БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
2026 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2026 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Нийслэл, Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан Нийгэм, Эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллалаа.
ТӨСӨВ САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛЭЭР
Тус цагдаагийн газрын батлагдсан төсвөөс алба хаагчдын цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 95 хувь, хангамж бараа материалын зардалд 2.9 хувь, байр ашиглалттай холбоотой зардалд 0.8 хувь, бусад зардалд 1.3 хувийг тус тус зарцуулсан.
Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөний дагуу 10,000,200 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 13,519,200 төгрөгийн орлогыг төвлөрүүлж, 35 хувиар төлөвлөгөөг давуулан биелүүлсэн.
Торгууль, шийтгэврийн 1,086 хуудсыг алба хаагчдад олгож, 393,680,000.00 төгрөгийн орлогыг нийслэлийн төрийн санд төвлөрүүлж ажилласан.
“Төрийн жинхэнэ алба хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх аргачлал”-ын дагуу эхний хагас жилийн байдлаар 750 алба хаагчдын цалинг 10-50 хүртэл хувиар нэмэгдүүлж олгосон.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2026 оны эхний 06 сард иргэн, хуулийн этгээдээс 64736 дуудлага, мэдээллийг хүлээж авч бүртгэсэн нь өмнөх оны мөн үеэс 2799 нэгжээр буюу 4.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 5036 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх онд ирүүлсэн 5161 дуудлага, мэдээллээс 125 нэгж буюу -2.4 хувиар буурсан.
Иргэд аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийт 19048 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 10760 буюу 56.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 8288 буюу 43.5 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл эзэлж байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт бүртгэгдсэн гомдол, мэдээлэл нь 4538 нэгжээр буюу -19.2 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 197 нэгжээр буюу -1.8 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 4339 нэгжээр буюу -34.4 хувиар тус тус буурсан байна.
Гэмт хэргийн шинжтэй 10762 гомдол, мэдээллийн 2975 буюу 27.6 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6660 буюу 61.9 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт хүргүүлж, 154 буюу 1.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 9789 буюу 91.0 хувийг нь шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн шинжтэй 8288 гомдол, мэдээллийн 3142 буюу 38.0 хувьд нь зөрчлийн хэрэг нээсэн болон хялбаршуулсан журмаар шийдсэн, 4898 буюу 59.1 хувьд нь зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан, 19 буюу 0.2 хувийг харьяаллаар шилжүүлж, 8087 буюу 97.6 хувийг нь шийдвэрлэж ажилласан.
Хариуцсан дүүргийн хэмжээнд 2026 оны эхний 06 сард 4239 гэмт хэрэг үйлдэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42 нэгжээр буюу -1.0 хувиар буурсан. Гэмт хэргийн илрүүлэлт 52.5 хувьтай байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.7 хувиар өссөн.
Нийт 5783 хэрэг шалгаж шийдвэрлэсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 1959 хэргээр буюу 51.2 хувиар өссөн, ажиллагаад 6091 хэрэг шалгагдаж байна.
ЭХХШТХ-д заасан ажиллагаа явуулсан нийт 11385 эрүүгийн хэргийг өмнөх онтой харьцуулбал 1320 нэгжээр буюу -10.4 хувиар буурсан байна.
Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг -64.1 хувиар, Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг -47.2 хувиар тус тус эерэг үзүүлэлттэй байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 06 сард 19052 зөрчлийг илрүүлж, 1.072.915.000 төгрөгөөр торгосныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад илрүүлсэн зөрчил -15.1 хувиар буурч, 701 иргэнийг баривчлуулсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 381 иргэнийг шүүхээр баривчлуулж, 12 иргэнд 1.700.000 төгрөгийн торгууль оногдуулсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад баривчлуулсан иргэн 38 нэгжээр буюу 62.6 хувиар, торгуульсан иргэн 37 нэгжээр буюу 3.0 дахин тус тус өссөн байна.
Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын баталсан “Залилах”, “Хулгайлах” гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг хариуцсан нутаг дэвсгэрт үр дүнтэй зохион байгуулж ажилласан.
Баянзүрх дүүргийн Прокурорын газартай хамтран энэ онд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн болон 2026 онд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр сургалт, зөвлөгөөн зохион байгуулсан.
Баянзүрх дүүргийн прокурорын газартай хамтарч “Үр дүн”, “Хялбаршуулах 2026”, “Шийдвэрлэлт 2026” зэрэг арга хэмжээг хамтран хэрэгжүүлэн ажиллаж үр дүнг тооцон ажилласан.
НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ,
ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР
Төрийн болон гадаадын өндөр дээд зочин төлөөлөгчийн айлчлал, нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглааны үед нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 16 удаагийн хамгаалалт зохицуулалтад давхардсан тоогоор 682 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.
Орон гэргүй, архины хамааралтай иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх чиглэлээр 53 иргэнийг Нийслэлийн Нийгмийн халамжийн төв, “Өлзийт асар”, “Дөлгөөн Минж” төрийн бус байгууллагуудад хүлээлгэн өгч, сайн дурын эмчилгээнд 4 иргэнийг хамруулан ажилласан.
“Завьт эргүүл” арга хэмжээг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойгоос 11 дүгээр хороо, Маршалын гүүр хүртэл 10:00-20:00 цагийн хооронд зохион байгуулж, давхардсан тоогоор 6500 иргэнд анхааруулга, зөвлөмж өгч, үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Авто эргүүлийн 24 чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа албаны автомашинуудад тээврийн хэрэгслийн байршил хянах “GT06N GPS” төхөөрөмж 27 ширхэгийг суурилуулсан. Мөн 14 хоног бүрийн Пүрэв гаригт цагдаагийн газрын даргын нэрэмжит үзлэгийг зохион байгуулж, зөрчил дутагдлыг тухай бүрт засуулж ажилласан.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:
Хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Шалтгаан нөхцөл”, “Залилагчдад боломж бүү олго”, “хяналт шалгалт”, “Урьдчилан сэргийлье”, “Цахим тоглоом”, “Хуулийн хэрэгжилт”, “Гэмт хэрэг, зөрчлөөс хамтдаа урьдчилан сэргийлье”, “Хяналт”, “Нэгдсэн эргүүл”, “Хариуцлагатай үйлчилгээ”, “Хүүхэд бидний ирээдүй”, “Өсвөрийн сэргийлэгч”, “Мэдэгдэл, шаардлага”, “Камержуулалт”, “Сар шинэ”, “Сургуулийн орчимын хяналт шалгалт”, “Цахим архи худалдаа”, “Хамтдаа сэргийлье 2”, “Дуудлага ба давтамж” “Зөв иргэн зөв амьдрал”, “Хамтарсан дэмжлэг тусгай арга хэмжээ” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахад шаардагдах 119,207,400 төгрөгийн зардлыг дүүргийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас шийдвэрлүүлж ажилласан.
Хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох илрүүлэх ажлыг сайжруулах чиглэлээр “Камержуулалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 333, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр 6023, нийт 6356 теле камерыг Цагдаагийн байгууллагын camera.police.gov цахим санд бүртгэсэн.
Улсын хэмжээнд "Телекамерын хяналтын дэд төв"-д холбогдсон улсын төсвийн нийт 292 телекамеруудыг Irex ухаалаг программ хангамжид холбон үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 2376 мэдэгдэл, шаардлага, зөвлөмж хүргүүлж, шаардлагын хариу ирүүлээгүй 593 иргэн, хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад зааснаар 106,250,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан.
Хүний эрхийг хангах, эрүү шүүлтээс ангид байх зорилгоор иргэдэд үйлчлэх хэсэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх буланг байгуулж Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, үндэсний ажиллагааны самбар, өмгөөлөгч нарын мэдээлэл, танилцуулга, 24 цагаар үнэгүй холбогдох боломжтой суурин утас зэргийг байршуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Хариуцсан нутаг дэвсгэрт иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор төр болон хувийн хэвшлийн байгууллагын оролцоонд тулгуурлан “Хамтдаа сэргийлье-2” арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулж батлуулан хэрэгжүүлэн ажилласны үр дүнд Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл -2.4 хувиар, нийт гомдол мэдээлэл -19.2 хувиар, бүртгэгдсэн гэмт хэрэг -1.0 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.
АЛБА ХААГЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН, НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Цагдаагийн байгууллагын 105, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жилийн ойг угтан цагдаагийн газар, харьяа хэлтсүүдийн алба хаагчдын ажиллах орчны нөхцөлийг сайжруулах чиглэлээр байгууллагын гадна орчин, алба хаагчдын өрөө, тасалгаа зэрэгт тохижуулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Байгууллагын гадна орчны өнгө үзэмжийг сэргээх ажлын хүрээнд харьяа хэлтсүүдийн гадна пасад, авто зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж зэргийг засаж тохижуулсан.
Түүнчлэн иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор угтах хэсгийг засварлан шинэчилж, иргэн төвтэй үйлчилгээний орчны нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Алба хаагчдын бие бялдарын хөгжилд анхаарч В1 давхарт байрлах фитнес заалыг засварлан тохижуулж, алба хаагчид 7 хоногт 1 удаа бэлтгэл, сургуулалтад хамрагдаж байна.
АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Рашаан тун ХХК-тай хамтран 130 алба хаагчдыг био энерги, эрдэс витамины шинжилгээ, ясны сийрэгжилт, цусан дахь сахар, даралт, хэвлийн эхо зэрэг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулан ажилласан.
Алба хаагч, ажилтны хууль ёсны эрх, ашгийг хамгаалах чиглэлээр албан үүргээ гүйцэтгэх явцдаа өртөж хохирсон 13 алба хаагчдад ослын акт тогтоож, холбогдох байгууллагад материалыг хүргүүлэн “Номин” даатгалаас 47.599.144 төгрөгийг, Цагдаагийн ерөнхий газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 60 сартай тэнцэх нөхөн олговор 95.150.000 төгрөгийг гаргуулан ажилласан.
Алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд дүүргийн Засаг даргад хүсэлт хүргүүлж 1 алба хаагчид 15 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг шийдвэрлүүлж дэмжлэг үзүүлсэн.
ХҮНИЙ НӨӨЦИЙН НӨХӨН ХАНГАЛТЫН ТАЛААР
Хүний нөөцтэй холбоотой асуудлаар алба хаагчдаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлж, 36 (гучин зургаа) сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгуулах тухай 5, дэвшүүлэн томилуулах 19, шилжүүлэн томилуулах 49, нөөцөөс 22, өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх 24, албанаас халах 2, хүүхэд асрах чөлөө хүссэн 10, хүүхэд асрах чөлөө цуцалж, томилогдох 5, хөдөлмөрийн гэрээ цуцлах 10, хөдөлмөрийн гэрээ байгуулсан 9, нийт 155 алба хаагчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.
Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”- 1, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-1, Цэргийн хүндэт медаль”-иар 12, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал “Цагдаагийн алдар” тэмдгээр 9, “Хүндэт жуух”-аар 13, Цагдаагийн ерөнхий газрын шагнал “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 2, “Хүндэт жуух”-аар 11, хугацааны цол болон цол сэргээн олгуулах 98 нийт 147 алба хаагчийг шагнаж, урамшуулах саналтай материалыг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт хүргүүлж шийдвэрлүүлсэн.
Хүний нөөцийн нөхөн хангалт хийх зорилгоор зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад орох хүсэлт гаргасан 27 иргэнийг судалж, шаардлага хангаагүй 10 иргэнийг буцааж, 17 иргэний материалыг бүрдүүлж, Нийслэлийн цагдаагийн удирдах газарт хүргүүлж, 1 иргэнийг ахлагийн сул орон томилуулж, 6 иргэн Дотоод хэргийн их сургуулийн Ахлагч мэргэжлийн боловсролын сургуулийн “Цагдаа” бэлтгэх дамжаанд суралцуулж байна.
СУРГАЛТ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР
Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх албаны давтан, мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөг гарган цахим болон танхимаар нийт 40 удаагийн 121 цагийн сургалтад давхардсан тоогоор 2868 алба хаагчийг хамруулсан.
Алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх зорилгоор “Согтууруулах ундааны биед үйлчлэх нөлөө, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Согтууруулах ундааны хэрэглээ”, “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан шиглах гэмт хэрэг” сэдэвт сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 578 алба хаагч,
Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Гэрч хохирогчийг хамгаалах”, “Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын нөхцөл байдал, хор уршиг, хэрэглсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга”, “Үйлдвэрлэлийн ослын газар дээр ажиллах хэргийн газрын үзлэг хийх, бүрдүүлэх материал, шинжээч томилоход тавих асуулт”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх, бэлтгэл хангах”, “Багаар ажиллах ур чадвар”, сэдэвт сургалтуудыг зохион байгуулан давхардсан тоогоор 844 алба хаагч,
Алба хаагчдын мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих, ёс зүйн хэм хэмжээг хэвшүүлэх зорилгоор Насан туршийн боловсролын төвтэй хамтран “Удирдлага ур чадвар ба харилцаа, хандлага”, "Ёс зүйн эхлэл-Харилцаа хандлага”сэдэвт сургалтад удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 134 алба хаагчид тус тус хамрагдсан.
Олон Улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгуулж, алба хаагчдыг гэр бүлийн хамт эрүүл амьдралын хэв маягт уриалан Баянзүрх хайрхан руу явган аялал хийж, гэр бүлийн гишүүдийн дунд 3 төрөлт тэмцээн зохион байгуулан идэвхтэй оролцсон алба хаагч, гэр бүлүүдэд шагнал гардуулан ажилласан.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Урлагийн наадам”-д тус цагдаагийн газрын алба хаагчид 2 шатанд амжилттай оролцож, Хамтлаг дуу төрөлд Тэргүүн байр эзэлсэн.
АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА
Back to episodes Go home