JAV

2-р бүлэг. Академик театрын төлөвшил ба нийгмийн шилжилтийн үе

(1981 - 2000 он)

2-р бүлгийн 1-р хэсэг. Зохиолч Сорогдогийн Жаргалсайханы цогц драматург

Зохиолч Сорогдогийн Жаргалсайхан бол үргэлжилсэн үг, жүжиг, кино зохиолын төрлөөр энэ тэнцүү туурвин бүтээсэн, Монголын уран зохиолын томоохон үзэгдэл билээ. Зохиолчийн олонд хүрсэн анхны жүжиг нь 1982 онд Өвөрхангай аймгийн театрт тавигдсан “Өрлөг жанжин миний бие батална” хэмээх жүжиг. Үүнээс хойш таван жилд 10 жүжиг бичиж, орон нутгийн театрт тоглогдсон С.Жаргалсайхан зохиолчийн “Буцах хаяг” жүжгийг Г.Доржсамбуу найруулагч их тайзнаа амилуулсан түүхтэй. “Буцах хаяг” жүжгийн тухай найруулагч Г.Доржсамбуу, “С.Жаргалсайхан уран бүтээлчийн хувьд гайхагддаг авьяас нь учир шалтгааны логик дарааллыг мэргэн олдогт байгаа юм. Нэг үгээр хэлбэл хэрэгтэй газар нь үгээ онож хэлдэг, санаагаа яг “байранд” нь шигтгэдэг, нуух ёстой бодлоо нууж чаддагаараа ховорхон, ер нь монголдоо дээгүүр орох хүн. Нэг сайн тал нь цаг үеэсээ түрүүлж “дуугардаг” дандаа шинэ санаа хэлж байдагт байгаа юм. “Буцах хаяг” жүжигт, өнөөгийн залуус чинь бидний буцах хаяг шүү дээ. Тэднийгээ хөөсөн бөмбөлөг дээрх олон цонхоор бус сэтгэлээсээ хайрлах ёстой юм гэсэн санааг гарган тавьсан” хэмээн дурссан нь бий.

С.Жаргалсайханы эхэн үеийн жүжгүүд нийгмийн сэтгэлгээний өөрчлөлт, нийгмийн хөшүүн царцанги байдал, нийтлэг үнэлэмжтэй тэрсэлдсэн залуу үеийн тухай байдаг. Энэ нь тухай үед социалист системийн орнуудад байсан нийтлэг чиг хандлага билээ. С.Жаргалсайхан зохиолчийн онцлог нь нэг сэдвээр ганц жүжиг бичээд орхихгүй, олон талаас нь харж, уран зохиолын олон төрөл зүйлээр дүрээ боловсруулж чаддагт оршино. Энэ эрэл хайгуулаа богино хугацаанд, бүтээлч бөгөөд сэтгэлгээний хурдаар бүтээдэг нь түүний суут чанар байв. Жишээлбэл С.Жаргалсайханы “Сондгой тоо” өгүүллэгт анх төрөөд, хожим “Би чамд хайртай” киногоор дэлгэцнээ амилсан Дэлгэрийн дүр, “Илүү сартай зун” киноны Галбадрахын дүр, “Их хөвчийн шугиан” өгүүллэгийн Жалбуу гээд өөрийн гэсэн үзэл бодол, өвөрмөц сэтгэлгээ эсвэл шударга зангаасаа болж амьдран буй нийгэмдээ адлагдаж буй залуусын дүрүүдээр С.Жаргалсайхан бүхэл бүтэн ертөнц бүтээжээ. “Ганцаардмал ёс суртахуун” хэмээн томъёолж болмоор энэ хэв шинжит дүрийн эрэл хайгуул нь эцсийн цэгтээ жүжгийн зохиол болон романд биежин төгөлдөршдөг байлаа.

Судлаач Долгорын Батжаргал, “С.Жаргалсайхан уран бүтээлдээ амьдралыг хуулдаггүй түүний орчин нөхцлийг авч нэг шатны дээгүүр тавьдаг уран бүтээлч байлаа. Урлаг өмч болж шоовдорлогдон  зах зээлийн сүүдэрт “чичирч байсан” цаг дор тэрбээр “Там” жүжгээ Драмын театрт үзэгчдийн хүртээл болгосон.  Найруулагч Э.Санчигдан агсан тэр жүжгийг хийсвэр хоосонгийн хэлбэрээр тавихдаа өнөөгийн хүмүүсийн ухамсарын хэмжээнд бус аль болох урлагийн бүтээл байж, магадгүй 20-30 жилийн дараах хүмүүст өнөөгийн бидэнд үг хэлэхээр тавихыг чармайжээ.” хэмээн дүгнэсэн нь бий.

1988 онд С.Жаргалсайханы “Халуун газар” жүжгийг найруулагч Г.Доржсамбуу найруулан тавьсан. Энэ жүжигт дээр дурьдсан “Ганцаардмал ёс суртахуун”-ын дүр нь техникийн мэргэжлийн сургууль төгсөөд удаагүй, шударга ёсыг эрхэмлэдэг залуу Батсуурь байна. Түүний эсрэг талд ядарсан, дорой мэт харагдавч үнэн хэрэгтээ бусдыг аргадан өөрийн эрхшээлд оруулж чаддаг зальтай Болбаатар тавигдана.  Батсуурь аливаа шударга бус явдалтай эвлэрэхийг хүсдэггүй, асуудлыг зөвхөн шударга зарчмаар шийдэхийг эрмэлздэг дүр. Гэвч үйл явдлын явцад тэр нийгэмд эзлэх байр сууриа эргэцүүлэн ухаарч эхэлнэ. Ийнхүү эерэг баатар биш болж, үзэл бодол нь явах тусам хувьсана. Зохиолч бүхэн драматургийн цагаан толгойн энгийн ойлголтоор эсрэгцлийг урлахыг хичээдэг ч Г.Доржсамбуу найруулчийн хэлснээр, “хэрэгтэй газар нь үгээ онож хэлдэг, санаагаа яг “байранд” нь шигтгэдэг” чадвар, төвлөрөл, сайн зохиол төрөх шийдвэрлэх хүчин зүйл болдог.  С.Жаргалсайханы жүжгүүдийн сэдэв, цаг хугацаа харилцан адилгүй боловч тэдгээрийг холбож буй туурвилзүйн нэг нийтлэг шинж бий. Тэр нь хүнийг шийдвэрлэх сонголтын өмнө тавьж, тухайн сонголтоор нь зан чанар, ёс суртахуун, мөн чанарыг нээх арга юм.

2000-аад оноос С.Жаргалсайханы “ганцаардмал ёс суртахуун”-ы хэв шинжит орчин үеийн драм нь монгол үндэсний оршихуйн асуудалд хандсан туульсын драм болон хувирсан юм. Хэдийгээр 1990-ээд оны дундаас насан эцэслэх хүртлээ маш олон арилжааны шинжтэй жүжиг бичсэн ч, түүний уран бүтээлийн хоёрдугаар хагасын өнгө аясыг тодорхойлох гол өв нь түүхэн жүжгүүд. Түүхэн жүжиг дотроо 1995-2001 оны хооронд зургаа орчим жил бичиж, найруулагч Б.Мөнхдорж УДЭТ-ын тайзнаа “Хаан түүх” гурвалсан жүжиг нь хамгийн гол, цогц бүтээл нь билээ. Энэ жүжиг бол найруулагч С.Гэндэн, Л.Ванган, С.Галсанжав нарын театрт оруулж ирсэн мэргэжлийн шалгуурыг философи, хэлбэрийн эрэлхийллээр шинэ шатанд хүргэсэн найруулагч Б.Мөнхдорж, зохиолч Д.Намдаг, Д.Батбаяр нарын хэмжээнд цогц драматург бүтээж цор ганц чадсан зохиолч С.Жаргалсайхан нарын түүхэн хамтрал байсан юм.

Нэгэн удмын хаанчлалын гурван үеийн түүхийг өгүүлэх “Хаан түүх” гурвалсан жүжгээ зохиолч “Театрын роман” хэмээн цохолборлож нэрлэсэн нь сонирхол татдаг. Зохиолч “Хаан түүх” жүжгийнхээ туульсын чанарыг тодотгохын тулд ийм тодорхойлолт өгсөн болов уу. Драмын жүжгээр туульсын санааг илэрхийлэх нь жүжгийн зохиолчийн өмнөх хамгийн том шалгуур. Ульям Шекспир, Иохан Вольфанг Фон Гётэ зэрэг суутнуудын хамгийн том өв нь туульсын чанартай жүжиг. Иэлийн их сургуулийн багш, судлаач, зохиолч Эдвин Вилсон драмын жүжгийг бичвэр талаас нь “Туйлт бүтэц, Хоёрдугаарт, “Цуваа хүүрнэлт бүтэц” гэсэн зонхилох хоёр хэлбэртэй хэмээн ангилсан. “Цуваа хүүрнэлт бүтэц” бол жүжгийн турш хэд хэдэн томоохон зөрчилийг шийддэг хэлбэр. Өргөн бүрэлдэхүүн, нэлээдгүй урт хугацааг дамнан үргэлжилж буй хэд хэдэн төрлийн зөрчил, эрс ондоо сэдэл бүхий гол дүрүүдтэй, зохиолын хэмжээний хувьд гурваас дээш бүлэгтэй жүжиг юм. С.Жаргалсайханы “Хаан түүх” чухам ийм туулсын чанартай жүжиг. Дээр дурьдсан сартваахиуд өөрийн өгүүлэхийг хүссэн философийн өгүүлэмжийг сунжирсан, нүсэр бүтцээр илэрхийлсэн бол С.Жаргалсайхан сэргэн мандалт болон романтизмын үеийн хүнд, нүсэр бүтцээр жижиг бичих шаардлагагүй гэж үзжээ. Үүгээрээ тэр нэгэн үеийн туульсын жүжгийн зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгээс ялгарна. С.Жаргалсайханы шийдэл нь тусдаа гурван туульт жүжигт, нэгэн том цогц санааг зангидах байв.

 “Тэмүүжин” хүүхдийн жүжиг, “Жамух” жүжиг, “Чингис хааны нууц түүх” роман, “Чингис хааныг хүлээгч” роман гээд тэрээр эх түүхийн чиглэлээр, ялангуяа 13 дугаар зууны түүхийн талаар хангалттай өв үлдээжээ.  Энэ өвийн хамгийн гол онцлог нь тухайн түүхэн бие хүнийг хэт домогчлон шүтэх биш, эсвэл хэт өргөмжлөн магтаж, амьдралаас тасархай дүрслэх биш, энгийн, реалист арга барилаар гаргаж ирдэгтээ байв. Тийм учраас Найруулагч Б.Мөнхдорж “Хаан түүх” жүжгийг Станиславскийн сонгодог реалист зарчмаар тавьсан бөгөөд зохиолчийн хэлэх санаанд шийдлийн гол ачааллыг зангидан, зарим хэсэгт яруу найрагч С.Батмөнхөд хүсэлт тавин шүлэглэлүүд нэмсэн нь бий. “Хаан түүх” жүжиг бол Б.Мөнхдорж найруулагчийн 1980-аад оны уран бүтээлийн оргил үеэс хойш ажилласан хамгийн даацтай төсөл бөгөөд сүүлийн 30 жилийн турш УДЭТ-ын найруулагч Ч.Найдандорж, Б.Баатар, Н.Наранбаатар нарын хийж буй үндэсний туульсын жүжгийн дэг сургууль бий болгох эрэлхийллийн эхлэл цэг билээ.

С.Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” романдаа боловсруулсан Чингис хааны дүр, тал нутгийн өгөөмөр их эзэн хаан биш, ертөнцийн амьдралыг бясалгасан, өтөлж хөгширсөн хойноо ойр тойрондоо үл итгэх байдлаар хандсан, их эрх мэдэлдээ түүртэж шаналсан хүн байдаг. Романы төгсгөлд харь орны уран гартны урласан өргөгч төхөөрөмжөөр цор ганцаар уулсын оргил руу явж одоод, эргэн ирж буй, тэнгэртэй харилцаж буй тэр баатар эрийг ертөнцийн ямар ч улсын, ямар ч соёлтой хүн уншихад бишрэл төрөхөөр урлажээ. С.Жаргалсайхан бол Чингис хааны дүрийг Монголын нууц товчоо, Хөх судараас хойш хамгийн уран тодоор урласан зохиолч. Чухам энэ Чингис хааны дүр “Хаан түүх” жүжгийн Саргууны дүртэй сэтгэлзүйн хувьд тун адилхан. Саргууны хийсэн олон үйлдэл Чингис хааны нууц түүх романд давтагддаг. Түүнчлэн “Жамух”, “Тэмүүжин” жүжгийн олон явдлыг “Чингис хааны нууц түүх”-ээс олж болно. Энэ бол зохиолч С.Жаргалсайхан 13 дугаар зуунд дэлхий дахиныг байлдан дагуулсан тэр монгол хүний мөн чанарыг уран зохиолын арга хэрэглүүрээр бүрэн дүүрэн илэрхийлэхийг амьдралынхаа сүүлийн 10 гаруй жилд эрмэлзэн, туурвин бүтээсний гэрч юм.

“Хаан түүх” жүжгийн нэгдүгээр ангид гол зөрчил нь хааны зүүднээс улбаалдаг. Энэ зүүдэнд чөтгөр хааны их улсыг мөхнө хэмээн ёрлосон нь “Хаан түүх”-ийн гуравдугаар ангид биелэлээ олдог. Зохиолч “Хаан түүх”-ээ Эсхилийн “Орестын түүх” жүжгийн системээр бичиж, Софоклын “Эдип хааны түүх”, эртний грекийн Икарын домог зэрэг олон сонгодог зохиомжуудыг ашигласан байна. “Хаан түүх” жүжгийг ердөө л нэгэн золгүй хааны удмын түүх гэж ойлгох нь дэндүү өрөөсгөл хэрэг. Энэ бол Монголчуудын байгуулсан хамгийн хүчирхэг улс хэрхэн мөхсөн тухай туульсын аргаар илэрхийлсэн жүжиг юм. Найруулагч Б.Мөнхдорж энэ талаар, “Манайд гарч ирсэн ховор төрөл бол “Хаан түүх”. Энэ жүжигт Төр гэж юу юм, төрийг барина гэдэг үе уламжлалаа дээдлэн ирсэн монгол үзэл юу юм гэдгийг айхтар нарийн гаргасан. Улс орноо удирдаж байгаа хүн ямар зовлон эдэлдэг юм, Монгол төрийн тогтолцоо, түүний билигт түшээ нар хэн байх ёстой юм бэ? гэдгийг чадамгай хэлж өгсөн” хэмээн өгүүлсэн нь бий.

Энэ бүлгийн төгсгөлд судлаач Д.Батжаргалын “Жирийн гайхамшиг буюу Сорогдогийн Жаргалсайхан” хэмээх дуртгалаас ахин эшэлье.

Урлаг судлаач Б.Зориг “Жаргалсайхан үйл явдлын сонин өрнөл, огцом эргэлт хийхдээ үнэхээр гарамгай, туршлагатай том уран бүтээлч” гэж дүгнэж байлаа.

Найруулагч Санчигдан “Жаргалсайхан аль ч сэдвээр юу ч хийж чадах хүн. Түүнээс юу ч хүлээж болно” гэж ам бардам хэлж байсан тэр цагт зохиолч Жаргалсайхан “Надаас юу ч хүлээхгүй байж болно” гэж зоригтой хариулж билээ.

Хагас зуун жил амьдрахдаа хагас зуун жүжиг туурвисан Сорогдогийн Жаргалсайхан зохиолчийн “Надаас юу ч хүлээхгүй байж болно” хэмээх үг өнөөдөр хойч үедээ тавьсан асуулт болон сонсогдох ажээ. “Биднээс харин юу хүлээх вэ?”

2-р бүлгийн 2-р хэсэг. Ардын жүжигчин Гомбын Равдан. Б.Дхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн төгсгөлийн монолог

Төгсгөлийн бүлэг. Арчиг хааны монолог - Арчуг :

Болоогүй ээ Эгэрэг минь

Чи дэндүү яарч байна

Хаан хүн

Сэнтий тамга хоёроо өгдөг юмаа гэхэд

Цаана нь үлдсэн хаан зүрхээ өгөх үү үгүй юу гэдэг . . .

Чи ганцаараа хариулчих асуулт биш

Би

Хүннү төрийн тамгыг барих

Хүнгүй болчихоор нь

Хоёр сүүн уулын цаана

Хорин улаан горхины уулзах газар булчихсан

Есөн үеэр сахиж

Ерхөг өвсийг нь ч битгий хөдөлгө гэж

Нэгэн биений эрхтэн шиг итгэлт отогтоо

Захиад онголчихсон

Чи олохгүй

Чамд олдохгүй

Өөрийгөө идэх өт

Биен дотроос гардаг шиг

Төрийг идэх өт

Түшмэл дотроос гардгийг

Ихийн их мэддэг мөртлөө

Эгэрэг чамайг гэж мэдээгүй минь алдас болж

Хэн хаан суусныг

Тэнгэр бууж ирж үздэг юм

Хэрэггүй амьтан байвал

Тэрнийг булчихаад буцдаг юм . . .

Гар чинь цустай

Тархи чинь устай

Төр барьдаггүй . . . юм

Эгэрэг минь

Их амархаан

Чи тамгатай болж болно

Ядуу боолын тойгны

Ясаар нь тамга сийлж

Цусанд нь дүрж тамгална биз

Их хэцүү . . .

Их гүрний хаан байх

Нүглийн чинь тухай

Нүд чинь надад амнаас чинь түрүлж хэлж байна

Эгэрэг минь

Yхэхээс чинь өмнө

Yг чамд шигтгэж өгье

Балархай санагдаж байгаа бие энэ бүхэн

Бага хатныхаа цээжин дотор

Би тамгаа хийгээд онголчихсон . . .

Умайд нь хаан багтаж болсон юм

Цээжинд нь тамга багтаж болноо доо

Энэ төрийн тамгыг би

Эхийн сүүнд ороогоод булчихсан . . .

Сүнс нь саамшихын цагт

Сүү үнэртсэн энэ газар дээр

Хүннү улсын

Хаан тамгаа атгаж төрнө

Чихэнд чинь биш

Биенд чинь илдээр хэлчихье

Чиний хаан болох хол байгаа биз.

2-р бүлгийн 3-р хэсэг. Зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн туульсын жүжгийн дэг сургууль

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн бол 1960-аад оны сүүл үеэр уран зохиолд хүч түрэн орж ирж, монголын яруу найраг, жүжгийн зохиолын төрөл зүйлд онцгой хувь нэмэр оруулж, монгол хэлтний оюун санааны ертөнцөд хүчирхэг нөлөө үзүүлсэн зохиолч юм. Судлаач Ядамсүрэнгийн Баяраа зохиолч Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлийг гурван үечлэлд хуваан үзжээ.

Нэгдүгээрт, Эрэлхийллийн үе буюу 1970-1980 аад оны дунд үе. Энэ үед яруу найрагч мэдрэмжийн буюу имперсионист яруу найраг туурвиж, эрэлхийллийн шинжтэй, тогтсон хэлбэр, чөлөөт шүлгүүд бичжээ.

Хоёрдугаарт, Илэрхийллийн үе буюу 1980-аад оны дунд үеэс 1990-ээд оны дунд үе. Энэ үед яруу найрагч сэтгэлзүй, дотоод бодролын шинжтэй буюу экспрессионист яруу найраг туурвиж, өөрийн гэсэн яруу найргийн тогтсон хэлбэрийг бий болгож, монгол хэлтний оюун санааны ертөнцөд хүлээн зөвшөөрөгджээ. 

Гуравдугаарт, нөлөөллийн үе буюу 1990-аад оны дунд үеэс 2020-аад он. Энэ үед яруу найрагч туульсын шинжтэй яруу найраг болон жүжгийн зохиол туурвиж, Монгол хэлтний оюун санааны ертөнцөд нөлөөлөгчийн хувиар хүлээн зөвшөөрөгдөж, уран бүтээл нь дэлхий дахинд түгэн дэлгэрч эхэлжээ.

Хамгийн анх театрын тайзнаа Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжиг Э.Санчигданы найруулгаар 1988 онд амилсан юм. Уг жүжиг нь театрын тайзнаа 1988, 2015, 2025 онуудад дахин шинэчлэгдэн тоглогдсон. Үүний дараа 1998 онд “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжгийг тэр үеийн нэршлээр Үндэсний жүжгийн академик театрын тайзнаа Ч.Найдандорж найруулагч анх тавьсан бөгөөд Арчуг хааны дүрд Ардын жүжигчин Л.Жамсранжав, Эгэрэг өрлөгийн дүрд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Гүргэл хатны дүрд И.Одончимэг, Ачирын дүрд МУГЖ Ш.Доржсүрэн, Хүчирийн дүрд УГЗ Б.Отгонбат зэрэг олон уран бүтээлч, театрын хамт олны хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болсон юм.

Унгарын алдарт драмтургч Лоёош Эгриг “Үүтгэл” хэмээх ойлголтыг жүжгийн зохиолын онолд оруулж ирсэн юм. Зохиолч хүн бүрт жүжгээ үүсгэн бичих ямар нэг түлхэц, үүтгэл төрдөг. Энэхүү үүтгэлээ задлан жүжиг болгодог гэж тэрээр үзсэн юм. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ, “Түшээдээ сольж болно. Төрөө авч үлдэх ёстой” гэж хэмээсэн нь чухамдаа “Тамгагүй төр” жүжгийн үүтгэл гэмээр. Арчуг хаан үзэл санаандаа үнэнч үлдэж, чанга хатуу хууль цаазыг дагаж төрсөн хүү Ачираа цаазлан Хүннү төрийг авч үлдэх шийдвэр гаргаж буй нь, Б.Лхагвасүрэн язгуурын монгол төрийн үнэт зүйлийг уран бүтээлдээ илэрхийлсэн хэрэг юм.

Жүжгийн найруулагч найруулагч Ч.Найдандорж "Хэдэн жүжиг найруулсны дараа театрт жүжигчид нь, найруулагч нь байна, харин жүжгийн сайн зохиол нь алга байна гэж аархаж явсан сагсуу занг минь энэ жүжгийн зохиол дарж өгсөн” гэж дурссан нь бий. Харин ардын жүжигчин П.Цэрэндагва "Лхагвасүрэн зохиолоо театрт авч ирээд бидэнд уншиж өгч байхад бид ялаа нисэх нь дуулдахаар чимээгүй сонссон. Уншаад дуусахад нь би өөрийн эрхгүй дуу алдсан” гэсэн байдаг. Харин Ардын жүжигчин Л.Жамсранжав "Тамгагүй төр надтай хамт дуусчих вий. Би энэ жүжигт яс цусаа буцалган байж өөрийгөө элээж, тоглосон биш амьдарсан" хэмээсэн нь бий. Зохиол Б.Лхагвасүрэн "Энэ жүжгийг би Жамсранжавыг бодож бичсэн" хэмээсэн нь санамсаргүй үг ерөөс биш. “Тамгагүй төр” жүжиг тайзны ярианы олон талт ур чадвартай, дүрийн яруу найраглаг үгсийг харилцааны хэлбэрт оруулан илэрхийлэх чадварыг жүжигчнээс шаарддаг. Анх тавигдсан цагаасаа эхлээд 20 жил театрын тайзнаас буулгүй тоглогдсон “Тамгагүй төр” жүжгийн үндэсний театрын урлагт оруулсан хувь нэмэр, дэвшлийн талаар найруулагч Ч.Найдандоржийн тухай бүлэгт тодорхой өгүүлсэн билээ.

2006 онд Их Монгол улс байгуулгагдсаны 800 жилийн түүхэн ойд зориулан УДЭТ-ын тайзнаа жүжиг бүтээх шалгаруулалтанд Б.Лхагвасүрэнгийн "Атга нөж" жүжгийн зохиол шалгарсан билээ. Харин найруулагчдын өрсөлдөөнд Баярцагааны Баатар найруулагч тэргүүлжээ. Б.Баатар найруулгын гол шугамаа ”хурд, хурц ухаан” гэж тодорхойлоод “Чингис гэдэг энэ хүн Дэлүүн болдогт төрөөд дэлхийг эзэлсэн Их Хаан болсны гол нууц бол түүний хурданд л байсан. Өөрөөр хэлбэл бусдаас өрсөн сэтгэж, хөдөлж чаддаг байсандаа тэр Их Хаан болж чадсан юм. Энэ хурдыг л би үзүүлэхийг зорино” гэж мэдэгдсэн билээ.

Судлаач Пүрэвхүүгийн Батхуяг, “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрийг “хронотоп буюу цаг хугацаа- орон зай”-н таван хэлбэрт хамаарч байна үзжээ:

Нэгдүгээрт, Өөлүн эхээс шууд хамааралтай цаг хугацаа, орон зайн дүр,

Хоёрдугаарт, Ван хаанаас шалтгаантай цаг хугацаа- орон зайн дүр ,

Гуравдугаарт, Жамухатай холбоотой цаг хугацаа – орон зай дүр ,

Дөрөвдүгээрт, Тэмүжингээс, Чингис хаан болох үеийн цаг хугацаа – орон зайн дүр,

Тавдугаарт, Чингис хааны өөрийн цаг хугацаа- орон зайн дүр.

Энэ цаг хугацаа, орон зайн орчил бол тайзнаа ил өрнөсөн үйл явдлаас гадна дүрийн сэтгэлзүйд зохиолчийн боловсруулалтаар буй болгосон өөрчлөлтүүдийн зураглал юм. Чингис хааны тухай зохиол туурвиж буй зохиолч бүрийн өмнө цаг ямагт тулгарах бэрхшээл болох, “Монголын нууц товчоо”-г давтах уу, өөрийнхөөрөө дүр бүтээх үү гэдэг асуултыг зохиолч Б.Лхагвасүрэн амжилттай шийдсэн нь энэ. Тэр Чингис хааны нэгэн жарны амьдралыг Брехтийн туульсын театрын аргаар театрын орон зайд хурааж чадсан. Ингэхийн тулд энэ ертөнцөд өөрийн орон зайг олж, өөрийгөө тунхаглах хүн бүрийн сэтгэлийн хүсэл хяслыг Чингис хаан хэрхэн туулж байгааг сэтгэлзүйн шугам болгон хөгжүүлсэн нь оновчтой шийдэл болсон юм. 

        Монголын яруу найрагт дүрслэл, хүүрнэл, өгүүлэмжийн хувьсгал хийж, бөөгийн тамлагаас эхлээд Ариун библийн зохиомж хүртэл чөлөөтэй сэлгэн ашигладаг тоо томшгүй метафорын ертөнц бүтээсэн яруу найрагч Зохиолч  Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр”, “Атга нөж”, “Сарны цагаан цус”, “Гэгээн тамлан”, “Маргаашгүй хаан”, “Хоосон зүүд”, “Улаан тэргэл сар” зэрэг жүжгүүдээрээ нийгэм, утга уянгын, гэр бүлийн драм гэх жүжгийн төрөл зүйлд уягдсан зохиол бүтээлүүдэд шинэ дэг сургуулийг буй болгосон юм.  Б.Лхагвасүрэнгийн жүжгүүдийн нөлөөгөөр хорин нэгдүгээр зуун гарснаас хойш монгол оронд шүлэглэсэн туульсын жүжгийн үер буужээ. Энэ үерийн урсгалд булингартай нь ч бий, цэвэр шижир бүтээлүүд ч мэр сэр буй. Гэвч энэ бол өөр цагт өрнөх ёстой өөр яриа юм.

Монголд орчин үеийн театр хөгжиж эхэлсэн тэртээ 1930-1940-өөд онд түүхэн сэдэвт туульсын жүжгүүд театрын урын санд ихээхэн жин дарж байв. Хэдий ядуу буурай ч зохиолчид агуу их түүхээсээ жүжгийн дүр зөрчлийг төвөггүй гаргаж байсны жишээ нь С.Буяннэмэхийн “Ойрх цагийн товч түүх”, “Баатар хөвүүн Тэмүүжин”, М.Ядамсүрэнгийн “Халхын баатар”, Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”, Э.Оюуны “Талын баатар”, “”Амарсанаа” гэхчлэн энэ жагсаалт хөвөрнө. Феодализмын ангич үзэл төрийн бодлогод хүчээ авсан 1950-иад оноос энэ хэлбэрийн жүжгийг албан ёсоор хориглосон юм. 

Харин 1990 онд ардчилсан хувьсгал ялж, зохиолчид үндэсний онцлогтой бүтээлийг чөлөөтэй туурвих боломж нээгдэхэд зохиолч Б.Лхагвасүрэн монголчуудын эртний түүхэн орон зайд сэргэн мандалтын үеийн сонгодог драматургийн аргаар шинэ ертөнц бүтээхийг эрмэлзэн тууштай хөдөлмөрлөсний үр дүнг бид энэхүү бүлэгт өгүүллээ. Зохиолч Б.Лхагвсүрэн нүүдэлчний аж төрөхүйн нууцаас эхлээд сэтгэлгээний хэв шинжийг нь уран бүтээлдээ сэргээн амилуулах зорилго тавьж түүндээ ч хүрч, монгол үзэгчид Б.Лхагвасүрэнгийн жүжгүүдийн ачаар өнө эртний хэл соёл, өвөг дээдсийнхээ бадрангуй мөн чанарыг олж харсан юм. Энэ бол жүжгийн зохиол, театрын урлагийн гайхамшигт мөн чанар ажгуу.

 2-р бүлгийн 4-р хэсэг. Туульсын театрын эрэл: Ардын жүжигчин, найруулагч Чойнхорын Найдандорж Уртын дуу - Идэр жинчин Дуучин Дорждагва

Чойнхорын Найдандорж хэмээх бие хүнийг монголчууд эрс хурц үгтэй, язгуурын эрэлхэг төрхтэй Зэв жанжины дүрээр мэддэг билээ. Харин түүний хувь хүнийг театрын олон бүтээлээр нь төсөөлнө. Тэр ямагт хурц дүр, эрс эргэлт, ёс суртахуун хийгээд гүн ухааны гүнзгий асуудлыг хөндсөн “сонгодог хийц”-тэй жүжгүүдийг сонгож, амилуулж иржээ. Хамгийн товчхондоо түүний уран бүтээлчийн замнал, уран бүтээлчийн танин мэдэхүй бол Монголын театрын сонгодог уламжлал хийгээд шинэчлэлийн гүүр юм.

Багын найз, хожмын кино урлаг, хошин шогийн алдарт од Батзанын Батзаяа гутлын тос хайж гэрт нь орж ирсэн тэр өдөр бол Ч.Найдандоржийн амьдралыг эгнэгт өөрчилсөн өдөр юм. Б.Батзаяа найзтайгаа хамт гутлаа гялалзтал тосолж аваад “Өсвөрийн залуу инээлгэн баясгагч, алиа хошин шогчдын клуб”-ыг зорьсноос хойш Ч.Найдандорж урлагийн зам мөрөөс хазайлгүй амьдарч иржээ.

Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Ч.Найдандорж нь 1982 онд УБДС-ийн Кино драмын ангид Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлагад суралцан жүжигчний мэргэжил эзэмшиж, их зохиолч Д.Намдагийн сүүлчийн бүтээл, “Эрдэмтний яриа” жүжигт тухайн үеийн театрын уран сайхны удирдагч Намсрайн Сувдтай хамтран тоглосноор академик театрын босгыг анх алхсан түүхтэй. Театрын нэгэн үеийн хүч тамир болсон Д.Сосорбарам, Ж.Сүххуяг, “Гарын таван хуруу”, “Говийн зэрэглээ” киногоор нь ард түмэн хайрладаг Я.Оюунцэцэг тэргүүтэй нэг ангиас Э.Санчигдан, Ч.Найдандорж хэмээх хоёр авьяаслаг найруулагч төрөн гарсан билээ.  Тайзнаа "Алтан түлхүүр". "Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага", "Эмч нар", “Гарваа", "Интоорын цэцэрлэг", "Сократын сүүлчийн шөнө" тэргүүтэн жүжгүүдэд дүр бүтээж, ирээдүйтэй жүжигчний тоонд нэрлэгдэж байсан Ч.Найдандорж 1987 онд Беларусийн Урлагийн академийг зорин В.А.Раевскийн урланд суралцан найруулагчийн мэргэжил эзэмшжээ.

Ч.Найдандорж жүжигчнээс найруулагч болсон уран бүтээлчийн хувьд дүр бүтээх урлагийг найруулгынхаа суурь болгон хөгжүүлсэн онцлогтой. Судлаачид түүний уран бүтээлд жүжигчний дүр бүтээх арга ажиллагаа онцгой байр суурь эзэлдгийг тэмдэглэсэн байдаг. Тэрээр жүжигчнийг гаднаас тогтоосон нэг хэв загварт оруулах бус, тухайн жүжигчний өөрийн зан чанар, дотоод боломж, бусдаас ялгарах онцлогийг нээн илрүүлж, түүгээр нь дүрийг амилуулахыг зорьдог ажээ. Өөрөөр хэлбэр Ч.Найдандорж найруулагч ширээний уншлагын үеэр жүжгийн хувь тавиланг бүрэн шийдэж, дүрийг жүжигчдийн тархинд амилуулж байж тайзнаа гарах зарчмыг ягштал баримталдаг гэсэн үг.

Ч.Найдандорж “Миний ертөнцөөр” номдоо найруулагчийн мэргэжлийн тухай үзэл баримтлалаа тодорхой илэрхийлжээ. Тэрээр найруулагчийг жүжгийн зохиолыг тайзнаа хэрэгжүүлэгч бус, жүжигчин, тайзны зураг, хөгжим, гэрэл, хөдөлгөөн зэрэг олон элементийг нэг үзэл санаанд нэгтгэн цогц бүтээл туурвидаг “тайзны зохиогч” гэж үзжээ. Түүнийхээр найруулагч жүжгийг бүхэлд нь урьдчилан төсөөлж, уран бүтээлчдийн ажиллагааг нэг зорилгод чиглүүлэхийн зэрэгцээ театрын уран сайхны бодлого, өнгө төрх, хөгжлийн чиглэлийг тодорхойлох үүрэгтэй. Мөн өмнөх үеийн найруулагчдын уламжлалыг үргэлжлүүлэн, дүрийн дотоод ертөнц, амьдралын үнэн, болзолт дүрслэлийг цогцоор нээх жүжигчин төвтэй театрыг найруулгынхаа үндсэн зарчим болгожээ.

Ч.Найдандорж үндэсний театрын уламжлалыг орчин үеийн тайзны хэлтэй холбохыг эрэлхийлж, “Үндэсний театр” хэмээх цогц өв буй болгоход гол анхаарлаа хандуулж ирсэн найруулагч юм. Түүний найруулгад монгол зан заншил, бэлгэдэл, бүжгийн хөдөлгөөн, үндэсний театрын дүрслэлийн арга орчин үеийн тайзны болзолт шийдэлтэй хосолдог. Ингэхдээ үндэсний соёлын өвийг барлан тоглож, үзүүлэх бус жүжгийн үзэл санааг илэрхийлэх тайзны хэл болгон ашиглахыг хичээдэг байна. Мөн тайзны орон зай, эд зүйл, хувцас, хөгжим, гэрлийг бодит ахуйг хуулбарлах хэрэгсэл бус утга санаа илэрхийлэх тэмдэг, бэлгэдэл болгон ашиглах хандлага нь Ч.Найдандорж болон нэгэн үед бүтээн туурвиж ирсэн И.Нямгаваа, Э.Санчигдан, Б.Баатар нарын театрын урлагт авчирсан дэвшил юм. Энэ удаад бид Ч.Найдандорж найруулагчийн бүтээлүүдээс УДЭТ-ын тайзнаа тавьсан хоёр жүжгийг нь онцлон ярих болно.

Ч.Найдандорж 1996 онд зураач Я.Санжаасүрэн, хөгжмийн зохиолч Х.Булган нартай хамтран У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг тайзнаа тавьжээ. Театрын зүгээс энэ төслөөр найруулагчид өгөгдсөн чухал шаардлага нь 1990-ээд оны нийгмийн өөрчлөлтийн давалгаагаар театраас хөндийрсөн үзэгчдийн их урсгалыг театрт луу эргүүлэн дуудах байв. Зураач Я.Санжаасүрэн жүжгийн тайзыг сонгодог атлаа минимал өнгө аясаар шийдсэн бол хөгжмийн зохиолч Хангалын Булганы аялгуу үзэгчдийг даллан дуудах үндэс болжээ. Дүр бүтээхүйн хувьд жүжигчдийн дотоод мэдрэмж, хувь хүний онцлог дээр тулгуурлан ажиллахыг найруулагч чухалчилсан агаад Ромеогийн дүрийг бүтээсэн О.Гэрэлсүхийн ухаалаг, язгууртан хэв шинжтэй тоглолт, Жульеттагийн дүрийг бүтээсэн И.Одончимэгийн эмэгтэйлэг, гэнэн, ариун хайрын мэдрэмжийг тодруулсан тоглолт нийгмийн эрс өөрчлөлтийн дараа тогтнох цэгээ эрж байсан шинэ үеийн үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ. Театрын шатан дээр шахалдан суусан ард түмний халуун алга ташилт Ч.Найдандоржийг найруулагчийн хувьд хүлээн зөвшөөрсөн урам байснаас гадна эрх чөлөөт нийгэм, сонголтдоо эзэн болох урам зоригийн дуудлага болсон билээ.

1998 онд Ч.Найдандорж Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг найруулсан нь түүний үндэсний уламжлал, бэлгэдэлт тайзны хэл, жүжгийн гүн ухааныг нэгтгэх эрэлхийллийнх чухал үр дүн байв. Жүжгийн тайз, хөгжим, гэрэл, хувцасны шийдэлд Монголын эртний уламжлалт тэнгэр шүтлэгийн элементүүдийг ашиглажээ. Олны хэсэг тайзан дээр тэнгэр шүтэн нэгдэн залбирч буй дүрслэлээс эхлээд жүжгийн үйл явдал, хөдөлгөөн, зан үйлд үндэсний уламжлалт сэтгэлгээ нэвт шингэсэн байна. Жүжигчдийн хөдөлгөөнд монгол бүжгийн дэг, арга билгийн санааг тусгасан нь мөн онцлог байв. Хөгжмийн зохиолч Х.Булганы этник өнгө аястай хэрнээ театрын онцлогт зохируулан үзэгдлүүдийг дэмжсэн хөгжмөөс гадна энэ жүжигт залуу зураач Түдэвдоржийн Ганхуягийн тайзны шийдлүүд нээлт болсон юм. Уламжлалт арга барилаар түүхэн жүжгийн тайзны шийдэлд хааны суудлыг шууд байрлуулахын оронд тайзыг өөрийг нь хааны суудал, эрх мэдлийн бэлгэдэл болгон, хас тэмдэгийн дүрслэлээр шийдсэнээр Т.Ганхуяг болзолт дүрслэлийн аргыг тайзнаа бүтээх уран дэглэлтийг харуулсан байна. Тайзны метафорын хамгийн энгийн жишээ бол хааны хоёр хатан шинэхэн төрсөн үрээ сольдог хэсэг юм. Дөнгөж төрсөн үрээ солигдоход ямар ч эх мэдрэх нь ойлгомжтой учраас хүүхдийг гэрлээр төлөөлүүлэн солих шийдэл олсон нь хожим “Тамгагүй төр” жүжгийн нэрийн хуудас болжээ.

Монголын яруу найрагт дүрслэл, хүүрнэл, өгүүлэмжийн хувьсгал хийсэн зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” хэмээх товч атлаа өвөрмөц зохиолыг тайзны бүтээл болгох оновчтой шийдлийг Ч.Найдандорж сэдэж олсон нь дараагийн 30 гаруй жилд туульсын жүжиг бүтээх сонгодог дэг сургуулийг эхлүүлсэн хэрэг байв. Ч.Найдандорж найруулагч шүлэглэсэн туульсын жүжгийн эх бичвэрийг үзэгдэл, үйлдэл бүрээр үнэлж, жүжигчний тайзны яриаг нарийвчлан дэглэжээ. Жишээлбэл, эхний үзэгдлийн Арчуг хаан, Эгэрэг түшмэл хоёрын харьцааг дүрүүдийн дотоод сэтгэлийн өчлийн сүлэлдээн маягаар найруулсан нь бий. Шүлэглэсэн яруу текстийг үзэгчдийн сэтгэлд шууд хүрэх цохилготой хэрнээ, энгийн харилцан яриа мэт үйлдэлтэй давхцуулан өгүүлэх нь жүжигчин Л.Жамсранжав, П.Цэрэндагва нарын олон талт өгүүлэх чадварт тулгуурласан найруулга байлаа.

Ч.Найдандорж найруулагч УДЭТ-т нийт дөрвөн удаа уригдан ажиллажээ. Анх 1982 онд жүжигчнээр анх театрын босгыг алхсан бол, найруулагчийн хувиар 1995 онд эргэн ирсэн. Монголын анхны театрын хувийн продакшнуудын нэг “X ТҮЦ”-ийг байгуулж, ажиллаж байгаад 2009 онд театртаа Ерөнхий найруулагчаар томилогдож эргэн иржээ. Харин 2023 онд театрын уран сайхны удирдагчаар томилогдож мөн эргэн ирсэн.

2009 оноос Ерөнхий найруулагчаар ажиллахдаа “Красногоров 7” төслийг санаачлан, оросын алдарт жүжгийн зохиолч Валентин Красногоровын долоон жүжгийг өөрөө орчуулан, долоон өөр найруулагч тайзнаа амилуулсан юм. Нобелийн шагналт зохиолч Дарио Погийн алдарт “Чөлөөт хос” жүжигт Ч.Найдандорж найруулагчийн чухал онцлог болох хөгжмийн өгүүлэмж тодорхой илэрсэн юм. Жүжигчин Ц.Баясгалангийн олон талт жүжиглэлтийг энэ жүжиг үзэгчдэд нээн үзүүлж, жүжигчин Э.Тодгэрэл шинээр өөрийгөө нээн харуулсан юм. Найруулагч Ч.Найдандорж “Чөлөөт хос” жүжиг болон 2011 онд тавьсан Д.Намдагийн “Оролмаа эх” жүжигт ажилласан туршлагаа “Миний ертөнцөөр” ном болгосон нь театрын урлагийг сонирхогч, ирээдүйд найруулагч болохоор тэмүүлэгч хэн бүхэнд сонирхолтой бүтээл болсон юм. 

Ч.Найдандорж найруулагчийн УДЭТ, хувийн театр болон хилийн чанадад бүтээсэн 20 гаруй жүжгээс онцлон өгүүлсэн нэгэн бүлэг энд хүрээд өндөрлөж байна.

2-р бүлгийн 5-р хэсэг. Үндэсний театрын эрэлхийлэл: Найруулагч Энхтуяагийн Санчигдан

Монголын театрын анхны Жульетта Энхтуяагийн хүү Санчигдан театрын орчинд өсөж, театрын гэрэлтүүлэгч, Монгол кино үйлдвэрийн туслах ажилтнаар ажиллаж, цэл залуугаасаа театрын мэргэжлийн сэтгүүл уншиж, өөрийгөө бие даан хөгжүүлсэн онол, түүхийн гүн мэдлэгтэй бие хүн болон төлөвшжээ.  1970-аад оны сүүл үеэс театрын гол найруулагч болон гарч ирсэн Б.Мөнхдорж найруулагч түүний багш бөгөөд, үлгэр дууриал нь байжээ. 1982 онд УБДС-ийн кино драмын ангийг төгссөн залуу найруулагч Э.Санчигдан Дорноговь аймгийн Хөгжимт драмын театрт 1990 он хүртэл уран сайхны удирдагчаар ажиллаж, орон нутгийн театрыг шинэ түвшинд хүргээд, УДЭТ-т уригдан иржээ. 1985 онд Дорноговь аймгийн театрт зохиолч Д.Төрбатын цомнол, Г.Бирваагийн цомнолоор тавьсан “Харц хатан” дуулалт жүжиг нь мэргэжлийн хүрээнд түүнийг анх таниулсан юм.

1988 онд хожмын ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэнгийн тайзнаа тавигдсан анхны жүжгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр”-аар Э.Санчигдан хэмээх найруулагч театрын ертөнцөд шуугиантайхан гарч иржээ. Э.Санчигданы нэрийн хуудас болох тайзны баялаг метафор энэ жүжгэнд амьдралын үргэлжлэл, хүн хоорондын хайр, итгэл, сэтгэлийн үл тасрах холбоог илэрхийлэх жирийн улаан утсаар анх хэрэгжжээ. Улаан утас дүрүүдийн гараас гарт дамжих нь хүнлэг чанар, итгэлцлийг, харин түүнийг өшиглөж, шидлэх үйлдэл нь хүн чанар, амьдралын үнэ цэнийг үгүйсгэхийн бэлгэдлийг үзүүлжээ. Энэхүү тавилтын нөлөө “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн хожмын хувилбаруудад ч хадгалагдаж 2015 онд Ч.Найдандорж жүжгийг сэргээн тавихдаа Э.Санчигданы анхны санаа, шийдлийг аль болох хадгалахыг хичээсэн бол 2025 оны Н.Наранбаатарын найруулгад улаан утасны оронд цагаан бөмбөлөг, хар цагаан өнгөний эсрэгцлээр хайр, итгэлийн санааг илэрхийлсэн юм.

1989 онд анх оросын алдарт найруулагч, жүжигчин Олег Табаковын студид тавигдан шуугиан тарьсан Д.Липскеровын зохиол, “Цардмал замаар урсах гол” жүжгийг найруулагч Э.Санчигдан ганцхан жилийн дараа театрын тайзнаа “Сүүн гол” нэрээр тавьж байсан нь түүний дэлхийн театрын шинэ сэргэг ололттой зэрэгцэн алхаж явсных нь гэрч юм. Хайр халамж, итгэлцэл гээчийг мэдэхгүй өссөн хоёр залуугийн санамсаргүй уулзалт, гүн гүнзгий зөрчил бүхий харилцан яриагаар бүтсэн энэ жүжгээр Э.Санчигдан найруулагч эрх чөлөөт нийгмийн үүдэн дээр зогсож буй залуусын өмнө асуулт тавьсан хэрэг юм.

1991 онд Жан.Шагдарын зохиол “Цагаан дарь эх” жүжгийг тавихдаа Э.Санчигдан найруулагч Брехтийн туульсын театрын арга барилыг монголын үндэсний жүжигт хэрэглэжээ. “Цагаан дарь эх” жүжигт жүжигчдийг зөвхөн бие биетэйгээ харьцах бус, үзэгчид рүү шууд хандан тоглуулж, үзэгчийн хүлээн авалт, хариу үйлдлийг дүрүүдийн харилцааны нэг хэсэг болгосон байна. Мөн бодит ахуйн дүрслэлээс татгалзаж, бэлгэдэл, зүйрлэл, хийсвэрлэлийг түлхүү хэрэглэжээ. Э.Санчигдан найруулагчийн энэ бүтээлээс Ойдовжамцын Энхтуул хэмээх жүжигчин тайзнаа тодрон гарч иржээ.

1993 онд найруулан тавьсан Ц.Ганболдын зохиол “Ялтан” жүжигт хилсээр гүтгэгдсэн хоригдлын хувь заяагаар хүнийг хүн гэж үзэх, хүнлэг чанар, нийгмийн шударга бус байдлын асуудлыг хөндөн тавьсан нь өөрчлөн байгуулалтын хуран үймээнд автсан 1990-ээд оны нийгэмд хүмүүнлэг үзлийн сэрүүлэг болжээ. Найруулагч Э.Санчигдан 1992 онд Ч.Лодойдамбын зохиол “Ёс ёмбогор, төр төмбөгөр”, 1992 онд С.Жаргалсайханы “Там”, 1993 онд Александр Галины “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийг тавьж, театртаа амьдран, шинэ залуу жүжигчдэд багшилж, амсхийх завгүй хийж бүтээж явсан дөч гаруйхан насандаа өвчний улмаас таалал төгссөн юм.

1987 онд зохиолч Александр Галин Москвагийн Зуны Олимпын наадмын үеэр ЗХУ-ын төрөөс нийслэлийг гадаадын зочдод цэвэр ариун, үлгэр жишээ хот болгон харуулахын тулд биеэ үнэлэгчид, архичид, тэнүүлчид, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хотоос “101 километрийн цаана” албадан нүүлгэж, тусгаарласан бодит үйл явдлаас сэдэвлэн бичсэн “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийг Оросын суут найруулагч Лев Додин Санк-Петербургийн "Малый Драматический Театр"-т тавьж дэлхийг шуугиулсан билээ. Энэ цуутай жүжгийг мөн л Э.Санчигдан монголын тайзнаа зориглон тавьж байжээ.

УБДС-ийн кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлага дор хамт төгссөн Ардын жүжигчин, найруулагч Ч.Найдандоржид Э.Санчигдан нэгэнтээ, “Найруулагч сурдаггүй төрдөг юм” гэж хэлсэн гэдэг. Гэхдээ найруулагч төрөхөд зөвхөн авьяас, өгөгдөл хангалтгүй, тасралтгүй эрэл хайгуул хэрэгтэйг Э.Санчигдан өөрийн биеэр нотолжээ. Театрын мэргэжлийн сэтгүүлүүдийг цаг алдалгүй захиалан уншиж, өөрийн багш Б.Мөнхдорж, Ч.Найдандорж нартай шөнө хугаслан театрын тухай ярилцаж байсан наяад оны гэрэлт өдрүүд нь үүний нотолгоо билээ.

Судлаач Т.Цэнд-Аюуш, “Э.Санчигданы театрын урлагт хийсэн гол шинэчлэлийг бэлгэдэлт дүрслэл болон жүжигчин үзэгчийн харилцааны шинэчлэл гэсэн хоёр чиглэлээр тодорхойлж болно. Түүний найруулгууд бодит дүрслэлээс илүү бэлгэдэл, зүйрлэл, хийсвэрлэлийг чухалчилдгаараа тухайн үеийн тайзны уламжлалт хэлбэрээс ялгарч байв” хэмээн дүгнэжээ.

Э.Санчигдан театрт хэлбэрийн шинэчлэл хийхдээ агуулгыг орхигдуулаагүй юм. Өрнийн театрын ололтыг цаг алдалгүй тусган авахдаа өөрийн үндэстний сэтгэлгээтэй сүлж чаддаг Э.Санчигданы жүжгүүдэд хайр, итгэл, хүн чанар, нийгмээс гадуурхагдсан хүний хувь заяа зэрэг асуудал зонхилдог бөгөөд нийгмийн шилжилтийн үед хүний мөн чанар өөрчлөгдөх ёсгүйг тэр их тайзнаас нэн хүчтэй дуугарч байлаа.

Брехтийн “дөрөв дэх ханыг нураах” туульсын театрын онол, хүнийслийн зарчим, түүнээс үүдэн 1970-1980-аад онд өрнө дахины театрын урлагт хүчээ авсан чөлөөт эрэлхийллүүдтэй 1990-ээд онд монгол үзэгчид Энхтуяагийн Санчигдан хэмээх сод авьяастны ачаар танилцсан түүхээс цухасхан өгүүлэхэд ийм байна.

Монголын театрын өглөөний тэнгэрт зуурхан гэрэлтээд харвасан од Э.Санчигдан найруулагчийн тухай судалгаа өдгөө ч эзнээ хүлээсээр байна.

2-р бүлгийн 6-р хэсэг. Зохиолч Дарамын Батбаярын драматургийн дэвшил

Нэрт зохиолч Д.Батбаярын жүжгийн зохиолууд Монголын уран зохиол, театрын урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Түүний “Дөшинжирмийнхэн” жүжиг Улсын драмын театрын тайзнаа Х.Нацагдоржийн найруулгаар тавигдсанаас хойш зохиолчийн олон арван жүжиг нийслэл, орон нутгийн театруудын урын санд багтан, үзэгчдийн хүртээл болжээ. Түүнчлэн “Монголын уран зохиолын дээжис” 108 боть цувралын нэгэн ботийг бүхэлд нь Д.Батбаярын жүжгийн зохиолуудаар бүрдүүлсэн нь түүний драмын зохиолын өв Монголын уран зохиолд эзлэх байр суурь, ач холбогдлыг илтгэх нэгэн баримт юм.

МУИС-ийн геологийн ангийг төгссөн Д.Батбаяр өөрийн унаган авьяасаараа үеийнхнээсээ цойлон гарч, Монголын радио, Соёлын яам, “Цог” сэтгүүл зэрэг байгууллагад ажиллахын зэрэгцээ их зохиолч Д.Намдагийн гэр сургуульд хамрагдан жүжгийн зохиол туурвих болжээ. 1977-1979 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курс төгссөнөөс хойш үзэл суртлын шинжтэй, соцреализмын догма зарчим хүчтэй үйлчилж байсан үндэсний жүжгийн зохиолыг хүний дотоод ертөнц рүү чиглэсэн, сэтгүүлзүйн драмыг өөрчилсөн, баялаг сэдэвтэй жүжгүүдээрээ шинэчилсэн юм. Түүний жүжгийн зөрчлийг судлаач Пүрэвхүүгийг Батхуяг, нийгэм, цаг үеийн шинжтэй зөрчил, гэр бүл, хүмүүсийн харилцааны зөрчил, хувь хүний дотоод зөрчил гэсэн гурван түвшинд авч үзжээ. Тэр дундаа түүний онцгой чадвар нь хувь хүний дотоод зөрчлийг нээхэд илүү тод илэрдэг. “Шувуу бүхэн жаргалтай”, “Хайрыг хайрла”, “Үхэл миний өмч” зэрэг жүжигт гаднах үйл явдлаас илүү хүний хүсэл, айдас, хайр, үхэл, сонголт, өөртэйгөө зөрчилдөх байдлыг гол болгожээ. Тиймээс Д.Батбаярын жүжгүүдэд үйл явдал гэхээсээ илүү дүрийн хэл яриа, сэтгэлзүйн хөдөлгөөн утга санааг тээдэг. Д.Батбаяр зохиолч Д.Намдагийн “гэр сургууль”-ийн уламжлалаас дотоод зөрчлийг олж харах драматургийн зарчмыг өвлөж, түүнийгээ өөрийн сэтгэлгээ, хэлбэрийн эрэлтэй холбосноор Монголын жүжгийн зохиолын уламжлалыг шинэчилсэн билээ.

УДЭТ-ын тайзнаа 1974 онд найруулагч Х.Нацагдоржийн тавьсан “Дөшинжирмийнхэн” жүжигт хөдөөгийн амьдралд нэвтэрч буй шинэ хүчин зүйлсийн талаар өгүүлэх авч, зохиолын үндсэн утга нь шинэ, хуучны өнгөц тэмцэлд бус, түүний цаана орших ёс суртахуун, хүн байхын учир утгын асуудалд төвлөрдөг. Иймээс жүжгийн гол үнэ цэнэ нь тухайн цаг үеийн нийгмийн өөрчлөлтийг шууд дүрслэхээс илүү түүний дунд амьдарч буй хүний мөн чанар, ёс суртахууныг шинжлэн харуулсанд оршино.

1983 онд Б.Мөнхдорж найруулагчийн найруулгаар тус театрт тавигдсан “Мартагдсан аялгуу” жүжигт Д.Батбаяр хүний хайр сэтгэл, дурсамж, өнгөрсөн ба одоогийн харилцааг сэтгэл зүйн түвшинд авч үзжээ. Зохиолын зөрчил нь дүрүүдийн сэтгэлд хадгалагдсан өнгөрсөн амьдрал, мартагдаагүй хайр, өнөөгийн бодит байдлын хооронд үүсэх дотоод зөрчилд тулгуурладаг. Тиймээс туурвилзүйн хувьд зохиолч үйл явдлыг өрнүүлэхээс илүү дүрүүдийн харилцан яриа, дурсамж, сэтгэлийн хөдөлгөөнөөр тэдний дотоод ертөнцийг нээхийг зорьсон байна. Түүнчлэн “аялгуу” нь энгийн нэг хөгжмийн ойлголт бус, хүний сэтгэлд үлдсэн өнгөрсөн цаг, хайр, дурсамжийг бэлгэдэх уран сайхны хэрэгсэл юм. Жүжгийн нэр, зөрчил, өгөгдсөн нөхцлийг цогц байдлаар, яруу найраглаг тэмүүллээр бүтээдэг Д.Батбаярын энэ цогц хандлага, уянгын сэтгэлгээ нь С.Жаргалсайхан, Б.Лхагвасүрэн, П.Баярсайхан нарын анхны жүжгийн зохиолд ихээхэн хүчтэй нөлөөлж, үндэсний жүжгийн зохиолд дэвшил авчирсан юм.

Д.Батбаяр нийгэм, цаг үеийн зөрчлийг хүний сэтгэл зүй, ёс суртахууны дотоод зөрчилтэй холбон гүнзгийрүүлдэг. Энэ онцлог “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжигт ардын үлгэрийн уламжлалт дүр, өгүүлэмжийг шинэчлэн, эрх мэдэл ба хүний мөн чанарын асуудлыг хөндсөнөөр илэрчээ. Жүжгийн зөрчил нь Хөхөлдэй хүү, атгаалжин мангасын тэмцлээс хальж, эрх мэдэлд хүрсэн хүн ёс суртахууны хувьд хэрхэн өөрчлөгдөж, “сохордог” тухай дотоод зөрчилд төвлөрдөг. Түүний сохрол нь бие махбодын бус, харин дотоод сэтгэл, ёс суртахууны “нүд сохрох” үйл явцын бэлгэдэл болж байна. Гаднах дайсан буюу мангасыг ялахад бус, эрх мэдэлд хүрсэн хүн өөрийн дотор бий болох шунал, эндүүрэл, сохролыг даван туулж чадах эсэхэд жүжгийн үүтгэл орших ба зохиомжийн хувьд Софоклын алдарт “Эдип хаан” жүжгийн сонгодог зохиомжийг зориуд тонгоруулан ашигласан нь өндөр түвшинд хүрсэн драматург хийдэг зоригтой алхам билээ. Ийнхүү уламжлалт үлгэрийн хэлбэрээс орчин үеийн драмын агуулгыг гаргаж, сонгодог драматургийн хэлбэрээр илэрхийлсэн нь Д.Батбаярын уламжлал ба шинэчлэлийг хослуулсан туурвилзүйн арга барилын нэг тод жишээ болж байна. Тиймээс “Хөхөлдэй хүүгийн үлгэр”-ийг зөвхөн тухайн үеийн улс төрийн тогтолцоог ёгтлон шүүмжилсэн бүтээл гэж хязгаарлан үзэх боломжгүй. Жүжгийн илүү өргөн утга нь эрх мэдэл ба хүний мөн чанар, удирдагчийн ёс суртахууны хариуцлага, эрх мэдэлд хүрэх явцад хүний дотоод хараа хэрхэн “сохордог”, нэг дарангуйллыг устгаснаар нөгөө дарангуйлал үүсэх боломж арилах эсэх зэрэг нийтлэг асуудлыг хөндсөнд оршино. Чухам энэ энгийн зөрчлөөс гүн гүнзгий философи асуудлыг хөндөн үзүүлэх, нарийвчлалаас ерөнхий цогц агуулгыг буй болгох нь Д.Батбаяр зохиолчийн сэтгэлгээний цар хүрээний илэрхийлэл юм.

1940-өөд оноос Теннесий Ульям, Южин О’Нийл, Артур Миллер, Харольд Пинтер нар дэлхийн жүжгийн зохиолд гаргаж ирсэн иргэншсэн нийгмийн давчуу булангаас хүний сэтгэлзүйн мухардал, оюун санааны туйлшралыг хурцаар хөндөн гаргадаг сэтгэлзүйн драмыг монголын театрын сэтгэлгээнд цаг алдалгүй нэвтрүүлж, Жан Поль Сартр, Албер Камю тэргүүтэн зохиолчдын оршихуйн драмын эрэл хайгуулыг зоригтой туршсан Д.Батбаяр зохиолч бол Д.Намдагаас хойш монголд төрсөн хамгийн хүчирхэг жүжгийн зохиолч билээ.

 

2-р бүлгийн 7-р хэсэг. Монголын театрын алсын хараа: Батсүхийн Зориг

 

 

 

2-р бүлгийн 8-р хэсэг. Тайзны зургийн шинэчлэгчид Бурмаагийн Төмөрхуяг, Ядамын Санжаасүрэн

1930-1940-өөд оны театрт жүжгийн хувцас, жижиг хэрэглэл нь бодит төдийгүй ерөөсөө урлагт бодитоос хуулбарлах арга зонхилж байлаа. Харин 1950-иад оноос театрын тайз чимэглэлийн мэргэжлийн зураачид бий болжээ. 1960-1970-аад онд театрын зураачдын шинэ үе эхэлж, жүжгийн зураг, чимэглэлд болзолт ерөнхийллийн арга боловсорч, сэтгэлгээний шинэ хэлбэр хөгжиж эхэлжээ. 1970-аад оноос эх орондоо тайзны засал, чимэглэлийн мэргэжлийн зураач бэлтгэж эхэлсэн нь тайзны засал, чимэглэлийн урлаг Монголын дүрслэх урлагт салбарлан хөгжих үндэс болсон юм. Ийнхүү 1980-аад оноос зураачийн бүтээлч арга илэрхийллийг илтгэсэн өвөрмөц шийдэлтэй шинэлэг бүтээлүүд гарсан бөгөөд үүнийг дагаад тайзны засал чимэглэлийн урлагийн онол, бүтээлч илэрхийлэлд өөрчлөлт ихээхэн гарсан юм. Монголын театрын урлагийн түүхэнд 1970, 1980-аад онд Б.Сосорбарам, Ч.Гунгаасүх, Б.Төмөрхуяг, Я.Шийтэр, Ц.Зориг, Г.Адъяа, Я.Санжаасүрэн зэрэг ЗХУ-д театрын дээд сургуульд мэргэжил эзэмшсэн хэсэг зураачид нэгэн үе болон гарч ирсэн.

Монголын театрын тайз заслын урлагт “сценографи”-ийг бүрэн утгаар илэрхийлж, хөгжлийн шинэ шатанд хүргэж чадсан уран бүтээлчдийн гол төлөөлөл зураач Бурмаагийн Төмөрхуяг, Ядамын Санжаасүрэн нар юм. “Тайзны засал чимэглэлийн урлаг” гэсэн нэрийг 1980 оноос шинэчилж, олон улсын сонгомол нэр “Сценографи” буюу “Тайзны зургийн урлаг” гэж нэрлэх хандлага бий болсон юм. Гэхдээ энэ нэр нь драмын жүжигт илүү нийцдэг бөгөөд драмын жүжигт орчны байдал болон холбогдох эд зүйлс, бусад техникийн үйлдэл, жижиг хэрэглэл, хувцас зүүсгэл бүгд хоорондоо холбогдож, дүр бүтээх чухал хэрэглэгдэхүүн болдог. Зураач Б.Төмөрхуяг чухам энэ хандлага хүчээ авсан 1975-1980 онд ЗХУ-ын Ленинград хот буюу одоогийн Санкт-Петербург хотын Театр, кино, хөгжмийн дээд сургуульд суралцаж, тайзны зураачийн мэргэжил эзэмшжээ. Б.Төмөрхуяг зураач 1980-2000 оны театрын түүхийг бүтээсэн найруулагчид болох Г.Доржсамбуу, В.И.Кондратьев, Б.Мөнхдорж, Э.Санчигдан, И.Нямгаваа, Б.Баатар зэрэг найруулагчидтай хамтран 50 гаруй жүжгийн зураачаар ажиллахын зэрэгцээ 1980-1984 онд ДУДС-д багшилжээ. Зураач Б.Төмөрхуяг бол тайзан дээр байрлуулсан биет зүйлсийн зохиомж, шийдэл, өрөлт, макет загвар бүтээх зарчмыг шинэчлэн хөгжүүлж, театрын зураачийн бүтээлийг дүрслэх урлагийн бүтээл туурвилын түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн зураач юм. Тайзны зураач хүний эрхэм дээд чанар бол уран сэтгэмж юм. Тайз чимэглэлийн зураачаас түүх, угсаатны зүйн мэдлэг илүүтэй шаарддаг бол сценографийн урлаг нь зураачаас уран сэтгэмж гойд нэхдэг. Дээрх хоёр чадварыг Б.Төмөрхуяг эзэмшсэн байлаа. Зураач Б.Төмөрхуяг зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” инээдмийн жүжгийн тайзыг бүтээхдээ жүжгийн үйл явдлыг тодотгогч мануухай болон гэрийн хана зэргийг үзэгдэл бүрд хөдөлгөөнд оруулж, жүжгийн утга санааг далд онч санаагаар илэрхийлэх шийдлийг боловсруулсан юм. Төмөрхуягийн урласан тайз тухайн жүжгийнхээ утга санааг илэрхийлээд зогсохгүй, тайзнаа дүр бий болгож өөрөө “тоглож”, жүжигчинтэй хамт харилцан үйлдэлд орж байдгаараа онцгой байлаа.

Нэрт найруулагч Б.Мөнхдоржтой хамтран ажилласан Б.Брехтийн зохиол “Галилейн амьдрал” жүжгийн тайзыг нэн цомхон, тун энгийн байдлаар бүтээсэн байдаг. Энэ жүжгийн тайзны макет эскизийг үзвэл элдвийн чамин эд зүйлс, эрээн мяраан, эрээвэр хураавар байхгүй, тойрог налуу тавцан дээр л үзэгдэл бүрийн үйл явдал өрнөдөг. Энд гэрлийн тусгалын үйлчлэл, орон зайд үүссэн ер бусын эффект нь гол үүргийг гүйцэтгэж байна. Ингэж зураач тайзыг гоё сайхан харагдах байдлаас татгалзаж, гэрлийн нөлөөлөл болон үзэгдэх орчны өвөрмөц байдлыг ашиглан үзэгчдэд этгээд сонин сэтгэгдэл төрүүлэхээр зохиомжилсон байна. Сонгодог бүтээл энгийн даруу, илүү дутуугүй байх ёстой гэдэг зарчмыг Б.Төмөрхуяг хатуу баримталдаг. Аливааг гоёчлохоос эрс татгалзаж, бодит үнэнээс урлагийн гоо сайхныг олж нээхийг хичээдэг нэгэн байжээ. Зураач Б.Төмөрхуягийн ажилласан бүх жүжгүүдийн тайз заслыг нэг дор багтаан бичих боломжгүй арвин судлагдахуун үлджээ. Зураач Б.Төмөрхуягийн энэ хүртэл хүүрнээд тайзны нэрт зураач, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, сурган хүмүүжүүлэгч Ядамын Санжаасүрэнгийн тухай өгүүлсүгэй.

Я.Санжаасүрэн зураач 1972-1976 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн тайз чимэглэлийн ангид, 1984-1990 онд Украйн улсын Киев хотын Театр урлагийн дээд сургуулийн тайзны зураачийн ангид тус тус суралцаж төгсжээ. Тэрээр 1996 онд Ю”жин Онилийн “Тамын дурлал”, 1996 онд У.Шекспирийн “Ромео Жульетта хоёр”, 2001 онд С.Жаргалсайханы “Тэмүжин”, 2004 онд Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл”, 2008 онд К.Людевикийн  “Гол дүрийн амрагууд”, 2010 онд Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний 40 гаруй жүжгийн тайзны зураачаар ажиллажээ.

Я.Санжаасүрэн 1990 оноос Дүрслэх урлагийн дээд сургуулийн тайз дэлгэцийн бүтээлийн зураачийн ангийг удирдсан багшаар ажиллаж, олон шавь бэлтгэн мэргэжлийн уран бүтээлчдийн шинэ үеийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Мөн 2008 оноос Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуульд тайзны зураачийн багшаар ажиллаж, тайзны зураач бэлтгэх сургалтын арга зүй, хөтөлбөр боловсруулалцсан байна. Өнөө цагийн монголын тайзны зургийг урлагийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын Ерөнхий зураач Түдэвдоржийн Ганхуяг тэргүүтэй Я.Санжаасүрэнгийн дэг сургуулийн шавь нар тодорхойлж байгаа нь энэ авьяаслаг зураачийн театрын урлагт оруулсан хамгийн том хувь нэмэр билээ.

2-р бүлгийн 9-р хэсэг. Батсүхийн Нармандах – “Унаган хайр” жүжгийн дуу

Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд

Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юм уу

Уужимын холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө

Учралын жаргал инээгээгүй цайлган хайлган унаган хайр аа... 

Энэхүү дууг Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, дуучин Монгол Улсын Гавьяат Жүжигчин Батсүхийн Нармандах оюутан ахуй үедээ дуулсан гэдэг. Тэрээр энэ дуунаас гадна “Эцсийн тушаал”, “Амьдралын анхны хонх”, “Буцах хаяг” зэрэг жүжгийн дуунуудыг дуулж театрт залуусыг дуудах дуу хоолой болсон юм.  /Товч яриа оруулах: Жүжигчин Б.Нармандах/

Жүжигчин Б.Нармандах “Дуу миний амьдралаас хэзээ ч салахгүй зүйл юм билээ. МУСГЗ, хөгжмийн зохиолч Алтанхуяг ах миний дуулахыг сонсоод “Унаган хайр” дууг надад зориулж аяыг нь зохиосон гэж хэлж байсан. Үгийг нь бол Л.Дагвадорж ах хайртай бүсгүйдээ зориулж бичиж байсан түүхтэй. Хүн хэдий өтөлж, хөгширсөн ч гэсэн унаган хайраа хэзээ ч мартдаггүй, үргэлж залуугаар харагддаг гэсэн утгыг илэрхийлдэг сайхан дуу” хэмээн өгүүлсэн нь буй. МУСТА Б.Нармандах Унаган хайр Юутүбт Нармандахын дуулсанаар ийм бичлэг байна.

2-р бүлгийн 10-р хэсэг. Уянгын жүжгийн давалгаа: “Унаган хайр”, “Буцах хаяг” тэргүүтэн жүжгүүд

1980-1990-ээд оны эхэн үе бол найруулагч Г.Доржсамбуугийн сэтгэлгээний эрх чөлөө, үндэсний ухамсрын сэргэлтэд уриалан дуудсан үзэл санааны жүжгүүдээс гадна хүний сэтгэлийн нандин харилцаа, хайр дурлал, амьдралын үнэ цэнийг сануулсан “Уянгын жүжгийн давлагаа” эрчилсэн үе билээ. Энэ давалгааг эрчилэхэд найруулагч Бирваагийн Мөнхдорж, шавь Энхтуяагийн Санчигданы хамт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ үед А.Арбузовын “Намрын уянга”, Д.Дожоодоржийн “Унаган хайр”, Д.Батбаярын “Мартагдсан аялгуу”, В.Ежовын “Гургадайн дуут шөнө”, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” тэргүүтэн уянгын жүжгүүд шил шилээ даран мэндэлж, наяад оны залуусыг театраас уяатай байлгаж чадсан юм. Эдгээрээс “Унаган хайр”, “Буцах хаяг” жүжгүүдийг онцолъё: 

1982 онд тайзнаа амилсан, Долгорын Дожоодоржийн зохиол “Унаган хайр” жүжгийн найруулагч Б.Мөнхдорж залуу зохиолчийн тэмдэглэл хэлбэрээр зохиомжилжээ. Ялимгүй явдлаас болж найзыгаа гомдоосноос хоёр залуугийн анхны хайр, ариун үерхэл алдагдахад хүрсэн ззангилаа цэгээс зохиол эхэлнэ. Найруулагч Б.Мөнхдорж баатруудын амьдралын өнгөрсөн түүх, дуртгалыг киноны дүрслэл, хэллэгт ойртуулан урсан өнгөрөх зургаар галт тэргийг дүрсэлж, улмаар жүжиг бүхэлдээ кино хальс мэт хөвөрч, бичгийн машины дуу тасралтгүй үргэлжилж байсан нь найруулгын шинэлэг шийдэл байв. Найруулагч үзэгдлүүдийг хэсэгчлэн хувааж, цомхотгосон бөгөөд тухайн хэсгийнхээ нөхцөл шалтгааныг зөв тодорхойлон, жүжгийн санааг өргөж чаджээ. Хэрэг түвэг хийсэн Алдар буюу жүжигчин Г.Равдан, Чагдал буюу жүжигчин Ч.Алтан-Өлзий хоёрыг ярилцах хэсэгт найруулагч хурал хуй заавал ширээний цаанаас асуудлыг шийдвэрлэдэг хэвшмэл үзлийг халж шууд үзэгчдээр, өөрсдөөр нь шийдвэрлүүлсэн нь 1970-аад оноос Европийн театрт хүч авсан постдрамын туршилтыг театрт зориглон хийсэн шийдэл байлаа. Энэ жүжгээр театрт шинэ залуу жүжигчдийг гаргаж ирсэн бөгөөд залуу жүжигчин Д.Долгорсүрэн, П.Цэрэндагва, Г.Равдан, Г.Эрдэнэтогтох, Ч.Алтан-Өлзий нарын жүжиглэлт үзэгчдийг байлдан дагуулж, театр залуусыг даллан дуудаж байлаа. Хөдөө орон нутагт ч бригадаар явж тоглосон ба “Унаган хайр” улсаа бүтэн тойрч тоглоогүй аймаг, сум үлдээгүй билээ. /Хөгжим/

Зохиолч С.Жаргалсайханы их тайзнаа илгээсэн анхны бүтээл “Буцах хаяг” жүжиг бол 1980-аад оны сүүлчээр үзэгчдийг театр луу дуудсан дуулиант жүжгүүдийн нэг билээ.  Найруулагч Г.Доржсамбуу нь “Буцах хаяг” жүжигт залуучуудын ёс суртахуун болон ахмад залуу хоёр үеийнхний үзэл бодлын зөрчилдөөнийг харуулах зорилго тавьсан байдаг.  Энэхүү жүжигт Ц.Төмөрхуяг, Я.Оюунцэцэг, Ч.Алтан-Өлзий, Г.Эрдэнэтогтох, Л.Баярсайхан, Н.Цэвээнравдан, Ч.Найдандорж, Д.Сосорбарам, С.Лхагвасүрэн, Ж.Ганхуяг зэрэг үе үеийн жүжигчдийн хүчирхэг ансамбль бүрдсэн нь ч өөрөө түүх юм. Энэхүү жүжгийг ОХУ-ын Буриадын драмын академик театрт 1989 онд аялан тоглож байжээ.  Судлаач Д.Батжаргал “Утга зохиол урлаг” сонинд 1988 онд “БУЦАХ ХАЯГ”-ИЙН ТУХАЙ БОДОЛ” шүүмждээ “Жүжигчин Ц.Төмөрхуягийн бүтээсэн Баттөрийн дүр үзэгчдийн сэтгэлд хүрч, тоглолтын ур чадвар сайн болсон нь жүжигчнээс үгийн үйлдэл, биеийн уян хатан үйлдлийг чадварлаг эзэмшсэний үр дүн юм. Түүний бүтээсэн бусад дүрийг харьцуулан үзсэн ч уран бүтээлдээ өсөж, цаашдаа сэтгэлгээ сайтай, жүжигчин болох нь харагдаж байна. Мөн залуу жүжигчин Г.Эрдэнэтогтох, Ш.Гэрэл нар ч уран бүтээлдээ өсөж явааг энэ дашрамд тэмдэглэе. Эцэст нь хэлэхэд сүүлийн үед нэлээд жүжиг, киноны зохиол бичиж буй залуу зохиолч С.Жаргалсайхан залуучуудын ёс суртахууны асуудлыг жүжигт дэвшүүлэн тавьж, үзэгчдийг эргэцүүлэн бодох сэтгэхүйн үйлдэлд татан оруулсан нь түүний хувьд зөв зүйтэй эхлэл болжээ” хэмээн онцолсон нь бий. Академик театрын тайзнаа эрчилсэн уянгын жүжгийн давлагаа 1990-ээд онд монголын нийгэмд салхилсан сэтгэлгээний эрх чөлөөний салхи болон шинэ хуучны зөрчлийг урьдчилан харсан уран бүтээлчдийн зөн совингийн үр дүн байсан юм. Найруулагч, жүжигчдийн эрэл хайгуул, тайзны шинэ шийдэл, хүний дотоод сэтгэлд хандсан өгүүлэмж нь эдгээр бүтээлийг хүний амьдралын мөнхийн асуудлыг хөндсөн бүтээл болгон мөнхөлжээ. Уран бүтээлчид нийгмээсээ нэг алхам түрүүнд явдгийн амьд жишээ энэ буюу.

2-р бүлгийн 11-р хэсэг. Үзэл санааны найруулагч Гүрсэдийн Доржсамбуу

“Тоншуул” сэтгүүлийн зураач, сэтгүүлч Гүрсэдийн хүү Доржсамбуу 1966 онд театрын дагалдан жүжигчнээс гараагаа эхэлж, есөн жилийн дараа ЗХУ-ын Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуульд суралцах эрх өвөртөлжээ. Г.Доржсамбуугийн найруулан тавьсан “Найрын ширээний ууц”, "Нора", “Хөхөлдэй хүүгийн үлгэр” тэргүүтэй 20 гаруй жүжиг УДЭТ-ын урын санг үзэл сурталч, хуучинсаг хэлбэрээс салган, орчин үеийн театр болгох эхлэлийг тавьсан түүхтэй.

Г.Доржсамбуу 1981 онд төгсөж ирээд өөрийн дипломын ажил болох Д.Мягмарын зохиол “Найрын ширээний ууц” жүжгийг тавьсан нь дараагийн 10 жилийн турш танхим дүүрэн үзэгчтэй тоглогдон, театрын гол орлогын эх үүсвэр болж, эх орныхоо 18 аймаг, 300-гаад суманд аялан тогложээ. “Найрын ширээний ууц” жүжиг нь эгэл жирийн ахуйн уламжлалын эсрэг шинэ үе, ёс суртахууны эсрэг үзэл суртлыг сөргүүлэн тавьж, энэхүү зөрчлөө Г.Мягмарнаран, Л.Мягмарсүрэн, Ц.Гантөмөр нарын олон талт тоглолтоор задалж өгсөн нь энэ амжилтын үндэс болжээ. Энэ жүжгийн найруулгын тухай найруулагч Б.Мөнхдорж найруулагчийн тодорхойлолтыг сонсоцгооё. “Г.Доржсамбуугийн инээдмийн жүжгийн төрөл жанрыг мэдрэх чадвар, инээдмийн жүжгийн хэтрүүлгийн хэллэгийг онож тохируулсан найруулгын гаргалгаа нь жүжгийн тайз чимэглэл, болзолт, зүйрлэх аргуудыг чадмаг хэрэглэж, хөгжмийн чимэглэлийн хөг аялгуу, хоёр малчны дүрийн гадаад дотоод хэв шинж, найрт уригдан ирсэн зочдын шогчилсон хэв маяг, хэлбэр дүрс, дунд нь байрлуулсан мануухайн дүрс, орчин цагийн тайзны уран бүтээлийн илэрхийлэх аргад шинэчлэл оруулж ирсэн бүтээл болсон юм.” хэмээжээ.

Г.Доржсамбуу 1981 онд мөр зэрэгцэн төгсөж ирсэн зураач Бурмаагийн Төмөрхуягтай насан туршийн уран бүтээлийн хамтрагчид байв. Зураач Б.Төмөрхуягийн “Найрын ширээний ууц” жүжигт ашигласан мануухайн шийдэл асар гүн утгатай адилтгал байлаа. Өнгөц харахад хүн дүртэй боловч, өөрийн үзэл бодолгүй, хүсэл тэмүүллээ ч нийгмийн жаазанд хийсэн бэртэгчдийн тухай ёгтлол гэмээр. Харин жүжгийн гол явдалтай холбон бодоод үзвэл монгол малчин айл бүрийн гадаа байдаг мануухайгаар социалист системийн үед мах бэлтгэлийн зорилгод зориулан хөгжүүлсэн, хөдөө аж ахуйн тогтолцооны зөрчил, бие даан шийдвэр гаргахад хязгаарлагдмал нөхцлийг бэлгэдэн харуулсан хэрэг юм. Иймээс ч “Найрын ширээний ууц” жүжиг хөдөөний үзэгчдийн сэтгэлд гүн хүрчээ.

Тайзнаа 16 дүр бүтээж, 20 гаруй жүжиг, 2 кино найруулан, дэлгэцийн 12 бүтээлд дүрээ мөнхөлсөн Г.Доржсамбуугийн албан намтар цомхон хэдий ч монголын театрын урлагт оруулсан нөлөө асар их байлаа. Г.Доржсамбуу найруулагчийн жүжгүүд нийгэмд ёс суртахууны асуулт тавьдаг байв. Тийм ч учраас1950-иод оны театрт ёс зүйн асуулт тавьж, жирийн хүмүүсийн хооронд өрнөх зөрчилд төвлөрсөн зохиолч Л.Ванганы “Чи хэн бэ?”, “Эмч нар” жүжгүүдийг театрт шинэчлэн тавьжээ.

Найруулагч Г.Доржсамбуу 1980-1985 онд УБДС-ийн кино драмын ангид багшилжээ. Түүний дааж төгсгөсөн ангиас жүжигчин С.Лхагвасүрэн, Ш.Алтанцэцэг, найруулагч Н.Пүрэвдорж, Ч.Ганхуяг, СУИС-ийн багш А.Энхбаяр, Энхсайхан нар болон багшийнхаа дуудлагаар УДЭТ-ын дэд захирлаар тохимологдож, театрын 36 жилийн турш удирдсан Д.Цэрэнсамбуу нарын урлагийн зүтгэлтгүүд төрөн гарсан юм. Г.Доржсамбуу шавь нартаа,

“…Эрэлхэг зоригтой атлаа догшин биш

Шалмаг хурдан атлаа хөнгөмсөг биш

Хатуу зарчимч атлаа зөрүүд биш

Тусархаг найзархаг атлаа бялдууч биш

Дуулгавартай томоотой атлаа ноомой биш

Буурь суурьтай атлаа хүнд сурталгүй

Хэрсүү хурц атлаа харгис биш…” хэмээн сургадаг байжээ. Энэ үгс түүний хувь хүний мөн чанар болоод уран бүтээлчийн чиг шугамыг хэнээр ч хэлүүлэлтгүй тодорхой тайлбарлачихаж байна. 1986 онд зохиолч Д.Батбаярын “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийг тавихдаа найруулагч Г.Доржсамбуу, зураач Б.Төмөрхуяг нар тайзан дээр мангасын арван таван толгойг хөдөлгөөнтэй байрлуулсан бөгөөд, хааны дүрийг хэлгүй, толгойгүй, хатандаа идүүлж буйгаар шийдсэн нь үлгэрийн сэдвийн цаана нийгмийн шүүмжээ илэрхийлсэн хэрэг байв. Жүжгийг үзсэн МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн дарга нар, Соёлын яамны удирдлагууд жүжгийн тавилтанд тухай үеийн нам, төрийн удирдлага болон ЗХУ-ын арван таван улсыг арван таван толгойт мангастай адилтган үзүүлсэн хэмээн шалтаглаж, зөвхөн үзэл суртлын шалтгаанаар хаасан байна. Хожим судлаач С.Хөвсгөл: Д.Батбаярын "Хөхөлдэй хүүгийн үлгэр" жүжиг нь "манай улс орны амьдралд байсан явдлыг төлөөлж байгаа  шүүмжлэлт санааг нь хүчтэй болгосон...Жүжгийн гол санаа нь удирдагч хүний байр суурийн тухай юм. Удирдагч хүн түүхийн сургамжийг умартан гоомой хэрэг хийснээс ард олноороо зовлонгийн далайд умбаж байна" хэмээн задлан шинжилсэн нь бий. Уг жүжгийн Хөхөлдэйн дүрд Ч.Найдандорж, С.Лхагвасүрэн, Асар нэрт хаанд Л.Баярсайхан, Эмгэн шуламд О.Норолхоо, Д.Цэрэндарьзав, Ялдам зантад Н.Цэвээнравдан Ж.Дорлигжав зэрэг жүжигчид тоглож монгол үлгэрийн баатруудын дүрийг тус тусдаа сонирхол татахаар бүтээжээ. “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжиг 1991 онд Москвад болсон социалист орнуудын театрын фестивальд оролцож байлаа.

Найруулагч Г.Доржсамбуу, “Театрынхаа ирээдүйг бүтэн харж бай. Театрт найруулагчид хамаагүй зүйл гэж үгүй. Ямар ч театрын уран бүтээл найруулагчийнх нь үзэл бодол, уран сайхны боловсролын түвшнээр илэрхийлэгддэг. Найруулагч хүн уйгагүй бодож, сэтгэж, бусдын хараагүй, бодоогүй өнцгүүдийг харж, түрүүлж хийх ёстой” хэмээжээ. 1985-1994 онд театрт ерөнхий найруулагч болон захирлаар ажиллахдаа Г.Доржсамбуу ямагт нийгмийг хэлэлцүүлэгт уриалсан, үзэл санааны жүжгүүдийг тайзнаа бүтээж байв. Ийм ч учраас театр судлаач Д.Батсайхан, “Найруулагч Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, И.Нямгаваа нар театрын төрхийг найруулагч тодорхойлж, хөгжлийг нь урагшлуулдгийн жишээг өөрсдийн уран бүтээлээрээ тод харуулсан. Тэд найруулагчийн мэргэжилд хандах  хуучин хандлагыг эвдэж, шинэ дэг жаягийг тогтоон, монголын театрын хөгжлийг орчин үеийн төвшинд хүргэх зорилго тавин, түүнийгээ ажил хэрэг болгон театрт шинэчлэл авчирсан гавьяатнууд юм” юм хэмээн дүгнэжээ.

Ардчилсан хувсгал ялсны дараа монголчууд төрт ёсны наадмаа сэргээсэн 1990 оны наадмын нээлтийг Г.Доржсамбуу найруулж, Есөн хөлт цагаан тугийг залах сүрлэг агаад бадрангуй ёслолыг хийжээ. Н.Жанцанноров хөгжмийг бичиж, Б.Лхагвасүрэн үгийг нь тэрлэсэн энэхүү ёслолд анх 1989 онд найруулагч Б.Мөнхдоржийн тавьсан “Ээдрээ” жүжигт зориулан зураач Ч.Гунгаасүхийн бүтээсэн “Найман тахилын туг”-ийг ашиглажээ. Театрын хамт олон үндэсний бахархал, ой санамжийг сэргээхийн төлөө бүх хүчээ дайчлан ажилсан энэхүү ёслол цаг хугацааны шалгуурыг даван гарч, Үндэсний их баяр наадмын салшгүй хэсэг болон хуульчлагдсан билээ.

1990-ээд оны нийгмийн шилжилтийн хүндхэн цаг үед Г.Доржсамбуу найруулагч театрыг удирдсан юм. Төрөөс зөвхөн тогтмол зардал өгч байсан үед ажиллагсдын цалинг тавихад хүндрэл гарч, шинэ уран бүтээл хийхэд төрөөс олгодог санхүүгийн дэмжлэг бүрэн зогссоноор театраас зарим жүжигчид гарч байлаа. Театрын гал голомтыг сахиж үлдсэн уран бүтээлчид “Туйлшрал” хошин шоу тоглолтыг зохион байгуулж, олсон зардлаараа шинэ уран бүтээлээ хийж санхүүжүүлж байв. Энэ үед Г.Доржсамбуу урын сангийн бодлого театрыг эрс шинэчилж, орон орны модернист зохиолчид болон Равидранат Таагүр, Гарсиа Лорка, Чехийн ардчилсан хувьсгалыг удирдагч Вацлав Хавел нарын жүжгийг тавьж байлаа. Санхүүгийн хүндрэлийг сөрөх мэт Эстонийн найруулагч Комсарровыг урин Ульям Шексприйн “Макбет” жүжиг, Б.Мөнхдоржийн найруулгаар “Ричард III” жүжгийг тавьж байлаа. Г.Доржсамбуу театрын даргаар ажиллаж байх үед анх сэдэж санаачилсан “Театр студи” буюу залуу уран бүтээлчдийг бэлтгэх лаборатори сургалтын үйл ажиллагааг театр 2006 оноос дахин сэргээсэн билээ. Түүгээр зогсохгүй УДЭТ 2026 онд СУИС-тай хамтран ажлын байранд суурилсан “Жүжиглэх урлаг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, элсэлт зохион байгуулан, дэргэдээ “Г.Доржсамбуугийн нэрэмжит академи”-тай болоод байна. Чухам энэ үед П.Баярсайхан, Ж.Шагдар, С.Баясгалан, С.Жаргалсайхан, Н.Ганхуяг, Ц.Ганболд зэрэг шинэ зохиолчдын зоримог бүтээлүүдийг эрсдэл хийн тайзнаа амилуулсан нь түрхрэн ирэх шинэ үеийн оюун санааг чиглүүлэх театрын зоримог бодлого байсан билээ.

“Театр яг хүн шиг төрж, хүн шиг амьдарна, бас мөхнө. Найруулагч хаан ухаанаар театрыг залж, хамтдаа оршин байдаг.” Г.Доржсамбуу найруулагчийн энэ үг өөрийн амьдралаар батлан харуулж, ирээдүй үедээ үлдээсэн гэрээслэл билээ.

2-р бүлгийн 12-р хэсэг. Хоёр нийгмийг холбосон уран сайхны удирдагч Намсрайн Сувд

Намсрайн Сувд хэмээх бие хүнийг монголын ард түмэн Мандухай сэцэн хатан тэргүүтэн олон гайхамшигт дүрээр нь мэднэ. 1970 онд ЗХУ-ын Москва хотод Бүх холбооны кино урлагийн дээд сургуулийг төгссөн Н.Сувд 1973 онд театрын босгыг алхуутаа бүтээсэн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүрээрээ мэргэжлийн гүйцэтгэлийн шинэ түвшинг шуудхан зарласан юм. “Отелло”-гийн Дездемона, “Гамлет”-ийн Офелия, “Эрдэмтний яриа”-гийн Мядагмаа,  “Мартагдсан аялгуу”-гийн Бадам, “Нора”-гийн Нора, “Макбет”-ийн Хатагтай Макбет, “Цахлай”-гийн Аркадина, “Атга нөж”-ийн Өүлүн эх, “Тэнгэрийн хүү”-гийн Могол хатан, “Анна Каренина” Анна Каренина гээд үе үеийн тэргүүн найруулагчдын, гол бүтээлийн гол дүрүүдийг жүжигчин Н.Сувд үүрч гарчээ. Намсрайн Сувд хэмээх жүжигчин бүтээсэн дүрүүдээрээ жүжиглэхүйн урлагийн нэгэн том үзэгдэл болсон ч Улсын драмын Эрдмийн театрын үе үеийн уран бүтээлчид “Уран сайхны удирдагч” хэмээн дууддаг билээ. Учир нь тэрээр хуучин нэрээр Драмын улсын академик театрын уран сайхны удирдагчаар 1980-1992 онд, Улсын Драмын Эрдмийн театрын дэд захирал буюу уран сайхны удирдагчаар 2000-2018 онд нийт 30 жилийн турш ажиллаж, театрын урын сангийн бодлогыг тодорхойлон, “УСУ” буюу уран сайхны удирдагч хэмээх театрын чухал албаны жишгийг тогтоосон юм.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 11 сарын 4-ний өдрийн 387 дугаар зарлигаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын театрт “Драмын Улсын Академик Театр” цол олгосноор шинэхэн томилогдсон уран сайхны удирдагчийн үүрэг хариуцлага өсөв. Академик түвшинд уран бүтээл туурвихын тулд академик уран бүтээлчид, тэр түвшний зохиол хэрэгтэй болов. Энэ үе гадаадын мэргэжлийн сургууль болон Улсын Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгссөн үе үеийн чадварлаг жүжигчдээр театрын жүжиг анги бүрдэж байсан цаг үе билээ. Н.Сувд 1980 оноос эхлэн 12 жилийн турш театрын урын сангийн бодлогыг барьж байх үед гурван чиглэлд бодлогын шинжтэй томоохон сорилт тулгарчээ. Юуны түрүүнд театрыг акадамемик түвшинд хүргэсэн дэлхийн болон үндэсний сонгодог жүжгүүдийг сэргээн тавих шаардлага тулгарч байлаа. Хоёрдугаарт, 1960-аад оны хүн амын их өсөлтийн үеэр төрсөн залуу үеийн оюуны хэрэгцээг хангахын тулд хайр сэтгэлийн сэдэвт уянгын жүжгүүдийг шинээр бүтээх эрэлт хэрэгцээ зүй ёсоор урган гарчээ. Гуравт, үндэсний шинэ жүжгийн зохиолчдыг төрүүлж, театрт шинэлэг үзэл санаатай, шүүмжлэлт байр суурьтай бүтээл тавихыг цаг үе нь шаардаж байжээ.  Чухам энэ үед найруулагч Б.Мөнхдорж ид бүтээн туурвиж, Гүрсэдийн Доржсамбуу хэмээх хүчирхэг, шинэ найруулагч театрт түрэн орж ирсэн билээ.

Энэ он жилүүдэд УДЭТ-ын урын санд байсан дэлхийн болон үндэсний сонгодог жүжгүүдийг шинэ сэтгэлгээгээр сэргээн тавих ажил өрнөж Д.Нацагдоржийн “Их авхай”, Д.Намдагийн “Оролмаа” жүжгүүдийг С.Галсанжав, А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг”, Э.Оюуны “Талын баатар”, Д.Намдагийн “Шинэ зам”, “Ээдрээ” жүжгүүдийг Б.Мөнхдорж, Л.Ванганы “Чи хэн бэ?”, “Эмч нар” жүжгүүдийг Г.Доржсамбуу, Э.Оюуны “Гарваа” жүжгийг Б.Баатар нар шинээр найруулан тавьсан юм.

Найруулагч Б.Мөнхдорж А.Арбузовын “Намрын уянга”, Д.Дожоодоржийн “Унаган хайр”, Д.Батбаярын “Мартагдсан аялгуу”, В.Ежовын “Гургадайн дуут шөнө” хэмээх уянгын жүжгүүдийг шинээр найруулан тавьж, наяад оны залуусыг театраас уяатай байлгаж чадсан билээ. Харин найруулагч Г.Доржсамбуу энэ үед өөрийн гол бүтээлүүдээ туурвисан агаад нийгмийн шүүмжлэлт санаа бүхий олон нийтийн үзэл бодолд хүчтэй нөлөөлсөн Д.Мягмарын “Найрын ширээний ууц”, Хенрих Ибсений “Хүүхэлдэйн байшин” зохиол “Нора” нэрээр, Д.Батбаярын “Хөхөлдэй хүүгийн үлгэр”, С.Жаргалсайханы “Буцах хаяг”, “Халуун газар” тэргүүтэн жүжгүүдийг тавьж, ардчилсан хувьсгалаас ч өмнө өөрчлөлтийн салхийг театрын тайзнаа хуйлруулсан билээ. Энэ үеийн бас нэг онцлог нь академик театрын бүтээлүүд хөдөө орон нутагт болон зөвлөлт холбоот улсад аялан тоглож, театрын үйл ажиллагааны цар хүрээ урьд байгаагүй хэмжээнд хүрсэн явдал билээ.

Уран сайхны удирдагч Н.Сувдын үед Сэнгийн Эрдэнэ, Долгорын Дожоодорж, Сорогдогийн Жаргалсайхан, Бавуугийн Лхагвасүрэн, Жанчивын Шагдар, Пүрэвжавын Баярсайхан, Найдангийн Ганхуяг нарын анхны зохиолууд театрт тавигдаж, Дэмбээгийн Мягмар, Дарамын Батбаяр нарын хамгийн гол бүтээлүүд тайзнаа амилж, үндэсний жүжгийн зохиолын урьд хожид байгаагүй хүчирхэг үе бойжсон түүхтэй.

Шинэ мянган эхэлж, Монгол Улс чөлөөт сэтгэлгээний шинэ түүхээ бичиж эхэлсэн 2000 онд театрын захирлын ажлыг хүлээн аваад удаагүй Дарамсэдийн Цэрэнсамбуугийн урилгаар Н.Сувд ахин УДЭТ-ын уран сайхны удирдагчаар хүрэлцэн иржээ. Үүнээс хойш 18 жилийн турш театрын уран сайхны бодлогыг удирдан ажиллахдаа Н.Сувд театрыг зах зээлийн нийгэмд оршин тогтнож, ардчилсан нийгмийн үед өсөж торнисон үзэгчдийн шинэ үеийг театрын урлагт дурлуулах өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулсан юм.

2000-2020-иод он Үндэсний түүхэн туульсын жүжгийн сэргэлтийн үе байлаа. Равжаагийн зохиолыг А.Шартолгой шинэтгэн бичсэн, Б.Мөнхдоржийн найруулга “Саран хөхөө” жүжиг, С.Жаргалсайханы зохиол, Б.Мөнхдоржийн найруулга “Хаан түүх” театрын роман, Н.Болдын найруулга “Тэмүжин”, Б.Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатарын найруулга, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж” жүжгүүд, Ч.Найдандоржийн найруулга “Сарны цагаан цус”, “Тамгагүй төр” жүжгийн хоёр удаагийн шинэтгэсэн тавилт, Б.Цогнэмэхийн зохиол, Б.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү”, тэргүүтэн 15 түүхэн сэдэвт болон туульсын жүжиг тавигдаж, урын сангийн чухал хэсэг болжээ.  

Уран сайхны удирдагч Н.Сувдын санаачлан эхлүүлсэн дараагийн чухал ажил бол төслийн жүжгүүд юм. Уран бүтээлчид санаачилсан жүжгийн төслүүдийг театр уран сайхны зөвлөл болон мэргэжлийн бүтцээрээ дамжуулан хөгжүүлдэг төслийн жүжгүүд театрт шинэ үеийн үзэгчдийг татаж, орлого бүрдүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Ц.Балдоржийн зохиол, Н.Наранбаатарын найруулга “Шөнө амталсан нулимс”, Ч.Ганхуягийн зохиол, Б.Баатарын найруулга “Эхнэрээ зээлээч”, С.Жаргалсайханы зохиол Н.Болдын найруулга “Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг”, Ульям Шекспирийн “Гамлет” жүжиг Н.Наранбаатарын найруулгаар гэх мэтээр төслийн болон гэрээт жүжгүүд театрт 2000-2010-аад онд тавигдсан юм. Ардын жүжигчин, найруулагч Ч.Найдандоржийн санаачилгаар, Оросын шинэ үеийн алдартай жүжгийн зохиолч Валентин Красногоровоос Н.Сувд зохиогчийн эрхийг авч, бэсрэг долоон жүжгийн төсөл УДЭТ-д амжилттай тоглогдсон билээ. Чухам энэ төслөөр Ц.Батнайрамдал, Э.Ёндоншарав нарын шинэ найруулагчид театрт анх бүтээлээ тавьж байлаа.

Улсын Драмын эрдмийн театр шинэ зуун гарснаас хойш дэлхийн түвшинд хүрэх бодлогыг баримтлан сонгодог жүжгийн урын сангаа зоригтойгоор баяжуулсан билээ. Б.Баатарын найруулга, А.П.Чеховын “Цахлай”, Б.Баатар, Б.Жаргалсайхан нарын найруулга Жан Ануйгийн “Антигона”, Н.В.Гоголийн ”Амьгүй албат”, М.Сервантесийн “Кихот ноён”, Ч.Түвшингийн найруулга Софоклын “Эдиф”, Н.Наранбаатарын найруулга, Виктор Хюгогийн “Парисын дарь эхийн сүм”, Ульяам Шекспирийн “Гамлет”, “Ромео, Жульетта хоёр” зэрэг дэлхийн театрын жишиг болсон сонгодог бүтээлүүдийг тайзнаа тавьсан нь УДЭТ-ын уран бүтээлийн чадамж дэлхийн түвшинд хүрэх томоохон үе шат болсон түүхтэй.

Уран сайхны удирдагчаар ажиллаагүй он жилүүддээ Н.Сувд 1992-1996 онд Соёлын яаманд хэлтсийн дарга, 1997 оноос СУИС-д тайзны ярианы багш, 2003-2010 онд Театрын урлагийн факультетийн декан, Театрын урлагийн сургуулийн захирлаар ажиллаж, театрын урлагийн шинэ үеийн уран бүтээлчдийг төрүүлэн гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ ажлын туршлага нь Н.Сувдыг Улсын драмын эрдмийн театрын сүүлийн 40 гаруй жилийн жүжиг ангийн бүрэлдэхүүнийг бүрдүүлж, залуу уран бүтээлчдийг бэлтгэх лаборатори сургалтын үйл ажиллагааг сэргээж, шинэ үеийн уран бүтээлчдийг театрын мэргэжлийн орчинд дадлагажуулах, театрын урлагийн гурван үеийг холбон хөгжүүлэхэд гол түлхүүр нь болжээ.

1989 онд “Мандухай цэцэн хатан” киноны Мандухайн дүрээр Төрийн шагнал, 2001 онд Гавьяат жүжигчин, 2012 онд Ардын жүжигчин, 2021 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн  монголын театрын амьд домог, жүжигчин Намсрайн Сувд нэгэнтээ, “Урлагийн ертөнцөд хүч авьяасаа сорино гэдэг бол үнэхээрийн тэвчээр, тэнхээ чадал заасан ажил” хэмээсэн нь бий. Авьяас, алсын хараа, тэвчээр, тэнхээ чадлаа зориулан, орчин үеийн монголын театрын тулгуур багана болсон Намсрайн Сувд хэмээх хүчирхэг уран бүтээлчийн тухай хамгийн товчоор өгүүлэхэд ийм буюу.

2-р бүлгийн 13-р хэсэг. Цагийг эзэлсэн найруулагч Бирваагийн Мөнхдорж

Монголын хөгжмийн домгуудын нэг Гончигийн Бирваагийн ууган хүү Мөнхдорж бээр эцэг эхийнхээ ажиллаж асан Хүүхэлдэйн театр, Улсын циркт хар багаасаа амьдарч, ухаан орохдоо л театрын хүн болжээ. Театрын хүн театртаа амьдарч, театрт амьдралаа зориулсан билээ.

1966 онд дунд сургуулиа төгссөн хүү “Монгол кино үйлдвэр” болон “Хүүхэд залуучуудын театр”-т ажиллаж байгаад 1969 онд А.В.Луначарскийн нэрэмжит Москва хотын Театрын Урлагийн дээд сургуулийг зорьж, оросын нэрт найруулагч А.А.Гончаровын удирдлаган дор найруулагч мэргэжил эзэмшсэн билээ. Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж хагас зуун жилийн турш театрын урлагт зүтгэж, Улсын Драмын Эрдмийн театр, Соёлын яам, Армийн театрт болон хөдөө орон нутгийн театрт бүхий л төрөл зүйлийн 100 гаруй жүжиг тайзнаа амилуулжээ. Улсын Драмын Эрдмийн театрын их тайзнаа 44 жүжгийг найруулан тавьсан Бирваагийн Мөнхдорж найруулагч мэргэжлээр төгссөнөөсөө хойш 1990-ээд оны дунд үе хүртэл их театрын уран бүтээлчийн гол ачааг үүрч, жилд дөрвөн жүжиг найруулан тавьж байлаа.

1977 онд Зөвлөлтийн нэрт жүжгийн зохиолч Всеволод Вишневскийн “Үхэвч үнэн ялна” жүжиг бол Б.Мөндорж найруулагчийн анхны өргөн бүрэлдэхүүнтэй бүтээл юм. 50 гаруй хүн оролцсон энэ жүжигт бүх насны, янз бүрийн туршлагатай 34 жүжигчнийг удирдан ажиллажээ. “Үхэвч үнэн ялна” жүжгээр М.Мөнхдорж, үндэсний жүжиглэхүйн урлагт 1950-1960-аад онд зонхилж байсан ахуй байдлын хэвшмэл тоглолтын арга барилыг өөрчилсөн юм. 1970-аад оны театрын оргил бүтээлийн нэг Ульяам Шекспирийн “Отелло” жүжгийг Б.Мөнхдорж 1978 онд найруулан тавьсан юм. 1955 онд анх найруулагч С.Гэндэн “Отелло” жүжигтээ сонгодог урлагийн сүр жавхаа, гоо зүйн талыг тод томруун үзүүлсэн бол Б.Мөнхдорж “Отелло” жүжигтээ Ягогийн дүрийг тулгуур дүр болгон товойлгон гаргаж ирсэн байдаг. Энэ тухайгаа Б.Мөнхдорж найруулагч “Би ёс суртахууны тухай хэлэхийг хүссэн. Нөхрийнхөө төлөө бүхнээ зориулахад бэлэн байгаа хүний сэтгэл, санааг хордуулж, өөрийнх нь гараар амьдралыг нь унагаах башир арга сийлж байгааг харуулсан” хэмээн тайлбарласан нь бий. “Отелло” жүжгийг хориод жилийн дараа дахин тавьсан нь цаг хугацааны хувьд нийгмийн хөгжилд гарсан өөрчлөлттэй холбоотой. Найруулагч дүр бүтээх жүжигчнийг онцлон анхаарч, түүнээс улбаалан дүр бүтээх аргыг тухайн жүжгийн онцлог, арга барилд тохируулж хэрэглэсэн байна. Тийм ч учраас жүжгийн дүр болгон бие даасан шинэ өнгө төрхийг агуулсан бие хүмүүсийг тайзнаа амилуулсан нь монголын театрын урлагт шинэ үзэгдэл байлаа. Б.Мөнхдорж найруулагчийн арга барилын онцлог нь тайзнаа нэгдмэл байдлыг буюу ансамблийг бий болгож, жүжгийг найруулгаараа баяжуулан утга төгөлдөр болгодог чадвар юм. Түүнчлэн 1930-1960 онд театрт хэвшмэл болсон натур, бодит тайз заслын оронд жүжгийн санааг хурцаар, яруу тод илэрхийлж, жүжгийн зөрчлийг дэмжин томъёолсон тайзны зургийн шийдлүүдийг Б.Мөнхдорж жүжигтээ шаардаж, бий болгож эхэлжээ.

Бирваагийн Мөнхдорж : найруулагч хүн гурван үндсэн шинж чанарыг эзэмшсэн байх ёстой гэж үздэг байв. Нэгдүгээрт, сайн зохион байгуулагч байх. Хоёрдугаарт, багш, удирдагч, зөвлөгч нь байх. Гуравдугаарт, найруулагч өөрөө танхимд суугаад хамгийн түрүүнд үзэгчдийн өмнөөс үзэгч болох. Жүжигчдийг үзэгчийн нүдээр харж үзэгчдийн толь нь болж чаддаг байх явдал юм. 1960-1970-аад онд эрчимтэй хотжиж, хүн амын хувьд өссөн монгол оронд театрын соёлыг хүчтэй байлгаж, үзэгчдийг сонгодог орон зай руу даллан дуудсан гол хүчин зүйлсийн нэг нь Б.Мөнхдорж найруулагчийн эдгээр зарчим байсныг эдүгээ цагт гарцаагүй эргэн дурсах учиртай.

Б.Мөнхдорж бол найруулагч монголын театр, киноны гурван үеийг сургасан багш хүн билээ. Улсын багшийн дээд сургуульд 1976-1987 онд, Кино урлагийн дээд сургуульд 1994-2002 онд, Соёл урлагийн их сургуульд 2002 оноос найруулах, жүжиглэх урлагийн багшаар 30 гаруй ажилласан “Мөнхөө” багшаар овоглосон шавь нар нь эх орны дөрвөн зүг найман зовхис, соёлын бүхий л салбарт багшаараа овоглон ажиллаж байна. Мөн л түүний шавь нарын нэг Ардын жүжигчин Чойнхорын Найдандорж, багшийнхаа зохиолын задаргаа хийдэг дөрвөн үе шатын тухай сийрүүлэн бичсэнийг сонсоцгооё:

Нэгдүгээр үе шат: Зохиол болон зохиолчтой танилцахуй. Б.Мөнхдорж жүжгийн задаргааг зохиол болон зохиолчийн хэлэх санаа буюу зохиолч юунд эмзэглэж, юуны тулд энэ зохиолыг бичих болсныг судлах ярилцлагаар эхэлдэг. Үүнийг тодорхойлохын тулд жүжигчид тухайн зохиолын бичигдсэн цаг үеийн нийгмийн байдал, зохиолчийн онцлог, зохиолын санаа тухайн нийгэмдээ ямар үүрэг гүйцэтгэсэн гэх мэт олон асуултыг хөндөн тавьж, хариуг тодорхойлохын хэрээр зохиолтой бүрэн танилцах судалгаа явагддана.

Хоёрдугаар үе шат: Зохиолоос жүжигт шилжих үе шат. Энэ үе нь хийх гэж буй жүжгийн санаа буюу “жүжгийн туйлын зорилго”-г тодорхойлох хамгийн чухал үе шат.

Гуравдугаар үе шат: Оюуны нүүдэл хийх үе. Өмнө тодорхойлсон “жүжгийн хэлэх санаа” дээрээ тулгуурлан жүжгийн эхлэх гогцоо буюу жүжиг юунаас, яаж эхлэх, үйл явдлын гогцоонууд хаана хаана байх, гол гогцоо нь хаана байх, хэрхэн яаж төгсөх зэргийг тодорхойлж, дүрүүдийн туйлын зорилго, нэвтрэн гарах үйлдлийг тодорхойлно.

Дөрөвдүгээр үе шат: Ширээний уншлага буюу туршилт. Тавьж буй жүжгийг жүжигчнээр дамжин амтлах үе эхлэх ба хоёр, гуравдугаар үеийн үр дүнг шалган баталгаажуулж, зохиолын үгэн дээр нарийвчлан ажиллана. Эдгээр үе шатыг нэг бүрчлэн туулсны дараа л сая үйл хөдлөлөөр жүжгийг судлах, тайз, гэрэл, хөгжмийн өрөлтүүдийг нэгтгэх нэгдсэн сургуулилт зэрэг жүжиг хүлээлгэж өгөх хүртэлх дараалсан үе шатууд руу шилжин ордог байжээ.

Жүжгийн зохиолыг өнөө цагийн үзэгчдэд аль өнцгөөс нь харж хийвэл илүү хэрэгцээтэйг задлан шинжилж, жүжгийн туйлын зорилгыг оновчтой тодорхойлон, жүжгийн бүх чиглэлийг тэр зүгт хандуулж чаддаг нь Б.Мөнхдоржийн найруулгын гол онцлог бөгөөд энэ задаргааг өөрийн өргөн мэдлэг, өндөр боловсрол, оюуны их авьяасаараа баяжуулан, гүн гүнзгий философи сэтгэлгээгээр хийдгээрээ онцгой найруулагч билээ” гэжээ.

Эхэнд өгүүлсэнчлэн Б.Мөнхдоржийн амьдрал тэр чигтээ театр байлаа. Тэр театрын төлөө амьдрахдаа театраа бас судалж явжээ. Ялангуяа монголчууд үндэсний онцлог бүхий өвөрмөц театрыг төлөвшүүлэн хөгжүүлэх ёстой гэсэн үзэл санааг насан туршдаа тээж, уран бүтээлээ ч түүнд зориулсан. Үүний гэрч нь 21 дүгээр зуун эхлэхэд УДЭТ-ын тайзнаа монголын үндэсний театрын эхлэл болох Данзаравжаагийн “Саранхөө” жүжгийг Авидын Шартолгойн шинэтгэн бичсэн зохиолоор сэргээн тавьсан явдал юм. Б.Мөнхдорж найруулагч Равжаа судлалд театрын ертөнцөөс хамгийн гүн нэвтэрсэн юм. 2016 онд Соёл Урлагийн Их Сургууль, Азийн театрын  боловсролын төвтэй хамтран зохион байгуулсан Дэлхийн Театрын Боловсролын II Чуулганы олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд найруулагч Б.Мөнхдорж, Ноён хутагт Данзанравжаагийн найруулагчийн зохиолын тухай илтгэл хэлэлцүүлж, тэртээ 19 дүгээр зуунд монголд театрын соёл, театрын найруулагч байсныг батлан сонордуулж байлаа. Бирваагийн Мөнхдорж хэмээх цагийг эзэлсэн найруулагчийн биечлэн гүйцээж чадаагүй цор ганц ажил нь Ноён хутагт Данзанравжааг театрын найруулагчийн үүднээс судалсан эрдмийн ажил нь байлаа. Гэхдээ энэ дуусгаагүй судалгаа нь ирээдүйн монголын театрын өмнө нээсэн нэгэн шинэ хаалга гэдэг нь гарцаагүй юм.

Back to episodes Go home