Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 30
Нэр: The Ugly 05/03/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Им Дунхан - эрэгтэй гол дүр, 30 орчим настай - Ёнгюүгийн хүү
Им Ёнгюү - эрэгтэй гол дүр, 60 гаран настай - Хараагүй сийлбэрч
Жон Ёнхы - эмэгтэй гол дүр, 20 гаран настай - Дунханы ээж
Ким Сүжин - 20 гаран настай эмэгтэй - Продюсер, сэтгүүлч
Бэк Жүсан - 40 гаран настай эрэгтэй - Оёдлын үйлдвэрийн захирал
И Жинсүг - 60 гаран настай эмэгтэй - Оёдолчин
Гючил - 30 орчим настай эрэгтэй - Ёнгюүгийн найз
Нагац эгч 1 - 60 гаран настай эмэгтэй
Нагац эгч 2 - 70 орчим настай эмэгтэй
Дарга - 20 гаран настай эрэгтэй - Үйлдвэрийн дарга
Ажилтан 1 - 60 гаран настай эрэгтэй
Ажилтан 2 - 60 гаран настай эрэгтэй
Ажилтан 3 - 60 гаран настай эмэгтэй
Им Ёнгюү: Тийм буруу ойлголт байдаг л даа. "Хараагүй хүмүүс үзэсгэлэнтэй зүйл гэж юу болохыг мэдэхгүй" гэдэг. Үгүй шүү. Бидэн шиг хараагүй хүмүүс чинь хүмүүс юуг гоо үзэсгэлэн гэж хардаг талаар харин ч илүү их боддог юм. Тэгээд л би тэр гоо үзэсгэлэнг олох гэж... олон жил улс даяар явж, булшны чулуу, хөшөө дурсгалууд дээр очоод бүгдэд нь хүрч, тэмтэрч үзээд өвөг дээдсийнхээ үлдээсэн гоо үзэсгэлэнг ойлгож, нээж явлаа.
Ким Сүжин: Их зүйл туулсан байх нь ээ.
Им Ёнгюү: Тэгэлгүй яах вэ.
Ким Сүжин: Уучлаарай, нэг зүйл сонирхол татлаа л даа.
Им Ёнгюү: За.
Ким Сүжин: Таны гар их булбарай юм.
Им Ёнгюү: Миний гар уу?
Ким Сүжин: Тийм ээ. Сийлбэр хийдэг хүмүүс ихэвчлэн эвэршсэн гартай байдаг гэж бодож байсан юм. Та ямар нэг тусгай арчилгаа хийдэг үү?
Им Ёнгюү: Би гартаа их анхаардаг л даа. Энэ гар бол... миний хувьд нүд л гэсэн үг. Тийм. Би энэ хоёроороо л харж, мэдэрдэг юм.
Ким Сүжин: Тэр ямар учиртай сорви бэ?
Им Ёнгюү: Аан, энэ үү? Залуу байхдаа бэртээсэн юм. Над шиг хүмүүст юм сурна гэдэг их хэцүү л дээ.
Ким Сүжин: Бидэн шиг энгийн хүмүүс хэр хэцүүг нь төсөөлж ч чадахгүй байх. Одоо сэдвээ жаахан өөрчилцгөөе. Таны хувьд тамганы сийлбэрч, дээрээс нь одоо "Чонпүн сийлбэр"-ийг авч явж байгаа хүүгээ ганцаараа өсгөсөн ганц бие аав шүү дээ.
Им Ёнгюү: Айн?
Ким Сүжин: Тийм. Манай үзэгчид амьдралын тань тэр хэсгийг илүү сонирхох байх.
Им Ёнгюү: Яагаад тийм зүйлийг сонирхоно гэж?
Ким Сүжин: Эрэгтэй хүн ганцаараа хүүхэд өсгөх хэцүү шүү дээ. Тэгээд бүүр хараагүй хүн ганцаараа хүүхэд өсгөнө гэдэг амар биш л байсан байлгүй.
Им Ёнгюү: Хэчнээн хэцүү байлаа ч гэсэн хэн ч хүүхдээ сайн өсгөх гэж зүтгэнэ шүү дээ. Хүүхэд бол яах вэ, зүгээр байвал өөрсдөө өсчихдөг юм.
Ким Сүжин: Хүүхэд өөрөө өснө гэж юу байх вэ дээ. Та л өсгөсөн шүү дээ. Бид таны тэр талыг сонирхож байна л даа. Танд тулгарсан хүндрэл бэрхшээлүүд, бодож санаж явсан зүйлс гэх мэт...
Им Ёнгюү: Хэцүү байсан.
Ким Сүжин: Тийм ээ.
Им Ёнгюү: Хэцүү зүйлийг дахиж сөхөөд ямар хэрэг байх вэ?
Ким Сүжин: Яаралгүй ярихад болно оо.
Эм-1: Одоо өдрийн 3 цаг 4 минут болж байна.
Им Ёнгюү: Дунхан аа, би түр амсхийе.
Им Дунхан: Аав аа, энэ хүмүүс завгүй шүү дээ.
Ким Сүжин: Уучлаарай, түр хүлээгээрэй.
Им Ёнгюү: Уучлаарай.
Им Дунхан: Жаахан үргэлжлүүлбэл...
Ким Сүжин: Уучлаарай, цаг ийм хурдан өнгөрснийг мэдсэнгүй. Үнэхээр сонирхолтой байлаа.
Им Дунхан: Өршөөгөөрэй.
Ким Сүжин: Түр завсарлаад үргэлжлүүлье. Өршөөгөөрэй.
Им Дунхан: Тамхиа татчихаад ир, аав аа.
Ким Сүжин: Таван минут амарцгаая.
Им Дунхан: Хаалга энд байна.
ТЕКСТ: ТАЛАРХЛЫН БИЧИГ.
Ким Сүжин: Танай аав үнэхээр гайхалтай хүн юм аа.
Им Дунхан: Надад заяамгүй хувьтай хүн л дээ.
Ким Сүжин: Энэ хар л даа. "Им Ёнгюү бол гайхамшиг байдгийн нотолгоо." Янзын гарчиг байна даа. Энэ юу вэ?
Им Дунхан: Аан, энэ үү? Энэ аавын анх сийлбэрийн лангуугаа нээж байх үеийн зураг. Үүнээс өөр хуучны зураг байхгүй.
Ким Сүжин: Өөртэй чинь их төстэй юм байна.
Им Дунхан: Яах вэ, би ч гэсэн тэгж бодоод бүүр өмнө нь аавд өөртэй нь төстэй харагддаг гэж хэлж байсан юм. Тэгж хэлсэн чинь...
Ким Сүжин: Тэгсэн юу гэсэн бэ? Баярласан уу?
Им Дунхан: Зүгээр л чимээгүй юм бодоод зогсчихсон. Миний бодлоор... төстэй байна гэж юу болохыг бодож үзсэн байх. Яаж ч бодсон төрөлхийн хараагүй хүн шүү дээ.
Ким Сүжин: Тийм байна. Өөрийнхөө царайг ч харж байгаагүй шүү дээ. Тэгж бодож байгаагүй юм байна.
Им Ёнгюү: Үнсний савыг хаана тавьсан юм?
Им Дунхан: Алив, наашаа өгчих.
Ким Сүжин: Та амраад болчихсон уу?
Им Ёнгюү: Тийм ээ.
Ким Сүжин: Тэгвэл үргэлжлүүлцгээх үү? За. За, зураг авалтаа үргэлжлүүлцгээе! Зураглаач аа.
Эр-1: За, очлоо.
Им Ёнгюү: Өршөөгөөрэй.
Ким Сүжин: Юу гэж дээ. Гарыг нь ойртуулсан зүрс аваарай.
Эр-1: Бэлэн.
Ким Сүжин: Аажуухан явцгаая.
ТЕКСТ: ЦАРАЙ
Им Дунхан: Аав аа. Май.
Им Ёнгюү: Цай уух цаг болчхоо юу?
Им Дунхан: Тийм ээ. Халуун шүү.
Им Ёнгюү: Ойлголоо.
Им Дунхан: Ярилцлага өгөх хэцүү байна уу?
Им Ёнгюү: Юу нь тийм сүржигнэхээр байгаа юм гэмээр хэдэн өдөр хүн шалгаачих юм. Өмнөх мэдээний сурвалжилга хагас өдөрт аваад л дуусгасан шүү дээ.
Им Дунхан: Тэгсэн ч гэлээ жаахан тэсчих ээ, за юу? Урланд сайхан сурталчилгаа болно. Телевизээр гарах тийм амар юм байгаа биш. Тийм биз?
Им Ёнгюү: Мэднэ ээ. Чамд хэрэгтэй гэвэл яах вэ.
Им Дунхан: За.
Им Ёнгюү: Гэхдээ тэр залуухан продюсер ёстой төвөгтэй юм. Яахаараа хүнтэй хүүхэд шиг харьцдаг байна? "Ингээрэй", "Тэгээрэй" гэж тушаагаад л.
Им Дунхан: Продюсерууд угаасаа тийм байдаг юм аа. Юунд нь тэгтлээ төвөгшөөдөг юм?
Им Ёнгюү: Тийм дээ. Миний насан дээр хөдөлмөрлөж амьдарч байна гэдэг... Хүнд үнэлүүлж байгаадаа л талархах хэрэгтэй. Гючил надад ямар их атаархдаг гэж санана? Тэр новш мөнгө ч үгүй байж байнга гадаадаар аялна.
Им Дунхан: Юу вэ? Зүүн Өмнөд Азиасаа буцаж ирээгүй л байгаа юм уу?
Им Ёнгюү: Тийм ээ.
Им Дунхан: Ёстой урам хугарчихлаа. Манай аавыг аваад явахгүй яагаад ганцаараа явчихдаг байна аа?
Им Ёнгюү: Яах гэж? Надад ямар харах юм байгаа биш.
Им Дунхан: Тэгсэн ч гэлээ олон жил найзалсан байж хамт аялсан бол сайхан шүү дээ.
Им Ёнгюү: Тэр новш миний найз биш ээ.
Им Дунхан: Тэгж боддоггүй юмаа хэлээд яах вэ. За, дуудлага ирж байна. Түр хүлээгээрэй.
Им Ёнгюү: За.
Им Дунхан: Байна уу?
Эр-2: Им Дунханы дугаар мөн үү?
Им Дунхан: Тийм ээ, хэн бэ?
Эр-2: Намил дүүргийн цагдаагийн газраас ярьж байна.
Им Дунхан: Цагдаагийн газар аа?
Эр-2: Жон Ёнхытой холбоотой хэргээр залгаж байна.
Им Дунхан: Тэр чинь хэн билээ?
Эр-2: Жон Ёнхыг мэдэхгүй гэж үү? Өөрийн чинь ээж дээ.
Им Дунхан: Айн?
Им Дунхан: Энэ хүн миний ээж гэж үү?
Эр-2: Бид тэгж таамаглаж байгаа. Цогцсын хамт иргэний үнэмлэх нь олдсон.
Эр-3: Барилгын талбай болгохоор ууланд малталт хийж байх үед цогцос болон хувийн эд зүйлс нь олдсон.
Эр-4: Ясны байдал зэргээс харахад 40 жил орчим болсон бололтой.
Эр-3: Цогцсын байдлаас болоод үхлийн шалтгааныг нь тогтооход хүндрэлтэй байгаа. Бидний мэдэж байгаа зүйл гэвэл 40 жилийн өмнө нас барж, ууланд булшлагдсан гэдэг л байна.
Эр-2: Осол байсан уу, үгүй юу гэдгийг хэлэхэд хэцүү ч, цогцсыг булсан байдлаас үзэхэд гэмт хэргийн шинжтэй байх магадлалтай. Тийм байлаа ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь хэдийн дууссан.
ТЕКСТ: ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ: ЖОН ЁНХЫ. ОРШУУЛГЫН ТӨВ.
Им Дунхан: Их ажиллаад яах вэ, ирсэн хүн ч байгаа биш.
Им Ёнгюү: Чи юу?
Им Дунхан: Тийм ээ.
Им Ёнгюү: За. Холбооны хүмүүсээс ирээгүй юу?
Им Дунхан: Одоохондоо ирээгүй л байна. Цэцгэн хэлхээ илгээсэн байна лээ. Аав аа.
Им Ёнгюү: За?
Им Дунхан: Ээж... та бид хоёрыг орхиод зугтаад явсан биш юм уу?
Им Ёнгюү: Би ч гэсэн тэгж бодож явсан. Ажлаа дуусгаад гэртээ иртэл өрөөнд чи л ганцаараа байсан. Ээж чинь байгаагүй. Тэгээд... тийм л зүйл болсон.
Им Дунхан: Ээжийг сураглаж хүн ирж байгаагүй юу?
Им Ёнгюү: Байгаагүй ээ. Тэр хүн бид хоёрт ямар гэр бүл гэж байсан биш...
Им Дунхан: Ямар нэг өс санасан ч юм уу, тийм хүн байгаагүй биз дээ?
Им Ёнгюү: Байхгүй ээ. Ээж чинь ямар сайхан сэтгэлтэй хүн байлаа даа.
Им Дунхан: Гэхдээ, юу...
Им Ёнгюү: Яагаад тийм юм асууж байгаа юм?
Им Дунхан: Юу ч биш ээ.
Им Ёнгюү: Айн?
Им Дунхан: Зүгээр л гэв гэнэт... 40 жилийн дараа гэнэт нас барсан гэдгийг нь сонсоод л... сонирхоод асуусан юм. Санаа зовох хэрэггүй ээ.
Ким Сүжин: Өршөөгөөрэй.
Им Дунхан: Зочид ирлээ. Аав, продюсер ирлээ. Ийшээ ороорой.
Ким Сүжин: За.
Им Дунхан: Үүнийг бэлддэг байж.
Ким Сүжин: Зураг авалтын дундуур ийм зүйл болоод юу гэж хэлэхээ мэдэхгүй л байна.
Им Дунхан: Үнэхээр таагүй зүйл боллоо. Зураг авалт тасалдах л юм шиг байна. Яадаг билээ?
Ким Сүжин: Тасалдуулж болохгүй шүү дээ. Бид дуусан дуустал нь хамт байя.
Им Дунхан: Юу?
Ким Сүжин: Өмнө нь хэлж байсанчлан хуваарь эцсийн байдлаар батлагдчихсан, хойшлуулах боломжгүй байгаа. Иймэрхүү мөчүүд үзэгчдэд илүү бодитой санагдах байх.
Им Дунхан: Юу, гэхдээ... Гэхдээ энэ чинь жаахан...
Ким Сүжин: Санаа зовох хэрэггүй ээ. Бид өөрсдөө мэдээд бүгдийг зохицуулна.
Им Дунхан: Яах вэ, тийм... Би зөвшөөрлөө ч аав санал нийлэхгүй байх.
Ким Сүжин: Найдаж байгаа шүү.
Нагац эгч-1: Энэ газар бололтой.
Им Дунхан: За, тэгвэл юм идэж байгаарай. Би явчхаад ирье. Сайн байна уу? Юу гэж яваа билээ?
Нагац эгч-1: Хүү нь бололтой, эгч ээ. Нагац эгч нар чинь байна аа. Ёнхыгийн эгч нар.
Эр-5: Цагдаагийн газраас дуудлага аваад, ингээд ирэх нь зөв байх гэж бодсон юм. Яалт ч үгүй нагац эгч маань байснаас хойш.
Им Дунхан: Аан, за.
Эр-5: Дахин нэг удаа чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье.
Им Дунхан: Ингээд ирсэнд баярлалаа.
Эр-5: Тэгээд бас... бид нэг зүйлийг тодорхой болгох гэж ирсэн юм. Өвөө маань манай ээж, танай ээж хоёрын нэр дээр багахан хөрөнгө өвлүүлж үлдээсэн юм. Гэхдээ бид тэрийг хуваах бодолгүй байна.
Им Дунхан: Юу?
Эр-5: Юу гэхээр ээжийн ярьснаар бол нагац эгч бүүр багадаа гэрээсээ явсан болохоор бидэнтэй ямар ч холбоогүй болсон гэсэн.
Им Дунхан: Тийм ээ, тийм. Жаахан балмагдчихлаа. Гэхдээ мөнгө хэрэггүй ээ. Гэв гэнэт ирчхээд... Дээрээс нь ийм нөхцөлд мөнгө ярихыг зөв гэж бодохгүй байна. Танд зүгээр биз дээ?
Им Ёнгюү: Тийм ээ.
Им Дунхан: За.
Эр-5: Яах вэ.
Им Дунхан: Ёстой нэг.
Эр-5: Уучлаарай. Би ч гэсэн тэгэх байх гэж бодсон л доо. Тэгж байгаа бол энэ яриаг бичээд авч болохгүй биз?
Им Дунхан: Гуйж байна! Би... дараа нь албан ёсны мэдэгдэл бичээд, нотариатаар батлуулаад, шуудангаар явуулаад өгье. Шуудангаар явуулъя. Болно биз дээ?
Эр-5: Ойлголоо.
Им Дунхан: Бидэнд юу ч хэрэггүй ээ. Гэхдээ оршуулгын ёслолыг нь зураггүй хийх сэтгэл сэвтэй байгаа болохоор... ганц зүйл л гуйя. Ээжийн зураг гэхээр зүйл байгаа бол надад өгч болохгүй биз?
Нагац эгч-2: Байхгүй ээ. Ёнхыгийн зураг байхгүй.
Им Дунхан: Юу?
Нагац эгч-1: Байхгүй ээ. Ёнхы зураг даруулах дургүй байсан. Ёнхы... жаахан царай муутай байсан юм. Мэддэггүй байх нь ээ.
Нагац эгч-2: Ёнхы... царай муутай байсан болохоор зураг даруулах дуртай байгаагүй.
ТЕКСТ: ЭХНИЙ ЯРИЛЦЛАГА.
Им Дунхан: Царай муутай гэж... Тэр чинь юу гэсэн үг юм? Ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй байсан юм уу?
Нагац эгч-1: Дутуу дулимаг тал байсан ч гэлээ тахир дутуу энэ тэр байгаагүй л дээ. Зүгээр л царай муутай байсан байхгүй юу даа.
Им Дунхан: Яагаад түрүүнээс хойш дахин дахин тэгж хэлээд байгаа юм? Сая ч гэсэн хэлсэн шүү дээ. Багадаа гэрээсээ зугтсан гэсэн.
Нагац эгч-1: Тийм ээ.
Им Дунхан: Гэв гэнэт тэгээд гэрээсээ зугтчихсан юм уу?
Нагац эгч-1: Тийм ээ, нэг л өдөр гэнэт зугтчихсан.
Им Дунхан: Тийм зүйл байж болно гэж үү? Жаахан хүүхэд? Гэнэт ямар ч шалтгаангүй гэрээсээ явна гэж үү? Сэжиглэсэн зүйл байгаагүй гэж үү? Тэгж ярих юм бол хулгайлагдсан ч байж болно шүү дээ.
Нагац эгч-1: Ямар галзуу амьтан нь тийм үзэшгүй юмыг... хулгайлж байдаг юм? Зүгээр л яваад өгсөн дөг.
Нагац эгч-2: Ёнхы... тосгоны хүмүүст хачин юм ярьдаг болсон.
Им Дунхан: Ямар хачин юм?
Нагац эгч-2: Манай аавыг... өөр эмэгтэйтэй хувцсаа тайлчихсан ажлын өрөөндөө байхыг... харсан гэж ярьсан байсан. Түүнээс болоод ээж уурлаад Ёнхыг ёстой айхавтар зодсон. Тэгээд хэдэн өдөр өвчтэй байж байгаад зүгээр л яваад өгсөн.
Нагац эгч-1: Зүгээр ч нэг явсан юм биш, гэрт байсан ээжийн бүх үнэтэй цайтай зүйлсийг аваад явсан. Ээжийн хувьд бол охин нь биш, хулгайч л байсан.
Им Дунхан: Тийм биш шүү дээ. Үгүй ээ, нөхөр нь араар тавьсан бол нөхрөө буруутгах нь зөв шүү дээ. Тэрийг хэллээ гээд хүүхдийг зодож байгаа бол... ээж нь л харин хачин юм биш үү?
Нагац эгч-1: Сайхан амьдарч байсан гэр бүлийг минь тэр чөтгөр шиг охин хачин юм ярьж сүйтгэсэн байтал үхтэл нь зодох мэдээжийн зүйл. Юу нь тийм хачин байна?
Им Дунхан: Тэгж ярихаа больчих л доо!
Нагац эгч-2: Ямартай ч, Ёнхыгийн талаар мэдэж байгаа зүйл гэвэл энэ л байна. Түүнээс хойш... Ёнхыгоос холбоо тасарсан.
Нагац эгч-1: Тэр үед авч явсан үнэт эдлэлээрээ өв залгамжлалаасаа хавь илүүг хүртсэн. Гэр бүл гэсэн нэр төдий л байсан. Ингээд оршуулах ёслолд нь хүртэл ирсэн юм чинь хийх юмаа хийсэн гэсэн үг биз дээ?
Эр-5: Зөв өө, нагац эгч ээ.
Нагац эгч-1: Ярих юмаа ярьсан бол одоо явцгаах уу? Тийм ээ, явцгаая.
Ким Сүжин: За, дарга аа. Дарга аа, энэ удаа надад итгэх хэрэгтэй шүү. Им Ёнгюүгийн эхнэрийнх нь түүх... илүү сонирхолтой байх юм шиг байна. Бүр том, дуулиантай түүхийн мөрөөр орчихсон юм шиг мэдрэмж төрөөд байна гээд байхад даа. Итгэлтэй байна аа. Баттай сэтгэл хөдөлгөм түүх болно. Үзүүштэй юу гэж үү? Мэдээж шүү дээ? Тийм ээ. Тэгвэл би ажилдаа орлоо шүү. За. Баярлалаа, за.
Им Дунхан: Энд зогсоход болно.
Эр-4: Юу... би анх удаа шарил ороож үзэж байна л даа. Аль чадахаараа яснуудыг нь эвлүүлсэн байгаа. Эцсийн замд нь үдэж хэлэх сүүлчийн үг байвал хэлцгээ дээ.
Нагац эгч-1: Бидэнд бараг байхгүй дээ. Ёнхы, тайван нойрс доо. Нөхөр, хүү хоёрт нь хэлэх зүйл байгаа бол хурдан хэлээд гарцгаая. Миний ходоод муу юм. Хэлэх зүйл байхгүй бол зүгээр дуусгая л даа. Энд ёстой бүтэхгүй нь.
Эр-5: Энэ одоо яаж байгаа юм бэ? Эвлүүлэх гэж хэр удсаныг мэдэж байна уу?
Нагац эгч-1: Ёстой нэг. Угаасаа чандарлагдахаас хойш. Ямартай ч уучлаарай. Энд байж чадахгүй нь ээ.
Эр-5: Ёстой нэг...
Им Дунхан: Аав аа, санаа зоволтгүй ээ, сүртэй зүйл биш.
Эр-5: Зүгээр биз дээ? Түр хүлээгээрэй.
Им Дунхан: Аав аа, тийшээ байж бай. Би утсаар яриад орхиё. За, продюсер аа.
Ким Сүжин: Байна уу? Аан, нөгөө... Аав, ээж хоёрын чинь анх уулзсан худалдааны барилга байна аа даа.
Им Дунхан: Юу?
Ким Сүжин: Тамганы лангууны урд даруулсан зураг байсан даа.
Им Дунхан: Тийм ээ, тэр юу гэж?
Ким Сүжин: Асууж сураглаад үзсэн чинь танай ээж тэр барилгад байдаг Чонпүн оёдлын үйлдвэрт ажилладаг байсан гэж байна.
Им Дунхан: Чонпүн оёдлын үйлдвэр ээ?
Ким Сүжин: Тийм ээ, тийм. Чонпүн сийлбэр, Чонпүн оёдлын үйлдвэр. Сонирхолтой биш байна уу?
Им Дунхан: Аан, яах вэ тийм...
Ким Сүжин: Тэгээд харин би... тухайн үед ажиллаж байсан үйлдвэрийн ажилчидтай холбоо барьсан. Тэр хүмүүс ээжийг чинь танина гэсэн. Тэгээд... маргааш завтай бол хамт явж ярилцвал яаж байна гээд залгаж байна.
Эр-1: Болж байна уу?
Ким Сүжин: Ингээд үү? Харъя даа. Машиндаа байж байгаарай. Ирчихсэн үү?
Им Дунхан: Продюсер оо. Сэтгэлд чинь талархаж байна л даа...
Ким Сүжин: Юун талархах вэ!
Им Дунхан: Үгүй ээ, үгүй. Тэгж хэлэх гэсэн юм биш. Ингэтлээ зүтгэхгүй байсан ч болно шүү дээ.
Ким Сүжин: Үгүй дээ. Би ясны сэтгүүлч хүн л дээ. Ингэж түүх ухах үнэхээр зугаатай байдаг юм. Дотогш орцгооё. Настнууд хүлээж байгаа. За юу? Оръё оо.
ТЕКСТ: ХОЁР ДАХЬ ЯРИЛЦЛАГА.
Ким Сүжин: Сайн байцгаана уу?
Ажилтан-1: Сайн уу?
Ажилтан-2: Сууцгаа.
Эм-2: Юу захиалах вэ?
Ким Сүжин: Бид хоёрт юу ч байсан болно оо.
Им Дунхан: Шүүс авъя.
Эм-2: За, ойлголоо.
Ким Сүжин: Би та хэдтэй холбогдсон Ким Сүжин продюсер байна аа. Май.
Ажилтан-1: Энэ хүн хэн билээ?
Ким Сүжин: Энэ хүн болохоор...
Им Дунхан: Зохиолч байгаа юм.
Ажилтан-1: Зохиолч оо?
Ажилтан-2: Тийм үү?
Ким Сүжин: Тийм ээ, манай зохиолч.
Ажилтан-2: Телевизийн продюсер хийдэг байх нь ээ? Мэдээ шиг зүйл гэсэн үг үү?
Ким Сүжин: Тийм ээ, ер нь төстэй. Бид хэд Жон Ёнхыгийн талаар судалж байгаа юм. Жон Ёнхыгийн өмнө нь ажилладаг байсан оёдлын үйлдвэрийн ойролцоогоос цогцос нь олдсон. Тэгээд бас нас бараад 40 жил болсон байсан.
Ажилтан-1: Яана вэ...
Ажилтан-2: Бидэн рүү залгахаар чинь хол газарт нас барж гэж бодож байлаа. Тэр үед гэнэт алга болчихсон болохоор хаа нэгтээ зугтаж гэж бодсон. Золгүй явдал тохиолдсон бололтой.
Ажилтан-1: Хөөрхий дөө...
Ким Сүжин: Нэг л өдөр үйлдвэртээ ирэхээ болчихсон юм уу?
Ажилтан-3: Гэнэт ирэхээ байчихаар нь зугтчихаж л гэж бодсон.
Ким Сүжин: Аан, тэгвэл... хамт ажиллаж байсан хүмүүс дунд чинь Жон Ёнхытой дотно хүн байгаагүй юу?
Ажилтан-1: Харин л дээ, тэр Баасны алчууртай дотно байсан хүн гэвэл... сүүлд түүнтэй гэрлэсэн хараагүй залуугаас өөр байхгүй.
Ким Сүжин: Баасны алчуур гэсэн үү?
Ажилтан-1: Тэр...
Ажилтан-2: Бид "Баасны алчуур" гэж дууддаг байсан юм. Царай, байгаа байдлаас нь болоод.
Ажилтан-1: Ёстой нээрээ. Баас шиг харагддаг хүн ч гэж юу байх вэ. Гэхдээ тэгж хочлох болсон шалтгаан бий л дээ.
Ким Сүжин: Ямар шалтгаантай юм бэ?
Ажилтан-1: Яах юм бэ...
Ким Сүжин: Алив, хэлээд өгчих л дөө. Эртний явдал шүү дээ.
Ажилтан-2: Тэр үед ухаан мэдрэлгүй л явцгаасан. Ярьдаг шигээ л үймээнтэй үе байлаа. Өдөр болгон ухаангүй ажиллаад завгүй байдаг байлаа. Улс орон тэр чигтээ өндийж байсан үе.
ТЕКСТ: ЧОНПҮН ОЁДЛЫН ҮЙЛДВЭР.
И Жинсүг (залуу үе): Ёнхы эгч ээ! Ямар удаж ирдэг юм бэ?
Дарга: Хурдан даавуу аваад ир! Хурдан хөдөлцгөөгөөч ээ!
И Жинсүг (залуу үе): Эгч ээ, үүнийг хурдан цэвэрлэ гэж хэлсэн биз дээ! Бүтэн өдөржин ноцолдчих юм!
Жон Ёнхы: Нөгөө, дарга аа... Уучлаарай, би... угаалгын өрөө орж...
Дарга: Завгүй ядаж байхад юун угаалгын өрөө вэ!
Жон Ёнхы: У-уучлаарай... Үнэхээр яаралтай юм аа...
Дарга: Нэг минутын дотор эргэж ирээрэй.
Жон Ёнхы: Баярлалаа.
ТЕКСТ: АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ.
Ажилтан-3: Нэг минутын дотор ир гэдэгт нь итгээд хүндэрч чадалгүй эргээд ирсэн.
Ажилтан-2: Тэнэг юм шиг өмдөндөө хусчихсан даа.
Дарга: Хурдан цэвэрлээч ээ!
Ажилтан-1: Тэр байдал нь ямар хачин, өрөвдөлтэй байсан гэж санана.
Ажилтан-3: Угийн царай муутай байсан байтал... өмдөндөө хүртэл хүндэрчихсэн.
Ажилтан-1: Тэр явдлаас хойш бүгд "Баасны алчуур" гэж дууддаг болсон доо.
Ким Сүжин: Тэр хүн яг ямар харагддаг байсан болоод хүн болгон гадаад төрхийг нь яриад байгаа юм бол? Нүүрний гажиг ч юм уу, тийм зүйлтэй байгаагүй юу?
Ажилтан-3: Харин л дээ, ямар харагддаг байсныг нь хэлэхэд хэцүү юм... Ямартай ч сайхан бол биш. Царай муутай.
Им Дунхан: Тэгвэл... зураг нь үлдсэн байх боломжтой газар мэдэхгүй биз?
Ажилтан-1: Зураг аа?
Ажилтан-3: Зураг...
Ажилтан-1: Харин л дээ... Тэр үед нэг их зураг даруулдаггүй байсан үе л дээ.
Ажилтан-2: Уг нь ажилд ороход зургаа өгдөг байсан л даа. Тэр байна гэж байх уу?
Ажилтан-3: Өчнөөн олон жилийн өмнөх юм... одоо байна гэж юу байх вэ дээ.
Ким Сүжин: Тэгвэл... өс санаж явдаг хүн байсан болов уу?
Ажилтан-3: Мангас шиг царайтай, бохир болохоор нь л дургүй байдаг байснаас биш сайхан сэтгэлтэй байсан болохоор дайсан гэж байгаагүй ээ.
Ажилтан-1: Тийм шүү. Тийм царайтай байсан ч гэлээ сохор залуутай гэрлээд аз жаргалтай л амьдраа байлгүй.
Ажилтан-2: Үгүй ээ, нэг хэрэгт орооцолдсон санагдаад байна. Захиралтай холбоотой.
Ким Сүжин: Аан, за. Захирал гээд байгаа хүнтэй юу болсон юм?
Ажилтан-3: Тэрийг яриад хэрэггүй ээ. Тэр захирал ямар сайн хүн байлаа даа. Баасны алчуурт муу юм хийх хүн биш. Тэр үед бид захирлын ачаар л өлсөж үхээгүй үлдсэн юм шүү дээ.
Ким Сүжин: За, хэлээд өгчих л дөө, тэгэх үү? Зүгээр дээ.
Ажилтан-3: Тэрийг Жинсүгээс сонссон нь дээр дээ...
Ким Сүжин: Юу? Хэн юм?
Ким Сүжин: Өө, сонбэ. Хэдэн юм шалгах хэрэгтэй байна. Яаралтай мэдээлэл хэрэг болоод оо. 1970-аад онд оёдлын үйлдвэрийн захирал байсан хүн олох хэрэгтэй байна. Аан, тэгвэл дугаарыг нь явуулчих. Тийм ээ, мессежээр явуулаарай. Баярлалаа. Миний мэдэх хамгийн хурдан хүн байгаа юм. Удахгүй олчих байх.
Им Дунхан: Продюсер оо, ингээд хэрэггүй дээ. Үлдсэнийг нь би өөрөө зохицуулъя. Манай гэр бүлийн асуудал шүү дээ.
Ким Сүжин: Үгүй ээ, юу гэж дээ. Ийм зүйл надад төвөг болохгүй ээ. Түрүүлээд явлаа шүү. Маргааш залгая. Сайн ажиллалаа.
Ажилтан-2: Их хичээлээ.
Им Дунхан: Баярлалаа.
Ажилтан-1: Сайн яваарай.
Им Дунхан: За, баяртай.
Ажилтан-1: Явцгаая.
ТЕКСТ: ИМ ЁНГЮҮ. СОЛОНГОСЫН АМЬД ГАЙХАМШИГ: ИМ ЁНГЮҮ. ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ СИЙЛБЭРЧ ИМ ЁНГЮҮГИЙН ҮЗЭСГЭЛЭН. МАРГААШ И ЖИНСҮГТЭЙ ГЭРТ НЬ УУЛЗАХААР БОЛЛОО. ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРЛЫН БАЙРШЛЫГ Ч ТОГТООЧИХСОН. МАРГААШ УУЛЗЪЯ!
ТЕКСТ: ГУРАВ ДАХЬ ЯРИЛЦЛАГА. ПРОДЮСЕР КИМ СҮЖИН.
Эр-6: Тэгээд? Юу мэдэхийг хүсэж ирсэн юм?
Ким Сүжин: Бид Жон Ёнхыгийн сүүлийн өдрүүдийн талаар сонсохоор ирсэн юм.
Эр-6: Үгүй ээ... Тэгээд манай ээж тэр Жон Ёнхы гэдэг хүнтэй чинь ямар хамаатай болоод энэ хүртэл ирчхээд ингээд байгаа юм?
Ким Сүжин: Нөгөө...
И Жинсүг: Ёнхы эгч миний оёдлын туслах байлаа. Надаас хэдэн насаар эгч байсан юм. Би ясыг нь цайтал ажиллуулсан даа. Ёнхы эгч тэр өдөр тэнгэрийн оронд очсон бол... миний буруу ч тэр байгаа. Би Ёнхы эгчид үнэхээр муухай ханддаг байсан. Нэг ч удаа гомдоллохгүйгээр... чимээгүй л ажлаа хийдэг эгч байлаа.
Жон Ёнхы: И оёдолчин...
И Жинсүг (залуу үе): Яваагүй байсан юм уу?
Жон Ёнхы: Яагаад... яагаад уйлаад байгаа юм бэ?
И Жинсүг (залуу үе): Эгч ээ... Би яах ёстой вэ?
И Жинсүг: Тэр үед Ёнхы эгчийг хараад... гэнэт бүх үнэнийг хэлмээр санагдсан. Тэр захирал гээч адгийн амьтан... намайг... хүчиндсэн гэж.
Эр-6: Юу?
И Жинсүг: Тэрийг өөр хэнд хэлэх билээ? Тэр хүн биднийг цагт нь цалинжуулж, хааяа бонус хүртэл өгдөг байсан. Хүмүүс түүнийг сахиусан тэнгэр гэцгээдэг байлаа.
Бэк Жүсан: Сайн уу? Хөөе, та хоёр!
Эм-3: Сайн байна уу?
Бэк Жүсан: Наанаа зогсож бай. Зургийг чинь дараад өгье, хурдал аа. Цэх зогсоорой. За, дарлаа шүү. Нэг, хоёр, гурав. Хөөрхөн байна! Дахиад нэг даръя. Өөр поз аваарай. Солонгосын мисс шиг ингэ дээ. Яг зөв. Нэг, хоёр, гурав. Ёстой хөөрхөн байна.
Эм-3: Баярлалаа.
Бэк Жүсан: Яв даа.
Эм-3: Ичмээр юм аа.
Бэк Жүсан: Зургийг чинь угаагаад өгнө өө, за юу?
Жон Ёнхы: Уучлаарай... Тамга сийлэх ажил чинь хэцүү байгаа байтал Дунханыг хүртэл харуулж байгаад уучлаарай.
Им Ёнгюү (залуу үе): Юу гэж дээ. Хүүхдээ өөрөө асрах чинь миний ч гэсэн үүрэг шүү дээ. Би хурдан мөнгө цуглуулаад чамайг ажлаас чинь гаргачихвал Дунханыг өсгөхөд анхаарч чадна. Ямар нэг юм болоо юу?
Жон Ёнхы: Үгүй ээ, зүгээр л... Гэхдээ хань аа, муу хүн сайн хүн шиг дүр эсгээд байвал тэр хүн муу гэсэн үг үү, сайн гэсэн үг үү?
Им Ёнгюү (залуу үе): Юу яриад байгаа юм?
Жон Ёнхы: Юу ч биш дээ.
Жон Ёнхы: Сайн байна уу?
Дарга: Сайн. Хөөе, танай оёдолчин дахиад л хэлэлгүй ажлаа тасалчихлаа. Ингэсээр байвал даргад хэлж шинэ хүн авна шүү. Хамгийн ачаалалтай үед алга болчих юм, ёстой нэг.
Жон Ёнхы: Юу? Холбоо барьж үзсэн үү? Өвдсөн байж ч магадгүй шүү дээ. Гэнэт шинэ хүн авна гэдэг чинь...
Дарга: Баасны алчуур аа. Гэрлэлт чинь сайхан байгаа бололтой шүү. Өөрийнхөө бодлыг хүртэл хэлээд. Тэр сохор амьтан чамд сайн хандаж байгаа байх нь ээ. Энэ чиний хошуу дүрэх асуудал биш. Мартаж үз. Сонсоцгоож бай. Маргаашаас шинэ оёдолчин орж ирнэ. Баасны алчуур аа, чи тэр оёдолчинд тусална шүү.
Жон Ёнхы: Юу? И оёдолчин яах болж байна?
Дарга: Хөөе, тэр хүн чинь хоёр өдрийн ажил тасалчхаад байна. Энэ байдлаараа захиалгын хугацаандаа амжихгүй. Захирал Жинсүгийг хална гэж шийдсэн болохоор тэгж ойлго.
Жон Ёнхы: Захирал тэгсэн гэж үү?
Дарга: Хурдан эргээд ажилдаа ор. Хөөе. Хөөе, хөөе! Хаашаа явж байгаа юм?
Бэк Жүсан: Новш гэж. Юу вэ? Яав?
Жон Ёнхы: Захирал аа. И Жинсүг оёдолчныг халж байгаа гэж үнэн үү?
Бэк Жүсан: Юу?
Жон Ёнхы: Тэгж болохгүй шүү дээ.
Бэк Жүсан: Ёстой нээрээ яая даа... Чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Би бүгдийг чинь хамт авч явах гэж зүтгэж байна. Гар.
Жон Ёнхы: Гэхдээ... И Жинсүг оёдолчны... яагаад ирэхгүй байгааг та мэдэж байгаа шүү дээ.
Бэк Жүсан: Чи дэмий юм донгоссоор байх уу? Та л өөрөө... И оёдолчинд муухай зүйл хийсэн болохоор ирэхгүй байгаа шүү дээ.
Бэк Жүсан: Муу новшийн хүүхэн чинь. Чи ингэж дэмий юм донгоссоор л байх уу? Гар. Гар гэж байна!
И Жинсүг: Өөрийнх нь хэрэг ч биш байхад тэгээд л зогсчих ёстой байсан юм. Даанч тэнэг...
Им Ёнгюү (залуу үе): Хөөе. Юу хийгээд суугаа байгаа юм?
Жон Ёнхы: Аан, юу ч биш ээ.
Бэк Жүсан: Хүүе ээ! Та хоёрын зургийг дараад өгье.
Эм-3: Явцгаая.
Бэк Жүсан: Хөөе, хаашаа явах нь вэ? Энэ хоёрын ичиж байгааг ээ.
ТЕКСТ: ЧОНПҮН ОЁДЛЫН ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ БЭК ЖҮСАН ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛДЭГ ГАЖ ДОНТОН.
Бэк Жүсан: "...охидыг хүчирхийлдэг гаж донтон." Ёстой нэг.
Бэк Жүсан: Муу новш минь. Арчаагүй новш минь, чи ажлаа яаж хийж байгаа болоод ийм зүйлд хүрчихдэг байна? Хэрэггүй амьтан. Наад өлөгчнүүдээ бүгдийг нь хал.
Дарга: Юу?
Бэк Жүсан: Гараад бүгдийг нь хал гэж байна!
Дарга: За, ойлголоо. Баасны алчуур аа! Муу новш чинь хэрэг тарьчхаад ичих ч үгүй ажил хийж байна гэнэ ээ?
Жон Ёнхы: Хэрэг тарьсан гэнэ ээ? Тэр яахаараа буруу гэж?
Дарга: Муу мангас шиг хүүхэн чинь. Захирлыг тэгж доромжилчхоод цалин аваад ажиллана гэж бодоо юу? Яг одоо гар, өлөгчин минь.
Жон Ёнхы: Би тэгдэг байж. И оёдолчин яах болж байна? Түүнийг ч гэсэн халах юм уу?
Дарга: Тийм ээ, муу баасны алчуур минь! Та хоёрыг энэ хавьд ажил олж чадахааргүй болгоод өгөх болохоор зайлж үз.
Жон Ёнхы: Үгүй ээ, өөрөө буруу юм хийсэн байж ингэ гэж танд даалгаж байгаа юм уу?
Дарга: Тэр чамд ямар хамаатай юм?
Жон Ёнхы: Би өөрөө захиралтай ярилцъя.
Дарга: Ёстой нэг. Чи очоод...
Жон Ёнхы: И оёдолчин...
И Жинсүг (залуу үе): Больж үз, өлөгчин минь. Чи өөрийгөө хэн гэж бодсон юм? Хараал ид...
И Жинсүг: Ёнхы эгч мэдээгүй байх. Тийм зүйл бичвэл хүмүүс Бэк Жүсан тэр новшийг биш... хүчирхийлүүлсэн хүнийг нь илүү сонирхдог гэдгийг. Хүмүүс мэдчих вий гэхээс үхтлээ ичиж байсан. Ёнхы эгч... надад туслах гэж л оролдсон шүү дээ. Тэр новш юу ч болоогүй юм шиг амьдарсан байх. Миний ичгүүр түүний өршөөл болж өгсөн. Хэрэв Ёнхы эгч тэр новшийн гарт амиа алдсан бол... тэгэхэд зүгээр хараад өнгөрсөн... миний буруу бас байгаа.
Ким Сүжин: Явцгаая. Бэк Жүсан тэр новштой уулзахаар явъя. Гэмгүй хүнд яаж тэгж хандаж чаддаг байна аа... Ээжийгээ өрөвдөхгүй байна гэж үү? Яагаад тэгснийг нь асуух хэрэгтэй шүү дээ. Тэгж бодохгүй байна уу? Хийсэн хэргийнх нь төлөөсийг төлүүлэх ёстой.
ТЕКСТ: ДӨРӨВ ДЭХ ЯРИЛЦЛАГА.
Ким Сүжин: Хүн байна уу? Сайн байна уу, настан? Бид телевизээс яваа юм аа.
Бэк Жүсан (хөгшин): Телевизээс яах гэж?
Ким Сүжин: Танаас асуух зүйл гараад ирлээ л дээ. Таны нэр Бэк Жүсан мөн биз дээ?
Бэк Жүсан (хөгшин): Гар, муу новшнууд аа...
Ким Сүжин: Настан, та... Жон Ёнхы гэдэг хүн санаж байна уу?
Бэк Жүсан (хөгшин): Хэн гэнэ ээ?
Ким Сүжин: Оёдлын үйлдвэртэй байхад чинь тэнд ажилладаг байсан хүн. Баасны алчуур гэж ч дууддаг байсан гэсэн.
Бэк Жүсан (хөгшин): Мэднэ ээ... тэр үзэшгүй эм.
Ким Сүжин: Аан, санаж байна уу?
Бэк Жүсан (хөгшин): Мэдээж, саналгүй яах вэ. Өөрийнхөө байр суурийг ч мэддэггүй үзэшгүй хүүхэн.
Ким Сүжин: Санаж байгаа байх нь ээ. Бид хэд Жон Ёнхыгийн сүүлийн өдрүүдийн талаар мэдэж авах гээд ирсэн юм. Настан. Мэдэж байгаа зүйл байвал илэн далангүй бидэнд хэлээрэй. Угаасаа тэр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэдийн дуусчихсан.
Бэк Жүсан (хөгшин): Дууссан байж таарахгүй. Тэр новшийг бариагүй хэрэг үү?
Ким Сүжин: Тэр новш гэнэ ээ?
Бэк Жүсан (хөгшин): Нөхөр нь өөрийнхөө эхнэрийг алчихсан шүү дээ. Яана даа, одоо ч олж мэдээгүй байгаа хэрэг үү? Тэр новш их зальтай нөхөр дөө. Тэр новш...
Бэк Жүсан: Ойлго л доо, тэгэх үү? Хүүе.
Им Ёнгюү (залуу үе): Захирал аа.
Бэк Жүсан: Ирлээ, ирлээ!
Им Ёнгюү (залуу үе): Сайн байцгаана уу?
Бэк Жүсан: Ийшээ хүрээд ир. Дунд суучих.
Им Ёнгюү (залуу үе): За, за, за.
Бэк Жүсан: Энэ байна! Ороод ир ээ.
Эр-7: Алив, санаа зоволтгүй ээ
Им Ёнгюү (залуу үе): За.
Эр-7: Орхичих.
Им Ёнгюү (залуу үе): За.
Бэк Жүсан: Энд суу.
Эр-8: Нааш ир.
Бэк Жүсан: Гарыг нь барь. Алив, алив, хүрээд ир.
Эм-4: Нээрээ юм уу?
Бэк Жүсан: Мэдээж.
Эм-4: Тэгэхээр энэ нөгөө хардаггүй мөртлөө... тамга сийлдэг залуу юу?
Бэк Жүсан: Мэдээж!
Эр-8: Нүд нь юу ч харахгүй байж тийм сайн хийдэг хэрэг үү?
Бэк Жүсан: Харин хэлээд байна шүү дээ.
Эм-4: Ёстой гайхалтай юм аа.
Бэк Жүсан: Манай үйлдвэрийн ойролцоох гудамжинд тамга сийлдэг юм. Тамга нь жинхэнэ дээд зэргийн эд дээ.
Эм-4: Хөөх. Нэг харуулж болохгүй юу?
Бэк Жүсан: Тийм ээ, Ёнгюү. Нэг хийгээд харуулчих аа.
Им Ёнгюү (залуу үе): Яаж энд хийх юм бэ?
Эр-7: Харуулчих л даа!
Им Ёнгюү (залуу үе): Дараа нь манай лангуунд ирвэл би боломжийн үнээр хийж өгье.
Бэк Жүсан: Ёнгюү. Зүгээр харуулчхаач дээ, золиг минь. Зөв. За, хэнд тамга хэрэгтэй байна?
Эм-4: Надад! Надад!
Бэк Жүсан: За, тэгвэл Жан хатагтайд сийлээд өг.
Эм-4: Жан Мисүг шүү.
Им Ёнгюү (залуу үе): За, ойлголоо.
Бэк Жүсан: Жан Мисүг. Хэрэгслээ гаргаж ирж байна.
Эр-7: Ингээд гадуур авч явдаг байх нь ээ?
Бэк Жүсан: Хар даа. Хэдийн дуусчихлаа. Хартлаа хүлээж бай.
Им Ёнгюү (залуу үе): Болчихлоо.
Бэк Жүсан: За. Харцгаая.
ТЕКСТ: ЖАН МИСҮГ.
Эм-4: Хараад байгаа юм биш үү?
Бэк Жүсан: Харж байгаа биз дээ? Ёстой гайхалтай залуу даа! Харж чадахгүй байж яаж ийм гоё үсэг сийлж чаддаг байна аа? Гайхалтай. Бэлэг болгоод өгөөрэй.
Эм-4: Минийх, минийх.
Эр-7: Хардаг байж хараагүй болж дүр эсгээгүй биз дээ?
Бэк Жүсан: Юу гэж дээ.
Эр-7: Гэхдээ харж чадахгүй байж үсгүүдийнхээ гоё эсэхийг яаж мэддэг юм бэ?
Бэк Жүсан: Тийм болоод л ер бусын байхгүй юу! Гэхдээ энэ тамгануудын гайхалтай нэг юм нь... Тамгаа өгч бай даа. Энэ тамгаар гэрээ хийх юм бол... ямар ч асуудал гарахгүй шүү дээ. Төгс.
Эр-7: Тийм үү?
Бэк Жүсан: Тийм ээ. Энэ зүгээр нэг энгийн тамга биш. Бөө сахиусны хүчтэй гэж байгаа.
Им Ёнгюү (залуу үе): Зохиогоод байх юм...
Бэк Жүсан: Тамга авмаар байвал манай Ёнгюүгаас авч байгаарай!
Им Ёнгюү (залуу үе): Баярлалаа.
Бэк Жүсан: Ёнгюү, нэг шар айраг уучих. Алив, би өмнөөс чинь уугаад өгье. Сайхан хүйтнээр нь залгилчих.
Им Ёнгюү (залуу үе): Яадаг билээ.
Бэк Жүсан: Чамайг үнэхээр ухаантай... гайхалтай болохоор хундагалж өгч байгаа юм шүү. За, нэг амьсгалаар уучих. Сайн байна.
Эр-7: Уугаад бай.
Бэк Жүсан: Болж байна... Сайн ууж байх чинь.
Эр-7: Сайн уудаг юм байна.
Бэк Жүсан: Хүчлэх хэрэггүй ээ. Хахна шүү. Зуушнаасаа өгөөрэй.
Эм-4: Энд байна, аа гээрэй.
Бэк Жүсан: Амаа ангай!
Эр-7: Бэк захирал аа, таны сайн яваа чинь энэ залуугийн тамганых юм байна шүү дээ.
Бэк Жүсан: Тамганаас нь болсон гэж хэлээд байхад. Ёнгюү.
Им Ёнгюү (залуу үе): За?
Бэк Жүсан: Золиг минь, чи намайг аврагчаа гэж харах ёстойгоо мэднэ биз?
Им Ёнгюү (залуу үе): Тийм ээ, тэгэлгүй яах вэ.
Бэк Жүсан: Ёстой нэг... Юу ч мэдэхгүй тэнэгүүд...
Им Ёнгюү (залуу үе): Захирал аа.
Бэк Жүсан: За?
Им Ёнгюү (залуу үе): Та яагаа вэ? Би үргэлж танд талархаж явдаг шүү дээ.
Бэк Жүсан: Хөөе. Ойрд эхнэр чинь намайг шаналгаж байгааг мэдэж байна уу?
Им Ёнгюү (залуу үе): Юу?
Бэк Жүсан: Чи түүнд даалгасан уу?
Им Ёнгюү (залуу үе): Үгүй ээ! Үгүй ээ, яасан ч үгүй. Захирал аа, би эхнэртээ боль гэж хэлье, тэгэх үү? Битгий уурла л даа, захирал аа.
Бэк Жүсан: Хог новш шиг амьтад... Надад та нарыг алах... угаалгын өрөөнд өмдөө шувтлахаас ч амархан шүү.
Им Ёнгюү (залуу үе): Тийм ээ, тэгэлгүй яах вэ.
Бэк Жүсан: Ач мэддэггүй новшнууд... Хөөе.
Им Ёнгюү (залуу үе): За?
Бэк Жүсан: Зөндөө уугаарай.
Им Ёнгюү (залуу үе): Хөөе. Юу хийгээд суугаа юм?
Жон Ёнхы: Үгүй ээ, юу ч биш...
Ажилтан-3: Чи ажлаа яаж хийж байгаа болоод ийм зүйлд хүрчихдэг байна? Наад өлөгчнүүдээ бүгдийг нь хал.
Дарга: Юу?
Бэк Жүсан: Гараад бүгдийг нь хал гэж байна!
Дарга: За, ойлголоо.
Бэк Жүсан: Ёстой нэг, ямар ч хэрэггүй амьтад... Муу новшнууд яаж чадаж байна аа... Чонпүн үйлдвэрийн Бэк захирал байна. Энд харин төвөгтэй хэрэг гараад аа. Надад хэр олон залуу цуглуулж чадахаар байна?
Им Ёнгюү (залуу үе): Хэн бэ? Хэн нэгэн байна уу?
Жон Ёнхы: Та нар хэн бэ?
Им Ёнгюү (залуу үе): Хэн бэ?
Жон Ёнхы: Та нарыг... Бэк захирал явуулаа юу?
Им Ёнгюү (залуу үе): Яасан бэ? Хань аа! Битгий л дээ! Болиоч дээ. Битгий л дээ. Биднийг явуулчих. Өршөөгөөч дээ! Намайг уучлаарай. Гуйж байна! Би дахиж тэгэхгүй ээ. Өршөөгөөч дээ, битгий тэг л дээ! Гуйж байна!
Эр-9: Болно.
Им Ёнгюү (залуу үе): Амь өршөөгөөч дээ...
Эр-9: Өлсөж байгаа биз дээ? Хоол идэхээр явцгаая.
Им Ёнгюү (залуу үе): Хань аа... Хань аа? Туслаач дээ. Энд хүн байна уу? Туслаарай! Гуйж байна, туслаач...
Бэк Жүсан: Юугаа хийгээд байгаа юм? Галзуу хүүхэн!
Жон Ёнхы: Би юуг буруу хийсэн юм? Хэлээч!
Бэк Жүсан: Новш чинь...
Жон Ёнхы: Би юуг буруу хийсэн юм?
Бэк Жүсан: Гадаа хүн байна уу? Надаас салгаач! Новш... Муу солиотой хүүхэн.
Бэк Жүсан (хөгшин): Яаж ч харсан тэр солиотой амьтад ажлаа ном журмаар нь хийгээгүй байсан учраас дахиад явуулсан. Хэд хоног босож чадахааргүй болго гэж хэлээд явуулсан юм. Тэгсэн тэр үед өнөөх сохор гараад ирсэн гэсэн. Хачин байгаа биз дээ? Алах шалтгаан байгаагүй юм сан.
Им Ёнгюү (залуу үе): Хэн ч юу ч хараагүй, хэн ч юу ч хараагүй. Ухаан ор...
Бэк Жүсан (хөгшин): Тэр өвчтэй амьтан... цогцсыг нь ч олигтойхон далдруулж чадаагүй байсан болохоор... тэр залуус бүгдийг нь зохицуулаад, оршуулга хүртэл хийж өгсөн гэж сонссон. Өөрсдөд нь буруу үүрүүлэх вий гээд л тэгсэн байлгүй. Магадгүй тэр залуус дэндүү гүн булснаас болоод тэр солиотой амьтан хүн амины хэргээр баривчлагдаагүй байх. Тэр новш бидэнд талархах хэрэгтэй дээ.
Им Дунхан: Тийм байх учиргүй. Битгий худлаа яриад бай... Битгий худлаа яриад бай.
Ким Сүжин: Дунхан аа, яагаад байгаа юм бэ? Болиоч ээ!
Им Дунхан: Үнэнээ хэл. Чи алсан биз дээ?
Ким Сүжин: Боль гээд байна шүү дээ!
Им Дунхан: Муу гаж донтой новш минь!
Ким Сүжин: Болиоч дээ!
Им Дунхан: Чи алсан. Чи алсан, чи л алсан байж таараа!
Ким Сүжин: Ийм байдлаар асуудлыг шийдэж болохгүй!
Им Дунхан: Тийм гэж үү?
ТЕКСТ: ТАВ ДАХЬ ЯРИЛЦЛАГА.
Им Ёнгюү: Хэзээ ирсэн юм? Чимээ аниргүй сууж байх чинь. Чи ойрд юу хийгээд яваад байна? Явж унт.
Им Дунхан: Аав аа.
Им Ёнгюү: За?
Им Дунхан: Би өнөөдөр Бэк Жүсан гэдэг хүнтэй уулзаад ирлээ.
Им Ёнгюү: Хэн гэнэ ээ?
Им Дунхан: Гэхдээ тэр хүн их хачин юм хэлсэн. Та ээжийг алсан юм уу? Гэхдээ, аав аа... Яагаад тэгсэн юм бэ?
Им Ёнгюү: Яагаад? Тэр үед амьдрах үнэхээр хүнд байсан. Надад бага байхаасаа шоглуулж, зодуулж байснаас өөр дурсамж байдаггүй. Хардаггүйнхээ төлөө. Тэгж явахдаа тамга сийлж сурмаар байна гэтэл... ямар ч шалтгаангүй зүгээр л зодуулсан. Яг л там шиг амьдрал байсан. Гэхдээ тэр там шиг амьдралд идэхгүй, үрэхгүй цуглуулсан юмаараа арай гэж... нэг жижигхэн лангуу нээсэн.
ТЕКСТ: ТАМГА СИЙЛБЭР.
Им Ёнгюү: Би тэр үед... арав дахин илүү саад бэрхшээл тулгарсан ч даваад гарна гэж боддог байлаа.
Бэк Жүсан: Алив, ёстой нэг. сайхан инээгээд өгөөч!
Им Ёнгюү (залуу үе): Харж чаддаггүй хүний зургийг дарж яах нь вэ?
Бэк Жүсан: Инээвэл сайхан харагдаж байна. За, инээмсэглээрэй! Нэг.
Им Ёнгюү (залуу үе): Ийшээ харах уу?
Бэк Жүсан: Тийм ээ, болж байна. За, нэг... хоёр, гурав! Гоё байна. Ёстой нэг... харж ч чадахгүй байж ийм зүйл хийж байгаа чинь биширмээр шүү. Хөөе. Чам шиг шаргуу хөдөлмөрлөж байгаа хүн харахаар биширмээр санагддаг. Хүндэлдэг шүү. Хөөе, би чамд нээлтийн бэлэг болгоод... зургийг чинь жаазалж өгнө өө. Дараа нь амжилтад хүрэхээрээ хамгийн нүдэнд тусах газарт өлгөөрэй, за юу?
Им Ёнгюү (залуу үе): Захирал аа?
Бэк Жүсан: За?
Им Ёнгюү (залуу үе): Би... энэ... Баярлалаа. Хичээнгүйлэн ажиллана аа.
Бэк Жүсан: Тийм ээ. Сайн байна. Тийм ээ, шаргуу ажиллаарай.
Им Ёнгюү (залуу үе): За.
Бэк Жүсан: Амжилтад хүрээрэй.
Им Ёнгюү (залуу үе): Баярлалаа.
Бэк Жүсан: За, би явлаа шүү.
Им Ёнгюү (залуу үе): За.
Эр-5: Сайн яваарай, захирал аа.
Бэк Жүсан: Баяртай.
Им Ёнгюү (залуу үе): Ёстой нэг...
Им Ёнгюү: Гэтэл бүх зүйл бодсоноор минь болоогүй. Тамга сийлдэг хараагүй залууг хэн ч анхаараагүй. Гайхаж сонжиж харсан хүмүүс, эсвэл чадах эсэхийг маань харах гэж сөргөлдсөн хүмүүс л байдаг байлаа. Тэр үед ээжтэй чинь уулзсан.
Жон Ёнхы: Бичгийн хэв нь... гоё юм аа.
Им Ёнгюү (залуу үе): Гоё байна уу? Тэгвэл тамга хийлгэх юм уу?
Жон Ёнхы: Үгүй ээ... Хийлгэмээр байна л даа... Надад одоохондоо тамганы хэрэг байхгүй болохоор. Дараа нь... дараа нь л нэг авмаар байна.
Им Ёнгюү (залуу үе): Үгүй ээ, зүгээр. Тэгвэл ингэвэл яаж байна? Лангуугаа нээснээс маань хойших анхны үйлчлүүлэгч болохоор нэгийг үнэгүй хийгээд өгвөл яаж байна?
Жон Ёнхы: Нээрээ юу?
Им Ёнгюү (залуу үе): Мэдээж. За, харцгаая. Нэрээ хэлээрэй.
Жон Ёнхы: Ёнхы гэдэг.
Им Ёнгюү (залуу үе): Ёнхы.
Жон Ёнхы: Жон Ёнхы.
Им Ёнгюү: Тэгж нэрийг нь мэдэж авсан. Жон Ёнхы. Сайхан нэр.
Им Ёнгюү (залуу үе): Гоё нэртэй юм аа. Анхны үйлчлүүлэгч маань юм чинь тусгайлан гоё хийж өгнө өө. За. Эндэх үйлдвэрт ажилладаг юм уу?
Жон Ёнхы: Тийм ээ.
Им Ёнгюү (залуу үе): Харцгаая... за. За, одоо өөрөө дараад үз. Энэ байна. Бэхэнд дүрснийхээ дараа дараад үзээрэй. Дээш нь болгоод доошлуулаад, хоёр тал руу нь дараад. Боллоо.
ТЕКСТ: ЖОН ЁНХЫ.
Им Ёнгюү (залуу үе): Ямар байна?
Жон Ёнхы: Ёстой гоё болж.
Им Ёнгюү (залуу үе): Тийм байна уу? Энэ цаасыг ч гэсэн аваад яв. Хүмүүст сайн тарааж өгөөрэй.
Жон Ёнхы: За.
Им Ёнгюү: Тэр өдрөөс хойш... замаараа дайрч надтай юм ярьж, будааны бөмбөлөг энэ тэр авчирч өгдөг болсон.
Жон Ёнхы: Өдрийн хоолоо идээгүй биз дээ? Өөртөө хийх далимдаа хийсэн юм...
Им Ёнгюү (залуу үе): Энэ юу юм?
Жон Ёнхы: Зүгээр будааны бөмбөлөг өө.
Им Ёнгюү (залуу үе): Ингэхгүй байсан ч болох юм сан...
Им Ёнгюү: Амьдралд минь анх удаа... хэн нэгэн намайг сонирхсон нь тэр байсан. Ёнхыгийн хоолойг сонсох төдийд л... зүрх хүчтэй цохилдог байлаа. Түг түг гээд л.
Им Ёнгюү (залуу үе): Баярлалаа.
Жон Ёнхы: Зүгээр дээ.
Им Ёнгюү (залуу үе): Амтархан иднэ ээ.
Жон Ёнхы: За...
Эр-10: Атаархаж байна шүү, Ёнгюү. Тийм хөөрхөн эмэгтэй хандраад л.
Эр-11: Харин хэлээд юу гэх вэ? Ийм сайхан эмэгтэйг харж чадахгүй байна гэхээр ямар олиггүй байгаа бол доо.
Эр-10: Өөр хүн булаахаас өмнө өөрийн болгоод аваач. Хамт амьдраач гэж гуйгаач!
Эр-11: Тийм шүү, битгий алдчихаад харамсаад байгаарай.
Эр-10: Сайхан юм аа. Энэ юун үнэр вэ?
Им Ёнгюү: Тэр яриаг сонссон чинь сандарч, айдас төрсөн. Яаж ийгээд зориг гаргаад... надтай хамт амьдраач гэж гуйсан. Харж халамжилна гэж амласан. Тэгсэн ээж чинь тэгье гэсэн. Тэр үед өөрийнхөө ямар их азтайд итгээгүй.
Бэк Жүсан: Алив, алга ташаарай! Гэрлэсэн амьдралын сайхан нь юу билээ? Олон хүүхэдтэй болох биз дээ? Энэ золигийн инээж байгааг ээ! Хэзээ тийм зүйл болдог билээ?
Эр-10: Шөнөөр.
Эр-11: Шөнө, шөнө.
Бэк Жүсан: Хөөх, манай Ёнгюү ч азтай юм аа. Чамд үргэлж шөнө шүү дээ! Хурим чинь болж байна даа, зургийг чинь дараад өгье. Зогсож бай.
Эр-10: Алив, алив.
Бэк Жүсан: Бэлэн үү?
Им Ёнгюү (залуу үе): Хаашаа харах вэ?
Бэк Жүсан: Ёнгюү, ийшээ хараарай. За, дарлаа шүү.
Им Ёнгюү: Тэр үед л анх удаа жинхэнэ мөрөөдөлтэй болсон. Ёнхыг хэзээ ч дорд үзүүлэхгүй, нэр төртэй амьдруулна гэх мөрөөдөл.
Им Ёнгюү (залуу үе): За, ойлголоо, ойлголоо. Өлсөж байна уу? Ээж нь хэзээ ирэх юм бол доо?
Жон Ёнхы: Би ирлээ.
Им Ёнгюү (залуу үе): Дунхан өлссөн бололтой.
Жон Ёнхы: Алив.
Им Ёнгюү: Чамайг төрсний дараа... хоёулаа зэрэг ажиллаад ч амьжиргаагаа залгуулахад хэцүү болж ирсэн. Муу бол байгаагүй ээ. Муу байгаагүй. Тэгтэл нэг орой... Гючил гэж нэг юм ойрхон ажлаар явж байгаад манайд ирсэн юм.
Гючил: Баярлалаа, эзэгтэй.
Жон Ёнхы: За.
Им Ёнгюү (залуу үе): За, эндээс идээрэй.
Гючил: За. Эхнэрийн чинь сэтгэл нь сайхан юм уу?
Им Ёнгюү (залуу үе): Мэдээж шүү дээ. Над шиг хараагүй хүн ийм сайхан сэтгэлтэй эмэгтэйтэй учирна гэдэг ёстой ерөөл шүү, ерөөл. Царайг нь нэг ч удаа харж чадахгүй гэхээр л харамсмаар байдаг юм.
Гючил: Сэтгэл нь сайхан бол болоо доо. Царайг нь хараагүй байсан нь дээр.
Им Ёнгюү (залуу үе): Муу новш чинь... Хөөе, золиг минь. Өөрийнхөө нүдээр царайг нь харна гэдэг миний ганц хүсэл шүү дээ. Утгагүй юм ярьж гэнэ.
Гючил: Яах юм гээд байхад. Хараагүй байсан нь дээр ээ.
Им Ёнгюү (залуу үе): Чи одоо юу гээд байгаа юм бэ? Ойр хавийн чинь хүмүүс юм хэлээгүй юу? Эхнэрийн чинь царайн талаар?
Им Ёнгюү: Тэгээд тэр адгийн новш... эцэст нь хэлсэн юм. Ээжийн чинь царайг... Ээжийг чинь мангас шиг царай муутай гэсэн. Тэгэхэд л би бүгдийг нь ойлгосон. Тэр хүмүүс... Үгүй ээ, тэр адгийн амьтад надаар тохуурхаж байж. Надаар тохуурхаж байж. Бага байхаасаа л шоглуулж, үл тоогдож ирсэн би... тэндээс гарах гэж хэчнээн их хичээсэн билээ дээ. Тэгтэл... тэр зүйл байнгын үргэлжилсээр л байсан. Дахин дахин! Мангас шиг... Яагаад? Намайг сайхан, муухай зүйлийг ялгаж чадахгүй гэж бодоо юу? Хүмүүс дотроо намайг дорд үзэж байсан ч яагаад миний өмнө бөхийдөг гээч? Миний хийдэг сийлбэр гоё сайхан, үзэсгэлэнтэй учраас. Би бүгдийг нь мэднэ. Үзэсгэлэнтэй зүйлс хүндлэгдэж, бишрэгддэг. Харин муухай зүйлс жигшигддэг. Би бүгдийг нь мэднэ. Тэр хүртэл анзаарагддаггүй байсан зүйлс тод харагдаж эхэлсэн. Бүгд. Бүгд. Эцсийн эцэст ээж чинь хүртэл намайг хуурсан. Намайг ямар өчүүхэн гэж харсан бол? Хамт тохуурхах гэж надад ойртсон хэрэг. Түүнтэй хамт байсаар байвал... энэ доромжлолоос хэзээ ч мултарч чадахгүй мэт санагдсан. Би хэчнээн зүтгээд бүтээгүй. Энэ хүүхэнтэй амьдарч чадахгүй. Бэк захиралтай муудалцахдаа хүртэл... яагаад намайг тийм хэцүү байдалд оруулж байгаа юм? Битгий гэж хэлсэн байхад. Миний уурыг хүргэх гэж л тэр бүхнийг хийсээр байсан. Гуйж байна, үхээд өг. Үхээд өг, үхээд өгөөч... Хэн нэгэн энэ хүүхнийг алаад өгөөч. Алаад өг... Яаж ч залбирсан байсан энэ хүүхэн... миний дэргэдээс холдох бодолгүй байсан. Бэк захирлын хүмүүст тэгж зодуулчхаад дахиж буцаж очсоор байсан. Би өөрөө түүнийг ална гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Хэзээ ч төсөөлж байгаагүй. Огтхон ч үгүй.
Им Ёнгюү (залуу үе): Чи дахиад л захирал дээр очоо юу? Тэгсэн үү? Тэгсэн үү?
Жон Ёнхы: Тэр...
Им Ёнгюү (залуу үе): Яагаад... Яагаад... Яагаад дандаа асуудал үүсгээд байдаг юм бэ?
Жон Ёнхы: Би юу... би юу буруу хийсэн юм?
Им Ёнгюү (залуу үе): Болиод өгөөч! Хань аа. Гуйж байна... зүгээр мөрөөрөө байгаад өгөөч! Зүгээр л үхсэн хулгана шиг... зүгээр чимээгүй амьдарцгаая...
Жон Ёнхы: Бага байхаас минь л... хүмүүс намайг буруутгадаг байсан. Би л асуудал нь гээд. Тэгээд би мэдсэн ч юу ч мэдэхгүй юм шиг амьдрах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгсэн ч би хэсэг тэгж амьдрах гэж үзсэн. Тэгтэл чи... Чи надад дулаахан хандсан.
Им Ёнгюү (залуу үе): Боль.
Жон Ёнхы: Надад урам зориг өгсөн. Чиний ачаар. Чи намайг... намайг царай муутай гэж хараагүй.
Им Ёнгюү (залуу үе): Новш гэж. Муу новш минь, дуугүй бол! Чи эрүүл ухаантай байсан бол... тэгж хэлэхгүй байх байсан юм, новшийн хүүхэн минь.
Им Дунхан: Би таныг ойлгохгүй байна. Ойлгож чадахгүй нь.
Им Ёнгюү: Ойлгож чадахгүй бол шимэгч хорхойгоос өөрцгүй болно шүү.
Им Дунхан: Юу?
Им Ёнгюү: Насаараа бүтээсэн бүхнээс минь шимэгчилж амьдардаг шимэгч л гэсэн үг. Чи ойлгох ёстой.
Им Дунхан: Та алуурчин шүү дээ.
Им Ёнгюү: Үгүй ээ! Хэн алуурчин гэж? Үгүй ээ, тийм биш! Би биш! Хөөн хэлэлцэх хугацаа дууссан! Намайг тэрийг мэдэхгүй гэж бодоо юу? Би бол энэ улсын амьд гайхамшиг! Дэлхийг хурууныхаа үзүүрээр хардаг залуу. Би бол гайхамшиг... Би алуурчин биш.
ТЕКСТ: ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ.
Ким Сүжин: Аавыгаа их хүндэлдэг байсан шүү дээ. Зүгээр биз дээ?
Им Дунхан: Шаардлагагүй хэсгүүдийг нь би устгачихсан.
Ким Сүжин: Юу?
Им Дунхан: Продюсер оо, баримтат нэвтрүүлгээ гоё хийгээд өгөөрэй. Манай аав... хэцүү үеийг даван туулсан Солонгосын гайхамшиг шүү дээ. Тийм болохоор гуйя... Найдаж байгаа шүү.
Ким Сүжин: Адилхан юм аа.
Им Дунхан: Юу?
Ким Сүжин: Аавтайгаа. Өнөөдөр илүү адилхан харагдаж байна. Өчигдөр Бэк Жүсантай хэсэг ярилцсан юм.
Бэк Жүсан (хөгшин): Энэ бүгд миний бүтээлүүд. Урлагийн бүтээлүүд байгаа юм.
Ким Сүжин: Жон Ёнхыгийн зургийг яагаад дараагүй юм?
Бэк Жүсан (хөгшин): Жон Ёнхыгийн зураг байгаа. Үйлдвэрт шинэ ажилчин орох болгонд... би зургийг нь дардаг байлаа.
Бэк Жүсан: Ынсүг аа, инээмсэглээрэй! Жаахан дээшээ барьчих. Яг, ингэж цээжиндээ ойртуулаад. Хөөрхөн юм аа, болж байна. За, инээгээд нэг... хоёр... гурав!
ТЕКСТ: ЖОН ЁНХЫ.
Бэк Жүсан: Хөөрхөн байна. Боллоо, яв. Дараагийнх нь. Хөөе, Жон Ёнхы. Цээж зураг авахуулах гэж байж үс чинь яагаад ийм байгаа юм? Царайгаа сайн харагдуулахаар болгоод хойшлуулчих. За, дарлаа шүү. Инээгээрэй. Кимчи. Нэг, хоёр, гурав!
Ким Сүжин: Ээжийн тань зураг. Одоо сонирхож байгаа үгүйг чинь мэдэхгүй ч гэлээ.
TRAILER
Им Ёнгюү - Намайг сайхан, муухай зүйлийг ялгаж чадахгүй гэж бодоо юу? Үзэсгэлэнтэй зүйлс хүндлэл хүлээж, бишрэгддэг. Харин муухай зүйлс жигшигддэг юм.
Ким Сүжин - Танай аав үнэхээр гайхалтай хүн юм аа.
Им Дунхан - Цагдаагийн газар аа?
Эр-1 - Жон Ёнхытой холбоотой хэргээр залгаж байна. Өөрийн чинь ээж биз дээ?
Им Дунхан - Энэ хүн миний ээж гэж үү?
Эр-2 - Цогцос 40 жил орчим болсон бололтой.
Им Дунхан - Зугтсан гэж хэлж байсан биз дээ?
Им Ёнгюү - Би ч гэсэн тэгж бодож явсан.
Эр-3 - Гэмт хэргийн шинжтэй байх магадлалтай.
ТЕКСТ - 40 ЖИЛИЙН ТУРШ МАРТАГДСАН ЦАРАЙ.
Им Дунхан - Зураг гэхээр зүйл байхгүй юу?
Нагац эгч 1 - Байхгүй ээ.
Нагац эгч 2 - Ёнхы жаахан царай муутай байсан юм.
Ким Сүжин - Бид Жон Ёнхыгийн талаар судалж байгаа юм.
И Жинсүг - Ёнхы эгч мэдээгүй л байх.
Бэк Жүсон - Тэр новш баригдаагүй хэрэг үү?
Ким Сүжин - Жинхэнэ сэтгэл хөдөлгөм түүх болно.
ТЕКСТ - МАРТАГДСАН ЦАРАЙНЫ ЭРЭЛД
Эр-4 - Нэг хэрэгт орооцолдсон санагдаад байна.
ТЕКСТ - ҮХЛИЙН ҮНЭНИЙГ ОЛНО.
Им Ёнгюү - Чи дахиад л захирал дээр очоо юу?
Ким Сүжин - Яагаад тэгснийг нь асуух хэрэгтэй шүү дээ.
ТЕКСТ - НАЙРУУЛАГЧ ЁН САНХУ.
Им Дунхан - Яагаад тэгсэн юм?
ТЕКСТ - ДЭЛХИЙН ГҮНД БУЛАГДСАН
ТЕКСТ - ЦАРАЙ.
ТЕКСТ - ЕСДҮГЭЭР САРЫН 11-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ.
Back to episodes Go home