Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 29
Нэр: Sleep no more 23/10/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Путри – эмэгтэй, 30-40 насны, гол дүр
Ида – эмэгтэй, 20-30 насны, Путригийн дүү
Бона – эрэгтэй, 18-25 насны, Путри, Ида хоёрын дүү
Маряти – эмэгтэй, 70-80 насны, хиймэл үсний үйлдвэрийн дарга
Маряти (хүүхэд) – эмэгтэй, 7-8 насны
Руди – эрэгтэй, 30-40 насны, үйлдвэрийн ажилтан
Мими – эмэгтэй, 25-35 насны, үйлдвэрийн ажилтан
Сри – эмэгтэй, 70-80 насны, үйлдвэрийн ажилтан
Ажэн – эмэгтэй, 50-60 насны, үйлдвэрийн ажилтан
Тохар – эрэгтэй, 30-40 насны, үйлдвэрийн ажилтан
Сони – эрэгтэй, 25-35 насны, үйлдвэрийн ажилтан
Аббас – эрэгтэй, 40-50 насны, үйлдвэрийн харуул
Маряти: Мөнх Ногоон компанийн хүндэт ажилчид аа, та бүхэн өглөөг хэрхэн эхлүүлж байна? Урам зоригтой ажиллаарай! Ирээдүйнхээ төлөө! Маргаашийн сайн сайхны төлөө! Та бүхэнд дуулгах таатай мэдээтэй. Маргааш өглөөнөөс эхлээд өдөрт 15 минутын завсарлагаа олгох төлөвлөгөөтэй байна. Догдолж байна уу? Завсарлагааны цагтаа бүгд хамтдаа дасгал хөдөлгөөн хийх болно оо. Та бүхний эрүүл мэнд сайжирч, бүгд илүү дотно болж, ажлаа ч илүү сайн хийх юм.
Текст: АВГУСТИНА. 1970 ОНЫ 1-Р САРЫН 23-НД ТӨРСӨН. 2024 ОНЫ 6-Р САРЫН 21-НД НАС БАРСАН. МӨНХ НОГООН КОМПАНИ
Эр 1: Лонхнуудыг нь шилээр хийсэн.
Эр 2: Ногоон нь биз дээ?
Эр 1: Тийм ээ, ёстой л эрч хүчтэй болгодог эд дээ. Нойр сэргээдэг юм.
Эр 2: Гэхдээ бөөрөнд муу гэж дуулсан.
Эр 1: Тэр ч яах вэ. Хүн чинь хоёр бөөртэй биз дээ?
Эр 3: Цалин 20 хувиар нэмэгдсэн гэнэ лээ. Үнэн үү, хатагтай Ажэн?
Эр 4: Тийм л байх. Дугтуй арай зузаан санагдаад байна. Одоо нөгөө гялалзсан гутлаа авч болох нь дээ.
Руди: Рудид. Хатагтай Мими. Баярлалаа.
Эр 5: Хатагтай, таны гарын үсэг таарч байх ёстой шүү. Дараа нь, үүний дэргэд зураарай.
Эм 1: Гэхдээ энэ миний гарын үсэг мөн шүү дээ.
Эр 5: Та нэг цэг хаячхаж ээ.
Текст: МӨНХ НОГООН КОМПАНИ
Сри: Путри. Араасаа ямар Августина шиг харагддаг юм бэ? Дотор арзайчихлаа байна. Чи хэр байна даа? Сүүлд ирснээс чинь хойш их уджээ. Ангийнхаа шилдэг төгсөгч болсонд нь баяр хүргэе. Ээж чинь ямар их баярласан гээ.
Путри: Би биш ээ, эгч ээ. Манай дүү Ида байгаа юм.
Сри: Ээж чинь энэ үйлдвэрийн үлгэр жишээ ажилчин байсан. Илүү цагаар сууж ажиллана. Бусад ажилчдын хувьд сайн үлгэр жишээ. Тэр...
Путри: Эгч ээ... Ээж яагаад амиа хорлосон юм?
Маряти: Мөнх Ногоон компанийн хүндэт ажилчид аа, та бүхэн өглөөг хэрхэн эхлүүлж байна? Та бүхнийг өдөр шөнөгүй ямар сайн ажиллаж байгааг би сайн мэднэ ээ. Энэ бол ирээдүйн сайн сайхны төлөө юм шүү. Та нарт дуулгах өөр нэг таатай мэдээтэй. Сайн ажилласны чинь хариуд илүү цагийн мөнгө болгож 20 хувийн нэмэгдэл өгөхөөр болсон. Дээр нь нэмээд одоор оноо өгөх тогтолцоо хүчинтэй хэвээр байгаа. Эрүүл мэнддээ анхаарч, аз жаргалтай байхыг хүсье! Ээжтэйгээ хэзээ хамгийн сүүлд холбоо барьсан бэ?
Путри: Хэдэн сарын өмнө байх аа. Яасан?
Маряти: Асуудлаасаа гарах арга олохоо больсон хүмүүсийн хувьд амиа хорлолт гэдэг хамгийн дөт зам.
Путри: Ихэнхдээ ажилтай хүмүүсийн хамгийн том асуудал ажил нь л байдаг юм даа. Сри эгч түрүүн хэлсэн юм аа. Ээж байнга илүү цагаар суудаг байсан гэж. Яагаад тэгсэн юм?
Маряти: Ээж чинь үйлдвэрт тавьсан өрөө төлж дуусгахын тулд нэмж мөнгө олохоор илүү ажил хийдэг байсан юм.
Путри: Өр өө?
Маряти: Гэр бүлийн асуудал гэдэг байсан. Чамд ч бас хамаатай л байсан байлгүй.
Путри: Надад энэ их мөнгийг явуулдаг байсан бол миний асуудал аль эрт арилчих байлаа. Тэр гажиг амьтан л хамгийг нь үрээ биз. За за, одоо яах вэ?
Маряти: Ээж чинь өрөө төлж дуусаагүй. Тэгэхээр хэн нэгэн төлөх л учиртай.
Путри: Надад тийм их мөнгө байхгүй ээ, хатагтай.
Маряти: Өөр арга үргэлж бий.
Путри: Байна уу?
Эр 1: Хөөе, хаана байгаа юм? Би муурыг чинь заавал нэг тийш болгох ёстой юм уу?
Путри: Муур аа? Би муургүй шүү дээ. Хөршийн муур юм байлгүй.
Эр 1: Битгий маяглаад бай, өлөгчин минь. Би муурыг чинь шорлог болгоод өгөх юм уу?
Путри: Үгүй ээ! Жерукийг зүгээр орхи! Жерук! Жерук! Гэмтээсэн байгаад үзээрэй.
Эр 1: Тэгвэл мөнгөө төлөөч дээ, өлөгчин минь!
Путри: Дараа сард өгье өө.
Эр 1: Хөөе, өлөгчин минь! Өнгөрсөн сард ч бас наад үгээ хэлсэн дээ.
Путри: Эрхэм ээ, би саяхан л энд ирж байна. Ээжийгээ ч саяхан оршуулсан. Би зугтахгүй дээ. Байна уу? Эрхэм ээ? Байна уу?
Эр 1: Нэг долоо хоног л өгье, үгүй бол муур чинь шорлог болно гэж мэд!
Текст: МӨНХ НОГООН КОМПАНИЙН АЖИЛЧДЫН ДОТУУР БАЙР АВГУСТИНА
Путри: Ида! Муу новш. Юу хийгээд байгаа юм?
Ида: Ээжийг яагаад үхсэнийг мэдэх гээд байгаа ганц хүн нь та биш шүү дээ. Бид хэд ч бас мэдмээр байна.
Путри: Бид ээ?
Ида: За, дараа болъё оо.
Путри: Бона байгаа юм уу? Хөөе, гажиг аа. Ээж тэр чөтгөр шиг жаалыг чамд даатгаа юу?
Ида: Эгч ээ, би буцаад үйлдвэрт өдрийн ажил хиймээр байна. Илүү цагаар ажиллавал бас л муугүй цалинтай шүү дээ. Ээжийн өрийг төлөхөд бас тусалж болно. Тийм биз?
Путри: Үнэхээр үү? Ангийнхаа шилдэг сурагч нь байж үйлдвэрт ажиллах юм уу? Ээж амьд байсан бол юу гэх байсан бол?
Ида: Норчихсон байх юм! Путри эгч ээ! Бонагийн чих!
Текст: НЭГ ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ӨРӨӨ ТӨЛ!
Путри: Битгий санаа зов оо. Чих нь буцаад ургачих юм чинь.
Текст: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН НЭХЭМЖЛЭХ ХУУДАС
Ида: Эгч ээ, гарын үсгээ зураарай. Ядаж л бүгдээрээ жаахан мөнгө авна. Танд ямар хэрэггүй эд байгаа биш. Ээж бид гуравт л зориулж үүнийг нээгээ биз.
Путри: Ээж, охин хоёр хоёулаа ч гаж улс юм даа. Бона чамд даатгалын мөнгийг нь ав гэж хэлсэн үү? Тэр чинь манай дүү биш, чөтгөрийн хүүхэд. Өөрийнхөө хэрэгт л анхаар.
Эм 1: Бичиг баримт нь энэ, эрхэм ээ.
Эр 1: За. Үүнийг аваачаад, шалгаарай.
Эм 1: За, эрхэм ээ. Үүнийг шалгаад өгөөч.
Эм 2: Бичиг баримтаа өгөөрэй.
Эм 1: За, одоохон.
Автомат хоолой эм: Дахин оролдоно уу.
Путри: Эрхэм ээ, болдоггүй ээ.
Эр 1: За, хүлээгээрэй. Дахиад нэг үз дээ.
Автомат хоолой эм: Баярлалаа.
Эр 1: Энэ багаж хэрэгсэл, дүрэмт хувцас байна. Шатаар шууд дээшээ гараарай. За.
Путри: Баярлалаа, эрхэм ээ.
Маряти: Мөнх Ногоон компанийн хүндэт ажилчид аа, та бүхэн өглөөг хэрхэн эхлүүлж байна? Нөхөрсөг сануулга өгмөөр байна. Зовлонгоос үүдэлтэй урам зоригоос илүү хүнийг амьд гэдгийг мэдрүүлдэг зүйл үгүй. Амьдрал үргэлж л амар хялбар байна гээд төсөөл. Мухаммед Алигийн хэлснээр: "Битгий бууж өг. Одоо зовсон ч, үлдсэн насаараа аварга болж амьдрах болно." Таван од авсан Мими, Аббас нарт баяр хүргэе. Од нэг бүр нь хүч хөдөлмөр, хөлсний дусал бүрийг илэрхийлэх юм шүү. Од нэг бүр бидэнд хөгжил цэцэглэлтийг авчирна.
Сри: Сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
Путри: Баярлалаа, эгч ээ.
Ида: Хөөе.
Путри: Юу хийж байгаа юм? Үнэхээр энд ажиллах гээ юу?
Ида: Тийм ээ. Гэхдээ өнөөдрөөс эхлэхгүй.
Путри: Баярлалаа, залуус аа. Хэрэггүй байсан юм даа. Саяхан бас цалингаа авсан.
Сри: Зүгээр ав даа, Путри. Бид та нарт туслах гэж чин сэтгэлээсээ мөнгө цуглуулсан юм.
Мими: Алив ээ, Путри. Зүгээр авчих. Дээр манай аав өвдөхөд надад ч бас мөнгө өгч байсан.
Сри: Ээжийнхээ төлөө гээд л бодчих, Путри.
Ажилчид: ♪ Сайн ажиллаж... ♪ ♪ сүүлчийн дусал хөлсөө гарга. ♪ ♪ Хамгийн чухал нь үнэнч зан ♪ ♪ Мөнх ногоон хэзээ ч зогсохгүй ♪
Ида: Ядарч байгаа байх даа. Гэхдээ жаахан будчихвал ийм хөөрхөн болчхож байгаа юм. Их цэмцгэр болгоод өгдөг юм.
Сри: Путри? Бид бүгд үргэлж эрүүл саруул, эрч хүчтэй байх болтугай. Бид бүгд хайрт үйлдвэр Мөнх ногоондоо аль чадлаараа хувь нэмрээ оруулах болтугай. Бидний хувь нэмэр хэчнээн бага ч байсан биднийг харж хандаж байдаг хатагтай Марятид талархлаа илэрхийлж буй хэлбэр болог.
Ажилчид: Энэхүү хүчин чармайлтад бид бүгд гар бие оролцох болтугай. Сайн сайхан ирээдүйн төлөө.
Текст: МӨНХ НОГООН КОМПАНИ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МӨНХ НОГООН КОМПАНИ АЖИЛЧДЫН ДОТУУР БАЙР
Ида: Энэ үйлдвэр бидний ирээдүйтэй ямар холбоотой гэж? Ямар ирээдүйн төлөө тэмцэх ёстой юм бол?
Путри: Олон юм ярихаа боль оо. Ирээдүйн төлөө ч байна уу, өрөө төлөхийн төлөө ч байна уу хамаагүй. Тэмцэх гэдэг чинь сайн зүйл. Өрөө төлчхөөд, шууд аялалд явна аа. Папуа руу явмаар байна. Завиар. Хүссэн үедээ загас идээд л... Ида? Ида?
Ида: Ээжийг чөтгөр хөөж байхыг харсан. Тэр өөрийгөө алаагүй.
Путри: Юу вэ? Нааш ир. Ёстой гаж амьтан шүү.
Текст: АЖИЛ, АЖИЛ, АЖИЛ
Руди: Анд аа, түүнийг Тохар гэдэг байх аа?
Сони: Дөрвөн шөнө цурам хийсэнгүй. Гэртээ харихгүй гээд байгаа.
Руди: Дөрвөн шөнө ий? Чөтгөр шүглэчихсэн юм болов уу?
Сони: Магадгүй л юм. Ихэнхдээ хатагтай Марятитай яриад л, буцаад зүгээр болчихдог доо.
Руди: Даргатай юу?
Сони: Тийм ээ, даргатай. Хэн нэгэнд чөтгөр шүглэвэл даргын өрөөнд аваачдаг. Дарга тэдэнтэй ярилцдаг. Тарни уншаад л, толгойг нь илээд л. Мэдэхгүй юм даа. Тэгээд л зүгээр болчихдог.
Ида: Үгүй ээ.
Путри: Бүгд чиний буруу.
Ида: Байз, юу гэнэ ээ? Бона зүгээр байх аа. Гэхдээ сүүлд сарын өмнө л сураг сонссон доо. Ээж амьд байсан бол хэдүүлээ хаа сайгүй явж, Бонаг хайх байлаа шүү дээ. Ээж бид хоёрын чихийг зулгаагаад, бас л тастаад тавьчихсан байна байх даа. Бона биднийг айлгах гэж өөрийнхөө гэдсийг хутгалдаг байсныг нь санаж байна. Шал худлаа байж таарсан.
Путри: Эгч ээ? Эгч ээ?
Мими: Зүгээр орхи оо. Хүү нь гэрлэх гэж байгаа юм. Чи чадна биз дээ?
Текст: ХЭТ ИХ АЖИЛЛАСНААС БОЛЖ НЭГ АЖИЛЧИН НАС БАРЖЭЭ. АЖИЛ ДЭЭРЭЭ ЗҮҮРМЭГЛЭСНЭЭС БОЛЖ ДУНД ЭРГЭМ НАСНЫ АЖИЛЧИН НАС БАРСАН БАЙНА. ХУУЧИН БАРИЛГАД НИДЕРЛАНД СҮНС ШҮГЛЭЖЭЭ.
Ида: Зүгээр л мэдэх гэсэн юм. Ээжид тохиолдсон зүйл анхны удаагийнх байгаагүй. Үйлдвэр нэг бол амиа хорлолт, эсвэл ажлын байран дээрх осол шиг харагдуулах гэдэг ч, нэг л биш байгааг нь мэдрээд байна.
Путри: Манай ээж л нэг л биш байсан. Олон жил Тайванд очиж, мөнгө олж байгаа гээд л байсан. Тэгээд яалаа даа? Өрөнд баригдчихаад л гэртээ ирээ биз дээ? Тэгээд Бона гарч ирж, ээж түүнийг хүүгээ гэдэг болсон. Оргүй хоосноос хүү гараад ирнэ гэж үү? Эцэг нь хэн юм? Магадгүй ээж Бонаг асрах гэж үйлдвэрээс мөнгө зээлсэн байх. Би хамгийн том нь болохоор амиа хорлосных нь дараа өрийг нь төлөх болж байдаг.
Ида: Путри эгч ээ. Ээж амиа хорлоогүй ээ. Түүнийг хөнөөсөн.
Путри: Чөтгөр алсан гэж үү? Ида, больж үз. Надад хангалттай их асуудал байна.
Ида: Та яагаад надад итгэдэггүй юм бэ?
Путри: Чөтгөр хүн алаад байгаа нь үнэн юм бол хүмүүс юугаа хийгээд энд ажиллаад байгаа юм?
Ида: Хүн бүрд сонголт байдаг биш дээ! Бидэнд ч тэр, ээжид ч тэр. Бона!
Бона: Эгч ээ!
Ида: Наанаа хэр удаан зогсож байгаа юм?
Бона: Уучлаарай. Даатгалын бичиг баримтыг хайгаад л. Хөөгдсөн. Ядарсан. Өр цуглуулагч. Гарын үсэг хэрэгтэй. Даатгал. Мөнгө авахад.
Ида: Хөөе, чи хаана байсан юм? Шинэ чих ургаа юу?
Бона: Даатгал. Мөнгө авсан. Өрөө төлсөн. Ядарсан. Өр цуглуулагч. Чих урчихсан. Гар хугарсан. Бараг л. Зодоон хийсэн. Даатгалын мөнгө хэрэгтэй.
Ида: Утгагүй юм бувтнаад байх юм. Маанаг гэдэг нь.
Бона: Бона ухаантай шүү.
Ида: Тийм байх аа.
Бона: Даатгал мөнгө өгнө. Путригийн гарын үсэг. Алив. Чих унана. Өрөө төл, эгч ээ! Путри эгч ээ! Гарын үсэг. Өр төл. Путри эгч, туслаач! Өр төл!
Путри: Чи Ида, бид хоёртой адилгүй гэдгээ мэдэж байна уу? Чи хуруугаа алдвал буцаад л ургачихна.
Ида: Путри эгч ээ... даатгалын мөнгө бол ээжийн үлдээсэн ганц зүйл.
Путри: Ээж шиг боддог болоо юу? Энэ жаалыг ариун зөнч энэ тэр гэж? Хуурамч зөнч. Луйварчин.
Бона: Ээж. Бонаг олсон. Хогийн сав. Бонаг асарсан. Асрамжийн газарт төлсөн. Ээж. Сайхан сэтгэлтэй. Ээж үхсэн. Бона гунигтай байна.
Путри: Даатгал чихний төлөө хэр ихийг төлөх юм? Нэгэнт ингэж байгаа юм чинь толгойгоос нь ч мөнгө авах уу?
Ида: Бона. Тавь л даа! Бона!
Руди: Анд аа, хөөе, хэв чинь! Ядраад байгаа бол амрах хэрэгтэй шүү дээ.
Путри: Алив, хөдөл л дөө, чи.
Ида: Пут эгч ээ? Эгч ээ? Хөөрхий амьтны дөрвөн мөч хаа сайгүй тарчхаж. Бүүр нохой мэрж байсан гээч. Алив ээ, гарын үсгээ зурчих.
Маряти: Арьс нь дажгүй л юм. Гэхдээ хуруу нь жаахан пропорц муутай юм. Чи хэн билээ?
Ида: Ида, Путри эгчийн дүү.
Маряти: Чи байх нь ээ. Ээж чинь чиний талаар их ярьдаг байж билээ. Мөнгө хэрэгтэй юу?
Бона: Туслаарай! Туслаарай! Туслаарай! Туслаарай!
Сри (чөтгөр шүглэсэн): Гар! Гар!
Путри: Хохирогч нойр дутмаг байсан, дараа нь чөтгөрт эзэмдүүлсэн.
Ида: Нэг удаа үйлдвэрт олон хүн зэрэг эзэмдүүлж байсан хэрэг гарсан. Нэг ажилчин өөрийнхөө хөлийг тайраад, дараа нь хүмүүс ар араасаа чөтгөрт эзэмдүүлсэн. Сонголт байгаагүй ээ. Тэд ажлаа хийж, илүү цагаар суух ёстой юм чинь.
Путри: Харин ч бүүр үйлдвэрийн төлөө өөрсдийгөө золиосолсон гээд бахдалтай байсан юм.
Маряти: Мөнх Ногоон компанийн хүндэт ажилчид аа, та бүхний өдөр хэр өнгөрч байна? Бид бүхний дотнын найз хатагтай Сри бурхны авралаар сайн муу бүхнийг давж, эдгэрсэн мэдээтэй.
Руди: Путри. Тохарыг хар даа. Тэр ерөөсөө унтаагүй. Галзуурмаар байгаа биз? Байнга л илүү цагаар ажиллаад байгаа.
Маряти: Бүгд өөрсдийгөө болон нэг нэгнээ харж хандаж байх нь чухал. Амьдрал тэнцвэртэй байх учиртай. Ажилла бас амар. Дээшээ бас доошоо. Сэр бас унт. Өөрийгөө хайрла. Тэгж байж л ажилдаа дурлаж чадна.
Тохар: Нүд чинь... их гоё юм аа.
Тохар (чөтгөр шүглэсэн): Миний нүд ч бас гоё байгаа биз? Гоё байгаа биз?
Путри: Туслаарай!
Тохар (чөтгөр шүглэсэн): Гоё байгаа биз дээ?
Путри: Туслаарай! Хаалгаа нээ л дээ!
Тохар (чөтгөр шүглэсэн): Гоё биш байна уу?
Путри: Хаалгаа нээгээч! Туслаарай! Тэр...
Тохар: Миний нүд гоё байгаа биз дээ?
Маряти: Тохар. Ингээд байж болохгүй ээ. Чамд нүд хэрэггүй, ойлгосон уу?
Тохар: Тэгээд хагас дутуу нойртой би нэг тийм хар, сүүдэр шиг юм харсан. Надад нүд чинь муухай байна гэж шивнэсэн. Золиг гэж. Би тэгээд өөрийнхөө нүдийг ухчихсан.
Эр 1: Харин чи? Чамд ямар байв? Загатнаад байсан. Хөлийн хуруу загатнаад. Чамтай адилхан хар дүрс харсан. Миний хөл өмхий байна гэж шивнээд байсан. Тэгээд би уурлаад. Тайрагч машинд хийчихсэн. Харамссан л даа, гэхдээ... Аз болж ажлаа хийхэд асуудал алга.
Тохар: Энэ чинь л ажил шүү дээ. Эрсдэлгүй ажил ч гэж юу байх вэ дээ. Тийм ээ.
Маряти: Та нарт бүгдэд чинь тусалж болдог ч болоосой. Үйлдвэрийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулахын тулд та бүхний гар хөл, нүд бүгд буцаад хэвийн болно.
Мими: Хатагтай. Хатагтай Ажэн? Та сэр л дээ.
Маряти: Зүгээр ээ. Ингэж ядаргаагаа тайлдаг юм байлгүй. Чшш, битгий ярь аа. Бүжиглэмээр байвал бүжиглэ. Хатагтай Ажэн, амраад ав л даа. Одоо больё. Маргааш дахиад бүжиглээрэй. Маргааш хийгээрэй.
Путри: Тэгээ юу?
Ажэн: Тэгсэн. Гэхдээ тийм үедээ ухаан алдчихдаг юм.
Путри: Яг л... чөтгөрт эзэмдүүлсэн юм шиг болдог уу?
Ажэн: Сайн мэдэхгүй ээ. Яг л өөр хүн биеийг маань хөдөлгөөд ч байгаа юм шиг. Хүмүүс ядрахаараа хяналтаа алдах нь байдаг л юм. Хэвийн үзэгдэл.
Путри: Руди, хамт харьцгаах уу?
Руди: Үгүй ээ. Илүү цагаар ажиллана. Ирээдүйн сайн сайхны төлөө. Бас илүү цагийн мөнгөний төлөө. Бас сайхан гуталтай болохын төлөө. Надад хэзээ ч, хэзээ ч олддоггүй байсан юм.
Путри: Тохар, хатагтай Сри хоёр яасныг мартчихаа юу?
Руди: Би яав л гэж дээ.
Маряти: Өглөөний мэнд, хайрт ахан дүүс ээ.
Ажилчид: Өглөөний мэнд, хатагтай.
Маряти: Энэ сайхан өглөө би хоёр чухал зүйл зарламаар байна. Юун түрүүнд хатагтай Сри буцаад ирсэн. Одоо эдгэрсэн учраас буцаад хамтран ажиллахад бэлэн.
Сри: Баярлалаа, хатагтай Маряти. Миний анзааргагүй байдлыг өршөөгөөрэй. Би дахиад их асуудал удаж, олон нийтийн зорилгод саад хийхгүй гэж найдаж байна.
Маряти: Баярлалаа, эргээд тавтай морил, хатагтай Сри.
Сри: Би их баяртай байгаа. Намайг байхгүйд Путри энэ үйлдвэрийн ажлыг үргэлжлүүлж чадсан гэсэн. Бүгд Путриг дэмжээд өгөөрэй.
Путри: Баярлалаа, хатагтай Маряти.
Сри: Путри.
Путри: За, Сри эгч ээ? Сри эгч ээ, та яаж тэгсэн юм? Жаахан өөр өнгөтэй л болохоос өөгүй, цэвэрхэн харагдаж байна.
Сри: Хатагтай Маряти их сайхан засаж өгсөн.
Путри: Тэгэхээр хатагтай Сригийн чих...
Ида: Бонагийн чи байсан.
Путри: Хатагтай Маряти Бонагийн чихийг авчхаж.
Текст: 32 НАСТАЙ ЭР ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЖ БАЙГААД ЗҮҮРМЭГЛЭЖ НАС БАРЖЭЭ. ХЭТ ИХ АЖИЛЛАСНААС БОЛЖ НЭГЭН АЖИЛЧИН НАС БАРАВ. СЭТГЭЦИЙН ЭМНЭЛГИЙН ТАЙЛАН ҮЙЛДВЭРИЙН НАСТАЙ АЖИЛЧИН АМИА ХОРЛОЖЭЭ.
Ида: Тэдэнд чөтгөр шүглээгүй байсан бол муу юм тохиолдохгүй шүү дээ. Нойр дутуу яваагүй бол чөтгөрт эзэмдүүлэхгүй байсан. Чөтгөр хаана байна?
Маряти: Чөтгөр өө? Тэд нойр дутсанаас болж ядарсандаа чөтгөрт эзэмдүүлсэн хэрэг. Цагдаа нар ирж үзсэн. Хяналтын камерыг ч шалгасан. Бүүр үздэг хардаг хүн ч авчирсан. Энд чөтгөр байхгүй.
Ида: Илүү цагаар ажиллахыг нь болиулж болох байсан шүү дээ.
Маряти: Тэгсэн. Үйлдвэрээ хааж, таван цагаас үүдээ барьж үзсэн. Тэгээд юу болсон гээч? Тэд гэртээ харихгүй гээд шөнөжин хаалганы өмнө суусан.
Ида: Та энэ хүмүүст мөнгө хэрэгтэйг мэднэ шүү дээ.
Маряти: Хүн бүрд л мөнгө хэрэгтэй. Хэрэггүй гэвэл худал ярьсан болно.
Ида: Тийм л дээ, гэхдээ та тэднийг ашиглаж байна. Тэднийг ажиллуулахын тулд илүү мөнгө өгч байгаа. Та энд чөтгөр байлгадаг гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй юм уу?
Маряти: Тэдэнд илүү цагаар ажиллах хэрэг байхгүй. Гэртээ харьж унтаж болно шүү дээ. Тэдэнд чөтгөр шүглээд үхчихвэл надад ямар ашигтай юм? Энд ямар ч чөтгөр байхгүй. Хүсэж байвал батлаад үз.
Ида: Тэгье. Би батлаад өгье. Энэ манай дүүгийнх. Бона гэдэг нэртэй.
Путри: Руди? Руди. Руди? Руди! Руди! Руди! Руди! Сэр л дээ! Руди! Сэрээч!
Руди: Тоглож байна даа.
Путри: Инээдтэй биш байна шүү!
Руди: Яагаад сайн унтаж чадаагүй хүмүүс чөтгөрт эзэмдүүлдэг гэдэгт итгээд байгаа юм? Хүн хүнээсээ л болно шүү дээ. Хүмүүсийн сэтгэлзүй хоорондоо адилгүй.
Путри: Би яаж итгэхгүй байх юм? Чи хэдэн шөнө цурам ч хийсэнгүй!
Руди: Дөрвөн шөнө... Гэхдээ л олон од авсан байгаа биз дээ?
Текст: ҮЙЛДВЭРИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ОД
Руди: Би зүгээр ээ.
Текст: ҮЙЛДВЭРИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ОД
Путри: Сони? Яагаад байгаа юм? Явж нүүрээ угаа. Ядраад, нойрмоглоод байх юм. Сони, чи бас Руди шиг тоглоом хийгээд байна уу? Сэрээч дээ, Сони! Сони! Туслаарай! Туслаарай!
Маряти: Сони, юу хийгээд байгаа юм? Би чамд биеийг нь зээлэхийг зөвшөөрсөн. Хэдхэн хором! Гэхдээ үүрд авч болохгүй. Ойлгосон уу?
Сони (чөтгөр шүглэсэн): Гэхдээ...
Маряти: Гэхдээ гэж байхгүй! Эсвэл би яваад өгөх юм уу? Энэ хорвоог орхиж болно шүү. Би байхгүй бол чи ч бас үгүй болно. Битгий санаа зов. Хүсэж байвал хэний биеийг ашиглаж болохыг чинь мэднэ.
Путри: Аз бол хатагтай Маряти яг цагаа олж ирлээ.
Ида: Баталгаа...
Путри: Юуны баталгаа?
Ида: Маряти, чөтгөр хоёр нэг нэгнээ таньдаг.
Путри: Ида. Чи зүгээр үү? Ида? Битгий. Илүү цагаар ажиллаж болохгүй ээ. Гэртээ харья.
Ида: Путри эгч ээ! Би нэг эзэмдүүлж үзмээр байна. Миний туршиж үзээгүй ганц зүйл. Ээжийн юу харсныг харъя.
Путри: Ида. Нааш ир. Чи чинь одоо тэнэг юм уу? Нүдээ ухаж гаргамаар байгаа юм уу? Зууханд орж түлэгдмээр байна уу? Бас амиа хорлох гээ юу?
Ида: Путри эгч ээ, ээж амиа хорлоогүй.
Путри: Юу юм?
Ида: 1962 оны сонин.
Текст: ОЁДОЛЧИН АЛАГДЖЭЭ - ҮСЭНД ОРООГДСОН БАЙВ. МАРЯТИ (8 НАСТАЙ), ХОХИРОГЧИЙН ОХИН, ЦОРЫН ГАНЦ ГЭРЧ
Путри: "Хохирогч нойр дутуу, тэгээд мансуурсан юм шиг болсон байсан. Ээж нь жаахан охиныхоо өмнө амиа егүүтгэсэн. Толгойгоо хагалах хүртлээ ширээ дахин дахин мөргөсөн."
Ида: Охиных нь нэрийг унш даа. Зургийнх нь доор байгаа.
Путри: "Маряти."
Ээж: Хонгор минь, нааш ир. Охин минь. Охин минь, энэ юу вэ? Би яагаад байна аа? Гар! Гар!
Хөтлөгч эм: Энэ нутгийн нуурын нууцлаг усан дунд аксолотл үүрдийн залуу, авгалдайн мөчлөгтөө мөнхийн шанаган хорхой хэвээр амьдрах ажээ. Гэхдээ энэхүү гайхамшигтай амьтныг бусдаас ялгадаг онцлог нь ер бусын нөхөн сэргэх чадвар нь юм. Дөрвөн мөчөө алдаж, сүүлээ тайруулж, эд эрхтэн нь гэмтсэн ч, бүүр заримдаа нүд, тархиныхаа зарим хэсгийг аксолотлууд бараг л гайхамшиг гэмээр нарийн нөхөн сэргээдэг гэнэ. Олон зууны турш эрдэмтэд энэхүү өвөрмөц хоёр нутагтныг судалж, нөхөн сэргэх чадварынх нь нууцыг тайлахаар оролдож ирсэн билээ. Судалгаа шат ахих тусам...
Маряти: Мөнх Ногоон компанийн хүндэт ажилчид аа, та бүхэн өглөөг хэрхэн эхлүүлж байна? Бидний хяналтаас гадуур зүйл боллоо. Өнөөдөр та бүхэнд дуулгах таагүй мэдээтэй. Манай гэр бүлийн нэг гишүүн, зовлон жаргалаа хамт туулдаг байсан нэгэн санаандгүй бэртэл авчээ. Тэр өөрийгөө сүүдэр шиг дүрс харж чадна гэж бодсон юм. Өөртөө анхаарал тавиарай гэж дахин сануулъя. Сайн амарч ав. Унтах хэрэгтэй. Өөрсдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг нэгдүгээрт тавихаа мартаж болохгүй. Бидний мэдэж байгаачлан толгойгоос хол хүртэлх биеийн маань бүх хэсэг маш сайн арчлах ёстой бурхны бэлэг билээ.
Путри: Ида? Бона? Ээж... Ээж... та хэзээ гэртээ ирэх юм? Би юу ч хараагүй юм шиг санагдаж байна. Хов хоосон. Бүх хүн үгүй болоод, би энэ хорвоод орь ганцаараа үлдсэн юм шиг. Гэнэт толгойд орсон. Би үхэхийг хүссэн.
Ида: Эгч ээ, та ганцаараа биш ээ. Танд Бона, бид хоёр байгаа.
Руди: Чөлөөтэй... ♪ Би эрх чөлөөтэй баймаар байна ♪ ♪ Эрх чөлөөтэй... ♪ ♪ Эрх чөлөөтэй... ♪ ♪ Уудам тэнгэрт... ♪ ♪ бүжиглээд л... ♪ ♪ бүжиглээд л ♪ ♪ Эрх чөлөөтэй баймаар байна ♪
Текст: ПУТРИ
Путри: Шинэ гутал уу? Догь юм аа. Харваас үнэтэй бололтой.
Руди: Сайн харж байна шүү. Өөрийгөө л баярлуулж явна даа.
Путри: Чиний зөв өө. Өдөржин ажилласны дараа өөрийгөө баярлуулахад гэмгүй. Яасан бэ, Руди?
Руди: Гэнэт ээжийгээ санаад. Ээжийг таксинд яваад, мөнгө ололгүй гэртээ ирвэл аав зоддог байсан. Ээж гэртээ их ядарчихсан ирээд унтаад өгдөг байсныг санаж байна. Аав уурлаад, хувинтай ус аваад дээрээс нь цацчихдаг байсан.
Путри: Уучлаарай. Мэдсэнгүй.
Руди: Зүгээр ээ. Уучлаарай. Ийм юм ярьж өгсөнд.
Путри: Тийм дээ, хэлмээр байгаа юм байвал зүгээр л хэлчхэж байгаарай, Руди.
Руди: Одоо ээж таксинд явахаа больсон. Би боль гэсэн юм. Гэртээ байж бай гэж. Одоо би хангалттай мөнгөтэй болсон болохоор ээждээ өгч байгаа. Тэгээд... Энд ажиллахад таатай байдаг.
Путри: Тийм үү? Болж дээ. Хүлээж байгаарай. Ида? Ида? Ида! Яагаад байгаа юм бэ? Ида.
Ида (чөтгөр шүглэсэн): Энэ хоол амттай юм аа. Эндхийн хоол үргэлж амттай байдаг. Боогоод аваад явчихмаар амттай. Гэр лүү, охиндоо, Путрид аваачиж өгье.
Путри: Ида! Ида! Гараач дээ! Ида! Гар гэж байна!
Ида (чөтгөр шүглэсэн): Энэ тоглоомоор тоглохоо больчихсон юм уу? Хүүхэлдэй зүгээр байна шүү дээ. Гутал нь хэвээрээ л байна. Би авч болох уу? Аваад харья. Путрид өгье. Гэр лүүгээ аваад явъя.
Путри: Ида!
Ида (чөтгөр шүглэсэн): Путрид өгье.
Путри: Ида!
Ида (чөтгөр шүглэсэн): Гэртээ аваачъя! Путрид өгнө!
Путри: Чи хэн бэ? Гар! Гарч үз! Чи хэн юм? Хэн? Идаг зүгээр орхи! Гараач! Гар гэж байна! Бариарай.
Руди: Та нар харьсан нь дээр биз дээ.
Путри: Үгүй ээ. Бид хоёр...
Руди: Яана гэж?
Путри: Нэг нэгнээ асраад байж чадна. Бид хоёр үхэхгүй ээ. Би харсан.
Ида: Чөтгөрийг хараа юу? Одоо надад итгэж байна уу?
Руди: Та нар чөтгөрийг харж чаддаг юм уу? Тэгвэл дийлж чадах байх. Хөөж явуулъя. Үйлдвэрийг аюулгүй байлгая. Ээжид чинь тохиолдсон шиг осол дахиж гарахгүй. Бас хатагтай Срид болон бусдад нь тохиолдсон шиг.
Ида: Бас Бонад.
Путри: Бас Бонад.
Бона: Яасан? Өөр юу хүсэв?
Руди: ♪ Эрх чөлөө ♪ ♪ Эрх чөлөө ♪ ♪ Би чөлөөтэй баймаар байна ♪ ♪ Биеэ сул тавьж, ♪ ♪ Уудам тэнгэрт... ♪ ♪ Бүжиглэмээр байна ♪ ♪ Би чөлөөтэй баймаар байна ♪
Путри: Руди!
Ида: Руди!
Путри: Руди!
Маряти: Хөл нь хугарсан бол ойлгож болохсон. Гэхдээ өндрөөс унасан хүний хөл алга болсон түүх сонсож байсангүй.
Цагдаагийн дарга эр: Ойрд тараад байгаа мэдээг харсан уу? Хүмүүс атаархлаас болж нэг нэгнээ яргалдаг болсон. Дээврээс унах ч яамай байна аа. Ойрд юу л бол юу л болж байна.
Цагдаа эр 1: Даргад илтгэе. Хяналтын бичлэгийг шалгасан. Цагдаа нарыг иртэл хашаанд хүн ороогүй.
Ида: Бона бид хоёртой адилхан. Ээжийг санаж байгаа.
Путри: Мэднэ ээ, Ида. Миний буруу байж. Харамсаж байна. Би хувиа л хичээж байж. Намайг уучлаарай, Ида. Уучлаарай, Бона. Ээж байхгүй болсон ч, Бона байгаа шүү дээ. Бид үйлдвэрт байгаа үсний мангасыг устгах ёстой.
Маряти: ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪
Путри: Энд хэн чөтгөрт эзэмдүүлж байсан бэ? Эзэмдүүлээгүй хүн хэн гээч? Хатагтай Маряти. Тэр л ганцхан чөтгөрт эзэмдүүлээгүй яваа. Яагаад зөвхөн бидэнд шүглээд байгаа юм бол? Хатагтай Марятид өөрсдийн мэдэрсэн зүйлийг мэдрүүлэх цаг болж. Хэн тусалмаар байна?
Мими: Би.
Тохар: Би ч бас.
Сони: Би.
Ажилчин эр 1: Би.
Ажилчин эм 1: Би ч бас.
Ажилчин эр 2: Би тусалъя.
Маряти: Муу галзуу жаалууд. Яг яах гээд байгаа юм?
Путри: Таныг хэд хоног унтахгүй байлгаж байгаад, ямар байдгийг нь мэдрүүлмээр байна.
Маряти: Аббас! Аббас! Хамгаалагч аа!
Ида: Таны хамгаалалтын ажилтан ноён Аббас мэдэж байгаа. Хоёр жилийн өмнө чөтгөрт эзэмдүүлээд эрхий хуруугаа алдсаныг нь мартаа юу? Үйлдвэрт байгаа хүмүүс бүгд таныг энэ газарт байгаа чөтгөртэй холбоотой гэдгийг мэднэ.
Путри: Таних уу?
Маряти: Үгүй ээ.
Ида: Үнэнээ хүлээ л дээ.
Маряти: Үгүй.
Путри: Таны хүүхэд байхад чөтгөр ээжийг чинь эзэмдэж байсан. Түүнд шүглэсэн. Тэгээд толгойгоороо ширээ мөргөсөн. Тийм биз?
Маряти: Утгагүй юм.
Ида: Та коллежид байхдаа охидын дотуур байранд орсон.
Маряти: Та нарыг халлаа!
Путри: Та чөтгөрийг энд авчирсан. Удахгүй та ч бас эзэмдүүлэх ямар байдгийг мэдрэх болно.
Маряти: Харин та нар шоронд орох ямар байдгийг мэдэрнэ. Шорон!
Аббас: Одоо миний харуул хийх ээлж.
Путри: Юу ч болсон хамаагүй унтаж л болохгүй шүү.
Аббас: Ойлголоо.
Ида: Гэхдээ яагаад одоо хүртэл шүглэсэн юм шиг харагдахгүй байна? Эгч ээ.
Путри: Чи ч бас унтаад ав, Ида. Их удах юм шиг байна. Хатагтай Марятигийн нойр дутах хүртэл хэд хонох байх. Тэгээд чөтгөр шүглэх эсэхийг нь харна даа.
Ида: Эгч ээ.
Путри: Яасан?
Ида: Рудигийн хөлийг олсон болов уу?
Путри: Яасан?
Аббас: Хөөе, унтахгүй шүү! Чөтгөр байлгасны чинь төлөөс дөө. Тэсээрэй, хатагтай. Чөтгөр удахгүй ирнэ.
Мими: Туслаарай! Чөтгөр! Туслаарай!
Бона: Путри! Ида!
Путри: Татаарай! Хурдал! Хатагтай. Хатагтай, туслаарай. Үүнийг зогсоох хэрэгтэй.
Текст: АЗИЙН НААДАМ. ЖАКАРТ ХОТ, 1962 ОН.
Ээж: Маряти, ийм орой унтахгүй юу хийгээд байгаа юм? Унтаач ээ!
Аббас: Холд! Нээгээрэй!
Ажилчин эм 1: Тат!
Ажилчин эр 1: Татаач ээ!
Ида: Зогс! Боль, Бонаг битгий ав!
Бона (чөтгөр шүглэсэн): Би Бонагийн цорын ганц найз.
Путри: Бона бол миний дүү!
Ида: Маряти байхгүй бол чи юу ч биш. Түүнийг байгаа болохоор л чи энд байгаа!
Путри: Чи ээжийг нь алсан! Уучлалт гуйгаач!
Бона (чөтгөр шүглэсэн): Үгүй.
Ида: Чөтгөр!
Маряти (хүүхэд): Маряти, ийм орой унтахгүй юу хийгээд байгаа юм? Нойр хүрэхгүй байна аа, ээж. За за, ээж нь хамт тоглоё, за юу? За, ээж ээ. ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ Тэр муу хүн биш ээ, ээж. Сайн хүн. Зүгээр л тоглох гэсэн юм. Ээж! Ээж! Ээж!
Бона (чөтгөр шүглэсэн): Ээж! Ээж ээ, та хаана байна аа?
Путри: Бона?
Бона (чөтгөр шүглэсэн): Холд! Энэ жаал минийх.
Ида: Түүнийг тавь!
Маряти: Дүү чинь учрыг нь олчихно.
Путри: Юу гэсэн үг юм?
Маряти: Би хөгширсөн хүн. Түүнд шинэ найз хэрэгтэй.
Путри: Та... Дүүг минь санаатай золиос болгоо юу? Мангасаа өөрөө харж дийлэхээ болио юу?
Маряти: ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ ♪ Толгой, мөр, өвдөг, хөл ♪ Битгий уурла аа. Дахиад тоглож болно шүү дээ. Дээс. Бүжиг.
Маряти (чөтгөр шүглэсэн): Үгүй ээ, хүсэхгүй байна! Би амьдармаар байна! Өөрийн гэсэн биетэй болмоор байна! Өөрийн гэсэн биетэй болмоор байна!
Маряти: Миний биеийг зээлж болно оо. Гэхдээ жаахан шүү. Гар! Гар! Одоо гарч болно оо.
Маряти (чөтгөр шүглэсэн): Үгүй ээ! Одоо чиний бие минийх! Үгүй ээ!
Маряти: Миний биеэр яах гэж байгаа юм? Юу хийгээд байгаа юм? Миний биеийг ав. Миний биеийг ав.
Бона: Путри эгч ээ! Ида эгч ээ!
TRAILER
Путри: Сри эгч түрүүн хэлсэн юм аа. Ээж байнга илүү цагаар суудаг байсан гэж. Яагаад тэгсэн юм?
Ида: Ээжид тохиолдсон зүйл анхны удаагийнх байгаагүй. Үйлдвэр нэг бол амиа хорлолт, эсвэл ажлын байран дээрх осол шиг харагдуулах гэдэг ч, нэг л биш байгааг нь мэдрээд байна.
Путри: Чөтгөр хүн алаад байгаа нь үнэн юм бол хүмүүс юугаа хийгээд энд ажиллаад байгаа юм?
Ида: Хүн бүрд сонголт байдаг биш дээ!
Маряти: Мөнх Ногоон компанийн хүндэт ажилчид аа, та бүхэнд дуулгах сайхан мэдээтэй. Сайн ажилласны чинь хариуд илүү цагийн мөнгө болгож 20 хувийн нэмэгдэл өгөхөөр болсон.
Ажэн: Яг л өөр хүн биеийг маань хөдөлгөөд ч байгаа юм шиг. Хүмүүс ядрахаараа хяналтаа алдах нь байдаг л юм.
Маряти: Тэд нойр дутсанаас болж ядарсан хэрэг. Энд чөтгөр байхгүй.
Back to episodes Go home