Marchaahai test 03.25

Бүлэг: Бэлтгэл

Суралцахуйн зорилт: ЗУ4-1.1.1.Дүрслэх урлагийн бүтээлийн үзэгдэл, үйл явдлыг ойлгож өөрт төрсөн мэдрэмжээ бүтээлээрээ илэрхийлнэ.

Гарчиг: Гэр бүл гэж юу юм бол?

ЭХЛЭЛ. Ангийн хүүхдийнд

ӨГҮҮЛЭГЧ: Марчаахай, Бүбү хоёр хичээлдээ явахаар бэлдэж байна. Марчаахай царай зүсээ нямбайлан янзалж /Марчаахай нүд амаа янз бүр болгон инээдтэй харагдана/ харин Бүбү түүнийг гайхан харав. Тэгтэл Марчаахай Бүбүгээс тусламж хүслээ. /толь руу харангаа хэлнэ/

МАРЧААХАЙ: Бүбү, чи надад хайрцган дотроос нүдний шил аваад өгөөч. /Бүбү толгой дохин явна. Сап хэмээн сцен солигдоно. Бүбү хайрцгаас элдэв юм гарган хаяснаа нэг гартаа нүдний шил нөгөө гартаа зургийн цомог барин гайхан харна/

БҮБҮ: Хүүе, Марчаахай! Энэ юу вэ?

МАРЧААХАЙ: Аан, зургийн цомог л байна. /Бүбү зургийн цомгийг эргүүлнэ/

БҮБҮ: Найз аа, гэхдээ энэ зураг дээр байгаа хүмүүс хэн юм бэ? /гайхсан өнгөөр хэлнэ, Марчаахай дэргэд нь ирнэ/

МАРЧААХАЙ: /инээд алдсанаа/ Энэ хүмүүс чинь миний гэр бүл байхгүй юу.

БҮБҮ: Айн? Гэр бүл гэнэ ээ?

МАРЧААХАЙ: Аанхан. Энэ манай өвөө, эмээ, аав, ээж, ах, эгч, бас жаахан дүү маань байна. /Гэр бүлийн зурган дээрээ зааж хэлнэ/

БҮБҮ: Ммм?! Гэр бүл гэж юу юм бэ? Олон хүн нийлээд л гэр бүл болчихдог юм уу?

МАРЧААХАЙ: Үгүй дээ. Та хоёр энэ модыг харж байна уу? Энэ бол манай гэр бүлийн мод. Би зургуудыг нь зурж наасан юм. Манай гэр бүлийн модны хамгийн дээр өвөө эмээ байдаг. Би өвөө, эмээгээ зурахдаа том зууван дүрсээр толгойг нь зурж хөгшин учраас духанд нь үрчлээ, нүдний шил, сахал нэмж зурсан. Тэд манай аавыг төрүүлсэн. Би аавыгаа зурахдаа дугуй, гурвалжин, тэгш өнцөгт дүрс ашиглан өмд, цамц зангиатай зурсан. Харин аав ээж хоёр маань ах, эгч, дүү болон намайг төрүүлсэн. /ургийн модны шугам шиг зохион байгуулалттай дүрслэлээр харуулж болох юм/ /Марчаахай ярих явцад баббл дотор хүн зурах аргачлалын зураг-1-ийг ашиглан харуулж өгч болох юм. / Бид гэр бүлийнхээ хэн нэгнийг өвдөхөд хажууд нь байж тусалдаг. Хэн нэгнийг гуниглахад аргадаж тайвшруулдаг. Бас нэг нэгнийхээ баяртай үйл явдлыг хамтдаа тэмдэглэж, бүхнээ хуваалцдаг. /эдгээрийг бодлын баббл дотор ч юм уу харуулж болох юм/

БҮБҮ: Аан, тэгвэл гэр бүл гэдэг чинь нэг нэгнийгээ хайрлаж халамжлах юм байна шүү дээ.

МАРЧААХАЙ: Аанхан, чи зөв ойлгожээ.

БҮБҮ: Тэгвэл Марчаахай, хоёулаа ч гэсэн нэг гэр бүл юм байна.

МАРЧААХАЙ: Айн? Би чиний өвөө, эмээ, аав, ээжийн аль нь ч биш шүү дээ. Бас ах, эгч, дүү ч биш. Харин найз чинь шүү дээ./гайхсан өнгөөр хэлнэ/

БҮБҮ: Тийм л дээ. Гэхдээ чи намайг даарсан үед халуун цай хийж өгч халамжилдаг. Уйлсан үед нулимсыг минь арчиж инээлгэдэг. Өлссөн үед минь амттай хоол хийж өгдөг шүү дээ. /энэ хэсгийн дүрслэл дунд инээдтэй зураглал шигтгэж болох юм/

МАРЧААХАЙ: Аан, тийм л дээ. Гэхдээ  /бүбү үргэлжлүүлэх гэж байгаа яриаг шууд таслан ярьна/

БҮБҮ: Бас чи намайг аюулаас хамгаалдаг. Чадахгүй зүйлийг маань зааж өгдөг. /энэ хэсгийн дүрслэл дунд инээдтэй зураглал шигтгэж болох юм/

МАРЧААХАЙ: хэ хэ. Тийм учраас бид яг л ах дүүс шиг, нэг гэр бүл шиг найзууд байхгүй юу. /баярласан илэрхийлэмжээр хэлнэ/

БҮБҮ: Ааан. Бид яг нэг гэр бүл шиг найзууд юм байна. /хоёул инээлдэнэ/ За сургууль руугаа явцгаах уу?

МАРЧААХАЙ. Тэгье, тэгье. /Марчаахай шилээ зүүгээд хоёул гарч явна, камер хаагдана/

 

 

Бүлэг: Бэлтгэл

Суралцахуйн зорилт: НСХ4-1.1.1. Биеийн мэдрэмжүүд, сэтгэл хөдлөлийг таатай, таагүй, эерэг, сөрөг гэдгийг ялгаж ангилна.

Гарчиг: Бүбүгийн сэтгэл хөдлөл

ЭХЛЭЛ. Гадаа зүлгэн дээр.

ӨГҮҮЛЭГЧ: Марчаахай маань ямар нэгэн зүйл зохион бүтээж байгаа бололтой. Гэхдээ тэр хэн нэгнээс нуугдаад байгаа юм байх даа. Ийш тийш хараад л нэг л сэжигтэй шүү.

Аан, Бүбүгээс нуугаад юм байна шүү дээ. /Бүбү Марчаахайгийн тал талаас нь үсэрч харайн харах гэсэн түүнд харуулалгүйгээр яваад өгнө. Бүбү гуниглана./ Өө, Бүбү яачхав аа? Хүүхдүүд ээ, Бүбү ямар сэтгэл хөдлөл гаргаж байгаа юм бол оо? Хамтдаа мэдэцгээе. /Энэ үед хажууд нь Бүбүгийн сэтгэл хөдлөлийг хүрд хэлбэрээр ч юм уу сонирхолтой байдлаар сонгон эможигоор харуулна./ Аан, тэр гуниглачихжээ. Гунигласан үедээ дуртай зүйлээ хийх хэрэгтэй дээ. /сцен шилжин Марчаахай гал тогоонд ямар нэг амттай зүйл хийж байна/

ӨГҮҮЛЭГЧ: Хүүе, Марчаахай нэг юм хийгээд л байна. Юу юм болоо? Өө, Марчаахай Бүбүг хармагц л юмаа нуугаад явчихлаа. /Бүбү энд тэндээс нууцаар харах гэж оролдсон ч Марчаахай мөн л түүнээс нуугаад хайрцганд хийгээд явж одно. Бүбү уурлан үлдэнэ./ Яана аа, Бүбү уурлачхав уу даа? Хамтдаа мэдэцгээе. /Энэ үед хажууд нь Бүбүгийн сэтгэл хөдлөлийг өнөө сонирхолтой эможигоор харуулна./ Өөх, тэр үнэхээр уурлачихсан байна. Гэхдээ Бүбү маань урт амьсгаа авч гаргаснаар өөрийг тайвшируулчихлаа шүү. /Бүбү уртаа амьсгаа аван авсаар тайвширна. Бүбү Марчаахайгийн хойноос гарна./

Марчаахай энд тэнд гаран янз бүрийн юм чөлөө завгүй хийх ба Бүбүг дэргэд нь очмогц л гараа өргөн цаашаа гэсэн дохио өгнө. Эцэст нь Бүбү уйлна. Энэ хэсгийг хурдасгасан мэтээр харуулаарай. 

ӨГҮҮЛЭГЧ: Бүбү, Марчаахайг юу хийгээд байгааг мэдэхийг хүсэж байгаа бололтой. Гэсэн хэдийч Марчаахай түүнээс хайрцагтай зүйлээ нуусаар л. Харин харцган дотор юу байгаа юм болоо ?

ӨГҮҮЛЭГЧ: Өө, Марчаахай хайрцгаа харуулаагүй болохоор Бүбү гомдоод уйлуулчихлаа шүү дээ.. /Бүбү гомдон уйлж гарна. Энэ үед түүний сэтгэл хөдлөлийг өнөө сонирхолтой эможигоор харуулна. Марчаахай түүний дэргэд яаран ирнэ./

ӨРНӨЛ.

МАРЧААХАЙ: Өө битгий уйл аа Бүбү, намайг уучлаарай. Би чамд гэнэтийн бэлэг барих гэсэн юм аа. Тэгээд л чамаас бүхнийг нуугаад байсан байхгүй юү? /Санаа зовсон, сандарсан өнгөөр хэлэх ба Бүбү уйлахаа болин Марчаахай руу гайхан хараад нулимсаа арчингаа/

БҮБҮ: Айн? Ямар гэнэтийн бэлэг? /гайхан хэлнэ/

МАРЧААХАЙ: Өнөөдөр чиний төрсөн өдөр ш дээ. 

БҮБҮ: Хөөх, чи миний төрсөн өдрийг санаж байсан юм уу?  

МАРЧААХАЙ: Тийм ээ, найзынхаа төрсөн өдрийг юу гэж мартах вэ дээ.

БҮБҮ: Ммм, би чамайг мартчихсан юм байх даа гэж бодсон. Тэгээд бүр надаас юм нуугаад байхаар нь уурлаад уйлчихсан юм. Бүр иччихлээ. /ичингүйрэн хэлнэ/

МАРЧААХАЙ: Зүгээр дээ. Хүн бүр л уйлж, уурладаг шүү дээ. Харин намайг уучлаарай.

БҮБҮ: За уучиллаа. /инээмсэглэнэ/ Тэгэхээр би өнөөдөр хүслээ шивнэн лаа үлээж, амттай бялуу идэх нь ээ?!

МАРЧААХАЙ: Аанхан. Бас дуртай бэлгээ авна.

БҮБҮ: Хо янзтай. Гоё доо, гоё доо /Бүбү баярлаж хөөрөн дэвхэцэнэ. Энэ үед нь хажууд нь сэтгэл хөдлөлийг нь эможигоороо харуулна/

ТӨГСГӨЛ.

МАРЧААХАЙ: За би чамд гэнэтийн бэлэг барих гээд нууцаар ширээ зассан. Црааан,  суугаарай. Бас ийм гоё бялуу хийсэн. /Бүбү ширээний хойно баярлан сууна. Бялууг харан шүлсээ гоожуулна/

БҮБҮ: За тэгвэл одоо бялуугаа идэх үү?

МАРЧААХАЙ: Хүлээгээрэй, эхлээд хүслээ шивнэн лаагаа үлээнэ шүү дээ.

БҮБҮ: Аан нээрээ тийм. Яг мартах гэж байна. /Хоёул инээлдэнэ/

ӨГҮҮЛЭГЧ: Ийнхүү Бүбү хүслээ шивнэн лаагаа үлээж, амтат бялуугаа идлээ. Дараа нь Марчаахай түүнд өөрийн бүтээсэн онгоцоо бэлэв. Бүбүд онгоц ихэд таалагдаж тэд хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөлөй.

 

ӨГҮҮЛЭГЧ: Бүбү маань өдөржин уурлаж, гомдож, уйлж бас баярлан янз бүрийн сэтгэл хөдлөлөөр дүүрэн өнгөөрсний эцэст шөнө бат бөх унтаж байх чинь. Түүнд онгоц ихэд таалагдсан бололтой. Бүр унтахдаа хүртэл онгоцтойгоо хамт унтаж байдаг шүү. /өгүүлэгчийн энэ хэсгийн дүрслэлийг зургаар үзүүлж болно/

 

 

 

Back to episodes Go home