Barimtat 03.27

“БАРУУН МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛЬ”

БАРИМТАТ КИНОНЫ ЗОХИОЛ

 

Ая 01: Эхлэл ая, помпари маягын

Уншилт 01:

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн Хүрээлэн үзүүлж байна.

 

Ая 02: Намуухан, симпони хөгжим

Уншилт 02:

Монголчууд эрт дээр үеэс уул овоог эцэг тэнгэр, ус голыг эх тэнгэр гэж ярьдаг байжээ. Уул газрын эзнийг савдаг, усны эзнийг лус гэж нэрийдэх нь бий. Уул усаа тахин шүтдэг нь байгаль дэлхийгээ хамгаалж үлдэх гэсэн эртний уламжлал юм.

Тиймээс монголчууд дахин давтагдашгүй байгалийн үзэсгэлэнт, цогцолбор, газар нутгаа олон зууны турш хадгалан, өвлүүлэн ирсэн байна.

 

Ая 03: Язгуур хөгжим /хэвээрээ/

Уншилт 03:

Баруун Монголын Үзэсгэлэнт Байгаль

 

Ая 04: Алтайн магтаалын аян дор

Уншилт 04:

Монгол оронд Алтай, Саян, Хангай, Хэнтий, Хянганы хэмээсэн хэд хэдэн уулзүйн системүүд бий. Тэдний нэг нь эх орныхоо баруун хязгаарыг хамгаалах хана хэрэм мэт сүндэрлэх Алтайн нуруу.

Тэнгэрт тэмүүлэх галын хөх дөл мэт эгц босоо энэ уулсын нөмөр нөөлөгт өсөж төрсөн бүхэн Их Алтайгаа үеийн үед хэмээн сүслэн залбирч, сөгдөн мөргөж иржээ.

Алтайн нуруу нь Монгол орны нутаг дэвсгэрт Монгол Алтай болон Говь-Алтайн нуруу гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Монгол Алтайн нуруу нь улсын хилийн дагуу баруун хойноос зүүн урагшаа чиглэн 800 гаруй км үргэлжлэх бол, Говь-Алтайн нуруу нь 1000 гаруй км үргэлжилнэ. Эдгээр уулсын араар нь Их нууруудын хотгор, Нууруудын хөндий цэлийж, өврөөр нь Баруун хуурайн хотгор, Алдарт зүүн гарын их говь, түүний үргэлжлэл Номингийн говь тэргүүтэй Алтайн өврийн их говиуд зэрэглээтнэ.

 

Яриа 01: ШУА-ийн ГГХ-ийн захирал, доктор А.Дашцэрэн (Ph.D)

 

 

 

 

 

 

Ая 05: Алтайн магтаалын аян дор

Уншилт 05:

Ингэхэд баруун монголчуудын шүтээн Алтайн их уулсын үүсэл хөгжил хаанаас эхтэй юм бол оо?

 

Ая 06: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 06:

Дэлхийн үүсэл: 4.6 тэрбум орчим жилийн өмнө нарыг тойрсон хийн мананцараас нэгэн гариг үүсэн бүрэлдсэн нь манай дэлхий болно. Энэ багавтар гариг нь нарны аймгийн бусад ахан дүүсээсээ юугаараа ялгардаг вэ гэвэл хамгийн нягтралтай, бас амьдрал үүсэн бүрэлджээ.

Гэвч үүнд хүрэхийн тулд хоёр тэрбум гаруй жилийн турш халуун хайлмал аажмаар хөрч, хатуу цардас үүсгэн улмаар анхны эх газар үүсэн бүрэлдэж, аварга том чулуун хавтангууд салж нийлэн нүүдэллэсээр байлаа.

600-540 сая орчим жилийн өмнө нэгэн аварга том тив үүссэн боловч 400 орчим сая жил өнгөрөхөд дахин хуваагдаж, дунджаар 50-100 орчим км зузаантай 30 орчим тектоник хавтан болжээ.

Бидэнд үл анзаарагдам ч тасралтгүй хөдөлж байдаг эдгээр хавтангуудын мөргөлдөх хил заагт нь үргэлжилсэн урт атираат болон зөрөгт уулс үүссэн. Мөн тэнд галт уулс идэвхжин, хавтангуудын дор хэдэн мянган хэмийн халуунтай халуун хайлмагууд эрчлэн хуйларна.

Товчхондоо бид аварга том халуун хайлмал бөмбөрцөгийн гадарга дээр тогтсон нимгэхээн чулуун давхарга дээр амь тээн оршин буй. Хавтангууд хэдэн сая жилийн туршид мөргөлдөн нэгнээ түрэхэд тэдний хил заагаар нь өндөр сүрлэг уулс сүндэрлэн босож, харин эсрэг талд нь нам дор, хотгор газрууд үүсэх ажээ.

 

Ая 07: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 07:

Эдгээр гадаргын үүсэл хөгжил, тэдгээрийн хувирал өөрчлөлтийг байгалийн шинжлэх ухаан тэр дундаа геологи, газарзүйн шинжлэх ухаан судалдаг ажээ. Газарзүйн шинжлэх ухааныг товчоор тодорхойлбол хүн, байгалийн юмс үзэгдэл, үйл явцыг орон зай цаг хугацааны үүднээс тайлбарлах явдал юм.

 

Ая 08: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 08:

Үргэлжид хөвөх хавтангуудын нөлөөгөөр одоогоор 5 тив, 6 эх газар үүссэний нэг нь Монголчууд бидний өр цээжинд нь аж төрдөг Ази тив юм.

 

 

 

 

Ая 09: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 09:

Ази тив нь уулзүйн зохион байгуулалт, гадаргын хотгор-гүдгэрийн хувьд олон хэв шинжээс бүрдэх бөгөөд манай орон баруун талаасаа Алтай-Саяны уулархаг бүсийн зах, төв болон өмнөд хэсгээр Төв азийн тэгш өндөрлөг, Зүүн урд хэсэгт Их хянганы уулсын салбар, хойд хэсэгээр Сибирийн цулдамын урд үзүүрээр хүрээлэгдэнэ.

Хотгор гүдгэрийн эдгээр хэлбэрүүд нь манай орны гадаргын төрх бүрэлдэн тогтоход зохих нөлөөг үзүүлдэг. Тухайлбал хойд талаас Сибирийн цулдамын түлхэлтийн нөлөөгөөр манай орны томоохон уулзүйн системүүд болох Алтай, Хангай, Хэнтийн уулс нь хойноос урагш нумарсан байдалтай тогтожээ.

 

Ая 10: Хөгжмөө солих, симпон эсвэл барууны ая

Уншилт 10:

Алтай таван богд уул: Монгол Алтайн нурууны ноён оргил нь Алтай Таван Богд уулын Хүйтэн оргил юм. Далайн түвшнээс дээш даруй 4374 м өндөр, Алтайн нурууны төдийгүй Монгол орны хамгийн өндөр оргил болно. Монгол орны дээвэр ч гэдэг.

 

Яриа 02: ШУА-ийн ГГХ-ийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Баянжаргал (M.Sc)

 

Ая 11: Хөгжмөө солих, симпон эсвэл барууны ая

Уншилт 11:

Таван богд гэдгийн учир нь энэ хэсэгт ойролцоо өндөртэй Хүйтэн оргил 4374 м, Найрамдал оргил 4082 м, Малчин оргил 4037 м, Бүргэд оргил 4068 м, Өлгий оргил 4050 м бүхий таван оргил буйгаас ийн нэрийджээ. Нутгийн ардууд Таван хумс ч гэж нэрлэж байжээ. Хурц шовх болохоор нь тийн нэрлэсэн буй за.

Энэ оргилуудын дундуур Монголын хамгийн том Потанин, Александр, Гранэгийн мөсөн голууд тотжээ. Судлаачдын тогтоосноор Потанины мөсөн гол нь 2003 онд хамгийн зузаан хэсэгтээ 229 метр, хамгийн нимгэн хэсэгтээ 77 метр байсан бол одоо жилд дунджаар 15 метр орчмоор хайлж байгаа ажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Ая 12: Усны харгиа боргионы ая дэвсэх

Уншилт 12:

Сүүн гол буюу Цагаан гол: Энэ сүрлэг уулсын хад асгат хөндийгөөр цав цагаан гол хүрхрэн урсана. Хэдэн арван метрийн зузаантай, олон арван сая тонн жинтэй мөсөн голууд газрынхаа хэвгийг даган гулсахдаа ёроолын хурдас, хад чулууг үрж, тээрэмдэн гурилнаас ч нарийн ширхэгтэй болгон нунтаглаж орхидог ажээ. Мөс хайлахдаа тэрхүү нунтаг цагаан хэмэрлэг хурдсыг урсган одсоноор ийнхүү сүү мэт цав цагаан урсгал бий болдог байна.

 

Ая 13: Хөгжмөө солих, симпон эсвэл барууны ая

Уншилт 13:

Монгол Алтайн нуруу: Монгол Алтайн нуруу нь гол нуруу болон хэд хэдэн салбар нуруудаас бүрддэг. Монгол Алтайн нурууны ус хагалбар нь Алтай Таван Богдоос Дөшин уул хүртэл улсын хилийн шугамтай бараг давхцах бөгөөд Дөшин уулаас Мөнххайрхан уулаар дамжин гол нуруу нутгийн гүнрүү чиглэн Алаг Хайрхан уул хүрнэ.

Монгол Алтайн нурууны эхэн хэсэгт гол нуруунаас нутгийн гүнрүү чиглэсэн Сийлхэмийн нуруу, Хатуугийн нуруу, Цэнгэл хайрхны уулс, Буянтын нуруу зэрэг уул, нурууд салбарлана.

Эдгээр гол болон салбарласан нурууд нь ихэвчлэн 3000 метрээс дээш өргөгдсөн мөнх цасан дээвэртэй, зарим газраа араараа харгай модон хэвнэгтэй. Мөнхийн хүдэн будан хөшиглөж байдаг сүрлэг зооноос нь Ховд гол, Буянт гол, Булган гол, Үенч гол, Бодонч гол зэрэг томоохон голууд эх аван урсана.

 

Ая 14: Хөгжмөө солих, симпон эсвэл барууны ая

Уншилт 14:

Монгол Алтайн салбар уулсын завсарт: Энэ үргэлжилсэн гол нуруунаас гадна Монгол Алтайн гол нуруутай зэрэгцэн орших гурван эгнээ салбар уул нурууд бий.

Эхний эгнээ салбар уулс нь гол нуруунаас хөндий хотгоруудаар нэлээд алсарч мөн өөр хоорондоо ч хөндий хотгоруудаар тусгаарлагдсан Хархираа, Түргэний уулс, Алтан Хөхийн уул, Жаргалант хайрхан, Бумбат хайрхан, Дарвийн нурууд юм.

 

Яриа 03: ШУА-ийн ГГХ-ийн захирал, доктор А.Дашцэрэн (Ph.D)

 

 

 

 

 

 

 

Ая 15: Хөгжмөө солих, симпон эсвэл барууны ая

Уншилт 15:

Хоёрдахь эгнээ нь гол нуруутай харьцангуй ойр, зэрэгцэн орших баруун талаараа гол нуруунаас Толбо, Дөрөө нууруудын хотгороор тусгаарлагдсан Хүнгүйн нуруу, Сайр уул, Цаст, Цамбагарав, Хөх Сэрхийн нуруу зэрэг бөгөөд эдгээр уул нуруудаас харьцангуй өмнө тийш гол нуруунаас Цэцэг нуурын хотгороор тусгаарлагдсан Баатар хайрхны нуруу, Цаст Богд, Сутай хайрхан зэрэг уул нурууд сүндэрлэнэ.

 

Ая 16: Хөгжмөө солих, симпон эсвэл барууны ая

Уншилт 16:

Харин Алтайн гол нурууныхаа өвөр хэсэгт гурав дахь салбар нурууд алсхан зайтай зэрэгцэн сүндэрлэх Байтаг Богд уул, Их Хавтагийн нуруу, Бага Хавтагийн нуруу, Хөх Өндрийн нуруу, Тахийн шар нуруу зэрэг улсын хилийн харуул болон дүнхийнэ.

Энэхүү өвөр талын зэрэгцсэн салбар уулс болон Их Алтайн уулсын дунд мөн л өргөн уудам говь хөндий, хотгорууд зэрэглээ наадуулан дуниартах ажээ.

 

Яриа 04: ШУА-ийн ГГХ-ийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Баянжаргал (M.Sc)

 

Ая 17: Хөгжмөө солих, симпон эсвэл барууны ая

Уншилт 17:

Говь-Алтайн нуруу: Алаг Хайрхан уулын зүүн талд орших Шаргын хотгор болон Алаг нуурын хотгорын завсарт орших Хан Жаргалантын нуруунаас эхлэн Хар Азаргын нуруу, Бурхан Буудайн нуруу, Гичгэний нуруу, Баянцагааны нуруудаар Говь-Алтайн нуруу цааш үргэлжилнэ.

Эдгээр нурууд дээр дурьдсан Шаргын хотгор  болон Алаг нуурын хотгорын сав газраас эхлэн гол нурууд Монгол Алтайн нуруунаас өөр чиглэлтэй хагарлуудын нөлөөгөөр өөр хоорондоо томоохон хөндийнүүдээр хэрчигдэж эхлэх бөгөөд цааш уул нурууд улам биенээсээ алсарч хөндий, хоолойнуудаар зааглагдан оршино.

Говь-Алтайн нуруу нь Ар хэсэгтээ Хасагт хайрхан Хантайширын нуруу, Өвөр хэсэтээ Аж Богд, Эдрэнгийн нуруу гэсэн салбар нуруудтай.

 

 

 

 

 

 

 

 

 

Ая 18: Хөгжмөө солих, симпон эсвэл барууны ая

Уншилт 18:

Ээж хайрхан уул: Алтайн нурууны өвөрт байх нэн үзэсгэлэнтэй нэгэн уул бол нутгийнхан Хатан хайрхан хэмээн өргөмжлөх Ээж хайрхан уул юм. Далайн түвшинээс дээш 2274 метр өндөрт өргөгдсөн цул хадан энэ уул байгалийн ер бусын бүтээл юм.

Хүний гараар бүтээсэн мэт хэдэн метрийн гүнтэй, гэрийн бууриас хавь илүү том 9 хадан тогоонууд нэгнээ тосон үелэн буух бөгөөд дээд шилд нь байх тунгалаг уст булгийн ус бяцхан хүрхрээ үүсгэн тэдгээр тогоонуудыг дүүргэнэ. Ямар ч гантайд энэ тогооны ус татрах нь үгүй.

 

Яриа 05: ШУА-ийн ГГХ-ийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Т.Даваагатан (M.Sc)

 

Ая 19: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 19:

Бас нэг үзүүштэй зүйл бол эндээс цааш гол оргил өөд өгсөх тусам уг уулыг бүрдүүлэгч боржин чулуулгийн өгөршлийн өвөрмөц хэлбэрүүдтэй тааралдах тул улам ч сонирхол татна.

Өндөр сүрлэг хадан сардигуудад нь янгир ирвэс дүүлэлдэж, дүнхэгэр тарган зоогоор нь аргаль угалзын сүрэг бүрхэн бэлчинэ.

 

Ая 20: Хөгжмөө солих, симпон эсвэл барууны ая

Уншилт 20:

Их нууруудын хотгор: Монгол Алтайн нурууны араар, Алтай, Хангайн завсар газарзүй, ландшафтын хувьд онцлог шинж чанартай,  дахин давтагдашгүй, өвөрмөц экосистем бүхий газар нутаг бол Их нууруудын хотгор юм.

Энд монгол орны голлох томоохон нуурууд орших ба тус бүрдээ өөр өөрийн өвөрмөц шинжээ хадгалан оршино. Тус хотгор нь Увс нуурын хотгор, Хяргас нуурын хотгор, Хар-Ус нуурын хотгор, Шарга-Хүйсийн говийн хотгор гэсэн 5 мужид хамрагдана.

Энэ их хотгор нь баруун талаар Монгол Алтай, зүүн талаар Хангайн нуруу, хойд талаараа Саяны нурууны салбар Тагнын нуруугаар хүрээлүүлэн орших ба урд хэсэг нь Шаргын говийн хотгорын өмнөд зах хүртэл үргэлжилж нийт 100 гаруй мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзэлдэг.

Их нууруудын хотгор нь зуны улиралд цельсийн 25-40, өвлийн улиралд цельсийн (-30)-(-35) градус хүрч температурын жилийн дундаж хэлбэлзэл нь 70 орчим градуст хүрнээ.

 

Яриа 06: ШУА-ийн ГГХ-ийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батням (M.Sc)

 

Ая 21: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 21:

Өндөр Алтайн мөнх цаст уулсаас эх аван урсах Ховд, Буянт голууд нь Хар ус нуурт цутгаж Хар ус нуураас Чоно харайхын голоор дамжин Хар нуур, Дөргөн нуурыг тэтгэж Хар нуураас Тээлийн голоор дамжин Завхан голд нийлж улмаар Айраг нуураар дамжин Хяргас нуурт хүрч аялалаа өндөрлүүлэх ажээ.

 

Ая 22: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 22:

Харс нуурын хотгор: Хар-Ус нуурын хотгор нь ховор, ховордсон ургамал, шувууд, хөхтөн амьтдын өлгий нутаг болдог. Жил бүр дунджаар 20,000 гаруй усны шувууд ирэх ба тэдний дунд бүс нутгийн хэмжээнд ховордсон 11 зүйл, дэлхийн хэмжээнд ховордсон 5 зүйлийн усны шувууд байдаг. Хар ус нуурын орчимд 6 багийн 14 овгийн 30 төрлийн 54 зүйл хөхтөн амьтад бүртгэгдээд байгаагийн 11 зүйл нь ховор, нэн ховор ангилалд хамаардаг.

Мөн энд 457 зүйл ургамал бүртгэгдсэнээс Монгол улсын улаан номонд орсон нэн ховор 13 зүйл, ховор 9 зүйл болон эмийн 90 зүйлийн ургамалтай.

 

Ая 23: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 23:

Хар нуур, Дөргөн нуурын хотгор: Хар нуур, Дөргөн нуур хоёр нь Олгой нуур-Ногоон нуур-Хомын хоолойгоор холбоотой зэрэгцэн орших бөгөөд зүүн талаараа Монгол элс, Хомын тал, баруун талаараа Дөргөний хүрэн талаар хүрээлэгдэн оршино.

Хар-ус нуур Болон Хар нууруудыг холбох Чоно харайхын гол нь 40 км урт, дунджаар 30 м өргөн, усны унал, урсгалын хурд ихтэй гол юм. Хар ус нуурын ус ихэсхэд энэ голын ус мөн ихэсч хөвөө, нугыг бүрхдэг.

 

Ая 24: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 24:

Хяргас нуурын хотгор: Хяргас нуурын хотгор нь элс, хайргаар хучигдсан, тачир ургамал бүхий цөлөрхөг шинжтэй бөгөөд, зөвхөн голын адаг, булаг шандтай газрууддаа ширэг, намгууд үүсгэнэ.

Нуурын өмнөд хэсэгт хоолойн цутгал хавийн усан дотроос 20-25 м өндөртэй хадан цохионууд цухуйн гарсан байдаг. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө.

 

Яриа 07: ШУА-ийн ГГХ-ийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарын дарга, доктор С.Нарангэрэл (Ph.D)

 

 

Ая 25: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 25:

Увс нуурын хотгор: Увсын нуурын хотгор нь хойноо Тагна уул, баруунаа Хархираа-Түргэний уулс зүүнээ Сангиленгийн нурууны салбар уулс, өмнө талаараа Хан-Хөхийн уулсаар хүрээлэгдэнэ. Тэс, Туруун, Хангилцаг, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Торхилог голуудын усыг хуримтлуулдаг.

Увс нуурын номин цэнхэр мандал нь тэнгэрийн хаяатай хослон мэлтэлзэж, торгон элсэн хөвөө нь үүрдийн амар амгалангийн илэрхийлэл мэт хөврөх ажээ.

 

Ая 26: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 26:

Ачит нуурын хотгор: Ачит нуурын хотгор нь Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм болон Хархираа, Түргэний уулсын хооронд орших томоохон хотгор юм. Ачит нуур нь Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур, цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан, Хатуу, Бөх мөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн голоор нуурын ус тэжээгддэг бөгөөд Усан хоолойгоор Ховд голд цутгадаг.

 

Ая 27: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 27:

Үүрэг нуурын хотгор: Үүрэг нуурын хотгор Монгол Алтайн нурууны салбар Байрам, Хархираа, Түргэний уулс болон Баруун Тагнын нурууны салбар Цагаан шувуут зэрэг уулсаар хүрээлэгдэн тогтсон хотгор юм.

Үүрэг нуурт Цагаан шувуут, Цагдуул, Хариг зэрэг хэд хэдэн гол горхи цутгах боловч олонх нь түр зуурын урсгалтай юм. Байнгын урсацтай том гол нь нуурын баруун хойноос цутгах Харигийн гол юм. Үүрэг нуур нь гадагш урсгалгүйн дээр хотгор нь говь цөлийн байдалтай тул усны мандлаас уурших ууршилт их зэргээс шалтгаалан нуурын ус давсны агууламж  ихтэй.

 

Яриа 08: ШУА-ийн ГГХ-ийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант Э.Одбаатар

 

Ая 28: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 28:

Мөстлөгийн гаралтай нуурууд: Эдгээр тектоник гаралтай нууруудаас гадна Алтайн уулархаг тогтолцоонд талбайн хэмжээгээрээ дээгүүр орох хэд хэдэн томоохон нуурууд бий.

Монгол Алтайн нурууны мөнх цаст оргилуудын дунд Хотон, Хурган, Даян, Тал зэрэг мөстлөгийн гаралтай нуурууд болон тектоник гаралтай боловч усан сан үүсч бүрэлдэхэд эртний мөстөл чухал нөлөөг үзүүлэсэн Толбо зэрэг томоохон нуурууд Алтайн их уулсыг тольдон мэлтэлзэнэ. Мөстлөгийн гаралтай нуурууд нь мөстлөг, мөсөн голын үйл явцын үр дүнд үүссэн мөсдлийн хунх болон морены хурдас голын хөдийг хааж тогтсоноос үүдэн бий болдог байна.

 

Ая 29: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 29:

Элсэн хам бүрдлүүд: Их нууруудын хотгор нь олон нуурын сүлжээнээс гадна үргэлжилсэн их элсэн далай тэнгисүүдийн сүлжээг үүсгэдэг. Манай орны хэмжээнд 33.5 мян.км2 талбайд элсэн хуримтлал тархсаны 40 гаруй % нь Их нууруудын хотгорт тархсан байдаг. Гэхдээ эдгээр элсэн хуримтлал нь зөвхөн Нарийн, Хүнгий, Завхан голын сав дагууд ерөнхийдөө 3 газарт төвлөрсөн шинжтэй байна.

Их нууруудын хотгорт бүр дөрөвдөгч галавын үеэс өнөөг хүртэл үргэлжилсэн элсэн хуримтлал ийм их хэмжээний элсэн далайг бүрдүүлжээ.

 

Ая 30: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 30:

Бөөрөг дэлийн элс: Бөөрөг дэлийн элс нь Ханхөхийн нуруунаас хойш Агартагийн нурууны араар Тэс, Нарийн голын сав дагуу сунаж байрлана. Увс нуураас Тэсийн гол хүртэл 180 гаруй км урт үргэлжлэх энэхүү элсэн тарамцагийн нийт талбай нь 3.8 мян км2 буюу Их нууруудын хотгорын элсний 23.4% болдог. Баруун, Зүүн, Алтан элс гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

 

Яриа 09: ШУА-ийн ГГХ-ийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батням (M.Sc)

 

Ая 31: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 31:

Бор Хярын элс: Бор Хярын элс нь Хяргас нуурын баруун өмнө орших Айраг нуур, Сангийн далай нуураас зүүн тийш Тэлмэн нуурын зүүн хаяа хүртэлх өргөрөгийн дагууд 350 км орчим үргэлжилсэн элсэн тарамцагийг нийтэд нь хамруулан авч үздэг. Элсэн хуримтлалын нийт талбай нь 5.3 мян км2 буюу Их нууруудын хотгорын элсний 29.3% ийг эзэлнэ.  

 

Ая 32: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 32:

Мухарт-Хүнгийн гол: Бор хярын элсний өмнө хэсэгт 400 гаруй метрийн өндөр элсэн манхан доороос эх аван чимээгүйхэн урсах Хүнгийн гол. Голын хөндий дагуу бургасан шугуйтай бөгөөд тэндээ гоньд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс, жимсгэнэ ургадаг. Голын эхрүү өгсөх тусам ус нь цэл хүйтэн болох бөгөөд хагас дугуй ампитеатр мэт элсэн манхан гээд байгалийн өвөрмөц гайхалтай тогтоц бүрэлдэн тогтжээ.

Хүнгийн гол нь энэхүү өвөрмөц тогтоц бүхий Мухарт буюу Олон түрүүний булгаас эх аван бор хярын элсийг эмжин айраг нуураар дамжин хяргас нуурт цутгадаг.

 

Ая 33: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 33:

Монгол элс: Монгол элс нь Дөргөн, Хар нуураас зүүн, зүүн урагш Цагаан чулуут, Гүүтийн булаг хүртэл, Завхан голын дагуу 300 шахам км урт сунаж, нийтдээ  8.2 мян км2 талбайг эзэлсэн элсэн тарамцаг юм.

Элсний хойд захаар хөвөөлөн урсах завхан гол нь энэ орчмын хүн, амьтны усан хангамжид ихэд чухал нөлөөтэй.

Уур амьсгал болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчин доройтолд өртөж буйг илтгэх нэгээхэн үр дагавар нь элсний нүүдэл эрчимжих явдал билээ.

Алтай, Хангайн уулсын их завсарт эдгээр усан болон элсэн их далайнуудын хөвөө, захаар Босгын хөдөө, Хомын тал, Дөргөний хүрэн тал, Шарга-Хүйсийн говиуд зэрэглээтэн орших нь нэг талаар зарим зүйл амьтадын тархац нутаг, нөгөө талаар энэ их говь, талыг гатлах нэгэнд хүнд сорилт болох ажээ.

 

Ая 34: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 34:

Алтайн өвөр говь: Хар хүрэн, шар, ногоон, улаан гээд хорвоогийн бүхий л өнгөөр солонгорох эдгээр бартаа ихт Алтайн сүрлэг уулсын өвөр бэлээр монголын орны томоохон говиуд болох Давсан хуурайн говь, Хонин усны хоолой, Номингийн говь, Нарийн хөхийн хоолой, Ингэн хөөврийн хоолой, Захуйн говь, Зармангийн говь зэрэг говиуд униартан цэнхэртэх бөгөөд эдгээр говиудын амин шигтгээ болсон Захуйн баянбүрд, Зармангийн баянбүрд, Баянтооройн баянбүрд, Шар хулсны баянбүрд, Богц цагаан дэрсний баянбүрд, Баруун тооройн баянбүрдүүд нь ангамал говь цөл нутгийг амьтан хүнгүй ундаалан тэтгэнэ.

Энэ нутагт дэлхийн өөр хаана ч үгүй говийн баавгай буюу мазаалай нутаглах билээ. Мөн хавтгай, хулан, тахь, хар сүүлт, ирвэс, янгир зэрэг олон төрлийн ан амьтад зохицолдон амьдарна.

Тиймээс энэ бүс нутгийг дархлан хамгаалж говийн их дархан газар хэмээсэн нь өнөө монгол орны хамгийн том, харин дэлхийд дээгүүрт орох дархлагдсан газар нутаг болж байна.

 

Яриа 10: Говийн их дархан цаазат газрын “А хэсэг”-ийн Байгаль орчны улсын байцаагч Н.Батмандах, Байгаль хамгаалагч Ч.Давааням

 

 

 

 

Ая 35: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 35:

Говийн их дархан цаазат газар нь 1997 онд Юнискогийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртэгдсэн юм. Тус газар нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн говь цөлийн өвөрмөц экосистем бөгөөд амьтан ургамлын зүйлийн бүрдлийн хувьд тив дэлхийд ач холбогдол бүхий онцгой газар нутагт тооцогдоно.

Энэхүү алтайн өвөр говь бол ер бусын онгон тансаг байдал, өнгө үзэмж, баялаг хэлбэр дүрсээрээ давтагдашгүй яруу сайхан оршихуйг илэрхийлнэ. Энэ нь хэдэн зуун км уудам зайд тэнүүн сайхан орших билээ.

 

Ая 36: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 36:

Хангайн нуруу: Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт орших бөгөөд ноён оргил нь д.т.д  4021 метрийн өндөрт өргөгдсөн Отгонтэнгэр хайрхан юм. Отгонтэнгэр хайрханыг Монголчууд Очирваань бурханы бүрэлбаа хэмээн нэн эртнээс эрхэмлэн шүтэж, дээдэлж, тахиж иржээ.

Хангайн нуруу нь Монгол орны байгалийн ерөнхий тэнцвэр, зохицолдоог хадгалж улмаар ой, тайга, говь, цөлийн аль алины тархалтын хүрээг хязгаарлаж байдаг тул түүний гүйцэтгэх үүрэг ихээхэн өндөр байдаг юм. Мөн эх газрын ус хагалбар бөгөөд эндээс хойд мөсөн далайн ай сав болон төв азийн гадагш урсгалгүй ай савын голууд эх аван урсана.

Хангайн нуруу нь нийтдээ 850 гаруй км үргэлжилсэн томоохон уулт тогтоц бөгөөд Монгол орны баруун бүсэд Ханхөхийн нуруу, Булнайн нуруу, Тарвагатайн нуруу, Хангайн нурууны баруун хойд талын нуурт тэгш өндөрлөг зэрэг салбар уул нурууд хамаарна.

 

Ая 37: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 37:

Хан Хөхийн нуруу: Хангайн нурууны хамгийн баруун талын томоохон салбар нь Хан Хөхийн нуруу болон түүний үргэлжлэл Тогтохын шил юм. Энэ нуруу зүүн урдаас баруун хойшоо сунаж Их нууруудын хотгор руу түрж орсон тул түүний хажуу бэл, ялангуяа өвөр хажуу нь говь, цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан байдаг.

Тус нуруу нь Хангайн гол нурууг бодвол намхан, хамгийн өндөр оргилууд нь 3000 метрийг үл давна. Тогтохын шил, Хан Хөхийн нуруу дамнасан ус хагалбар нь Увс нуурын хотгор-Тэсийн голын савыг, Хяргас нуурын хотгор-Завхан голын сав газраас зааглан тогтжээ.

 

 

 

 

 

Ая 38: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 38:

Булнайн нуруу: Булнайн нуруу нь Хан Хөхийн нуруу, Нуурт тэгш өндөрлөгийн  зүүн биеээс эхлэн олон голын бэлчир хүртэл Хангайн гол нурууны хойд талаар баруунаас зүүн тийш хөндлөн сунаж тогтжээ. Булнайн нурууны зарим оргил д.т.д 2600 метр хүрнэ. Энэ нурууны араар 1905 оны газар хөдлөлийн улмаас үүссэн 350 гаруй км урттай дунджаар 20 гаруй метр хүртэл өргөн ан, цав үүссэн байдаг. Булнайн нурууны араар Тэсийн гол нь Увс нуурыг зорин баруун зүгт зөөлөн гэгч нь мяралзах зуур, өврөөр нь урсах Идэрийн гол харин эсрэг зүгт буюу зүүн тийш Байгаль нуурт цутгахаар яаран тэмүүлнэ.

 

Ая 39: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 39:

Тарвагатайн нуруу: Тарвагатайн нуруу нь Идэр, Тэрхийн голуудын хооронд тэдгээрийн ус хагалбар болон тогтсон Хангайн нурууны томоохон салбар нуруу юм. Орой нь ихэнхдээ тэгш буюу бага зэрэг бөмбөгөр хэлбэртэй, ар хажуу нь налуу-уужуу, харин өвөр хажуу нь эгц, богино бөгөөд Тэрхийн голын хөндий рүү түрсэн эрэгцэг үүсгэх ажээ. Тарвагатайн нуруу нь Идэр гол, Завхан голын эх Буянт гол, Хойд тэрхийн голуудын эх бүрэлдэж буй Хангайн гол нурууны Навтгарын түмбэн уулнаас зүүн хойш салбарлан Бөөрийн даваа, Зүрхийн хунх уул, Загастайн гялгар уул, Солонготын даваа,  Нарийн нуруу, Ороохын даваа, Хутаг уулын нуруугаар дамжин Олон голын бэлчирийн урд бие хүрнэ.

 

Ая 40: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 40:

Нуурт тэгш өндөрлөг: Нуурт тэгш өндөрлөг нь Хангайн гол нурууны баруун хойд төгсгөл, Хан Хөхийн нуруу болон Булнайн нуруудын хооронд орших харьцангуй дээш өргөгдсөн тэгш өндөрлөг юм. Энд Улаагчны хар нуур, Баян нуур, Холбоо нуур, Цэгээн нуур, Цавдан нуур, Ойгон нуур, Тэлмэн нуур, Бүст нуур, Жугнайн нуур,  Сангийн далай нуур, Гандан нуур, Тунамал нуур зэрэг Хангайн нурууны томоохон нуурууд зөвхөн энэ өндөрлөгт л чуулах мэт.

 

Ая 41: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 41:

Сэнжит хад: Нуурт тэгш өндөрлөгийн тэгш орой бүхий өндөр сүрлэг хяр дээр д.т.д 2774 м өндөрт орших Сэнжит хад. Тэндээ сүм дуганыг тойрон хэвтсэн ачаатай тэмээд шиг хэлбэр бүхий бул хад чулууд, тэнгэрийн хаалга мэт өндөр сүрлэг хадан цохионуудтай. Эндээс ойр орчмын уулс, гол, нуурууд бүхий байгалийн үзэсгэлэнт газар нутгууд алган дээр тавьсан мэт ил харагдана.

 

Ая 42: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 42:

       Ийнхүү Газарзүйн шинжлэх ухааны судалгаануудад тулгуурлан Баруун Монголын үзэсгэлэнт байгалиар хамтдаа аялсан та бүхэндээ баярлалаа. Энэхүү аялал нь даян дэлхийн байгалийн гайхамшигт тогтоцуудын нэгд зүй ёсоор нэрлэгдэх Монгол орны байгаль, газарзүйн нууцаар үргэлжлүүлэн аялах дараа дараагийн аялалуудын эхлэл байх болтугай.

 

АНХААРАХ ЗҮЙЛС:

1. Уншилтыг гадны орчны шуугиангүй, чимээгүй студид бичүүлье.

2. Зарим үгнүүд сул, ойлгогдохгүй байна, ялангуяа төгсгөл хэсгүүд дээр, өгүүлбэрээ бүрэн дуусгах

3. Үгнүүдийн акцент дээр анхаараарай

4. Ерөнхийдөө энэ дуу оруулагч бол гое уншсан байна. Энэ хүнээрээ дахиад нэг илүү хичээгээд уншуулая аа.

 

 

Ая 43: Хуучин хөгжим хэвээрээ

Уншилт 43:

 

Ерөнхий продюсер:

А.Дашцэрэн (Ph.D)

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор

 

Продюсер, Ерөнхий найруулагч:

С.Нарангэрэл (Ph.D)

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарын дарга, доктор

 

Зургийн дарга:

С.Нарангэрэл (Ph.D)

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарын дарга, доктор

 

 

 

 

Зураглаач:

П.Батмягмар

Мегафильм студи

 

Б.Хосбаяр

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Захиргаа, менежментийн алба

 

Туслах зураглаач:

Э.Одбаатар (M.Sc)

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант

 

Н.Тэмүүлэн

 

Дуу, дүрс эвлүүлэгч:

П.Батмягмар

Мегафильм студи

 

Б.Баянжаргал (M.Sc)

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр

 

С.Нарангэрэл (Ph.D)

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарын дарга, доктор

 

Ц.Батням (M.Sc)

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр

 

 

 

 

Зөвлөх:

Д.Баттогтох (Ph.D)

ЭЗХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга, доктор

 

Б.Одсүрэн (Ph.D)

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор

 

М.Алтанбагана (Ph.D)

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор

 

Б.Наминчимэд (Зохиолч)

 

Дуу оруулсан:

Х.ХХХХХХХХХХХХ

 

Зохиогчид:

С.Нарангэрэл (Ph.D)

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарын дарга, доктор

О.Мөнхдулам (Ph.D)

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын дарга, доктор

Т.Рэнчинмядаг (Ph.D)

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор

Э.Одбаатар (M.Sc)

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант

Б.Баянжаргал (M.Sc)

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр

Ц.Батням (M.Sc)

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр

Т.Даваагатан (M.Sc)

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр

М.Пүрэвсүрэн (M.Sc)

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр

Х.Золзаяа (B.Sc)

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистрант

 

Хамтран ажилласан байгууллага:

ЛОГО

Газарзүйн нийгэмлэг

 

Говийн Их Дархан Цаазат Газрын

А хэсгийн хамгаалалтын захиргаа

 

Говийн Их Дархан Цаазат Газрын

Б хэсгийн хамгаалалтын захиргаа

 

Хан Хөхийн нурууны УТХГН-ийн

хамгаалалтын захиргаа

 

Увс нуурын ай савын УТХГН-ийн

хамгаалалтын захиргаа

 

 

БОЛОВСРОЛ,

ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

 

 

МОНГОЛ УЛСЫН

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

 

 

 

ШУТСан

УЛСЫН ХӨГЖИЛ ШИНЖЛЭХ УХААНААС ЭХТЭЙ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төслийг БШУЯ (хуучин нэрээр), ШУА, ШУТ Сангийн дэмжлэгтэйгээр MEGAFILM STUDIO-д бүтээж, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн зөвшөөрснөөр олны хүртээл болгов

 

 

 

 

Back to episodes Go home