Нэвтрүүлэгч унших хэсгүүд
Нэвтрүүлэгч: Хүн төрөлхтөний амьдралын хамгийн чухал хэрэгцээ болсон харилцаа холбооны соёл нэн эртнээс улбаатай. Бидний өвөг дээдэс аман зар хүргэх, морин өртөө байгуулж эхэлсэн түүхтэй. Харин Европт 1877 оноос телефон утас хөгжиж, хүмүүсийн хоорондын холбоо улам ойртон, дэлхий ертөнцийн хөгжил хурдасчээ. Манай улсад орчин цагийн харилцаа холбоо 1921 онд шуудан, цахилгаан мэдээний байгууллага үүссэнээр эхэлж, 1944 онд Холбооны яам байгуулагдан техник технологи шинэ шатанд хүрсэн. Ингэснээр суурин утсыг айл хөршөөрөө дундаа ашиглаж, хөдөө орон нутагт цахилгаан холбооны салбараар дамжуулан утсаар ярих болсоноор харилцаа холбооны хөгжил холыг ойртуулж хоёрыг уулзуулсан билээ. Гэвч энэ бол зөвхөн эхлэл байсан юм.
Нэвтрүүлэгч /эмэгтэй/: Хүүхэд насны хүсэл мөрөөдөл хамгийн гэгээн байдаг. Тэднийх телефон утастай болоход байнга утсаар ярихсан, найз нөхөддөө хурдан дуулгахсан гэж хүү тэсэн ядан хүлээдэг байлаа. Товчлуур, харилцуурын чимээ нь хүртэл түүнд шинэ содон, гайхалтай санагджээ. Магадгүй мөрөөдлөө тэндээс олсон байх.
Нэвтрүүлэгч /эмэгтэй/: Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цаг үеийг хэн ч тойроогүй. Бүрхэг он жилүүд байлаа. Гэвч тэр манан дундаас явах замаа олсон залуус холын бодолтой байж, тууштай хөдөлмөрлөжээ. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй гэдэг.
Нэвтрүүлэгч: Улс орны хөгжлийг тэргүүлэх хамгийн чухал салбаруудын нэг нь харилцаа холбооны салбар юм. 1996 оны 03-р сарын 18-нд Мобиком Корпораци дэлхийн хөдөлгөөнт холбооны системүүд дотроос хамгийн сүүлийн үеийн тоон GSM технологид суурилсан үүрэн холбооны үйлчилгээг Улаанбаатар хотод нээсэн нь Монгол улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шинэ үеийн, цоо шинэ түүхийн эхлэл байлаа. Тэр цаг үед манай улсын харилцаа холбооны салбар хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, шударга өрсөлдөөнийг жинхэнэ утгаар нь дэмжиж, зах зээлийн шилжилтийн хүнд бэрхийг даван туулан хурдацтай хөгжсөөр 21-р зууны босго давжээ. Тиймээс өнөөдөр Монгол улсад зах зээлийн зарчмаараа ажиллаж байгаа хамгийн шударга салбар бол үүрэн холбооны салбар юм. Энэ 30 жилийн түүх дан ганц Мобиком Корпорацийн түүх биш Монгол улсын үүрэн холбооны салбарын хагас жарны бахдам амжилтын түүх билээ.
Нэвтрүүлэгч: Энэ залуус зөв цагтаа нэгдэж, хамгийн чухал үед хамтран ажилласны үр дүнд Монгол хүн гартаа утас барин, хаа яваа газраасаа холбоо барьдаг болсон. Хүүгийн оюун бодолд амилсан мөрөөдөл биелэж, хүний гарт ертөнцийг атгуулж чадсан юм.
Нэвтрүүлэгч: Мобиком Корпораци тухайн үед Засгийн газартай гэрээ байгуулан, 6 сарын хугацаанд Улаанбаатар хотод, 1 жилийн дотор Дархан, Эрдэнэтэд, ирэх 5 жилдээ бүх аймагт сүлжээгээ оруулах үүрэг хүлээж байлаа. Амласандаа ч хүрсэн. Анхны бизнес төлөвлөгөөгөөр 5 жилийн дараа 930 хэрэглэгчтэй болно гэсэн тооцоолол гарч байсан ч бодит байдал дээр эхний жилдээ л 1000 хэрэглэгчтэй болжээ.
Нэвтрүүлэгч: Эхний жилүүдэд хэрэглээнд нэвтэрч байсан гар утаснууд бараг зурагтны удирдлага шиг том хэмжээтэй, утсаараа ааруул хагалдаг байсан гэх хошин яриа хүртэл бий. Мобикомын анхны дугааралтууд 9911, 9919-р эхэлж байсан бол үйлчилгээ нь зөвхөн дараа төлбөрт байлаа. Мобиком Корпораци байгуулагдсан цагаасаа эхлэн таван жилийн турш үүрэн холбооны зах зээлд ямар ч өрсөлдөгчгүй байсан учраас найман настай балчираас наян настан хүртэл мобикомын дугаарыг сонгон хэрэглэсэн. Тэгэхээр 30 жилийн өмнө та бид бүгдээрээ Мобикомын хэрэглэгч болж, гар утас гэх цоо шинэ зүйлтэй анх удаа танилцжээ.
Нэвтрүүлэгч: Монгол улсын харилцаа холбооны түүхэнд Мобиком Корпораци анхны дилерийн сүлжээ, хөдөлгөөнт операторын үйлчилгээг нэвтрүүлсэн. “Цагаан утас” гэх нэр одоо ч мартагдаагүй. Гар утас ховор байх үед “цагаан утас” хамгийн эрэлттэй харилцаа холбооны хэрэгсэл байлаа. Энэ утас зөвхөн хүмүүсийг холбоод зогсохгүй, нийгэмд жижиг дунд бизнесийг дэмжих эхлэл болсон гэдэг.
Нэвтрүүлэгч: Ялангуяа бизнесийн үйл ажиллагаанд мобикомын дугаарын эрэлт огцом өсөж, нэр хүндтэй болж, харилцаа холбооны ид шидийг ажил амьдралд нэвтрүүлж, хөмөрсөн тогоо дотор гэрэл тусгасан он жилүүд байсан гэхэд их хол зөрөхгүй. 1996 оноос хойш 30 жилийн хугацаанд Мобикомын дугаарыг хэрэглэж байгаа үнэнч хэрэглэгчдийн тоо 1,8 саяд хүрчээ.
Нэвтрүүлэгч: 1998 онд Мобикарт буюу урьдчилсан төлбөрт үйлчилгээг нэвтрүүсэнээр Мобикомын хэрэглэгчдийн тоо гэрлийн хурдаар өссөн. Мобифон, Мобинэт, Мобизон, SMS банк, Смарт мессэж, Мобистудент зэрэг үйлчилгээнүүдийг анх нэвтрүүлж байлаа.
Нэвтрүүлэгч: 1998-2025 онуудад Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан 2200 гаруй сайт буюу үүрэн холбооны дахин дамжуулах станцыг барьж байгуулжээ. Ингэхдээ 21 аймаг, 200 гаруй сумдыг хооронд нь холбосон 10.548 километр урттай шилэн кабелийн өндөр хурдны өргөн зурвасын дамжуулах сүлжээг байгуулж өргөтгөл, шинэчлэлийн ажлыг тасралтгүй хийсний үр дүнд манай улс зэс утаснаас шилэн кабелийн технологи руу бүрэн шилжсэн түүхтэй.
Нэвтрүүлэгч: Мобикомын сүлжээ хамгийн найдвартай, хамгийн чухал үед тасалдаж байгаагүй, дэлхийн хаана ч явсан холбогддог гэж хэрэглэгчид ам сайтай байдаг. Тэгвэл энэ бүхний ард ажил мэргэжилдээ эзэн болсон инженер техникийн албаныхан 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Тэдний ажлыг түргэн тусламжийн сувилагч, онцгой байдлын аврагчидтай зүйрлэж болно. Улс эх орны бүхий л салбарын хөгжлийн тулгуур багана болох харилцаа холбоо, интернэтийн хатуу дэд бүтцийг хөгжүүлэх цогц бүтээн байгуулалтыг Мобиком Корпораци 30 жилийн турш манлайлан ажиллалаа. Хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүй байх нь тэдний хувьд хамгийн чухал хариуцлага билээ.
Нэвтрүүлэгч: Мобиком Корпорацийн үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдын уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр Монгол хүн хаа яваа газраасаа гар утсаараа чөлөөтэй ярьж, ажил амьдралдаа хэрэгтэй бүх үйлчилгээг гар утсаараа авч, интернэтэд саадгүй холбогдох боломж бүрдсэн.
Нэвтрүүлэгч: 2002 онд Монгол улсын Өмнөд, Баруун бүсийн аймгуудыг хамарсан 34М хурд бүхий анхны тоон радио релейний дамжуулах сүлжээг байгуулж баруун болон говийн аймгууд руу үйлчилгээгээ тэлсэнээр цаг хугацаа, орон зайн алслал иргэдэд улам ойртсон. Харин 2005 онд GPRS, MMS үйлчилгээнүүдийг нэвтрүүлсэнээр хэрэглэгчид гар утаснаасаа интернэт орох боломжтой болжээ. Энэ үед бидний сайн мэдэх TEDY үйлчилгээний нэгдсэн төв үүд хаалгаа нээж анхны үйлчлүүлэгчидээ хүлээн авч байлаа. Харин 2010-2025 онуудад оптик дамжуулах сүлжээг Монгол улсын нийт нутаг дэвсгэрт байгуулсанаар 21 аймгийн 330 сум, 1500 баг сууринг хамарсан 1,8 сая хэрэглэгчидтэй болж чадсан юм.
Нэвтрүүлэгч /эмэгтэй/: “Эр өсөж эсгий сунана” гэж ярьдаг. Балчирхан наснаасаа мөрөөдөж, бүтээн байгуулсан их үйлс нь амжилтанд хүрчээ. Аливааг эхлүүлнэ гэдэг амаргүй. Анхдагчийн туулах саад бэрхшээл олон бий. Гэвч тэдгээрийг үе үеийн Мобикомчууд шударга, ёс зүйтэй байж, бусдыг ойлгож, хүндэлсээр амжилттай даван туулсан. Тэр хэрээр Мобиком Корпорацийн араас байгуулагдсан Скайтел, Жи Мобайл, Юнител, Ондо гээд үүрэн холбооны оператор компаниудад саадгүй зорчих тодоос тод жимийг бий болгожээ. Энэ бол Мобиком Корпорацийн 30 жилийн бас нэгэн бахархал юм.
Нэвтрүүлэгч: Эргээд бодоход гар утас, гар утасны бүх төрлийн үйлчилгээнүүд бидний өдөр тутмын амьдралд нэвтэрснээр сайн сайхан, гайхамшигтай өөрчлөлт олныг авч иржээ. Мобиком Корпораци үүрэн холбоо, өндөр хурдны интернэт, цахим төлбөрийн шийдэл, сансрын холбоо, дата төв, ОТТ контент, видео стриминг, дижитал үйлчилгээ зэрэг олон төрлийн шийдлийг хэрэглэгчиддээ хүргэж байна. Энэ хугацаанд технологид суурилсан цогц шийдэл нийлүүлэгч болох стратегийн шилжилтийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсээр байна. Үндэсний агуулгыг дэлхийд уриатайтаар 2005 онд байгуулагдсан “Монгол контент” бол Монголын анхны дижитал контент компани юм.
Нэвтрүүлэгч: Ердөө 30 жилийн өмнө гар утастай нэгнээ гайхан хардаг байсныг одоо бодоход итгэмээргүй санагдана. Мобиком Корпораци 2G-5G хүртэлх технологийн дэвшлийг бидний өдөр тутмын амьдралд амжилттай нэвтрүүлжээ. Энэ үеэс эхлээд харилцаа холбооны дэвшил бидний амьдралд жинхэнэ утгаараа нэвтэрсэн түүхтэй.
Нэвтрүүлэгч: Ингэж дэлхий ертөнц тэр чигээрээ бидний утсанд дэлгэгдэхэд Gandy Pay, Monpay брэнд, Мобинэт интернэт, Монгол контент, Мобифинанс, VOO, Mobilife үйлчилгээнүүд бий болж амьдрал урд урьдынхаасаа илүү тав тухтай, эрх чөлөөтэй, аюулгүй тайван болсон нь Мобиком Корпорацийн 30 жилйин хугацаанд бий болгосон бас нэгэн бахархал юм.
Нэвтрүүлэгч: Манай улс залуучуудын эх орон. Үүнийг Мобикомын хамт олон соргогоор мэдэрч 2008-2009 онд залуучуудад зориулсан үйл ажиллагааг эрчимжүүлсэн нь мөн л амжилттай хэрэгжсэн. Залууст зориулсан шинэ бүхний эхлэл BE брэндийг зах зээлд танилцуулж, цоо шинэ үйлчилгээний хэв маягийг бий болгож чадсан юм. BE-гийн салбарууд залуусын цуглах дуртай энтертайнтент төвүүд болжээ. 2009 оныг Мобиком хэрэглэгчдийн тоо 1 саяд хүрсэн гайхалтай амжилтаар угтаж байлаа.
Нэвтрүүлэгч: Мобиком Корпораци үүрэн холбооны болон интернетийн бүх төрлийн үйлчилгээг Монгол хүнд анхлан хүргэсэн шигээ үе үеийн цоо шинэ гар утаснуудыг албан ёсны эрхтэйгээр ашиглах боломжийг ч бидэнд олгожээ. Нокиа, 3310, Самсунг гээд цоо шинэ гар утсыг Мобикомын хэрэглэгчид лизингээр авах боломжийг бүрдүүлсэн түүхтэй. Apple брэндийн IPhone утсыг албан ёсны эрхтэйгээр анх удаа худалдаанд нэвтрүүлж байлаа.
Нэвтрүүлэгч: Эрдэнэт үйлдвэр бол манай улсын 20-р зууны хамгийн том бүтээн байгуулалт. 1978 оноос анхны баяжмал гаргаж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн 5 гаруй хувийг, улсын төсвийн 10 орчим хувийг бүрдүүлж улс эх орныхоо эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсаар байна. Харин Худалдаа хөгжлийн банк бол манай улсын арилжааны ууган банк билээ. Өдгөө Мобиком Корпораци гадаад дотоодын хэдэн зуун байгуулагатай хамтран ажиллаж байна. Байгууллагын хөгжлийг хурдасгах суурин, мобайл утасны дугаар, өндөр хурдны интернет, сервер байршуулах, телемаркетинг, ICT үйлчилгээ зэрэг технологийн шийдлийг олон зуун байгууллагад нэвтрүүлсэнээр тухайн байгууллагын үр ашиг нэмэгдэж, өрсөлдөх чадвар улам сайжирсаар.
Нэвтрүүлэгч: Улс орны хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг гэдэг. Тэгвэл Мобиком Корпораци байгуулагдсан цагаасаа эхлэн бизнесийн ёс зүй, тогтвортой байдлыг эрхэмлэж, хүн төвтэй байх гэдэг үнэт зүйлээсээ ухраагүй. Тууштай ажиллажээ. Технологийн дэвшлийг хамгийн энгийнээр яаж хүний амьдралд нэвтрүүлэх вэ? гэдэг зорилгодоо хүрлээ. Долоо хэмжиж нэг огтол гэдгийн адилаар үүрэн холбооны салбарт Мобиком Корпораци хэрэглэгчдийнхээ хамгийн итгэлт түнш болжээ. Харилцаа холбооны хязгааргүй боломжийн ачаар бид хорвоо ертөцийг бүхэлд нь гартаа атгасан бол 2021 онд 25 жилийн ойн босгон дээрээ ребрэндинг хийж, лого, эрхэм зорилго, алсын хараа үнэт зүйлсээ шинэчилж байлаа. Ингэснээр Энгийнийг ухаалгаар шийдэх бүх боломжийг та бидэнд олгосон юм.
Нэвтрүүлэгч: Аливаа байгууллагын хамгийн эрхэм үнэт зүйл бол ажилтан, албан хаагчид байдаг. Мобиком Корпорацийн 30 жилийг бүтээхэд үе үеийн 3000 гаруй ажилтан гар бие оролцож, сэтгэл зүрх, эрдэм мэдлэг, авьяас чадвараа уралдуулан ажиллажээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд хэцүү жилүүдэд харилцаа холбоо, технологийн компани гэдгээ жинхэнэ утгаар нь мэдрүүлж тухайн үеийн онлайнаар ажиллах горимыг хамгийн сайн мөрдсөн компани болж байлаа.
Нэвтрүүлэгч: Мобиком Корпораци хүний хөдөлмөрийг хамгийн шударгаар үнэлдэг. Тэтгэвэртээ гарсан болон тусгай хэрэгцээт иргэдийг ажлын байраар хангаж байна. Гэртээ хүүхдээ харж байгаа ажилчиддаа гэрээсээ ажиллах боломжийг ч бүрдүүлж өгсөн нь үнэхээр талархууштай.
Нэвтрүүлэгч /эмэгтэй/: Тэр нэгэн өдөр эхэлсэн хүүгийн мөрөөдөл 30 жилийн дараа олон мянган хүүхдийн хүсэл тэмүүллийг бадрааж, итгэл найдвар өгнө гэж төсөөлөөгүй байх. Хүнд хэрэгтэй, утга учиртай үйлс бүтээхийн хамгийн сайхан нь энэ ч байж мэднэ.
Нэвтрүүлэгч: Мобиком Корпораци нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэзээ ч орхигдуулж байгаагүй. 2006 онд “Үдийн цай” жишиг төслийг хэрэгжүүлсэнээр анхны төсөл хөтөлбөрүүд нь эхэлжээ. Улс орон даяараа сургуулийн сурагчдын үдийн цайны тухай ойлголтгүй тийм цаг үед анх удаа энэ хөтөлбөрийг санаачилж байлаа. Энэ 30 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын төслүүдэд 22 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 90% хүртэл хангасан байгууллагаар шалгарчээ. Сурагчдын үдийн цайгаар эхэлсэн нийгмийн хариуцлагын төсөлт ажлууд нь Wash, Smart education, 108 тусгай дугаар, Net zero, Тусгай олимп “Боломжийг бүгдэд” төслүүдээр үргэлжилж эх орны өнцөг булан бүрт хүрч, Мобикомын сүлжээ адил түглээ. Ингэснээр тогтвортой хөгжлийн зорилгыг хангаж, нийгмийн хариуцлагыг баталгаажуулж маш сайн үр дүнтэй хэрэгжсэн юм. Энэ бол Мобикомын хамт олны 30 жилийн ойн бас нэгэн бахархал.
Нэвтрүүлэгч: Харилцаа холбооны хязгааргүй боломжийн ачаар алганд багтах гайхамшиг та бидний амьдралд цогцолжээ. Манай улс 3,6 сая хүн амтай, үүнээс 1,8 сая гаруй гар утасны хэрэглэгчдэд Мобиком Корпораци үйлчилгээ үзүүлж үндэсний хэмжээний хамгийн том оператор компани болжээ. Энэ бол 30 жилийн амжилт, энэ бол 30 жилийн бахархал. Дараагийн 30 жилд Мобиком Корпораци телеком компаниас технологийн компани болох зорилттой ажиллаж байна. 2025 онд 5G NSA буюу 5G -ийн радио давтамжийг ашиглан интернэт хурдыг эрс нэмэгдүүлсэн завсрын технологийг анхлан нэвтрүүлсэнээр гар утас биднийг дижитал эрин рүү хөтөлсөөр байна.
Нэвтрүүлэгч /эмэгтэй/: Харилцаа холбооны технологийн хөгжил нүд ирмэх зуур гэрлийн хурдаар ирээдүй рүү довтолсоор. Нэгэн цагт зөвхөн дуу хоолой дамжуулдаг байсан гар утас алганд багтах ертөнц болж хязгааргүй боломжуудыг бий болголоо. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын бүхий л салбарт үүрэн холбоо, интернетийн дэвшилтэт шийдлүүд нэвтэрч харилцаа холбооны шинэ соёлын үр ургаж, бүрэн цэцэглэлээ.
Нэвтрүүлэгч: Гар утсанд суурилсан аплейкейшнуудыг ашиглан хормын дотор төлбөр тооцоогоо хийж байна. Зурагт асаах шаардлагагүй болж, телевизийн сувгууд, бүх насныханд зориулсан видео контентуудыг хаа байгаа газраасаа гар утсаараа үзэж байна. Гар утсаа ашиглан эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, амьдралын даатгалд хамрагдаж байна. Энэ бүх боломж, шинэчлэл дэвшлийг Мобиком Корпораци бидэнд өгч, биднийг дижитал эрин үеийн жинхэнэ оролцогч, бүтээгч болгон замчилж явна. Ертөнц атгуулсан 30 жилийн түүхийг Мобиком Корпорацитай хамтдаа бүтээлцсэн эрхэм хэрэглэгч, хамтран ажиллагч та бүхэндээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье.
Back to episodes Go home