Desert Child

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                           Хуудасны тоо: 17

Нэр:  Desert Child 29/10/2026                      Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Сан Дел Ренак - Гол дүрийн өсвөр насны охин, өвөөгийнхөө ярьж өгдөг байсан үлгэрээр ном бичдэг.

Хөтлөгч эр 1

Мэнди - Саны ээж, дунд эргэм насны эмэгтэй

Саны бие төлөөлөгч/агент эр - Дунд орчим насны эрэгтэй

Саны өвөөгийн хоолой

Саид - Хадарагийн аав, Фатмагийн нөхөр, 30 гаран насны эрэгтэй

Фатма - Хадарагийн ээж, Саидын эхнэр, 30 гаран насны эмэгтэй

Хадара - Түүхийн гол дүрийн хүү, Харубагийн өвөө

Хар цагаан азарган тахиа Хогг - Тэмээн хяруулын сүргийн ахлагч, Хадарагийн тэмээн хяруул аав

Саарал тахиа Мако - Тэмээн хяруулын сүргийн нэг, Хадарагийн тэмээн хяруул ээж

Том -  Гарын үсэг авах гэсэн хүү

Харуба - Өөр нэгэн гол дүрийн өсвөр насны охин, Хадарагийн ач охин

Омар - Харубагийн тосгоны бага насны эрэгтэй хүүхэд

Сауссен - Харубагийн тосгоны бага насны эмэгтэй хүүхэд

Эрни - Кристианы зураг авалтын багийн гишүүн эрэгтэй

Кристиан - Саны өвөө, дунд орчим насны эрэгтэй, анх Хадараг олдог хүн

Ибрахим - Кристианы багт замчилж хамтран ажиллаж байсан дундаж насны эр, хожим нь түүхийг ам дамжин эхлүүлсэн нэгэн

 

 

 

 

 

 

 

Мэнди: Чи зүгээр үү, хонгор минь? Сандарч байна уу? Хоёулаа юу гэж ярьсныг санаарай. Чи одоо ч жаахан хүүхэд хэвээрээ,  өөрийнхөө өрөөндөө байна. Өвөө нь чамтай хамт байгаа. Бүх зүйл зүгээр.

Хөтлөгч эр 1: Оройн мэнд. Энд хүрэлцэн  ирсэн та бүхэнд баярлалаа.

Мэнди: Бид танд туслахын төлөө энд байгаа нь гарцаагүй.

Сан Дел Ренак: Үгүй ээ, ээж ээ, ичмээр юмаа. Наадуулаа далд хий!

Саны бие төлөөлөгч эр: Намайг өршөөгөөрэй. Сан, чиний гарах цаг боллоо.

Хөтлөгч эр 1: Ингээд “Цөлийн ном” бүтээлээрээ энэ жилийн шүүгчдийн тусгай шагнал хүртсэн  залуу ялагчийг тайзнаа урьж байна. Сан Дел Ренак.

Танхимд таарах эр 1: Оройн мэнд.

Хөтлөгч эр 1: Сан, чамтай уулзаж байгаадаа  би үнэхээр баяртай байна аа. Чамайг энд хүрэлцэн ирсэнд  бид маш их баяртай байна. Энд сэтгүүлчид ч бас ирсэн байгаа. Та бүхэнд асуулт байна уу? За, эрхэм ээ.

Сэтгүүлч эр 1: Тийм ээ, Сан, чи дөнгөж 15 настай. Бас чи нэлээд нэр хүндтэй шагнал хүртлээ шүү дээ. Чиний бичлэгийн хэв маяг төлөвшсөн, сүнслэг  мэдрэмжтэй, яруу найргийн өнгө аясаар дүүрэн юм. Энэ авьяасаа хаанаас заяасан гэж боддог вэ?

Сан Дел Ренак: Би үүнийг авьяас гэж боддоггүй ээ. Намайг бага байхад өвөө маань энэ түүхийг  ярьж өгдөг байсан юм. Тэр ярьж байхдаа гараа яг л эрвээхийн  далавч шиг хөдөлгөдөг байсан. Цөлийн салхи миний өрөөнд  үлээн орж ирдэг байлаа. Тэр дүрүүдийг яг л миний хажууд зогсож  байгаа мэт амилуулан ярьдаг байсан. Би тэр бүх сайхан зүйлийг ганцаараа мэдрээд  үлдэхийг хүсээгүй. Би зүгээр л тэр түүхийг бичиж цаасанд буулгасан. Бичих эрхтэй болмогцоо л бичсэн.

Сэтгүүлч эр 1: Эрх гэнэ ээ?

Сан Дел Ренак: Би өвөөдөө нас барахаас нь өмнө  энэ түүхийг бичихгүй гэж амласан юм.

Хөтлөгч эр 1: Маш их баярлалаа. За, одоо хатагтай Дел Ренак өөрийн номын хэсгээс уншиж өгөхийг сонсох  завшаан бидэнд тохиож байна. За, тайз таных.

Саны өвөөгийн хоолой: Алив ээ, миний бяцхан цэнхэр дагина минь,  үлгэрийн цаг боллоо.

Сан Дел Ренак: Тийм ээ!

Саны өвөөгийн хоолой: Чамд алийг нь уншиж өгдөг юм билээ дээ?

Сан Дел Ренак: "Цөлийн хүү Хадара" өвөө! Супер баатар бүр өөрийн  гэсэн онцгой хүчтэй байдаг. Нэгээс бусад нь. Хадара.

Фатма: ♪ Миний бяцхан Хадара, миний цор ганц үр ♪ ♪ Сахарын цөлийн дээр  гялалзах одод шиг үзэсгэлэнтэй чи минь♪

Сан Дел Ренак: Тэр ердийн л нэг жаал хүү байв. Мал сүрэгтээ ус, тэжээл хайж,  нутаг сэлгэн нүүдэллэдэг гэр бүлийн хамт амьдардаг цөлд  амьдардаг хүүхэд байлаа. Түүнийг онцгой хувь тавилан хүлээж  байгааг хэн ч гадарлаагүй байсан юм. Энэ түүх эрт урьд цагт  Сахарын цөлд болсон юм. Бүүр эрт цагт шүү.

Фатма: Доошоо! Үгүй ээ! Үгүй! Эндээ байж байгаарай, ойлгосон уу?

Сан Дел Ренак: Цөлд алдагдсан ганц бөхт тэмээ  алдагдсан эрдэнэс л гэсэн үг. Түүнийг барьж авах нь  тэдний үүрэг байлаа. Тэгээд Фатма өмнө нь зуу зуун удаа үлдээж байсан шигээ Хадараг үлдээгээд явлаа.

Хадара: Ээж ээ? Ээж ээ? Сайн уу?

Сан Дел Ренак: Фатмагийн тэмээний адилаар тэмээн  хяруулууд ч бас аюул ойртож буйг мэдэрч, тэд ч бас үүрээ хамгаалахыг  хүсэж байлаа. Түүний зөн совин түүнийг хуурсангүй.  Хэдхэн хормын дараа шуурга дэгдлээ. Цөлийн шуурга гэдэг замдаа таарсан бүхнийг  хаман оддог, өршөөлгүй дайсан аж.

Фатма: Хадара! Хадара! Хадара!

Хадара: Тэмээн хяруулууд зугтах гэж байгааг  Хадара зөнгөөрөө мэдэрчээ. Ганцаараа үлдэж болохгүйг зөн совин нь  түүнд анхааруулж байлаа. Тиймээс тэр өөр ямар ч хүүхэд зориглож  хийхээргүй зүйлийг хийжээ.

Фатма: Хадара! Хадара! Хадара! Хадара! Хадара!

Сан Дел Ренак: Тэр 2 настай байсан.

Хадара: Ху ху! Үгүй ээ.

Фатма: ♪  Миний ганц хүү, Сахарын цөлийн дээр  гялалзах одод шиг үзэсгэлэнтэй чи минь♪

Хадара: Ээж ээ.

Фатма: ♪ Миний ганц хүү. Чи минь Сахарын цөлийн дээр♪

Саид: Фатма!

Хадара: Ээж ээ, надад...

Саид: Фатма!

Фатма: Саид! Миний ганц хүү.

Саид: Фатма, Хадара хаана байна?

Фатма: Би Хадараг алдчихлаа. Би Хадараг алдчихлаа.

Саид:  Бид түүнийг олно оо.

Фатма: Би хүүгээ алдчихлаа.

Саид: Битгий санаа зов.

Фатма: Үр минь.

Саид: Шериф, Хайеб, Хассан.

Фатма: Би хүүгээ алдчихлаа.

Саид: Бид Хадараг хайх болно. Бид урд зүг рүү явна.

Сан Дел Ренак: Хадара тэмээн хяруулын  идэж байгааг идэх гэсэн ч амжилт олсонгүй. Гэвч маргааш нь өлсөхийн эрхэд...

Тэмээчин эр 1: Амжилт хүсье!

Сан Дел Ренак: Олон хоног үр дүнгүй эрэл хайгуул хийсний  эцэст тэд хувь заяатайгаа эвлэрчээ. Бүгд л түүнийг нас барсан гэдэгт  итгэлтэй байлаа. Гэхдээ тэр л тэгж бодсонгүй. Эхний хэдэн тэмээн хяруул  түүнийг хүлээн авсны дараа бүх сүрэг түүнийг хүлээн авах болжээ. Тэр өмнө нь цөлийн үнэг харж байгаагүй ч анх харсан даруйдаа л найзаа олсноо  мэдэрсэн юм.

Хадара: Тэр бол найз. Найз.

Сан Дел Ренак: Тэмээн хяруулууд ч Хадарагийн адил өнчирсөн цөлийн  үнэгийг өөрийн сүрэгтээ хүлээн авчээ. Ээжээсээ энэ үгийг өмнө нь  сонссоноо ч санахгүйгээр тэр үнэгийг Сахара гэж  нэрлэхээр шийджээ. Хадарагийн амьдрал хүнд хэцүү  байсан ч ийм баяр хөөртэй мөчүүд түүнд юугаар ч  орлуулшгүй үнэ цэнтэй байлаа. Тэмээн хяруулууд хоол хүнс олохын тулд  маш хол, бартаа саадыг туулан явдаг байлаа. Гэвч тэд бяцхан хүний хувьд  ус өөрсдөөс нь ч илүү яаралтай хэрэгтэйг, усгүйгээр удаан  амьдарч чадахгүйг огт мэддэггүй байв. Цөлд сул дорой нэгэнд байх газар үгүй. Хар цагаан азарган тахиа Хогг Хадараг дэндүү удаан гэж тооцдог байлаа. Хадара түүнд хэрэггүй ачаа болж  хувирсан тул Хогг түүнээс салахыг хүсжээ. Саарал тахиа Мако тэр жижигхэн, хэврэг амьтныг заавал  аврах ёстой гэдэгт итгэлтэй байлаа. Тэр өдөр Хадара үхэх шахсан юм. Хоггийн эсэргүүцлийг үл харгалзан  Мако түүнийг аварч, өөрийн дэгдээхийнүүдийн нэгэн  адил хамгаалан өсгөхөөр шийджээ. Хогг түүнийг хэзээ ч  хүлээн зөвшөөрөөгүй ч Хадара цөлийг өөрийн гэрээ болгон хүлээн авч, цөл ч бас  түүнийг өөрийн нэгэн хэсэг болгон тэвэрчээ. Цаг хугацаа өнгөрөх тусам  тэр тэдний хаан болжээ. Тэрээр 160 нас хүртлээ амьдарсан гэдэг. Түүний ачаар байгаль дэлхий хүн төрөлхтөнд  итгэх итгэлээ одоо ч алдаагүй хэвээр байна.

Мэнди: Баяр хүргэе!

Саны бие төлөөлөгч эр: Үнэхээр сайн байлаа, бяцхан аа! За, дараагийн хөтөлбөрүүд чинь ийм байна: Чи өдрийн нэг цагийн мэдээнд ярилцлага өгнө. Тэгээд шууд соёлын төвд очиж  зохиолын уншлагад оролцох ёстой.

Танхимд таарах эм 1: Баяр хүргэе.

Сан Дел Ренак: Баярлалаа.

Саны бие төлөөлөгч эр: Бас надад өөр нэг гэнэтийн бэлэг байна.

Сан Дел Ренак: Ямар гэнэтийн бэлэг?

Саны бие төлөөлөгч эр: Та хоёр Сахарад уригдсан.

Сан Дел Ренак: Юу гэнэ ээ?

Том: Та ном дээр минь гарын үсэг зураад өгөөч?

Сан Дел Ренак: Тэгье ээ, хэнд гэх үү?

Том: Томд.

Саны бие төлөөлөгч эр: Сахарын цөлд бүх суурин газрыг хамарсан соёлын чиглэлийн ганцхан  төрийн бус байгууллага байдаг. Тэр жил бүр нэг арга хэмжээ зохион байгуулдаг. Харин энэ жил бүгд санал  нэгтэйгээр чамайг сонгосон. Сан, хэрвээ чи зөвшөөрвөл ээжтэйгээ хамт Сахарын цөлд очих урилга авсан.

Мэнди: Бид үүнийг бүрэн дэмжиж байна.

Сан Дел Ренак: Тэгэхээр энэ юу ч байсан алдаа биш биз дээ?

Саны бие төлөөлөгч эр: Огт үгүй. Тэд чамайг хүсэж байгаа. Чамайг заавал ирэх хэрэгтэй гэж онцолж хэлсэн. Чи догдолж байна уу?

Сан Дел Ренак: Тийм ээ, энэ миний үргэлж мөрөөдөж ирсэн зүйл.

Саны бие төлөөлөгч эр: Наадхыг чинь л сонсохыг хүсэж байлаа.

Сан Дел Ренак: Үнэхээр галзуу юм аа!

Мэнди: Баярлалаа.

Шүтэн бишрэгч хүүхэд эр 1: Сан байна!

Шүтэн бишрэгч хүүхэд эр 2: Сан энд ирчихлээ!

Шүтэн бишрэгч хүүхэд эр 1: Тэр ирчихлээ!

Тосгоны ахлагч эр: Сайн уу, Сан?

Тосгоны хүн эм 1: Сайн уу?

Тосгоны ахлагч эр: Тавтай морил!

Харуба: Сайн уу, Сан? Би маш их баяртай байна. Би таны номд үнэхээр дуртай. Би та нарыг урьсан юм. Намайг Харуба гэдэг. Тавтай морил.

Сан Дел Ренак: Биднийг урьсанд баярлалаа.  Би энд байгаадаа үнэхээр баяртай байна. Би бол Сан, харин энэ миний ээж.

Мэнди: Мэнди.

Сан Дел Ренак: Би чамд нэг юм уншиж өгөх үү?

Харуба: Үгүй ээ. Би чамд нэг зүйл хэлэх гэсэн юм.  Чи түүхийг бүрэн эхээр нь мэдэхгүй.

Сан Дел Ренак: Би ойлгохгүй байна.

Харуба: Чи үргэлжлэлийг нь бичих хэрэгтэй.  Сонирхож байна уу?

Сан Дел Ренак: Миний өвөө энэ түүхийг зохиосон.

Харуба: Үгүй ээ, Хадарагийн түүх бол бидний түүх.

Сан Дел Ренак: Гэхдээ...

Харуба: За, суучих. Чамд олон асуулт байгааг ойлгож байна. Чи бүх асуултынхаа хариултыг авах болно. Гэхдээ энд бүх зүйл бидний  дэг жаягаар явагддаг юм шүү. Түүхийг нэг бол сайн ярьж өгнө,  үгүй бол бүүр огт ярихгүй. Ойлгов уу?

Сан Дел Ренак: Ойлголоо.

Харуба: Номынхоо төгсгөлд чи шал утгагүй юм бичсэн байна лээ. 160 наслаад нас бардаг Цөлийн хаан гэнэ ээ?

Сан Дел Ренак: За, тэр хэсгийг би зохиосон юм.

Харуба: Чамайг тэмдэглэл хөтлөхийг зөвлөж байна. Хадара зургаан нас хүрэхийн тулд  амьдралын төлөө тэмцэх хэрэгтэй болсон. Хогг түүнээс салах гэж олон удаа оролдож байв. Гэвч тэр бууж өгөлгүй зүтгэсээр байсан ба  өөрийгөө тэмээн хяруул гэж боддог байлаа. Хадарагийн ачаар бүх дэгдээхий эсэн мэнд үлдсэнийг Хогг ойлгожээ. Тэр цагаас хойш далавчгүй, илүүц,  бусдын дунд багтдаггүй байсан Хадара эцгийнхээ хамгийн хайртай  хүү нь болсон юм. Түүний аз жаргалд юу ч  саад болж чадахааргүй байлаа. Энэ бол түүний амьдралын хамгийн жаргалтай,  санаа зовох зүйлгүй үе байсан юм. Түүнд бүх зүйл байлаа. Тэр амьдралаас таашаал авч  бас олон зүйлийг сурч байлаа. Тухайлбал, нэг удаа ийм сургамж авчээ. Тэмээн хяруул сүргийнхээ нэгнийг  хэзээ ч орхидоггүй. Хамгийн удаан явж буй нэгнийхээ хурдад  тааруулж явдаг. Энэ бол тэдний хууль. Түүнд ах дүү нараасаа  ялгагддаг ганц л зүйл байлаа. Тэр зураг зурах дуртай байв.

Түүх өгүүлэх дуу эм: ♪ Элсэн манхан цаг хугацааны шивнэж ♪ ♪ Үлдээсэн нууцыг түүнд дэлгэн ярьж ♪ ♪ Өнгөрсөн амьдралынхаа сүүдрийг ♪ ♪ Номхтгохыг зөвлөдөг байлаа ♪ ♪ Бяцхан хүү өсөж том болоод ♪ ♪ Амьдралынхаа хором бүрийг  жаргалтай өнгөрүүлэх болжээ ♪ ♪ Учир нь тэр нэг зүйлийг ойлгосон юм ♪ ♪ Энэ чинь л амьдрал шүү дээ ♪ ♪ Түүнд салхи байлаа ♪ ♪ Үнэний мөрийг олжээ ♪ ♪ Хувь заяаныхаа эзэн нь ♪ ♪ Тэр өөрөө байв ♪ ♪ Учир нь тэр урагшлах ♪ ♪ Өчүүхэн алхам хийхээс айгаагүй юм ♪ ♪ Гэвч тэр өчүүхэн алхам нь  аварга том үсрэлт байв ♪

Харуба: Тэр Сахаратай хамт нар жаргахыг  нээсэн бөгөөд түүнээс хойш нэгийг ч алгассангүй. Тэр үүнд цаг гаргадаг байв.

Түүх өгүүлэх дуу эм: ♪ Хүүхэд ахуйдаа л хайрладаг шигээ ♪ ♪ Чин сэтгэлээсээ хайрлажээ ♪

Харуба:  Тэд нууцхан диваажиндаа  хамтдаа тэнүүчилдэг байлаа.

Түүх өгүүлэх дуу эм: ♪ Хувь заяаныхаа эзэн нь ♪ ♪ Тэр өөрөө байв ♪

Харуба:  Тэд нар жаргахыг нэгийг ч  алгасалгүй үзэж, өсөж том болохын хэрээр ч  хэзээ ч салсангүй. Сахара ч бас түүнтэй адил  арван хоёр настай байлаа. Тэр одоо хөгшин цөлийн үнэг болжээ. Хадара үүнийг мэдэрч, хамт байх мөч бүрийг  нандигнахыг хүсэж байлаа. Сүргээ хамгаалахын тулд Хогг ирвэсийг зөвхөн өөрийнх нь  араас хөөхөд хүргэжээ. Ирвэс үнэхээр үхсэн гэж үү? Тийм ээ, хутганы ир шиг хурц, урт  хумсаараа Хогг түүнийг дарж авчээ. Хадара аймхай зан гаргасандаа  анх удаа аймшигтай хүнд мэдрэмж авав. Тэр бол ичгүүр байв. Тэр маш их ичсэн тул сүрэгтээ  буцаж очиж зүрхэлсэнгүй. Ийнхүү цөлөгдсөн  нь түүнийг  цочирдом нээлтүүдэд хүргэсэн юм. Манай соёлд үлгэрүүд хүүхдүүдийг унтуулах биш,  харин томчуудын нүдийг нээхэд оршдог.

Сан Дел Ренак: Чи өвөө шиг сайн үлгэр ярьдаг юм байна. Бараг л болсон явдал юм шиг санагдлаа. Яасан бэ?

Харуба: Юу ч бишээ. Надтай хамт яваач. Надад чамд үзүүлэх зүйл байна.

Хүүхэд эр 1: Тэр бүжиглэх гэж байна.

Сан Дел Ренак: Гайхалтай юмаа, чи яг л...

Харуба: Тэмээн хяруул шиг  харагдаж байна гэж үү?

Сан Дел Ренак: Тийм ээ, яг зөв, тэмээн хяруул шиг байна.

Харуба: Ойлгомжтой шүү дээ. Тэд ч  бас яг ингэж бүжиглэдэг юм.

Сан Дел Ренак: Та нар бүгд л тэмээн хяруул шиг  бүжиглэж чаддаг юм байна. Яаж тэр вэ?

Харуба: Бидэнд ингэж заасан юм.

Сан Дел Ренак: Хэн зааж өгсөн юм?

Харуба: Миний өвөө. Хадара.

Сан Дел Ренак: Түр хүлээгээрэй, чи сая юу гэсэн бэ?

Харуба: Чи зөв сонссон. Хадара миний өвөө байсан. Энэ түүх бүхэлдээ бодит. Алдагдсан хүүхэд, шуурга, тэмээн хяруулууд, түүний цөлд амьд  үлдсэн түүх гээд энэ бүхэн бүгд бодит. Хадара миний өвөө байсан юм.

Сан Дел Ренак: Худлаа байлгүй дээ, үнэн байх боломжгүй. Хадара гэж хүн байгаагүй.  Өвөө маань энэ түүхийг зохиосон.

Харуба: Омар, наашаа хүрээд ир. За, хэл дээ, чи энэ бүжгийг хаанаас сурсан бэ?

Омар: Мэдээж Хадарагаас шүү дээ.  Та ёстой хачин юм асуух юм аа.

Харуба: Сауссен?

Сауссен: За?

Харуба: Миний өвөөг хэн гэдэг байсныг хэлээд өгөөч?

Сауссен: Хадара юу, эсвэл нөгөөх нь үү?

Харуба: Хадара гэдэг нь зөв өө. Тэр чиний хамаатан уу?

Сауссен: Тийм ээ. Тэр манай эмээгийн эгчтэй гэрлэсэн.

Харуба: Тэр хаана өсөж том болсон бэ?

Сауссен: Цөлд тэмээн хяруулуудын хамт. Та мэднэ шүү дээ. Юу болсон юм бэ?

Харуба: Юу ч биш дээ. Явж тогло.

Сан Дел Ренак: Үнэхээр итгэмээргүй юм!  Гэхдээ энэ үнэхээр боломжтой гэж үү? Би бүгдийг нь мэдмээр байна. Надад бүгдийг хэл л дээ.

Харуба: Хадара хуучны найзтайгаа хамт цөлөөр  хэдэн өдрийн турш аялжээ. Тэр кактусаас ус ууж,  хилэнцэт хорхой идэх гээд цөлийн амьдралд байдаг л  зүйлсийг хийжээ. Тэгтэл тэр бүрмөсөн мартчихсан  байсан нэг зүйлээ олж харжээ. Түүний зүрх хурдан цохилж байсан ч  тэр яагаад гэдгийг мэдсэнгүй. Тэр газар түүнийг соронз мэт  өөртөө татаж байлаа.

Фатма: ♪ Миний бяцхан Хадара, миний ганц хүү ♪ ♪ Сахарын цөлийн дээр  гялалзах одод шиг үзэсгэлэнтэй чи минь♪

Харуба: Түүнээс хойш тэр нэг заагийг  давчихсан мэт санагдаж заавал учрыг нь олох  хэрэгтэйгээ ойлгожээ. Тэр Сахарад "намайг битгий орхиоч"  гэж хэлэв. Гэвч сүүлчийн бүжиглэх цаг нь болж,  Хадара ч үүнийг ойлгож байлаа.  Тэд хамтдаа олон зүйлийг туулсан ч Хадара энэ бүхнийг даван гарч чадах эсэхээ мэдэхгүй байлаа. Харин орлуулшгүй нэгэн болох Маког заавал олох хэрэгтэйг тэр мэдэрч байв. Тэгээд л тэр сая нэг зориг  гарган түүнээс асуужээ. “Яагаад надад далавч байдаггүй юм бэ?  Яагаад би бусад дэгдээхий шиг биш юм бэ?” Мако хариуд нь “Би чамайг өсгөсөн.” “Чи миний хүү мөн ч гэсэн тэмээн хяруул биш.” Хадара цочирджээ. "Би тэмээн хяруул биш." "Би тэмээн хяруул биш." Түүний чихэнд ганцхан үг  дахин дахин сонсогдоно. “Ээж чинь...” Гэвч Мако л түүний ээж нь байсан шүү дээ. Чи оддыг юу гэдгийг мэдэх үү?

Сан Дел Ренак: Нарны цацрагийн инээмсэглэл.

Харуба: Бидний хувьд одод бол тэнгэрт усны ундарга  хайж яваа тэмээн хяруулууд. Миний усны ундарга бол миний нутаг. Би энд төрж, үүнээс өөр юу байдгийг ч мэдэхгүй. Гэхдээ эндээс явахын тулд чадах бүхнээ хийнэ ээ. Би ажил хийж, сургалтын төлбөрөө олно. Амжилтад хүрч, гэр бүлдээ ч, эх орондоо ч тусална. Харин чиний усны ундарга хаана байдаг юм бэ?

Сан Дел Ренак: Би мэдэхгүй ээ.

Харуба: Хадара ч бас мэдэхгүй байлаа. Тэр ч байтугай өөрийгөө  хэн гэдгийг ч мэддэггүй байв. Хогг Хадараг өөрийнх нь итгэдэггүй энэ  бүгдээс хол байлгахыг хүсдэг байлаа. Харин Хадарагийн хувьд энэ бүхэн  эрдэнэс мэт үнэ цэнтэй байв. Тиймээс тэр анх удаа Хоггтой  сөргөлдөж, улмаар тэд маргалджээ.

Тэмээчин эр 2: За, хөдөлцгөөе! Удахгүй юу? Явцгаая! Одоо л нэг үгэнд орох нь уу?  Тэнэг тэмээ минь, хөдөл! Новш чинь! Чамд анхааруулж байна шүү!  Хурдлахгүй бол чамайг хүлж орхино доо! Алив ээ, хөдөл л дөө! Алив ээ, юугаа хүлээгээд байгаа юм? Одоо миний  үгэнд орохгүй гээд яах юм! Хөдөл, новш минь!

Харуба: Тэр ийм амьтантай адилхан байгаадаа  огтхон ч бахархахгүй байлаа.

Тэмээчин эр 2: Алив ээ, хурдлаарай!

Харуба: Яг тэр мөчид тэр ирсэн юм.

Сан Дел Ренак: Хэн?

Харуба: Хадарагийн хувь тавиланг өөрчилсөн хүн.

Зураг авалтын эр 1: Чи тэр ногоон хайрцгийг хаана тавьчихсан юм бэ?

Кристиан: Баярлалаа.

Зураг авалтын эр 2: За, энэ киноны хальсыг ав.

Зураг авалтын эр 1: За.

Зураг авалтын эр 2: Май, бариарай!

Найруулагч эр 1: Эрни?

Эрни: За?

Найруулагч эр 1: Энэ киноны проектор шүү дээ.

Зураг авалтын эр 1: Надад дагалдах хэрэгслүүд нь хэрэгтэй байна.  Нааш нь өгчих.

Зураг авалтын эр 2: Ойлголоо, Жон, би чамд аваад ирье.

Зураг авалтын эр 1: Үүнийг хаана хийх юм бэ?

Зураг авалтын эр 2: Нааш нь өгчих.

Зураг авалтын эр 3: Наадхаа тогоочид өгчих дөө.

Зураг авалтын эр 1: Ногоотой шөл!

Кристиан: Толгой ороох алчууртай хүн байна уу? Тиймэрхүү ороолт хаанаас олж болохыг мэдэх үү?

Зураг авалтын эр 1: Болгоомжтой, энд тавьж болохгүй.  Наанаа биш, цаана нь тавьсан нь дээр.

Зураг авалтын эр 2: Яг зөв, майханд одоо ч зайтай байна.

Зураг авалтын эр 1: Тэнд.

Зураг авалтын эр 2: Машинуудыг өөр газар тавих уу,  эсвэл энд нь үлдээх үү?

Найруулагч эр 1: Кристиан?

Кристиан: За?

Найруулагч эр 1: Наашаа түр хүрээд ирж болох уу?

Кристиан: Тэгье.

Найруулагч эр 1: Эд нар жинхэнэ камер биш, тоглоомон камерууд.

Кристиан: Надад харуул даа.

Найруулагч эр 1: Ажиллаж байна.

Кристиан: Тиймэрхүү толгой ороодог ороолт хаанаас  олж болохыг чи мэдэх үү?

Ибрахим: Аажуухан, яаралгүй.

Кристиан: Аажуухан гэнэ ээ? Над руу хар даа. Бид нэг л нарны дор байхад би хөлстэйгөө  зууралдаж, харин чи огт хөлрөхгүй юм. Солиотой юм. Чи энд юу хийж байгаа юм?

Ибрахим: Зураг авалт маргаашаас эхэлж болно. Долоон зээр байна. Хоёр нь эр, тав нь эм. Нэг нь хугарсан эвэртэй, зүс нь бусдаасаа бараан. Чи надад итгэхгүй байна, тийм үү?

Кристиан: Тийм ээ, энд би санаанд багтамгүй олон  хачин зүйл харсан болохоор тэр. Тэгээд ч чамайг цөлийн мөрдөгч гэж  дууддаг биз дээ?

Ибрахим: Таны мэдэлд.

Кристиан: Тэр юу вэ?

Ибрахим: Тийм ээ, тэр юу вэ? Жижигхэн цэцгийн баглаа тээглэчхэж.

Кристиан: Алив ээ, түүнийг гаргацгаая.

Ибрахим: Үгүй ээ, үгүй, үгүй. Бид энд  байгалийн хуульд хөндлөнгөөс оролцдоггүй.

Кристиан: Ибрахим, гуйя. Миний усны савыг барьж бай. Бид зүгээр л түүнийг тэндээс  гаргаж авах гэж байна. Тэр ганцаараа үлдвэл үхнэ шүү дээ.

Ибрахим: Магадгүй ээ, гэхдээ тэр л байгалийн хууль шүү дээ.

Кристиан: За, би түүнийг аваръя. Харин чи хүссэнээ хий. За, алив ээ.

Ибрахим: Кристиан, чи ингэж болохгүй ээ.

Кристиан: Тэгээд юу гэж? Алив ээ.

Ибрахим: Кристиан.

Кристиан: Үүнийг хар даа. Танилцуулж болох уу? Цөлийн мөрдөгч.

Ибрахим: Гэхдээ бид түүнийг суллана шүү.

Кристиан: Тэгнэ ээ, зүгээр л тэр дээр аваачих гэж байна.

Ибрахим: Бид түүнийг авч явахгүй шүү.

Кристиан: Үгүй ээ, тэгэхгүй дээ.

Ибрахим: Түүнд гэр бүл байгаа.

Кристиан: Мэдэж байна даа. Би түүнийг суллана аа.

Ибрахим: Түүнийг энд үлдээ.

Кристиан: Би түүнийг толгодын орой дээр аваачна.  Тэгээд л болоо. Юу ч биш дээ.

Зураг авалтын эр 1: Юу байна даа?

Кристиан: Зүйтэй. Түр хүлээгээрэй. Зүйтэй! Буцаад ир! Чи яагаад юу ч хэлсэнгүй вэ? Би ойлгохгүй байна. Би галзуу биш ээ. Тэр тэнд байсан. Тэр яг л араатан амьтан шиг байсан. Тэр бусдаас өөр гэдэг нь илт байсан. Тэр ярихгүй, зүгээр л исгэрээд байсан.

Ибрахим: Тэмээн хяруул шиг уу?

Кристиан: Чи түүнийг харсан л байна шүү дээ!  Би галзуураагүй. Тэр хамаатнаа авахыг хүссэн байх. Тэр амьтадтай хамт амьдардаг нь гарцаагүй. Энэ чинь солиотой гэмээр,  хосгүй, онцгой зүйл шүү дээ. Ойлгож байна уу? Жинхэнэ зэрлэг хүүхэд. Хэрэв би энэ тухай сурвалжилбал зууны мэдээ болно. Ийм боломжийг би зүгээр өнгөрөөж болохгүй.

Ибрахим: Юу ч зүгээр нэг тохиолдлоор бий болдоггүй.

Кристиан: Чиний энэ улиг болсон үгс  бүүр намайг залхааж байна. "Юу ч зүгээр нэг тохиолдлоор бий болдоггүй."  “Үнэн голын адагт бий.”

Харуба: Тэр өдрийн тэмдэглэлээ үлдээсэн. Май, надтай хамт унш л даа.

Мэнди: Ав л даа.

Харуба: Үргэлжлүүл.

Сан Дел Ренак: "Би тэдэнд үүний тухай хэлж, тэднийг надтай хамт түүнийг хайж олоод  буцааж авчрахыг ятгасан юм."

Кристиан: Гэвч хэд хоног хайсан ч  өнөөх хүүхдийн сураг огт гарсангүй. Мөр байна шүү дээ. Мөр хаа сайгүй байна. Одоо ч энд байна. Надад баримт байна. Ибрахим, үүнийг хар даа! Хар даа. Энд байгаа мөрүүдийг уншаад үз. Тэднийг хаашаа явсныг надад хэл л дээ.

Ибрахим: Би юу ч харж чадахгүй байна.

Кристиан: Юу, чи харахгүй байна гэнэ ээ?  Чи бүүр харсан ч үгүй шүү дээ. Чи чинь цөлийн мөрдөгч гээ биз дээ? Чи төөрсөн байна, Ибрахим.

Ибрахим: Үгүй ээ, чи л төөрөөд байна.

Кристиан: Алив ээ, явцгаая. Би Холливудийн нэгэн найруулагчийг  энэ төсөлд оролцохыг ятгаж чадсан юм. Тэр өнөөг хүртэл  биднийг алсаас санхүүжүүлж ирсэн ч юу болж байгааг өөрийн нүдээр  харахыг хүссэн болохоор хүрээд ирсэн. Биднийг Нью-Йоркт уулзахад тэр  "Хөөе, Крис! Уулзахад таатай байна" гэсэн. Баярлалаа.

Зураг авалтын эр 1: Төлөө.

Кристиан: Надад сайн мэдээ байна. Бид хүүхэд болон тэмээн хяруулын мөрийг олсон. Тэгэхээр бид удахгүй түүнийг  заавал олно гэсэн үг.

Найруулагч эр 2: Сайн байна, Крис. Би ч бас сайн ажилласан. Энэ түүхээс хоёр ч кино хийж болох  юм гэж бодож байна. Эхний кинонд бидний тухай, тэр хүүг  хэрхэн хайж байгаа тухай гарна, ойлгов уу? Харин хоёр дахь кинонд  түүнийг Нью Йоркт авчирна. Тэнд очоод тэр орчин үеийн соёл  иргэншлийн гайхамшгуудтай танилцана. Ойлгов уу?

Найруулагч эр 1: Харин гуравдугаар ангид  тэр энгийн хүн болж хувирна. Бид түүнийг хувцаслах болно оо.

Найруулагч эр 2: Тийм ээ.

Найруулагч эр 1: Бид түүнд биеэ зөв авч явах ёс, боловсон зан,  цэгцтэй сайхан ярьж сурахыг зааж өгнө. Бас яаж ярилцлага өгөхийг ч заах болно.

Найруулагч эр 2: Гайхалтай санаа байна. Крис?

Кристиан: Тийм ээ, сайхан санаа байна.

Найруулагч эр 2: Маш сайн байна. Ноёд оо, хундагаа өргөцгөөе!

Кристиан: За, би жаахан салхилж байгаад ирье.  Удахгүй уулзъя.

Зураг авалтын эр 1: Дараа уулзъя. Төлөө.

Кристиан: Төсөл миний төсөөлж байснаас  огт өөрөөр өрнөсөн.

Найруулагч эр 2: Гуравдугаар анги...

Найруулагч эр 1: Мөн дөрөвдүгээр анги ч бас.

Кристиан: Надад тухгүй санагдаж байлаа.

Найруулагч эр 1: Бид түүнд татвараа хэрхэн төлөх,  нохойгоо салхилуулах, гольф тоглохыг зааж өгнө.

Найруулагч эр 2: Дараа нь тэр цөл рүү буцаж, тэмээн  хяруулын гэр бүлтэйгээ эргэн нэгдэж болно. Бид түүний бүх түүхийг мюзикл кино  болгож ч болох юм. Энд гэрлүүлж ч болно.

Ибрахим: Уг нь бүх зүйл маш энгийн шүү дээ.

Кристиан: Бид хаашаа явж байгаа юм? Би урьд өмнө хэзээ ч ийм  үзэсгэлэнтэй зүйл харж байгаагүй. Би анх удаа эрх чөлөөтэй, хэний ч эрхшээлд  ороогүй хүний оршихуйг олж харсан юм. Түүнийг зугтаахад би юу болоод өнгөрснийг ч  ойлгоогүй хоцорсон юм. Би юу хийх хэрэгтэй вэ? Хэдэн долоо хоногийн турш би түүнийг барьж  судлах боломжтой эсэхэд эргэлзсээр байлаа. Эсвэл зүгээр л түүний орхих ёстой юу гэж? Зүйтэй. Тэгээд би ойлгосон юм. Би энэ амар амгалан, зохилдолгоог бусниулж,  ийм хосгүй нэгнийг алиалагч сармагчин шиг үзүүлбэрийн  хэрэгсэл болгох эрхгүй байлаа.

Найруулагч эр 2: Кристиан? Хөөе, Кристиан!

Кристиан: За? Яасан?

Найруулагч эр 2: Аялал ямар үр дүнтэй болсон бэ?

Кристиан: Миний хувьд... Бид юу ч олоогүй ээ, ямар ул мөр байгаагүй. Бид хайхаа болих хэрэгтэй.

Найруулагч эр 2: Өршөөгөөрэй? Уучлаарай, гэхдээ тэгэх боломжгүй. Сонсооч, Кристиан, бид энэ цөлд гурван долоо  хоног дэмий сууж байна. Киноны төсөв дууссан. Тэр хүү хаана байна? Бид ямар ч байсан түүнийг  өөрсөдтэйгөө авч явах ёстой, ойлгов уу?

Кристиан: Тийм хүүхэд анхнаасаа байгаагүй юм.

Найруулагч эр 2: Өршөөгөөрэй?

Найруулагч эр 1: Юу гэнэ ээ?

Кристиан: Түүнийг харсан гэж бодсон  шөнө би согтуу байсан юм. Түүнээс хойш Ибрахим бид хоёр түүнийг  хаа сайгүй хайсан ч нэмэр болсонгүй.

Найруулагч эр 2: Тэгвэл тэр ул мөрүүд, чиний ярьж өгсөн бүх түүхийг юу гэж тайлбарлах юм?

Кристиан: Би худлаа ярьсан юм.

Найруулагч эр 2: Худлаа ярьсан гэнэ ээ? Яасан гэнэ ээ?

Кристиан: Би худлаа ярьсан юм. Худал хэлсэн.

Найруулагч эр 2: Новш гэж, Кристиан! Би чамд итгэж байсан. Юу гээч? Би чамтай уулзсандаа харамсаж байна. Чи худалч, арчаагүй амьтан!  Үүнийхээ горыг амсана даа! Чи дахиж хэзээ ч ажил олж хийхгүй! Чи дууслаа! Бүх зүйл чинь өнгөрсөн!

Кристиан: Би карьераа сүйрүүлсэн байлаа. Гэхдээ үүндээ хэзээ ч  харамсахгүй гэдгээ мэдэж байв. Баярлалаа, найз минь.

Ибрахим: Би үүнийг хэзээ ч мартахгүй ээ.

Кристиан: Би энэ хүүхдийн тухай хэзээ ч ярихгүй. Түүний гэр бүлийн талаар сурагла. Хэрэв гэр бүл нь амьд сэрүүн байгаа бол  ээжид нь хүү нь амьд гэдгийг дуулга. Бас түүнийг онцгой нэгэн гэдгийг хэлээрэй. Надад үүнийг амла.

Ибрахим: Амлаж байна аа, ах минь.

Кристиан: Бас нэг зүйл байна. Хэрэв чи хэзээ нэгэн өдөр цөлийн хүүхдийг олбол  үүнийг намайг өгсөн гэж түүнд хэлээрэй. Дараа уулзъя, Ибрахим.

Харуба: Тиймээс л чи бас энэ түүхийг мэддэг юм. Энэ бол Ибрахим болон Кристиан хоёрын замд гарсан өдрийн зураг.

Мэнди: Аав байна.

Сан Дел Ренак: Кристиан миний өвөө байсан юм уу? Өвөө...

Харуба: Чи одоо ойлгож байна уу?

Сан Дел Ренак: "Би алдар нэрд хүрэх мөрөөдөлтэй байсан." "Сэтгүүлч болж,  хүмүүст олон түүх хүргэхийг хүссэн.”

Кристиан: Гэвч нэг хүүхдийг хамгаалахын тулд  би дуугүй байхаар шийдсэн. Карьераа ч, нэр хүндээ ч золиосолсон юм. Би гэм зэмгүй хүнийг  аврахын тулд худал хэлсэн. Нэр төрөө алдаж байснаас  луйварчин гэж ад үзэгдсэн нь дээр. Учир нь ёс суртахууны зарчим,  хэм хэмжээгүй жаахан хүү надад жинхэнэ хүн байна гэдэг  ямар утгатайг ойлгуулсан юм.

Харуба: Чи яагаад зогсчхов оо?

Сан Дел Ренак: Учир нь би яахаа мэдэхгүй байна. Бас энэ түүхийг бусдад ярих эрх  надад бий эсэхэд эргэлзэж байна.

Харуба: Харин ч эсрэгээрээ, чи заавал ярих ёстой.

Сан Дел Ренак: Өвөө л энэ бүхнийг нууцалж ирсэн шүү дээ.  Тэгтэл би яагаад ярих ёстой гэж?

Харуба: Чи ойлгохгүй байна. Энэ түүх хэзээ ч нууц байгаагүй. Энэ түүхийг ам дамжуулан ярьсаар ирсэн. Ядаж л ингэснээр хэн сонсож  байгааг мэдэж болдог байлаа. Бид Хадараг ингэж л хамгаалж ирсэн. Гэхдээ одоо Хадара өөд болсон. Аль эртнээс л ийм байсан юм. Гэрчүүд нэг нэгээрээ хорвоог орхиж,  тэдэнтэй хамт түүний домог ч мартагдсаар байна. Тиймээс өвөөгийн маань домгийг чадах  чинээгээрээ амьд байлгаж өгөөрэй. Тэдгээрийг бичиж үлдээ.

Сан Дел Ренак: Ойлголоо.

Сан Дел Ренак: Түүхийг үргэлжлүүл.

Харуба: Мөн... Тэр өдрөөс хойш Ибрахим амласандаа хүрч, цөлийнхний дуу хоолойг  хүмүүст хүргэж эхэлсэн юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нүүдэлчид,  хоньчид, тэмээчид энэ мэдээг түгээсээр байлаа.

Тэмээчин эр 3: Хөөе, буцаад ир! Зогс!

Хүүхэд эр 2: Би тэднийг Хадараг бариасай гэж хүсэхгүй байна.

Харуба: Чи аль хэдийн орондоо орсон байх ёстой шүү дээ.

Хүүхэд эр 2: Унтаж чадахгүй байна.

Хүүхэд эм 1: Би ч бас.

Хүүхэд эм 2: Би ч гэсэн.

Омар: Гуйя, түүхээ ярьж дуусга л даа.

Хүүхэд эр 2: Би ч гэсэн.

Харуба: Гэхдээ та нар цээжээр мэддэг шүү дээ.

Хүүхэд эм 1: Гэхдээ та өмнө нь ингэж  ярьж өгч байгаагүй шүү дээ.

Омар: Та тэдэнд үнэхээр сайхан ярьж өгч байна. Гуйя!

Харуба: Тэд түүнийг хоёр хоногийн турш дагасан. Тэгээд түүнийг явуулсан.

Тэмээчин эр 3: Мухаммед! Алив ээ, наанаа байж бай.

Харуба: Түүнээс  хэдхэн метрийн цаана, зүүд бүрд нь үзэгддэг  тэр эмэгтэй зогсож байлаа.

Фатма: Хадара? Миний хүү?

Харуба: Түүний толгойд ганцхан үг улам бүүр  тодоор цуурайтсаар байлаа. "Ээж ээ?"

Фатма: Мөн байна! Хадара байна.

Харуба: "Ээж."

Фатма: Хадара.

Харуба: "Ээж ээ."

Олны хэсэг эмэгтэй 1: Тэр мөн байна!

Олны хэсэг эмэгтэй 2: Хадара.

Харуба: Тэр танил бус орчинд төөрөлдөж, айж балмагдсан байлаа. Гэвч дахин зугтах гэж оролдсонгүй.

Саид: Баярлалаа. Маш их баярлалаа.

Харуба: Тэр өмнө нь тэмээн хяруул  шиг амьдарч байсан бол одоо хүн болж сурах хэрэгтэй байлаа.

Сан Дел Ренак: Тэр чадсан уу?

Харуба: Амаргүй байсан. Удаан хугацаанд тэр өөрийнхөө хэн болохыг  ойлгох, дахин олж уулзсан ээждээ дасах, бас алдсан эрх чөлөөгөө орхих  эсэхээ шийдэж чадахгүй байсан. Гэвч нэг л өдөр бүх  зүйл гэнэт өөрчлөгдсөн юм. Түүний зүрх урьд өмнөхөөсөө илүү хүчтэй  цохилохыг тэр мэдэрчээ. Миний эмээ болох од шиг  гялалзсан нүдтэй тэр охиныг харангуутаа л тэр энд үлдэхээр шийдсэн. Тэд гэрлэж, таван хүүхэдтэй болсон. Энэ бол Хадарагийн цорын ганц зураг. Алив. Эндээс ямар үзэсгэлэнтэй харагдаж  байгааг хар л даа. Төлөвлөгөө чинь хэвээрээ юу?  Чи үргэлжлэлийг нь бичих үү?

Сан Дел Ренак: Өвөө минь энэ түүх хүмүүсийн амьдралыг  өөрчилж чадна гэж үргэлж хэлдэг байсан юм. Би түүнийг миний амьдралыг хэлж байна  гэж бодсон ч андуурчээ. Чи энэ түүхийг заавал бичиж үлдээх хэрэгтэй.  Учир нь энэ бол чиний түүх.

Харуба: Үгүй ээ, би яаж бичихээ мэдэхгүй байна.

Сан Дел Ренак: Чи сая биччихлээ шүү дээ, Харуба. Усны ундаргадаа хэрхэн хүрдгийг чинь  энэ түүх харуулж байна.

Харуба: Эцэг эхтэйгээ дахин уулзсаны  дараа Хадара цөлд амьдардаг тэмээн хяруулын  гэр бүлдээ байнга очдог байлаа. Тэмээн хяруулууд  түүнийг хэзээ ч мартаагүй.  Хадара ч тэднийг хайрлахаа  хэзээ ч болиогүй юм.  Энэ бол бодит түүх.  Түүний нэрийг Хадара гэдэг байсан юм.

 TRAILER

Сан Дел Ренак: Намайг бага байхад өвөө минь надад Хадарагийн тухай түүх ярьж өгдөг байлаа. Агуу хувь тавилантай бяцхан хүүгийн тухай түүх.

Сан Дел Ренак: Энэ нандин бэлгийг зөвхөн өөртөө хадгалахыг хүсээгүй учраас би бичсэн юм.

Текст: СТУДИОКАНАЛ КАНАЛ+КОМПАНИ

Саны бие төлөөлөгч/агент: Надад өөр нэг гэнэтийн бэлэг байна. Та хоёр Сахарын цөлд очихоор уригдсан.

Харуба: Тавтай морил. Чамайг түүхийг бүтэн мэдэхгүй болохоор чинь би энд урьсан юм.

Сан Дел Ренак: Би ойлгохгүй байна.

Харуба:  Хадарагийн түүх бол бодит түүх. Энэ бол бидний тухай түүх.

Хадара: Ээж ээ.

Фатма: Хадара.

Харуба: Тэр өдөр тэр амьд гарах аргагүй аймшигт элсэн шуургыг даван туулсан ч төөрч, цор ганцаараа үлдсэн юм.

Текст: FROM THE DIRECTOR OF MIA AND THE WHITE LION

Харуба: Хадара цөлийг өөрийн гэрээ болгон хүлээн авч, цөл ч бас\N түүнийг өөрийн нэгэн хэсэг болгон тэвэрчээ. Яг тэр мөчид тэр ирсэн юм.  Тэр өдрөөс хойш түүний хувь тавилан үүрд өөрчлөгдсөн юм.

Кристиан: Маргаашнаас хайж эхэлж болно. Тэр юу вэ? Мөр хаа сайгүй байна. Хүлээгээрэй. амьтадтай хамт амьдардаг гэдэгт би итгэлтэй байна. Үнэхээр хосгүй, гайхалтай зүйл шүү.

Харуба: Одоо чи ойлгож байна уу? Бид хоёулаа энэ түүхийн нэг хэсэг.

Харуба: Энэ бүх зүйлийг өөрчилсөн.

Текст: ИТГЭМЭЭРГҮЙ ГАЙХАЛТАЙ БОДИТ ТҮҮХИЙГ ОЛЖ НЭЭ

Фатма:  Хэдийгээр 12 жил өнгөрсөн ч гэсэн би түүнийг амьд гэдэгт итгэж байна.

Текст: ДОМГИЙН ЦААНА НУУГДСАН

Фатма:  Бид түүнийг олох болно.

Текст: ҮНЭН ТҮҮХИЙГ НЭЭЖ, ӨӨРИЙНХӨӨ ЖИНХЭНЭ БАЙР СУУРИЙГ ОЛ

Кристиан: Би урьд өмнө хэзээ ч ийм зүйл харж байгаагүй. Би анх удаа эрх чөлөөтэй, хэний ч эрхшээлд ороогүй хүний оршихуйг олж харсан юм. Түүний гэр бүлийг олцгооё.

Харуба: Домгийг амьд байлга.

Текст: ЖИЛЬ ДЕ МЭСТРИЙН НАЙРУУЛСАН КИНО  “ЦӨЛИЙН ХҮҮХЭД”

Текст: ТУН УДАХГҮЙ КИНО ТЕАТРУУДААР

 

Back to episodes Go home