гүрвэлүүд мөхсөн тэр цаг үетэй таарсан байна. Дараа нь эрдэмтэд солирын хүчин чадлыг тооцохын тулд уулын чулуулгыг шинжилж, өөрсдийн мэдээллийг цөмийн бөмбөгийн туршилтын үр дүнтэй харьцуулсан байна.    

Шон: Ингээд бид солирын тэсрэлтийн хэмжээг нь тооцоход Хиросимаг 10 тэрбум удаа устгах бөмбөгтэй тэнцсэн.

Кен:  Энэ мэдээллийг ашиглан газрын гүнд нуугдсан солирын тогооны гурван хэмжээст зургийг анх удаа зохиож, Мексикийн буланд унасан ганцхан солир  дэлхий даяар бүх үлгэр гүрвэлүүдийг яаж устгасныг ойлгоход туслах болно. Нэгдүгээрт, уг булангийн усыг татраах хэрэгтэй. Ус багасахын хэрээр эрэг орчмын шугамын дагуу сунасан өргөн уудам эх газрын тавиур ил гарна. Булангийн ёроол нь тунамал чулуулгийн зузаан давхаргад хучигдсан, харин тогоо хэдэн мянган метр чулуулгийн дор дараастай хэвээр. Одоо геологийн 66 сая жилийг ухрааж, тунамал чулуулгийг үе давхарга бүрээр нь зайлуулж цохилт болсон тогоог ил болгох бөгөөд 66 сая жилийн турш үүнийг нэг ч амьд амьтан хараагүй билээ. Тогоо асар том ажээ. 200 км-ийн өргөнтэй, гүн нь 1 км. Түүний ирмэгүүдийн дагуу дэлхийн царцдасын гүний чулуулгаас үүссэн гадна хүрээ харагдана. Ингээд тогоог судалсны ачаар солирын хэмжээ, уналтын хурдыг тооцсон байна. Солирын өргөн нь бараг 11 км, харин хурд нь 72,000 км/цагийн хурдтай байжээ. Мөн солирын тогооны хэмжээ өөр нэг зүйлийг бидэнд хэлж өгнө. Тогоо байгаа газарт 120,000 куб км уулын чулуулаг байжээ. Эдгээр нь дэлбэрэлтийн үр дүнд агаар мандалд цацагдаж, сүйрлийн гинжин хэлхээний эхлэл болсон байна.   

Кен:  Солирын цохилт дэлхийд Массачусетс мужийн хэмжээтэй нүх гаргасан байдаг. Ингээд тэр бүх чулуулаг нунтаг тоос болж, дээшээ дэлхийн агаар мандалд цацагдсан. Солир дэлхийг тойрон эргэлдэж эхлэнэ, дараа уг чулуу буцаж буухдаа асар их хэмжээний таталцлын энерги цуглуулсан байдаг. Тэр агаар мандлыг яг шарагч эсвэл пиццаны зуухны температур шиг халааж, бүх юмыг шатааж, нуугдах газаргүй болдог. 

           Мянга гаруй км-ийн тойрогт байсан бүх амьд амьтад энэ үхлийн галт бөмбөлөг дотор үгүй болсон. Мөн түүнээс ч цаана байсан бүгд амьд гарч чадаагүй. 

           Дараа нь тэр өдөр цунамийн давалгаанууд эргийг нөмөрсөн. Давалгааны өндөр хэдэн зуун метр, бүр км-ийн өндөрт хүрч, тэд эрэгт хүрээд тивээр нэг тархаж эхэлсэн байдаг. Амьд үлдэж чадсан амьтад ирж байгаа давалгааг сонсох байсан ч харанхуйд харж чадахгүй байсан. 

           Гэхдээ ганцхан тодорхой шалтгааны улмаас дэлхийд унасан солирын цохилт дэлхийг хамарсан.... гамшиг болсон юм. Манай гарагийн энэ хэсэгт уулын чулуулгууд хүхрийн маш өндөр агууламжтай газар. Цохилтын үед хүхэр ууршиж, газраас маш өндөрт дэлбэрч эхэлжээ.   

Шон: Тийм ээ, хүхэр агаар мандалтай нэгдэж сульфатын аэрозоль болж хувирна, харин сульфатын аэрозоль нарны гэрлийг маш сайн хаадаг юм.

Кен:  Үхлийн аюултай үүл дэлхий дээгүүр нүүж, манай гараг хөрч эхэлжээ. Солирын тогоог нарийвчлан судлах үеэр тогооны хэлбэр хүхрийн үүлийг яаж илүү үхлийн аюултай болгосон ул мөр олджээ. Тогооны зүүн хойд амсар нь нээлттэй. Энд солир усны гүн рүү орж, ус цохилтын хагасыг шингээсэн боловч 30 минутын дараа далайн ус цунами болон буцаж иржээ. Цунамигаас үүссэн усны уур хүхэртэй нэгдэж улмаар нарны гэрлийг маш их хэмжээгээр хаах хий үүсгэсэн байна.

Кен:  Далай дахь планктон фотосинтез боловсруулах чадваргүй, ингээд тун удахгүй хоол тэжээлийн гинжин хэлхээ алдагдаж, бүх амьтад өлсөглөнд нэрвэгдсэн.

           Гараг дээр нарны гэрэл байхгүй болж, 16 жилийн турш агаарын температур дунджаар Цельсийн 25 хэм хүртэл буурчээ. Зөвхөн хамгийн тэсвэртэй ургамал, амьтад амьд үлдэж чадсан аж. Үлэг гүрвэлүүд чадсангүй. Харин ганцхан асуулт үлдлээ, энэ сүйрэл цорын ганц байсан уу, эсвэл энэ дахин давтагдаж, энэ удаад хүн төрөлхтөнийг устгах уу? 

Кен:  Манай гарагийн эргэн тойронд олон тооны тэнгэрийн биетүүд бий, үлэг гүрвэлүүдийг устгасан энэ солир шиг. Гэхдээ тэд чухам хаана байгааг бид мэдэхгүй. Эрдэмтэд манай гарагт аюул учруулах чадвартай солируудыг өдөр бүр улам олноор нь илрүүлсээр байна.

Шон: Бид томоохон гэсэн солируудыг илрүүлсэн. Тиймээс, дахиад нэг сүйрэл болно гэж бид боддоггүй, гэхдээ л үр дагварыг нь бодолцвол бид тэднийг шалгах ёсгүй гэсэн үг биш. 

Кен:  Бид Мексикийн буланг үргэлжлүүлэн татраах явцад 100 сая жилийн өмнө үүссэн байгалийн баялгийг хүмүүс ашиглахын тулд далайн ёроолын дор хэдэн мянган метр өрөмдлөг хийдэг орд газруудыг илрүүлэх боломжтой... газрын тос. Гэхдээ Мексикийн булан дахь өрөмдлөгийн доголдол яаж АНУ-ын түүхэн дэх хамгийн том газрын тосны асгаралт болж хувирсан бэ?

           Мексикийн булангийн эдийн засаг газрын тосон дээр суурилдаг. Газрын тосоор баялаг энэхүү өргөн уудам ай сав газарт америкийн түүхий газрын тосны олборолтын 17% нь оногддог. Америкийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн бараг тал нь Мексикийн булангийн эрэг дагуу байрлалтай. Гэхдээ газрын гадарга дээр газрын тос гаргахад шаардлагатай дэд бүтцийн цар хүрээ үнэхээр санаанд багтамгүй байдаг. Сүүлийн үеийн мэдээлэл, дүрслэх аргыг ашиглан Мексикийн булангийн усыг татраахад ихэвчлэн далайн харанхуй гүнд далдлагдсан байдаг усан доорхи ер бусын ертөнц гарч ирнэ. Гэвч ганцхан осол яаж Мексикийн булангийн түүхэнд хамгийн аймшигтай экологийн сүйрэлд хүргэсэн бэ? Люлинг, Техас муж. 1920-оод онд бий болсон иймэрхүү шахуургууд зөвхөн хуурай газар дээр, мөн маш бага хэмжээтэйгээр газрын тосыг олборлоход зориулагдсан байдаг.

Дэйв: Үүн шиг хуучин цооног магадгүй өдөртөө 10 баррель газрын тос олборлох байх. Энэ хоцрогдсон технологи. Цооног бараг шавхагдсан гэж болно. Шахуурга дээш доош хөдлөж байгааг харав уу? Энэ бол дор даралт багатай гэсэн үг. Тэнд удахгүй газрын тос байхгүй болно.

Кен:  1940-өөд онуудад газрын тос олборлодог компаниуд Мексикийн булангийн усан дор арай илүү баялаг эх үүсвэр олжээ. Одоо газрын тосыг шахаж гаргах шаардлаггүй. Тэр өөрөө ойлгойддог. Шалтгаан нь уг булангийн геологийн гүн тогтоцод байдаг юм.

Жеймс: Мексикийн булан манай гараг дээр газрын тосоор хамгийн баялаг газруудын нэг гэгддэг. Яагаад гэхээр, 300 сая жилийн өмнө энд эртний намаг байсан. Тэр намаг одоо зөвхөн усан дор ч биш, бүр газрын гүнд байгаа. Даралт, өндөр температурын үйлчлэлээр тэр бүх органик материалууд газрын тос болж хувирсан.

Кен:  Газрын тосны ордыг олборлоход гурван зүйл байдаг. Газрын тосыг үүсгэдэг органик нэгдэл болох керогенийн давхарга. Газрын тос хуримтлагдахад хэрэгтэй “эх чулуулаг” гэж нэрлэгддэг элсэн чулуу гэх мэт ус нэвтрүүлдэг чулуулгууд. Эцэст нь үл нэвтрэх чулуулгийн давхарга дээр нь байрлаж, газрын тосыг тарж нэвчихээс хамгаалсан хаалт болдог. Энэ хатуу давхаргад өрөмдлөг хийснээр доорх давхаргаас газрын тос, хий гаргаж авах боломжтой. Харин Мексикийн булангийн эх газрын тавиур далайн өрөмдлөгийн цамхгууд суурилуулахад маш тохиромжтой газар.

Жеймс: Та бүхэн Мексикийн булангийн усны тэгшхэн гадаргууг л хардаг, ихэнх хүмүүс энд маш гүехэн гэдгийг мэддэггүй. Та нар 80-аас 160 км явж болно, гэвч энд гүн нь ердөө 30 гаруй метр.

Кен:  Эхний тавцанг эргээс ердөө 500 метрийн зайд барьсанаас хойш энэ газрын тос олборлох сүлжээ нилээд өргөжжээ. Одоо эргээс холгүйхэн бараг 3500 өрөмдлөгийн цамхгууд байна. Гэвч далайн усыг татрааж байж давалгаан дор нуугдсан байгууламжуудын цар хүрээг харж болно. Ус  байхгүй болох үед эдгээр аварга байгууламжууд маш өндөр, сүрлэг болж харагдана. Дэлхийн бусад бүх орнуудыг бодвол энд газрын тосны цамхагууд хавьгүй их байдаг. 1970-аад онуудад компаниуд эх газрын тавиураас арай илүү усны гүнд шилжиж, илүү их нөөц хайхаар шийджээ. Энэ  булангийн хамгийн гүн бүсэд, 3000 метрийн далайн гүнд ажиллана гэдэг туйлын хүнд нөхцөл байдаг.

Дэйв: Тэр дор маш харанхуй. Усны хэм 0 жаахан дээш. Чи заримдаа далайн гүнд дахиад 6000 метр өрөмдөх хэрэгтэй болдог тэгмэгц айхтар халуун болдог. Тиймээс, чи маш халуун, маш хүйтэн хоёрын дунд том ялгаа байгааг мэдрэнэ, энд бидэнд ирдэг маш өндөр даралтыг ярихгүйгээр  шүү дээ.

Кен:  Өнөөдөр энэ буланд 50 гаруй гүний усны цамхагууд бий. Эх газрын тавиураас цааш ус үргэлжлэн татарснаар эдгээр супер гүний худгаас газрын гадарга дээр газрын тос олборлоход шаардлагтай аварга том байгууламжуудыг харж болно. Салаалсан цооногууд нь далайн ёроолын гүнээс гарах газрын тос, хийн урсгалыг удирддаг. Цооног дахь даралт 6.45 см² тутамд 150 мега паскаль хүрч болно. Эдгээр цооногууд нь газрын тос дамжуулах төвлөрсөн системд холбогдсон бөгөөд олборлосон газраас үйлдвэрлэлийн ашиглалтын цамхаг хүртэл газрын тос, хийн урсгалыг зохицуулдаг. Цамхагт газрын тосыг хийнээс ялгаж, далайн ёроолоор тавьсан хоолойгоор эрэг рүү зөөвөрлөх ба зарим хоолойнууд хэдэн зуун км хүрдэг. Булангийн усны ёроолд 70,000 км урт хоолой сүлжилдэж байдаг нь гайхалтай. Одоо үед эрэг дагуух газрын тосны нөөц шавхагдаж байгаа, компаниуд Мексикийн буланд газрын тосны шинэ, илүү баялаг ордуудыг хайсаар байна. Өдөрт бараг хагас долларын өртөгтэй тусгай өрөмдлөгийн төхөөрөмжүүд далайн ёроолоос доош олон км-ийн гүнд өрөмдлөг хийдэг. Тийм төхөөрөмжүүдийн нэгийг “Гүн усны хязгаар” гэж нэрлэдэг байжээ.

Дэйв: “Гүн усны хязгаар” бол тандалт хийж өрөмддөг төхөөрөмж. Бид явуулын өрөмдлөгийн төхөөрөмж гэгчийг ашигладаг бөгөөд тэр ирээд эхэн үеийн цооног өрөмддөг. Хэрэв бид газрын тос олбол тусгаарлах хоолойнууд буулгаж бэхлээд цементлэнэ, тэгээд хайгуулын өрмөө тэндээс холдуулж дараа нь буцаж ирээд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө суулгадаг.

Кен:  2010 онд “Гүн усны хязгаар” Луизианы эрэг орчмоос 80 км-ийн зайд Макондо гэдэг нэртэй газарт газрын тос илрүүлсэн юм.

Дэйв: Онолын хувьд энэ цооног 1500 гаруй метрийн усны гүнд асуудалгүй байх байсан. Бид 1973 оноос хойш 1500 гаруй метрийн гүнд өрөмдлөг хийж байгаа. Тэнд даралт хэтэрхий аюултай байгаагүй. Тэгсэн ч гэлээ, бид бодит аюул дагуулсан ажил хийдэг.

Эр/ТВ/: Мексикийн буланд дахиад нэг томоохон түүх өрнөж байна.

Эм/ТВ/: Далайн газрын тосны тавцан дээрх дэлбэрэлт, түймэрийн дараа 11 хүн сураггүй болжээ.

Эр/ТВ/: “Гүн усны хязгаар” нэртэй явуулын далайн өрөмдлөгийн төхөөрөмж дээр дэлбэрэлт болжээ. Тухайн үед тэнд 126 хүн байжээ.     

Кен:  Өрөмдлөгийн төхөөрөмж явахаас өмнө цооногийг битүүмжлэх ёстой цементэн блоконд ан цав гарч, улмаар газрын тос, хий өрөмдлөгийн тавцанд хүрч гал авалцжээ. Хоёр хоног шатсаны дараа өрөмдлөгийн төхөөрөмж живсэн байна. Арван нэгэн ажилчны цогцосууд хэзээ ч олдоогүй юм. Үр дүнд нь Мексикийн булангийн усанд өдөрт 60,000 баррель нэвчиж байлаа. Цооногийн нүх усан дор 1,500 метрийн гүнд, харин газрын тосны даралт асар өндөр учраас инженерүүд урсгалыг нь тогтоох боломжгүй байв.  

Жэймс: Энэ ослын дараа, бүр цооногоос шүүрч байсан тэр үед нь засгийн газар Мексикийн буланд усны гүний өрөмдлөгө хийхийг зогсоосон, энэ нь ч зөв, чухам юу болсныг, бид юу хийх ёстой, дахиад ийм зүйл болохгүй байх, бүр дахиад болдог юм гэхэд түүнийг даруйхан зогсоох тоног төхөөрөмж байгаа гэдгийг тодруулах байсан.

Кен:  Макондогийн цооногийг таглахын тулд инженерүүд бүр эхнээс нь ажиллах төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй болжээ. Цооногийг зайнаас, маш гүнд таглах хэрэгтэй байлаа. Цооног дэлбэрснээс хойш битүүмжлэх хүртэл 87 хоног өнгөрч, 5 сая барелль түүхий газрын тос гадагшилжээ. Мексикийн буланд тохиолдсон экологийн хамгийн том гамшиг. “Гүн усны хязгаар” цамхаг одоо далайн ёроолд хэвтэж байна. Гэхдээ тэр ганцаараа биш ээ. Мексикийн буланд газрын тос, хийн үйлдвэрлэл бий болохоос хэдэн зуун жилийн өмнө хүний наймаа эхэлсэн юм. Ус үргэлжлэн татарч, энэ бүс нутгийн эртний ер бусын далайн түүх тун удахгүй ил болох бөгөөд Мексикийн булан тухай үедээ далайн дээрэмчид, хууль бус наймаачдын хамгийн үнэтэй наймаа хийдэг алтан зам нь байсан юм... хүний наймаа.  

Кен:  Газрын тос, хийн тандалт гэдэг нь Мексикийн булан нэгд нэгэнгүй судлагдсан гэсэн үг. Газрын тосны хайгуулын явцад хэдийн живсэн хөлөг онгоцнуудыг олох нь бий. Шинэ Орлеанаас өмнө зүгт 240 км-т живсэн энэ нэг нууцлаг хөлөг. Мексикийн булангийн ус татарсаар байгаа учраас тэр 200 жилийн дараа анх удаа ил болж, далайн дээрэм, хууль бус наймаа, боолчлолоор алдартай эрины тухай ер бусын ойлголт өгөх болно. Энэ нууцлаг хөлөг дээр хэн байсан бэ, ямар ачаатай байсан бол?

           19-р зууны эхээр Миссисипи их мөрний адагт байдаг Шинэ Орлеан хурдацтай хөгжиж байлаа.  

Фредерик Ханселманн /Майямийн Их сургууль/:   Шинэ Орлеан хөл ихтэй далайн боомт байсан. Тэр бөмбөрцөгийн баруун хэсгийн томоохон боомтуудын нэг байснаас гадна Мексикийн булангийн төвд нь байсан юм. Тэнд хэдэн зуун хөлөг онгоцууд ирж, буцаж, худалдаанд зориулсан төрөл бүрийн бараанууд импортлож, экспортлодог байсан, мөн боолын наймаанаас эхлээд хууль бус наймаа хүртэл энд цэцэглэж байсан юм.

Кен:  Далайн түүхийн энэхүү ер бусын үеийн няцаашгүй нотолгоо маш ховор байдаг. Мөн 2011 онд газрын тосны компани живсэн хөлгийг олж, түүнд “Монтеррей” гэдэг нэр өгчээ.   

Фред:    Энэ живсэн хөлөг тодорхой нэг газарт, далайд 1500 гаруй метрт, эсвэл 1600 метрийн гүнд хэвтэж байсан, түүнд хүрэхэд маш хэцүү, гэхдээ тэр илүү сайн хадгалагдсан гэсэн үг, учир нь энэ гүнд усны температур цельсийн 4 хэм байдаг болохоор хөлгийн задрах хурдыг удаашруулдаг юм.

Кен:  Ингээд баг зайны удирдлагтай аппарат буюу судлах зориулалттай ЗУА ашиглажээ. 

Фред:    Энэ аппарат далайн ёроолд хүрэхийн тулд 4 цаг шаардагдана, тиймээс хүлээх л хэрэгтэй. Ингээд аппарат ёроолд хүрч, тухайн газарт очих үед бид анх удаа хөлөг живсэн газрыг хараад их гайхсан, их догдолсон. Яагаад гэхээр, бидний харсан зүйл бол Мексикийн буланд бараг 1500 метрийн гүнд гэмтээгүй шахуу хөлөг онгоц байсан, үнэхээр гайхалтай гэж хэлнэ.

Кен:  Гүний аппарт сүйрэл болсон газраар самнахдаа эрдэмтэдэд хөлгийн тухай, түүнд байгаа зүйлсийн талаар гайхалтай мэдээлэл дамжуулж байна.   

Фред:    Далайн ийм гүнд тас харанхуй, гэрэл ч байхгүй, хэрэв гэрэл асаахгүй л бол юу ч харагдахгүй. Бид яг үүнтэй адилхан нөхцөлд ажиллахдаа зөвхөн хэсэгхэн зураг, тухайн газрын жаахан хэсгийг л хардаг.

Кен:  Мөн аппарат их биен дэх гидроакустик төхөөрөмжөөс нарийвчилсан мэдээлэл цуглуулна. Үүнийг хамгийн сүүлийн үеийн дүрслэн харуулах технологитой хослуулснаар далайн усыг татрааж, Мексикийн булангийн энэ хэсэгт археологичд уг хөлгийн сүйрлийг өөр өнцгөөс харах, санаанд оромгүй нарийвчлан судлах боломжийг тэдэнд өгнө. Энэ хөлөг юу хийж явсан, яагаад далайн ёроолд живсэн, мөн хамгийн гол оньсого нь хөлөг дээр хэн байсан бэ гэдгийг 200 жилийн дараа эрдэмтэд анх удаа олж мэдэхэд энэ туслах болов уу? Ус татрангуут хөлөг онгоц харагдлаа. Далайн организмаас хамгаалж зэсээр бүрсэн хамрын хэсэг бүтэн хэвээрээ, зангуу нь ч гэсэн хураалттай хэвээр. Хөлгийн бэхэлгээ, тоноглолд хэрэглэж байсан гинжнүүд уг хөлөг хоёр шургаагтай байсныг хэлж байна, тэд хэдийн үгүй болсон. Ус татрахад 6 их бууг ил болгожээ. Харин хөлгийн хойд хэсэгт бөөгнөрсөн хэдэн мушкет гар буунууд.

Жеймс: Намайг гайхшруулсан юм бол энэ хөлөг өөрөө, тэр их урт, маш нарийхан, ялангуяа хитэгнийхээ хэсэгт. Энэ хөлөг надад клиппер юм шиг санагдсан, 1800 оны эхээр анх гарч байсан онцгой төрлийн хөлөг онгоц. 

Кен:  Клипперүүд бага суулттай учраас Мексикийн буланд маш сайн тохирч байснаас гадна булангийн эргийн дагуух гүехэн ус, намагтай урсгалд хөвөхөд тохиромжтой байжээ.

Жеймс: Надад бас хачирхалтай санагдсан юм нь тэр зэвсэглэсэн байсан. Түүн дээр их буунууд, мушкетууд байсан, энэ байлдааны хөлөг үү, эсвэл өөр ямар нэг  юм уу?

Кен:  Энэ капер юм уу?

Фред:    Капер гэдэг нь үнэндээ хуулийн этгээд, тухайн засгийн газраасаа бичгээр зөвшөөрөл, эсвэл каперийн үнэмлэх, эсвэл даалгавар авч, тухайн улсын нэрийн өмнөөс хөлөг онгоцуудыг эзлэн авах, дайсны газар нутагт нэвтрэх эрхтэй байсан.

Жеймс: Каперчлах гэдэг нь үнэн хэрэгтээ засгийн газраас санхжүүлсэн далайн дээрэм, капер уг дээрэмээс хувиа авч, харин үлдсэн нь түүнд зөвшөөрөл өгсөн тухайн улсад оногддог. 

Кен:  19-р зууны эхний 20 жилд Мексикийн буланд зуу гаруй ийм каперууд байжээ. Далайн ус “Монтеррей”-ээс цааш татрахын хэрээр энэ түүхэнд эргэлт гарлаа. Живсэн хөлөг ганцаараа биш аж. Ус алга болоход далайн ёроолын бүтэн дүр зураг харагдаж, хоёр өөр хөлөг онгоцны үлдэгдэлийг ил болгосон бөгөөд тэд тус бүртээ нэмж хэлж өгөх юмтай байх. 

Фред:    Нэг живсэн хөлөг онгоц олох үнэхээр сэтгэл хөдөлгөм, гэвч гэнэт нэгээс гурав руу шилжих үед энэ аажмаар улам сэтгэл хөдөлгөнө, учир нь бид одоо зөвхөн нэг хөлөг онгоц живсэн тухай биш, харин хамгаалалт байж магадгүй тухай яригдаж байна.

Кен:  Живсэн хөлөг онгоц А, анх илэрсэн хөлөг, ойрын зайд тулалдахад зориулагдсан их, буу, мушкетээр сайтар зэвсэглэсэн нь эрдэмтэдийг энэ капер байж магадгүй гэж бодоход хүргэсэн. Живсэн хөлөг онгоц Б ойлгомжтой, модон их бие нь далайд үгүй болсон. Гэхдээ түүний ачаа нь бүтэн хэвээрээ. Түүн дээр тухайд үед өргөнөөр наймаалцаж байсан үнэт бараа болох амьтадын арьснууд  байна.Тээвэрлэхэд зориулж элдэж боловсруулаад дугуйлж эвхсэн арьснууд хүйтэн усанд сайтар хадгалагддаг.  Живсэн хөлөг В, 200 жилийн дараа анх удаа ил гарсан гурван шургаагтай том хөлөг онгоц байна. Гэвч түүний үлдэгдлүүд дунд ачаа байсангүй.

Жеймс: Энэ ямар учиртай вэ? Юу гэхээр, энэ хөлөг нэг бол хоосон, ачаагүй явж байсан, эсвэл хурдан мууддаг ачаатай байсан, будаанаас эхлээд буудай хүртэл, гэхдээ өөр нэг бодол бол тэр хүмүүс зөөвөрлөж байсан байх. Магадгүй энэ хөлөг хууль бус боолын наймаа эрхэлдэг байсан байх.

Кен:  Атлантын далай дамнасан боолын худалдаа нь Баруун Африкаас боолуудыг хүчээр барьж аван ачиж, улмаар АНУ-ын тариалангийн талбайд авчирч албадан ажиллуулдаг байв. Хэдийгээр боолтой байх хууль ёсных байсан ч 1807 онд Конгресс шинээр боол зөөвөрлөхийг хоригложээ. Их Британи мөн энэ худалдааг хориглож, өөрийн цэргийн флотыг боолын хөлөг онгоцуудыг барихад ашиглах болжээ. Ашиг хонжоо хөөсөн хууль бус наймаачид африкаас олзолсон эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Мексикийн булан, сүлжсэн суваг, усан замаар дамжуулан Шинэ Орлеан болон түүний боолын зах руу зөөсөөр байлаа. Живсэн В хөлөг энэ харгис, өршөөлгүй бизнест татагдан орсон уу?

Жеймс: Бид дөнгө, эсвэл тиймэрхүү зүйлс олоогүй, тухайн үед хөлөг живэхэд магадгүй хүмүүсийг зүгээр л хөлгийн доод хэсэгт цоожилсон байх, дээр нь зугтахыг оролддог нөхдийг хүлсэн байж болно.

Кен:  Эрдэмтэд мэдээллийг нэгтгэж эхэллээ.

Фред:    Эдгээр хөлгүүдийг цуваа гэж бодвол бид олон хувилбар дэвшүүлж болно. Нэгд, энэ нэг боомтоос нөгөөд очихын тулд хамгаалалт хэрэгтэй болж, зэвсэглэсэн хамгаалалт дагуулсан хоёр худалдааны хөлөг. Энэ дээрэмдэж авсан хоёр хөлөг онгоцтой капер байж болно. Хоёр дахь хөлгийн ачааг үзэж байгаад бид эвхэж хураасан үхрийн ширнүүд харсан. Зах дээр тэднээс овоо их мөнгө олж болно, бүр хууль бус наймаа хийдэг байсан ч тэр.

Кен:  Энэ нууцыг тайлахын тулд эрдэмтэд янз бүрийн эртний эд өлгийн зүйлсээс цуглуулж дээш нь гаргахаар болжээ. Тэднээс хөлөг дээр хэн байсныг тодруулах боломжтой.

Эми:  “Монтеррей” хөлөг живсэн газарт живсэн А хөлгийн хосгүй онцлох зүйл нь их буунууд, мушкетүүд байсан. Тэд англи загвартай, британы армийн мушкетын загвар. 19-р зууны эхний хагаст энэ бүс нутагт энэ зэвсэг ихээр тархсан байсан, тиймээс хөлөг онгоцноос мушкетууд олдсон  ч гэлээ энэ английн хөлөг гэсэн үг биш.

Кен:  Хөлгийн багынханы иргэншил нь оньсого хэвээрээ. Гэхдээ энэ хөлөг яагаад живсэнийг бидэнд хэлж өгөх өөр сэжүүрүүд бий.

Эми:  Сэргээн засварласан зарим цуглуулга нь чиглэл заах багажууд байсан. Эдгээр багажнууын ач холбогдол маш чухал учраас чи тэднийг аврахыг хүснэ, гэтэл тэдний хөлөгт үлдээсэн нь хачирхалтай, энэ нь бүгд амь үрэгдсэн гэж харагдахаар байна.

Кен:  Мексикийн булан нь байгалийн хайр найргүй догшин хүчээрээ алдартай бөгөөд үүнээс нэг хувилбар гарч ирнэ, далайн шуурга.

Жеймс: Гурвуулаа хамт хөвж явсан байх, тэгээд маш хүчтэй далайн шуурга таарсан. Танай хөлөг урд яваа бусад хөлгүүдийг хэсэгхэн агшинд харна, дараа нь тэдний дохионы гэрэл алга болно, хэрэв энэ шөнө байсан бол, эсвэл та нар өөрсдөө шуурганд алга болно. Ингээд та нарын мэдсэн зүйл бол хүчтэй давалгаа хөлгийн тавцан дээр бууж, та нарыг далайн ёроол руу, харанхуйд авч одохыг мэдрэнэ.   

Кен:  Монтеррейн живсэн гурван хөлөг онгоц Мексикийн булангийн далайн түүхийн шинэ ойлголт, америкийн түүхийн эргэлтийн шинэ үе болсон юм.    

Фред:    Монтеррейн хөлгийн сүйрэл маш чухал баримт, учир нь тэд шинэ үндэстэн мэндлэх шилжилтийн үеийг гэрчилж байна. Испанийн колончилол эцэс болж байсан үеийн худалдаа хэрхэн үргэлжилж байсныг. Шинэ Орлеан яагаад өсөн нэмэгдэж байсан бүс нутгийн худалдааны чухал хэсэг болсныг. Эдгээр сүйрсэн хөлгүүд энэ тухай өгүүлж, энэ тэднийг бэлэг тэмдэг болгож байна.  

Кен:  Монтеррейн живсэн хөлгүүд ганцаараа биш ээ. Ус улам цаашлан татарч Мексикийн булангийн хамгийн харанхуй гүн хэсгийг ил гаргах үед ер бусын түүх болсон нэг зүйл тун удахгүй ил болно. Дэлхийн 2-р дайны үеийн тэргүүн зэргийн шумбагч онгоц 2МВ, гэхдээ америкийнх биш харин германых. Нацистуудын У-166 шумбагч онгоц Мексикийн буланд юу хийж явсан юм бол? Мөн тэр яагаад живсэн бэ?

Кен:  1941 онб 12-р сарын 11. Гитлер АНУ-д дайн зарлалаа.

Гитлер:  Герман, Итали, бас Япон хамтдаа АНУ, Их Британы эхлүүлсэн энэ дайныг ямар ч аргаар хамаагүй үргэлжлүүлж, ялалтаар дуусгах болно.

Кен:  АНУ дайнд оролцох үед тулалдааны шинэ талбар бий боллоо... Мексикийн булан. Өнөөдөр булангийн харанхуй усыг татрааснаар, далайд ноёрхохын төлөө харгис ширүүн тулаан америкийн өөрийнх нь эрэгт хүрсэн энэхүү амаргүй тэмцлийн нууцыг нээж, 70 гаруй жил жил түүхчдийг мухардалд оруулсан оньсгыг тайлах болно. 

Кен:  АНУ дэлхийн 2-р дайнд оролцсоны дараа өөрийнхөө зүүн эрэг орчмоор үхлийн аюултай шууд тулгарчээ. Нацистын шумбагч онгоцууд. Тэдний зорилго нь америкаас европ руу чиглэсэн холбоотнуудын далайн замыг таслах. Шумбагч онгоцуудын ахмадууд нь маш их туршлагтай, тэд бүр 1939 оноос эхлэн өөрсдийн туршлагыг хуримтлуулжээ. АНУ тэдэнтэй тулахад бэлэн биш байлаа.

Эрик: Хойд Атлантын далайд хөлөг онгоцууд хоёр талдаа хамгаалалттай явдаг байсан. Гэвч тэд америкийн эрэг орчмын усанд ороод хамгаалалтгүй болдог, тиймдээ шумбагч онгоцнуудын амархан олз болж байсан юм.

Кен:  Нөхцөл байдлыг хүндрүүлж байсан нь засгийн газраас хөлгүүдийг гэрэлгүй явахгүй байхыг шаарддаггүй байсан. Эргийн дагуу шөнөөр хөвж байгаа хөлгүүдийн дүрс тод харагддаг. Амархан олз шүү дээ.

Эрк:   Немцүүд энэ чухал сул талыг нь анзаарч, үүнийг ашиглахаар тийш нь өөрсдийн шумбагч хөлгүүдийг илгээсэн юм. 

Кен:  Германы шумбагч онгоцуудын ахмадууд үүнийг америкчуудыг ангуучлах улирал гэж нэрлэжээ. 1942 оны 1-р сараас 6-р сар хүртэл америкийн эргийн дагуу живсэн тонн ачааны хэмжээ холбоотнууд хоёр жил хагаст алдсан тонн ачааны хэмжээнээс давсан учир нь нацистууд английг амин чухал эх үүсвэрээс нь салгахаар оролдож байсанд юм. Дараа нь шумбагч онгоцууд Мексикийн буланд дайныг шилжүүллээ. Шалтгаан нь газрын тос. 

Эрик: Тухайн үед дэлхийн газрын тосны ихэнх хэсэг нь Мексикийн булангаас ирдэг байсан нь өнөөдрийн Персийн булантай адилхан гэсэн үг.         

Кен:  Зөвхөн газрын тос тээвэрлэгч хөлгүүд ч биш. Холбоотнуудын дурын хөлөг онгоцууд бай болж байв.

Жэймс: Шумбагч хөлгийн ахмадууд үнэн цэнэтэй гэгдэх ачаа бараа, тэр нь хүнс, тоног төхөөрөмж, эсвэл сэлбэг ч бай хамаагүй, тэднийг живүүлэх боломжийг алдахыг хүсдэггүй байсан. Тэд тэнд юу ачсаныг мэдэхгүй, гэхдээ, тэд хөлгийг живүүлсэн л бол германы ялалтанд тусалж байна гэдгээ мэддэг байсан.

Кен:  “Роберт И Ли” тийм хөлгүүдийн нэг байлаа.

Роб:   “Роберт И Ли” зорчигчдийн хөлөг онгоц байсан. Тэр Тринидадаас Шинэ Орлеан руу хөвж явсан юм, түүн дээр америкийн барилгачид, мөн өөр нацистын шумбагч онгоцны живүүлсэн хөлгөөс амь үлдсэн бусад олон зорчигчид байсан. 

Кен:  “Роберт И Ли” хөлөг Шинэ Орлеанд дөхөх үед У-166 жижүүрлэж байжээ. Алсын зайнд хөвөх чадалтай германы шинэхэн шумбагч онгоц У-166 түлшээ дахин цэнэглэхгүйгээр Атлантын далайг гатлаж чадна. Ясны далайн махчин загасыг тулалдаанд хатуужсан ахмад Ханс Гюнтер Кульманн командлаж байлаа.

Роб:   Ханс Гюнтер Кульманн энэ даалгаварын үеэр томоохон амжилтанд хүрч чадаагүй байсан. Тэр багахан хэмжээний хоёр хөлгийг живүүлсний нэг нь ердөө хэдэн тонн жинтэй. Бүр нэг нь түүний эхнэрийнх нь нэртэй байсан, Гертруда гэдэг. Тиймээс 5000 тоннын усан түрцтэй аварга хөлгийг харсан түүнд энэ том бай, бас өөрийнхөө живүүлсэн тонн ачааны хэмжээг нэмэгдүүлэх боломж байсан юм.  

Кен:  Тулааны нарийн ширийн зүйлс, тэр дундаа U-166-ын хувь заяа Мексикийн буланд олон жилийн турш үл мэдэгдэх хамгийн том нууц хэвээр байсан юм. Роб Чёрч бол газрын тос, байгалийн хийн салбарт далайн ёроолд судалгаа хийдэг компанийн далайн археологич. Живсэн хөлөг онгоц илрэх үед түүний ажил бол түүний түүхэн ач холбогдолд дүгнэлт өгөх байдаг.

Роб:   Энэ бол ердийн гүний шумбагч аппарат. Аппарат 3000 метрийн гүнд ажиллана. Ингээ энэ аппарат энд суурилуулсан гурван камертай. Мөн гурван хэмжээст видео цуглуулах хоёр стерео камертай. Өндөр нягтралтай видео бичлэг хийх Эйч-Ди камер ч бий. Бас долоон функцтэй удирдлагтай гартай, энэ нь бидэнд далайн ёроолд байгаа эд зүйслийг авах боломжийг өгнө, дээж цуглуулах, мөн туршилт хийх гэх мэт. Мөн бидэнд сканнерийн гидролокатор байна. Энэ нь далайн ёроолд байх объектыг илрүүлэх боломжтойгоос гадна, хөлөг онгоцны сүйрлийн эргэн тойрныг баримжаалахад ашиглаж болно.

Кен:  Роб Чёрч яг ийм гүний аппараттай газрын тосны орд судлаж байгаад хөлгийн үлдэгдэлтэй таарсан юм.

Роб:   Бид сүүл хэсгээс нь очсон, бид энэ зорчигчийн хөлгийн бариул, дээд тавцанг олж харсан, тэрхэн мөчид бид “Роберт И Ли”-г харж байна гэдэгтээ огтхон ч эргэлзээгүй. Энэ сэтгэл хөдлөсөн мөч байлаа. “Роберт И Ли” шиг хөлгийг харна гэдэг үнэхээр гайхалтай зүйл. Үнэхээр үзүүштэй зүйл байсан.

Кен:  1500 метрийн гүнд гүнийн аппарат орчны сканердаж, үнэтэй мэдээлэл цуглуулна. Үүний ачаар далайн усыг татрааж, живсэн хөлгийг яг одоо байгаагаар нь харах боломжтой болсон, энэ удаа нарны гэрэлд харна. Ус түрэгдэхийн хэрээр “Роберт И Ли”-н бүх зүйл ил болж, түүний сүүлчийн хоромын талаар шинэ нотолгоонууд гарч ирлээ. Хөлөг хурдтай живэх үед  усны даралтыг тэсвэрлээгүй ахмадын тавцан бүрэн нурсан байна. Хойно байх их бууг цэнэглээгүй байгаа нь гэнэтийн дайралт болсныг илтгэнэ. Хөлгийн хажууханд хоёр аврах завь хэвтэнэ. Хөлөг маш хурдтай живсэн болохоор багийнхан тэднийг буулгаж ч амжаагүй байна. Мэргэжилтнүүд “Роберт И Ли” ердөө гуравхан минутанд живснийг тооцоолжээ. Гэхдээ энэ оньсогын нэг чухал хэсэг хариултгүй үлдлээ. Үхлийн торпед илгээсэн шумбагч онгоцонд юу тохиолдсон бэ? “Роберт И Ли”-ийн живсэн газраас ус улам цаашилсаар, одоо Мексикийн булангийн хамгийн том далайн оньсого тун удахгүй тайлагдах болно.

Кен:  1942 оны 7-р сарын 30. Германы шумбагч онгоц У-166 Шинэ Орлеаны эрэг орчимд зорчигчдийн хөлөг онгоц “Роберт И Ли”-д үхлийн цохилт өгчээ. Тэр гуравхан минутад живсэн. Гэвч “Роберт И Ли” ганцаараа байсангүй. Ахмад Герберт Клаудиусын удирдсан шумбагч онгоцны ангууч, Харуулын хөлөг 566 түүнийг дагасан байжээ.

Роб:   Шумбагч онгоц өөр лүү нь харуулын хөлөг онгоц дөхөж байгааг хараагүй бололтой байсан. Тэд дурангаар харах гүнд хөвж, “Роберт И Ли” хэрхэн живж байгааг ажиглаж байж. Гэтэл харуулын хөлөг сум тусах зайнд ойртож, гидролокаторын дохио их биед нь мэдэгдэж эхэлмэгц тэд энэ мөчид тэднийг дайрч байна гэдгийг анх удаа ойлгоод яаралтай шумбаж эхэлсэн байдаг.

Жеймс: Маш богинохон зайнд анчин өөрөө идэш болсон.

Кен:  Харуулын хөлөг онгоц 566 шумбагч хөлөг дээгүүр гарах үед ахмад Клавдиус хоёр гүний бөмбөг хаях тушаал өгчээ. Устгасан гэдгийг нь нотлох боломжгүй байсан учраас ахмад “Роберт И Ли” хөлгийн амьд үлдэгсэдийг аврахад анхаарлаа хандуулсан байна. Харин У-166 шумбагч онгоцны хувь заяа тодорхойгүй. Хоёр хоногийн дараа америкийн эргийн хамгаалалтын нисэх онгоц эргээс 225 км-ийн зайд ил хөвж яваа шумбагч онгоцыг анзаарчээ. Онгоц түүн дээр цорын ганц гүний бөмбөг хаяж, удалгүй шумбагч онгоц алга болжээ. Нисэх онгоцны баг У-166-г живүүлсэн гэж үзсэн байна. Гэвч далайн ёроолыг өргөн хүрээтэй самнаад ч живсэн ямар ч  хөлгийг олоогүй юм.

Роб:   Хүмүүс маш удаан хайсан ямар нэг зүйлийг олохын тулд азтай байх хэрэгтэй.

Кен:  Чёрч “Роберта Ли”-ийн эргэн тойрны далайн ёроолыг гидролокацаар судлаж байгаад түүнээс ердөө гурван км-ийн цаана нэг нууцлаг объект байхыг илрүүлжээ.

Роб:   Би анх тэр дүрсийг хараад тэнд ямар нэг юм байгааг ойлгосон. Гэхдээ тэр 9С загварын немцийн шумбагч онгоцноос 15-18 метрээр богинохон хэмжээтэй байлаа.

Кен:  У-166 живсэн гэж үзэж байсан газраас 220 км-ийн зайд байгаа энэ нууцлаг сүйрэл юу байсан бэ? Эсвэл энэ алга болсон шумбагч онгоц уу? Усыг үргэлжлүүлэн татраавал үнэн ил болох болно. Ус алга болохын хэрээр нарны гэрэлд энэхүү нууцлаг хөлөг гарч ирлээ. Аажмаар германы шумбагч онгоцны байлдааны тавцан гарч ирж байна, түүний антенн нь хураагдаагүй байгаа нь тэр гэнэт маш даралттайгаар шумбасныг харуулна. 70 жилийн дараа анх удаа хөлгийн их бие уснаас ил гарлаа. Байлдааны тавцан, тавцан дээрх их буунуудын дүрс хэлбэр сураггүй болсон У-166-тай яг тохирч байна. Нөгөө талаас, гидролокаторын дүрс яагаад тодорхой байгаагүй шалтгаан гэнэт тодорхой болжээ. Шумбагч онгоцны урд хамар хүчтэй дэлбэрэлтэнд тасарч байхгүй болсон байна. Ус татарсаар байгаа учраас дутаад байгаа тэр хэсгийг нь бид 150 метрийн зайтай байгааг илрүүллээ. Ганцхан гүний бөмбөг ийм сүйрлийн гэмтэл учруулж чадахгүй. Тэгэхээр, юу болсон бэ?

Роб:   Гүний бөмбөгнүүдийн нэг нь бат бөх их биеийг нь цөмлөж, хөлгийн дотор дэлбэрэлт болсон байх, тэр нь хошууны хэсгийг тасалсан.

Эрик: Шумбагч хөлөг шумбах үед торпедууд нь бэхэлгээнээс суларсан байх, тэгээд л дэлбэрэлт болсон байж мэднэ. Гүний бөмбөгөөр амжилттай довтолсон явдал, шумбагч онгоцны ангууч түүнийг живүүлсэн гэдэг нотолгоотой үнэхээр нийцнэ.

Кен:  “Роберт И Ли” хөлөг сүйрэхэд 22 хүн амь үрэгдэж, У-166 дээр 52 хүн бүгд амь үрэгджээ. Одоо энэ хоёр живсэн хөлгүүд цэргийн оршуулга гэж тооцогддог бөгөөд татаж гаргах боломжгүй.

Кен:  Далайг усыг татраах нь сүйрсэн үлдэгдэлийг ил гаргаж, явцын дунд үнэнийг тогтоох цорын ганц арга. Шумбагч онгоцыг “Роберт И Ли” -ээс 3 км-ийн зайтай олсоноор хэн түүнийг живүүлсэнд эргэлзэх зүйлгүй болсон. Одоо энэ гавъяа Харуулын хөлөг онгоц 566-ын ахмад Герберт Клаудиуст оногдоно. У-166-г живүүлсний дараа Атлантын төлөөх тулалдаанд эргэлт гарсан юм.

Жэймс: Холбоотнууд олон хүчин зүйлсийн ачаар германы шумбагч хөлгүүдийн дайралтыг няцааж чадсан. Ажиглалтыг чангатгаж, хамгаалах хөлгүүдийн тоог нэмэгдүүлж, мөн агаараас цохилт өгөх боломжтой болсон нь шумбагч онгоцуудыг ялагдахад хүргэсэн юм.

Кен:  Тэгсэн ч гэлээ, дэлхийн 2-р дайны үед германы тэнгисийн цэргийн флот америкийн усанд үүрэг гүйцэтгэхдээ холбоотнуудын 609 хөлөг онгоцыг далайн ёроол руу илгээж, ердөө 12 шумбагч онгоцоо алдсан байдаг. Тэднээс ердөө ганцхан нь Мексикийн буланд живсэн.. У-166.

Кен:  Мексикийн булангийн усан дор хайгуул хийж, далайн усыг татрааснаар аль хэдийн алдагдсан нууцыг олж, Хойд Америкийн үхлийн аюултай нууц болох боолын худалдаа, дайн дажин, бүр үлэг гүрвэлүүдийн мөхлийг харуулж чадна гэдгийг харуулсан юм. 

-----------------------------------------------------

Төгсөв

 

 

Back to episodes Go home