Заступники 14

Монгол Телевиз

Төрөл: Орос ОАК                                     Хуудасны тоо: 23

Нэр: Өмгөөлөгчид-14                               Бичлэгт орсон:....  он ....  сар .....өдөр 

Орчуулагч: Ч.Ганчимэг                           Эфирт гарсан:..... он ...... сар ..... өдөр

нэм       Өдрийн мэнд!

тус        Сайн, сайн! Та ямар хэргээр явна?

нэм       Намайг Петр Борисович Нэмзэр гэдэг. Би танай эрхэмсэг хүндэт байгууллагын удирдлагад онц сонирхолтой, чухал ном авчирлаа. Энэ бол зохиолч Богородский, Розин нарын хэргийг шүүхээр хэлэлцсэн материалын эмхэтгэл юм. Тэднийг тууж өгүүллээ гадаадад хэвлүүлсний гээд шийтгэсэн гэдгийг та нар сайн мэднэ. Уг тууж өгүүлэлд зөвлөлтийн эсрэг гойд содон юу ч бичээгүй байсан. Харин энэ эмхэтгэл дан баримтаас бүрдсэн бөгөөд уран зохиолын ганц өгүүлбэр ч байхгүй. Энд шүүх хурлын протокол, тухайн үеийн сонинд хэвлэгдсэн материал, хөдөлмөрчин хамт олон, соёл урлагийн зүтгэлтнээс авахуулан өөр өөр үзэл бодолтой, эсрэг тэсрэг байр суурьтай хүмүүсийн бичсэн захидлыг хэвлэсэн.

тус        Хаанаас олсноо өргөдөлдөө сайн бичээрэй...

нэм       Өршөөж үз! Би олоогүй. Би өөрөө цуглуулж эмхэтгэсийм!

Оле      Тийм ээ, гайхалтай юм. Зарим нэг зүйл миний гайхашийг барж байна. “Монд”, “Фигаро-, “Вашингтон пост”-оос ишлэл авчээ. Гадаад хэл мэддэг байх нь ээ?

Нэм      Гадарлана аа. Гэхдээ би орчуулагч биш. Энэ эмгэнэлт зохиолыг зөвхөн архивчин...

Оле      Яагаад эмгэнэлт гэж?

Нэм      Манай хууль зохиолч нарыг засан хүмүүжүүлэх рүү илгээдэг нь эмгэнэлтэй алдаа гэж би үздэг. Гэтэл одоо Оросыг гүтгэгчид манай оронд үг хэлэх эрх чөлөөг хаан боогдуулдаг гэж хэлж ярих болсон. Харин би зөвлөлтийн жинхэнэ эх оронч хүний хувиар энэ алдааг засаж залруулаасай гэж хүсэж байна...

Оле      Сүрдүүлээд байна уу?

Нэм      Яалаа гэж! Сүрдүүлнэ гэдэг жигшүүртэй явдал шүү дээ.

Оле      Та цайгаа уу, уу!

Нэм      Зүгээр ээ, баярлалаа!

Оле      Айх хэрэгггүй ээ. Хор хийгээгүй!, За гурав дахь хувь... Нийт хэдэн хувь байгаа юм?

Нэм      Одоогоор 6 бий.

Оле      Мэднэ ээ, нэг нь Төв Хороо, дөрөв дэх нь Дээд Зөвлөлийн гишүүдэд... За, за. Эрэлхэг зоригтой байна шүү!

Нэм      Би байна аа, жаахан гажиг хүн л дээ. Ихэвчлэн хүмүүст байдаг айдас, өмчлөх гэсэн хоёр мэдрэмж надад ор тас байдаггүй юм.

Оле      Хоёр дахид би дуртайяа итгэнэ ээ. Та ээжтэйгээ амьдардаг биз дээ? За, тэгэхээр эхдээ оч доо. Зүрхний өвчтэй ээжийнхээ санааг зовоовол сайнгүй шүү дээ. Май, энэ үнэмлэх. Материалыг чинь бид судалъя. Тэгээд танд мэдэгдэмз. Яасан, дулаан хувцсаа аваад явж байна уу?

Нэм      Тэгсээн.

Оле      Тийм дээ. Засгийн хоолыг үнэгүй идэх тийм ч амар биш ээ, Петр Борисович. Өнөөгийн шоронгийн хоол илчлэгтэй болсон! Та чөлөөтэй явж болно. Энэ нөхрийг цэвэр агаарт үдэж гарга даа.

Бор       Анхааралтай чагнаж бай. Чи Нинаг мөшгөж байсан туршуулыг зодчихсон байна. Тархи нь хөдөлчихсөн. Чамайг аюулаас хамгаалахын хүмүүс байцаана.

Але       Байцааж л байг! Би хайртай бүсгүйгээ согтуу новшоос хамгаалсан. Нинаг зодох гээд гараа далайж байсан! Тагнуул туршуул гэдгийг нь мэдээгүй!

Бор       Энэ үгнээсээ эргэж буцахгүй шүү! Нинаг танхай этгээд зодож байсан. Нина орилсон. “Туслаарай!”, “Харуул!” гэсэн. Чи хүмүүжилтэй хүн учраас эхлээд сануулсан.

Але       Би юу ч сануулаагүй.

Бор       Үгүй ээ, сануулсан! Чи очоод “Та яаж байна аа. Одоо даруй энэ эмэгтэйгээс холд, тэгэхгүй бол цагдаа дуудлаа” гэсэн. Иймэрхүү утгатай үг хэлсэн. Ойлгосон уу?

Але       За, ятгаж чадлаа. Би танхай этгээдэд сануулсан.

Бор       Сайн байна. Сануулж хэлэхээр чинь өнөө эр чамайг цохиод авсан. Тэгээд л чи мэдээж хариугийг нь барьсан. Анхаар! Нэг л удаа шүү. Цохингуут уначихсан гээрэй.

Але       За, ойлголоо.

Бор       Ойлгосон гэнэ.

Але       Мэдлээ.

Бор       Аз болоход одоохондоо чамайг буруутгаагүй байна. Би нэг юм хийх гээд үзье. Үр дүнд хүрнэ гэж амлахгүй., Үнэндээ бол таксины жолооч ямар ч буруугүй.

Оле      Ёстой инээдтэй хайрын гурвалжин байна даа... Менаж дэ труа.../францаар/...Хохирогчийн нэр?

Бор       Малыхин Сергей Сергеич, 30 онд төрсөн.

Оле      Манай ажилтан. Үнэ цэнтэй ажилтан. Нэр хүндтэй нөхөр...

Бор       Тэр үнэ цэнтэй, нэр хүндтэй ажилтан чинь мөрөөрөө суугаад мөрдөж л байхгүй яагаад Нина руу дайрсийм? Ер нь хийх ёстойгоо л хийнэ биз дээ. Тэгээд бас согтуу шүү.

Оле      Сандал дээр суугаад сонин уншиж байхад нь танай Метлицкая өөрөө дайрсан ч юм бил үү? За, яахав. Чи байна аа, ингэ. Маргааш үдийн алдад Лубянкт ирээд надтай уулз. Чадах бүхнээ л хийе...

Нин       Саша, бидэнд боломж олдсон. Дээд шүүх шинээр хэрэг хэлэлцэнэ.

Саш      Боломж гэдэг чинь зүгээр л амлалт ш дээ, Нина Владимировна. Манайд амлалтаа биелүүлдэг хүн ховор байдаг.

Нин       Саша, би тэр Ваня ах гэдэг нөгөө Потаповыг олох хэрэгтэй байна. Бид тэрнийг хаа сайгүй хайж, асуулга явуулсан ч хаанаас ч олдсонгүй. Алив, чи сана даа. Чамд яг юу гэж ярьдаг байсан бэ? Шоронгоос гараад хайчихаа ярьсан юм биш биз?

Саш      Ярьсаан. Строгинод байдаг Надька руугаа явна гэсэн. Бөгс нь яг л пийшин шиг. Гэрээ тэр чигт нь дулаацуулдаг. Тэгээд бас дөрвөн хүүхэдтэй гэж гайхуулаад байсан.

Нин       Строгино. 4 хүүхэдтэй! Надька.

Саш      Тийм.

Юр        Өө!

Тим       Дасаж байна уу?

Юр        Владимир Сергеич, эрхэм хүндэт та минь ээ! Энэ өрөөг таван жилийн турш зүүдэлж явлаа. Та итгэхгүй дээ, би энд орж ирээд ханыг нь үнссэн. Хавчуургатай талх хийж өгөх үү?

Тим       Хэрэггүй ээ. Чи суу, суу. Би чамд сайхан мэдээтэй ирээгүй, Паша. Давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээж авсан. Одоо бүгдийг нь ухаж төнхөнө.

Юр        Анх удаа биш дээ, даваад л гарна.

Тим       Хоёр дахь мөрдөгч хэргийг унагана гэвэл арай л хэтэрнэ. Бүгдийг шалга, цэвэр байх ёстой шүү. Тэгэхгүй бол хоёулаа өрөөнөөсөө хөөгдөнө.

Бор       Гэрийн эзэд байна уу?, Миний арыг хамгаал.

Нин       Болгоомжтой.

Бор       За аа., Сайн уу? Өө..хөө..хө.

Фед      Битгий ай, мод хагалж байна.

Бор       Ингэхэд бид Надеждатай уулзах гэсийм. Гэртээ байна уу?

Фед      Хүүхдүүдээ авах гээд цэцэрлэг явсан.

Бор       Өө!

Фед      Мөд ирэхгүй ээ.

Бор       Ингэхэд бид тэрний танил Иван Потапотвыг хайж явна. Та арай биш биз?

Фед      Иван нь мөн өө. Гэхдээ би Федотов. Иван Федорович... Потаповыг бол танихгүй, дуулаа ч үгүй. Ийм л байна.

Бор       Мухардчихлаа...

Нин       Мухардчихлаа.

Бор       За... одоо яахав? Ямар төлөвлөгөө байна?

Нин       Тосгоны зөвлөл рүү очиж олон хүүхэдтэй айлын тухай асууж сураглая. Өөр Надежда байж магадгүй.

Бор       Найдваргүй л юм байна.,  Байз даа..., Хүлээ, би хаалга хаагаадахъя.

Нин       Тэг., Нөгөө Коля ах байна.

Бор       Коля ах гэж яаж мэдсийм?

Нин       Зөн совин., Уушийн газар? Яагаад тэд пив уухаар шийдсэн юм бол?

Фед      Баярлалаа.

Бор       Юрьев л ирэх дутаж гэнэ.

Нин       Харин ч сонирхолтой болж байна шүү.

Бор       Маш сонирхолтой. “Коля ах”, “Ваня ах” хоёрыг урьдчилан хорих төвд насанд хүрээгүй хүүхдүүдтэй хамт нэг өрөөнд хорьсон. Үнэнийг нь хүлээлгэх ятгах зорилготой! Хэргээ гүйцээгээд хоёр хулгар зүгээр л ууршчихсан. Шоронд суусан хүн сар бүр сэргийлэхэд бүртгүүлэх ёстой байдаг ч өнөө хоёр хаана ч байсангүй. Зөвхөн ганцхан тохиолдолд тэгэж болно. Хэн нэгэн нь тэдний арыг бат даасан цагт тэгэж алга болж болно.

Нин       Алга болохоос нь өмнө сэргийлэх рүү явья!

Бор       Байз аа, бид өмгөөлөгчид болохоос мөрдөгчид биш. Зөвхөн хуулийн хүрээнд, шүүхээр дамжуулж үйл ажиллагаа явуулдаг., За, явцгаая. Тэднийг тэр чигт нь алдаж болохгүй.

Нин       Хэн бэ?

Мар      Нина Владимировна, хаалгаа тайлаарай!

Нин       Сайн байна уу!

Мар      Сайн байна уу! Би Петя Немзерын сүйт бүсгүй байна. Би маш чухал хэргээр ирлээ. Петя баривчлагдчихсан., Петяг “Ичгүүрт номоо” Аюулаас Хамгаалахад аваачиж өгөхөд тэд эелдэг гэгч нь ярилцаад явуулсан. Бид бүр маш их гайхсан. Тэгээд хагас сарын дараа өнөө номыг Майн дахь Франкфуртэд хэвлэчихсэн. Яаж гэдгийг нь бид мэдэхгүй, бид тэдэнд дамжуулаагүй... Тэгээд эрэн сурвалжлаад баривчилгаа эхэлсэн. Петягаас “Сэргэн мандалтын” түүврийн гар бичмэлийг олсон. Товчходоо гэвэл бидний хуримаас гурван өдрийн өмнө Петяг баривчилчихлаа. Тэгээд тэд бүгд дөрвүүлээ нэг хэргээр таслуулна. Номыг хэвлэхэд бэлтгэсэн Петя, Петягийн найз Образцов, өөр бас Кузьмин, Алёна Свечкина дөрөв. Бид “Дөрвийн хэрэг” гээд нэрлэчихсэн. “Сэргэн мандалтын” зарим хэсэгт зөвлөлтийн эсрэг үзэл цухалздаг! 

Нин       Тийм ээ. 70-р зүйл анги.

Мар      Тийм.

Нин       Энэ хэргийг намайг өмгөөлнө гэж та яагаад бодсийм?

Мар      Яахав, Петя хүн танихдаа ер алддаггүй юм.

Нин       Хүмүүс янз бүр л байдаг.

Мар      Бас болоогүй ээ. Өөр бас нөгөө гуравт өмгөөлөгч олох хэрэгтэй байна. Удахгүй яллах тал дүгнэлтээ гаргана гэж мөрдөгч хэлсэн.

Нин       Тэд буруугаа хүлээхэд бэлэн үү?

Мар      Үгүй ээ. Тэд бүр өршөөл гуйхгүй гэсэн. Хамгийн сүүлд баруунтан эсэрүүдийн хэргийг шүүх үеэр улс төрийн хэрэгтнүүд гэмшиж уучлалт гуйгаагүй гэсэн. Тэрнээс хойш 47 жил өнгөрчээ. Уламжлалыг сэргээх цаг болсон.

Нин       Тэгээд би сэргээх нь ээ?

Мар      Тэгэж л таарах нь..., Та дураараа л бол... Гэхдээ та юу болсныг харж байна шүү дээ. Урд хожид үзэгдээгүй явдал болж байна. Зуу зуун хүн тэр дөрвийг хамгаалаач гэж айлтгах бичиг өргөж байна. Эрдэмтэн, зохиолч, ажилчин, оюутан. Ленинград, Харьков, Новосибирийн Академгородок...

Нин       Тийм ээ, мэднэ. 180 хүний захидал, 34 хүний захиа... Миний мэргэжил нөхөд  “Агуу захидалын хувьсгал” гэж байсан. Мэднэ, мэднэ.

Мар      Тийм ээ, захидалд гарын үсгээ зурсан хүмүүсийг олноор нь халж, нам эвлэлээс бөөнөөр нь хөөж байна. “Америкийн дуу хоолой” даарин дээр давс гэгчээр бүүр дэвэргэж байна. Нина, та битгий шууд татгалзаарай. Та эхлээд тэр “Ичгүүрт номыг” нь эргүүлээд үз. Дараа нь татгалзаарай. Та тэрнийг уншихаасаа айхгүй биз дээ?

Нин       Тийм ээ, айхгүй.

Мар      Тэнд олон сонин юм бий.

Рыб      Нина, тэд үнэхээр хэцүү хүмүүс. Та тэднийг Декабристүүд, Ард түмний хүсэл тэмүүлэл бүлгэмийн гишүүдтэй адилтгаад байна. Үнэндээ бол эрээвэр хураавар хүмүүс. Солиотой, дамын наймаачин, хэтэрхий дэгс зохиол сараачих донтон, архичин гээд зүсэн зүйлийн хүмүүс байдаг. Гэхдээ идеалистүүд ч байдаг. Өөр баатрууд бий. Өөрийн гэсэн баатруудтай, номлогч нартай.

Нин       Лев Юрьич, хэрвээ хуулийн заалтын үсэг бүрийг...

Бор       Нина!

Рыб      Нина! Ялагдахдаа бэлд. Ялын дүгнэлт аль хэдийн гарчихсан. Өмгөөлөгч хамгийн сайндаа л хоригдох ялнаас хэдхэн хоног л хасаж чадна байх. Энэ бол таны цорын ганц хийж чадах хожоо...

Нин       Ойлголоо, Лев Юрьич...

Ум        Хэ-зээ-ч-үгүй. Яагаад гэдгээ тайлбарлахгүй.

Нин       Таны сэтгэлийг зовоосонд уучлаарай.

Мас      Мэдэхгүй ээ, Нина. Энэ чинь эрсдэлтэй алхам.. Рыбак арай л гэж намайг халагдахаас аварсан...

Нин       Ойлголоо. Миний ярихыг тэвчээртэй чагнасанд баярлалаа.

Мас      Харин тэр номоо харин өгч уншуулаач? Гуйж байна. Өчүүхэнийг ч гэсэн.

Нин       Уншлагын танхим хэлбэрэгч нарт үйлчилдэггүй.

Оле      Иван Афанасьич, сайн уу? Ахмад Малыхиний бие яаж байна?...Амьдрах нь уу?, Цээжнээс чулуу авчих шиг л боллоо. Тийм ээ. Тэр нөгөө ширүүн эр яасан?...  Ингэхэд тэр залуугийн амьдралыг сүйрүүлээд яахав дээ...Зүгээр л нэг таксины жолооч залуу. Чөтгөрт хорлогдчихож. Авгай нараас л болдог хойно. За, баярлалаа, хүндэт анд минь. Энэ насандаа мартахгүй ээ... За, тэр залуугаа очоод гаргаж ав даа...залгамж халаагаа.

Бор       Олег...баярлалаа. Үнэхээр талархаж байна.

Оле      Талархах өдөр ирнэ ээ, гайгүй.

Нин       Хэн бэ?

Бор       Онгойлго оо, Нина!

Нин       Боря?

Бор       Боря, Боря, алив, хурдлаа! Май, авч үз.

Нин       Лёша!

Але       Нина... Чи “Машинаас болгоомжил” киног үзсэн үү?

Нин       Яана аа!

Бор       Алив, зогсооч ээ!

Нин       Үзсээн...

Але       Тэнд троллейбус...

Бор       Суулгачих л даа.

Але       Тэнд троллейбус зогсоогоод...Смоктуновский “Сайн уу, Люба, би эргэж ирлээ” гэж хэлдэг дээ.

Нин       Боря, хаана уучихсийм?

Бор       Түр саатуулахаас гараад хуушуурны гуанз л орсон. Би яахав машинтай гээд  харин мань эр яасныг чи харж байна.

Але       Сайн уу, Нина. Би эргээд ирлээ.

Бор       Эргээд ирлээ дээ.

Нин       Сайн байна. Хүрмийг чинь тайлаадахъя.

Але       Надтай гэрлээч.

Нин       Ёо! Ааа!!

Бор       Өө, золиг! Алив, чи сууж байгаач.

Але       Найзууд аа, хэрэггүй ээ...

Бор       Зүгээр дээ.

Нин       За, боллоо. Чи хорвоогийн хамгийн сайн хүн. Чи энийгээ мэдэх үү?

Бор       Шинэ мэдээ биш ээ.

Але       Баярлалаа, надад таатай байна.

Нин       Чи яаж аргалав аа?

Бор       Яаж аргалав аа гэж үү? Днепр рүү довтолсноос хойших миний амьдралын хамгийн хүнд даалгавар байлаа.

Нин       Би барьж байя.

Але       Нина...Нина...

Бор       Алив! За болж байна. Болчихлоо. Сайхан эрийг чинь унтуулчихлаа. Хувцсыг нь тайлсангүй. Уучлаарай. Чи өөрөө яаж ийгээд тайл. Танайд идэх юм байна уу?

Нин       Байна аа. Байцааны ороомог.

Бор       Аштай юу., Чи ёстой үзүүлдэг хүүхэн ээ!

Нин       Цоож эргүүлэх шиг болохоор намайг баривчлахаар ирлээ гэж бодсийм.

Бор       Тэгээд хөргөгч уудлахгүй гэж бодоо юу?

Нин       Боря, Лёшаг гаргаж ирсэнд баярлалаа.

Бор       Амаргүй л байлаа. Ийш тийш гүйж харайсаан. Чи хүн хүлээгээ юу?

Нин       Үгүй.

Бор       Яв, яв.

Нин       Хэн бэ?

Рыб      Өөрийн хүмүүс ээ.

Мас      Нина, хаалгаа!

Рыб      Сайн уу?

Нин       Сайн байцгаана уу?

Мас      Гэртээ оруулаач?

Нин       Тэгэлгүй яахав. Гэнэт ирэхээр чинь...

Рыб      Хувцсаа тайлчих уу?

Нин       Тэг, тэг.

Рыб      Цуглааны тухай дуулсан уу?

Нин       Дуулаагүй.

Мас      Үнэн шүү, чухам. Энэ бүгдээс ёстой залхаж байна!

Нин       Юу?

Мас      Эцсийн эцэст биднээс өөр хэн хөдлөх юм? Бид ажиллах хэрэгтэй байна!

Бор       Өө! Ажиллах юм биз дээ?

Рыб      Серебренников... Чи энд юу хийж яваа юм?

Бор       Тамхи татсийм, Лев Юрьич. Петруша та хоёр ямар хэргээр морилж яваа юм?

Рыб      Бид ч бас тамхилах гээд ороод ирлээ.

Бор       Гарч татах уу.

Мас      Тэгье.

Рыб      Ёо, та нар яг хүүхэд шиг юм аа... Хэзээ ингэж нууж байсийм?

Мас      За, яахав! Ямар догь юм бэ! Та нар одоо намайг олохоосоо өнгөрсөн.

Рыб      Гуравхан минутанд аюулынхан олчих байсан.

Бор       Уучлаарай, Лев Юрьич! Юм идэж ч амжсангүй.

Рыб      Нөхөд минь, хэрвээ бид энэ хэрэгт орчихвол...

Мас      Өө, бид оролцоно оо.

Рыб      ...хэнийг өмгөөлөхөө тохиръё. Нина!

Нин       Мэдээж Немзер.

Рыб      Харин би Свечкинаг авлаа. Петя? Петя?

Мас      Өө!? Клязьмин. Сэхээтэн залуу шиг байна лээ.

Рыб      Борь, чи тэгэхээр Образцовыг авах нь.

Бор       Үгүй

Рыб      Юу?

Бор       Үгүй.

Мас      Үгүй ээ... Боря! Чи бидэнтэй нийлэхгүй юм уу?, Боря, яачихсийм?

Сог       Нөхөр минь! Ингэхэд аль байранд суудгийг чи мэдэхгүй биз? Нэг тийм... хөөрхөн, гадаад охин шиг...ха-а...хар үстэй, цэнхэр нүдтэй бүсгүй. Нина гэдэг юм байна лээ.

Бор       Дурлачихаа юу? Тэр чинь нөхөртэй. Би нөхөр нь.

Сог       Үгүй ээ, юу гэж дээ! Би юу гэж чамтай өрсөлдөхөв! Тэгвэл чи энэ цэцгийг дамжуулаад өгөөч. Серёга өгч байна гэж хэлээрэй. Гомдлоо буцааж авсанд мэхийн ёсолж байна гэж хэлээрэй... Би тэрнийг аюулаас хамгаалахын хүүхэн гэж мэдээгүй.

Бор       Байз даа. Чиний овог хэн юм?

Сог       Миний овог уу? Малыхин.

Бор       Сергей Сергеич?

Сог       Тийм... Тэнд ажилладаг хүүхэн гэж би яаж мэдэхэв дээ! Нээх гял цал, европ хүүхэн шиг хувцаслачихсан...харин би согтуу, нилээн явчихсан байсан. Тэгээд бие барьж дийлэхгүй...

Бор       Чи хаана ажилладагийм?

Сог       Одоогоор ажилгүй ээ. Эрүүл мэндийн шалтгаантай. Бие минь барагтайхан л даа!

Бор       За, Сергей Сергеич гуай. Наад цэцгээ авгайдаа аваачиж өг. Амьдралдаа нэг удаа ч болов баярлаг., Тэгэхээр байна аа, ноёд, хатагтай нар аа. Бид өмгөөлөх сайн эрсээ ойлгох хэрэгтэй. Энэ бол улс төрийн шинэ хэлбэрийн хүмүүс. Тэд зөвлөлт засагтай тэрсэлдээгүй, харин ил далд нуугдаж, газар нүхэнд хоргодохыг эсэргүүцдэг, орон гэргүй хүмүүс биш. Тэд үндсэн хуулиа бариад тэрнийг өөр өнцгөөс хардаг.

Рыб      Өөрөөр хэлбэл тэд хууль дүрмэндээ биднийг дагуулахгүй гэсэн үг.

Бор       Тэгэж хэлж болно оо. Гэхдээ тэд өөрөөр сэтгэдэг. Юмыг биднээс өөр өнцөгөөс хардаг. Хориглоогүй зүйл бүхнийг зөвшөөрсөн гэж үздэг.

Нин       Тийм, тийм.

Бор       Жишээ нь гэхэд жагсаал цуглаанд оролцож болох уу? Болно. Гадаадын хүмүүстэй уулзаж болох уу? Хуулиар яг хориглодоггүй ш дээ. Гадаадад ном хэвлүүлэхийг бас хориглодоггүй. Гадаадад хэвлүүл.

Мас      Тийм ээ, манай улсын хууль бас чиг онцсайн шүү. 

Бор       Чи тэгэж боддог юм байж. Харин тэд – тэд хэрэгжүүлэх гэдэг. Ерөнхийдөө бол, нөхөд минь , яг энэ галын өрөөнд суусан бид хэд нэг сонголт хийхэд хүрсэн гэдгээ ойлгох хэрэгтэй. Энэ сонголт бол улс төрийнх юм.

Мөр      За, бие чинь сайн уу? Эмнэлэгт гомдоогоогүй биз?

Кл         Үгүй ээ. Сербийн нэрэмжит хүрээлэнд сэхээтэн хүмүүс ажилладаг.

Мөр      Ашгүй, сайн байна., Немзер, Образцов нарыг зөвтгөх байх аа даа. Харин та 8 жилийн ял авна байх. Та юугаа бодож байсийм? Гадаад валют, барууны уран зохиол, энэ бүгд таны нэртэй холбоотой. Свечкина ч бас адилхан тийм ялтай сална биз.        

Кл         Яагаад тэрэв? Алёнаг яасан гэж шийтгэх юм?

Мөр      Бүх хэргийг өөртөө үүр гэж тэр хүүхнийг ятгаж дөнгөх байлгүй дээ. Таныг тэгсэн биз дээ. Тэгэх юм бол Образцов тэрэнтэй гэрлэнэ гэж амалсан.

Кл         Тийм байх ёсгүй. Алёна 40-хөн килтэй! Образцов туранхай хүүхэнд дургүй!

Ер         Гэхдээ Свечкина тэрэнд хайртай. За, тэгээд яахав Кирилл Иваныч, салах ёс хийх үү дээ?, Хуяг аа! Сайн сайхныг хүсье.

Эр         Бос! Гараа ардаа ав!

Кл         Тэрэнд хайртай гэдгээ Алёна өөрөө хэлсэн үү?

Ер         Ямар ч л байсан гэрлэлтийг бүртгэх товчоонд өргөдлөө өгчихсөн гэсэн.

Кл         Тийм байх учиргүй! Тийм байх учиргүй!

Ер         За, за.

Кл         Танаас гуйя!

Ер         Кирил Иванович, та яаж байна аа? Та чинь эр хүн шүү дээ. Тэвчээртэй байгаач, тэвчээртэй бай! Өөр бас би нэг зүйл нэмж хэлье. Одоо урааны уурхайд ажиллахад тийм ч аюултай биш ээ. Аюулгүйн техникийг дээд төвшинд сахидаг болсон...

Кл         Урааны уурхайд яадаг аа?

Ер         Хүндэт залуу минь дээ, би чамайг Ялта руу явуулахгүй нь тодорхой. Аваад яв!

Кл         Хүлээгээрэй. Тэгэхээр Образцов голландчуудтай уулзаж надад валют өгсөн байтал өөрөө...

Ер         Ангайсан амьтад хамгийн түрүүнд ороолгуулдаг юм даа, хүндэт Кирилл Иваныч минь. Одоо би танд юугаар ч тус болохоосоо өнгөрсөн.

Кл         Гуйж байна.

Ер         Аваад яв.

Кл         Гуйя, Игорь Николаевич! Би мэдүүлэг өгье!

Оле      Зогс!

Мар      Боодол янжуур, зөв үү?

Нин       Зөв өө.

Мар      Овьёосны жигнэмэг бас болно биз дээ?

Нин       Болно оо.

Мар      Нина Владимировна, би танаас хичээнгүйлэн гуйя. Намайг ажлаасаа халагдсан гэж Петяд битгий хэлээрэй. Өөрөөс нь болж намайг зовлоо гээд санаа нь зовчихно.

Нин       Аль хэдийн хэлчихсэн байлгүй дээ. Хүнийг буулгаж авахын тулд таарсан бүхнээ л ашигладаг.

Мар      Үгүй дээ, тийм биш. Петя тийм ч амархан бууж өгөхгүй ээ. Петяд хэлээрэй. Би... Чи хамгийн сайн нь шүү гээрэй! Нээрэн өтгөрүүлсэн сүү болох уу? Харамсалтай юм. Петя маш дуртай.

Нин       Хүндэт Петр минь, хэрвээ зарим текстийг зөвлөлтийн эсрэг гэж үзэхээр бол, заримыг нь ч үнэхээр тэгэж хэлмээр зүйл бичсэн байна лээ. Би харыг цагаан гэж хэлж чадахгүй шүү дээ. Яаж тэгэж хэлэхэв дээ.

Нэм      Энэ бол манай зууны баримт бичиг, би юу ч зохиож бичээгүй.

Нин       Та бага ч атугай буруугаа хүлээ. Нэгдүгээрт таны буруу гэдэг нь үнэн. Хоёрт, гэвэл, бид тэдэнд яс шидэж өгөх хэрэгтэй

Нэм      Үгүй ээ, тэд өлсөж л байг. Би суртал ухуулга хийгээгүй. Тэр тусмаа би олшруулж тараагаагүй. Тийм ээ, номонд ганц нэг тэмцэж босоход уриалсан ухуулах хуудас хэвлэгдсэн л дээ. Гэхдээ энэ бол зүгээр л нэг, гэрчлэх баримт: голдоо тархигүй та нарын харгис явдал юунд хүргэдгийг та хар л даа.

Нин       Өмгөөлөгч, өмгөөлүүлэгч хоёр өмгөөллийн өөр өөр чиг шугам баримталж болохгүй.

Нэм      Мэдээжийн хэрэг. Тийм учраас та минийхийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нь дээ.

Нин       Танд ямар ял өгөхийг та мэдэж байна уу? Таныг хориотой баримт хэвлэж, тараасан гэдгээр ганцхан яллахгүй. Өөр бас таныг зөвлөлтийн эсрэг гадаадын байгууллага ҮХХ-тэй холбоотой байсан гэж яллана.

Нэм      “Үндэсний хөдөлмөрийн Холбоотой”? Үгүй ээ, тэд чинь зөвлөлт байгууллын эсрэг тэмцдэг, харин бид Зөвлөлт Холбоот Улсад хүний эрх тогтоохын төлөө тэмцдэг. Энэ чинь асар их ялгаатай!

Нин       Таныг шоронд хорино, тэглээ гээд та юу хожих юм?

Нэм      Ичгүүр номын шинэ хоёрдугаар ботийг бичнэ дээ. Дараа нь гуравдугаар, тавдугаар гээд үргэлжилнэ. Бид тэднийг шахна аа. Яг л гинжин урвал. Нина Владимировна тэрнийг зогсоох аргагүй.

Рыб      Нөхөд өө, бид задгай сансарт скафандраа өмсөлгүй гарчихаад байна.  Улс төрийн хэрэг хэлэлцэх үеэр ихэвчлэн ханддаг социалист хүнлэг ёсыг бид дурдахгүй ээ.

Бор       Тийм ээ... Тэгэхээр Лёва үйл үгээр шатаана. Бүтэн хөтөлбөрийн туршид үйл үгээр тонгочино.

Рыб      Тийм ээ.

Бор       Байз...

Нин       Масальский байна.

Бор       Тийм.

Нин       Мөн үү?

Бор       Тийм ээ...

Рыб      Борь, бид...бид өршөөл гуйхгүй ээ. Бид өмгөөлүүлэгч нараа буруугүй гэдгийг нь батална. Бидний өмнө маш их бохир заваан зүйл байна. Шүүх прокурорынхон биднийг хагаралдуулж турхируулахгүй байгаа нь гайхамшиг шүү.

Нин       Хэн бэ?

Мас      Би байна аа. Петя. Оруулаач.

Рыб      Масальский.

Бор       Петя, чи байна аа... битгий тамлаач.

Мас      Ял төлөвлөж байна. Клязьмин нэмэлт мөрдлөг явуулах хүсэлт гаргаж, Алёнагаас бусдын эсрэг мэдүүлэг өгсөн.

Нин       Чи хаанаас мэдсийм?

Мас      Би Лефортовоос ирлээ. Клязмин тэнд хоригдож байгаа. Амандаа ойлгомжгүй юм бувтнаад, нүд нь бүлтрэх нь үү гэмээр цагаанаар эргэлдээд... бараг л солиорчихсон байх. Гурван жилийн өмнө тэрнийг хэрэг хүлээх чадваргүй солиотой гэж байсан. Гэтэл одоо эв эрүүл болчих гэж. Тэгэхээр одоо би... танай англи клубийг орхисон нь зөв болсон шиг байна. 

Рыб      Петя, уучлаарай. Нэгэнт бид өөр өөр тал болсон тул биднийг орхисон нь зөв өө.

Мас      Намайг аз дайрчихав аа даа?

Рыб      За, яахав, ноёд оо, ажиллаад байж дээ, Боря.

Бор       За...

Рыб      Тийм байжээ...

Але       Чи дэндүү их хугацааг салсан нөхөртэйгээ хамт өнгөрүүлэх юм.

Нин       Бид нэг хэргийн өмгөөлөгчид.

Але       Та хоёрын хөвгүүдийн хэрэгт хамтарч ажилладаг. Гэтэл та нар өөр хэрэг дээр ажиллаад байна.

Нин       Чиний буруу. Бид ажилласаар л байна. Бид дээд шүүхээр хэрэг хэлэлцэхэд  бэлдэж байна.

Але       Хөвгүүд хохирогчийг алаагүй, энэ ойлгомжтой. Гэтэл яагаад жинхэнэ алуурчинг шүүхийн өмнө авчрахгүй байгаа юм? Ингэвэл хэн ч хохирохгүй зөв хувилбар шүү дээ.

Нин       Бид өмгөөлөгчид, бидний үүрэг өмгөөлөх. Харин алуурчныг эрж хайхад өөр хүмүүс ажилладаг юм. Би чамайг олоод ир гэж санал тавихгүй ш дээ. Учир нь Лёша, чи жирийн л жолооч хүн.

Але       Ойлголоо, Нина. Гэхдээ чиний Борис бидний амьдралаас алга болоод өгөөсэй дээ. Чамайг дандаа нэг уруу татаж байх юм.  Чи ч ховсдуулчихсан юм шиг дагаад явна. Чамайг юугаараа татдаг юм? Надаас юугаараа илүү гэж? Жолооч биш учраас уу?

Нин       Ямар ч л байсан ийм тэнэг асуулт тавиад байдаггүй юм. Миний ам болдоггүй юм аа. Лёша, боль л доо. Чи юу хийгээд байна?

Але       Ээжийн бие тааруу гэсэн. Нэг хэсэгтээ Малковод байна аа.

Нин       Лёша, тосгон руугаа явж яах нь вэ. Үлдчих л дээ. Би чамаас гуйж байна. Тэгэх үү, Лёша.

Але       Нина, гараа авчих.

Нин       За, за., Өмгөөлөгчид байна.

Эм        Хөөх, ямар ихэмсэг алхана вэ? Дулаан хувцаслачихсан. Урилга зарчих, 3 рублиэр авъя. Уруулын польш будаг авах уу?

Мар      Та ичээч, энэ чинь өмгөөлөгч нар. Нина Владимировна, сайн байна уу?

Эм        Уучилж үзээрэй...

Нин       Сайн байна уу, Марина.

Мар      Хоёр автуус дүүрэн нөхөрлөлийн гишүүдийг үзэгчээр авчирсан гэсэн. Өдөөн хатгах л байх, тэсээрэй дээ.

Нин       Таныг танхимд оруулах хүсэлт гаргасан.

Мар      Баярлалаа. Өчигдөр би Елоховийн сүмд лаа асаасийм. Би чинь он цагийн товчооны бичээч Нестор шиг хүн шүү дээ.

Нин       Явцгаая. Амжилтанд хүрэх ч юм бил үү.

Зим       Зөвлөлт төр болон нийгмийн байгууллыг буруутган шүүмжилсэн эргэцүүлэл, зохиолч Синявский Даниэл нарын хэргийг шүүхээр хэлэлцсэн нэг талыг хэтэрхий баримталсан үзлийг илэрхий шилж сонгосон материалын түүврийн  нэг хувийг Катя гэгч гадаадын харъяатад өгсөн бөгөөд тэрээр уг эх хувийг Майн дахь Франкфурт хотод байдаг Үндэсний хөдөлмөрийн Холбооны сэтгүүлд хэвлүүлсэн байна. Уг холбоонд гадаад руу дүрвэж гарсан хаант оросын үеийн цагаантан болон зөвлөлтийг эсэргүүцэгч бүх байгууллага нэгддэг бөгөөд тэдний эцсийн зорилго нь Зөвлөт засгийг түлхэн унагаах явдал юм. Энэхүү гар бичмэлийн оронд...

Бор       Тагнасан гэж хэрэг тулгаагүй нь яамай...

Зим       ...гадаадын иргэн Катя гэгч Клязьминд хортой цаас болон 400 америк доллар өгсөн байна. Тал мөнгөө хувь хүнээс 600 рублиэр солиулж авсан нь валют солих тухай хууль зөрчсөн байна. Үлдсэн доллараа Клязьминд гичний хайрцагт хийгээд өгчээ.

Дро       Танхимд чимээгүй! Яллагдагч Немзер, таныг буруутгасныг та ойлгож байна уу?

Нэм      Тийм ээ.

Дро       Та буруутай гэдгээ хүлээх үү?

Нэм      Яасан ч хүлээн зөвшөөрөхгүй.

Дро       Образцов, та буруутай гэдгээ хүлээж байна уу?

Об        Хүлээхгүй.

Дро       Яллагдагч Свечкина, та буруутай гэдгээ хүлээж байна уу?

Св         Үгүй.

Дро       Клязьмин?

Кл         Тийм ээ, хүлээж байна. Бүрэн дүүрэн, үг дуугүй.

Дро       Чимээгүй байна уу!

Рыж      Чи намайг яаж олсийм?

Але       Эгчээсээ асуусийм. Аня Уткина эгчээс. Та чинь Лида Уткинагийн хүн амины хэргийн мөрдөгч байсан. Та яагаад алуурчиныг баривчилж хориогүй юм?

Рыж      Чи юу гэсэн бэ?

Але       Лидаг хэн алсныг би мэдмээр байна. Та Юрьевээс өмнө хэргийг мөрдөж байсан юм байна лээ. Гэтэл гэнэт таныг тэтгэвэрт чинь суулгасан. Та юу олж мэдсийм?

Рыж      Ингэхэд байна аа, хөлийг чинь хуга цохичихоогүй дээр чи тонилох юм биш үү?

Але       За, ойлголоо.

Дро       Клязьмин, та ямар зорилгоор Образцовт бичгийн машин авч өгсөн бэ?

Кл         “Сэргэн мандалт” эмхэтгэл зохиолд “Славяны онгон шүтээн нь соёл иргэншлийн мөхөлөөс аврах нь” гэдэг миний өгүүлэлийг оруулна гэж хэлсийм.

Нин       Нөхөр шүүгч ээ, асуулт тавихыг минь зөвшөөрнө үү?

Дро       Зөвшөөрье.

Нин       Кирилл Иванович, урьдчилсан мөрдлөгийн үеэр та гадаадын харъяат Катятай Сокольникт нээгдсэн америк үзэсгэлэнгийн үеэр танилцсан гэж хэлсэн. 1959 онд гэсэн үг. Гэтэл сүүлчийн байцаалтандаа та тэрнийг Немзер дагуулж ирсэн гэсэн байна лээ. Та яагаад мэдүүлгээ өөрчилсийм?

Дро       Асуулт хүчингүй. Протоколд тэмдэглэх шаардлагагүй.

Нин       За, тэгвэл би өөрөөр асууя. Та яагаад Катяг ҮХХ-тэй холбоотой гэж бодоо вэ?

Кл         Тэр нэг тийм үнэртэй байсан.

Нин       Үнэр ий?

Кл         Хүхрийн үнэр...Там...

Дро       Асуулт хүчингүй.

Кл         Тэр Катя нэг л тамын бүсгүй... Манайд бас нэг удаа ирсэн. Ирэхдээ хуулбарладаг машин авчирсан. Өөр бас хоёр боодол зөвлөлтийн эсрэг зохиол авчирсан. Би гараа ч хүргээгүй. Порно маягийн юм байсан.

Дро       Хуулбарладаг машин? Эд мөрийн баримтанд тэмдэглээгүй байсан.

Кл         Нууц газар бий, “Горхи” амралт сувиллын газар. Тэнд манай хамаатны эгч ажилладаг. Би өөрөө мотоциклоор аваачсан.

Дро       Та нэн даруй харуулж чадах уу?

Кл         Яагаад болохгүй гэж? Миний ухаан хэвийн байна. Миний ухаан хэвийн байна.

Бор       “Миний ухаан хэвийн байна” гэж хэлж болдог л юм байх даа. Чи дуулав уу? Шүүгч ч бас юмтай. Чи яасан бэ?

Нин       Лёша явчихсаан. Юмаа аваад манайхаас явчихсан.

Бор       Харин ч сайн юм болж дээ. Сайн юм биш үү? Чи бид хоёрыг зовоож ханасан байлгүй дээ. Өөрийгээ ч бас. Нина, та хоёр таарах хос биш ээ. Нинка, буцаад ирээч дээ, аан? Нина, би чамайг санаад байна. Нээрэн шүү. Урд нь би хэн нэгний араас ингэж үгүйлж санааширдаг байснаа мэдэхгүй юм. Буцаад ир л дээ, Нина. Гуйж байна.

Нин       Боря, энэ чинь буруу. Тэрний ар хударгаар чамтай тэврэлдэж болохгүй...

Бор       Буруу гэнэ ээ? Харин ч хайргүй хүнтэйгээ хамт байх буруу шүү дээ.

Нин       Одоо хэрэггүй, тэгэх үү?

Бор       Хэзээ болох юм? Тэр “одоо” тэгээд хэзээ болох юм?

Нин       Би мэдэхгүй ээ.

Бор       Нина минь, чи ямар ч тэнэг юм б дээ. Нээрэн гэм. Ямар тэнэг гээч? Хэрвээ мэдэж байсан бол би чамтай хэзээ ч гэрлэхгүй байсан. Нээрэн шүү.

Нин       Намайг тэнэг гэдгийг чи мэдээгүй гэж үү?

Бор       Алив, би чамайг гэрт чинь дөхүүлээд өгье. Алив. За, ингээд явцгаая.

Рыж      Лёха! Лёха! Лёха! Шар тайлах юм өгөөч. Дотор шатлаа.

Кл         Намайг үзэн ядаж байгааг чинь би мэднэ ээ.

Мас      Таныг үзэн ядаж байдаг би...би хэн юм? Би засан, галзуугийн эмнэлгийн алинд ч байж үзээгүй. Би...таныг маш их өрөвдөж байна, Клязьмин. Маш их... маш их өрөвдөж байна, Клязьмин.

Але       Тэгээд яасан?

Рыж      Хэд хэдэн хүнийг сэжиглэж байсан. 2 цэрэг тосгон хавиар эргэлдэж байсан. Барилгын ажлынхаа дараа оройн цагаар гар бөмбөг тоглоно, охид руу нүд унагана. Би өөрөө цэрэг байсан юм чинь 2 жил эмэгтэй хүнгүй байхын хэцүүг мэднэ.

Але       Тэгээд яагаад тэднийг баривчлаагүй юм?

Рыж      Цаг нь таарахгүй байсан. Шөнийн нэг цагт алагдсан байсан. Харин машины замын хуудсанд ангидаа яг 23 цаг 30 минутанд ирсэн гээд тэмдэглэсэн байсан. Яг хувиар ёсоороо.

Але       Цэргүүдийн ангидаа ирсэн энэ тэмдэглэгээг хэн дуртай нь хийж болно ш дээ.

Рыж      Яг! Тийм учраас би даргатай нь уулзахад намайг хөөгөөд гаргасан. Тэнд өөрийн гэсэн цэргийн прокурор, хээрийн шүүхтэй. Тэд цэргүүдийг буруутгах сонирхолгүй байсан. Тэгээд миний хэлэхийг тоогоогүй юм. Алив, тамхилаач.

Але       Гарч татъя. Гэрт утаа баагиулахаар ээж уурлаад байдагийм.

Рыб      Ганцхан энгийн өгүүлбэр “Би ийм зүйл хийсэндээ харамсаж байна. “Ичгүүрт” номыг хэвлэсэн гэж өөрийгээ битгий буруутга. Нөхөрлөл, холбоо сүлбээндээ битгий харамс. Надад зөвхөн “Би харамсаж байна” гэж хэл дээ.

Св         Би харамсаж байна.

Рыб      Ухаантай охин.

Рыж      Бас малковын нэг хүнийг сэжиглэсэн. Васька Лютойг. Тэр шөнө найз нартайгаа архидсан, өглөө нь тэрнийг цус болсон цамцтай нь олсон. “Чи тэр охиныг алсан юм биш биз?” гэж намайг асуухад “Юу ч санахгүй байна” гэсэн.

Але       Цус байна гэдэг хангалттай нотлох баримт биш гэж үү? Та тэрнийг шинжээч рүүгээ явуулсан уу?

Рыж      Явуулах л байсан. Гэтэл найз нар, архичин, гудамжны шаарууд өмөөрөөд хавьтуулаагүй. Тэр цус Толик шумуулынх. Васька тэр хоёр хэрэлдэж маргалдаад бие биенийхээ нармайг нээсэн гэсэн.

Але       Тэд л Васькаг өмөөрөөд хамаг юм баллаж хаясан байна ш дээ.

Рыж      Тийм ээ. Одоо хэн учрыг нь олох вэ дээ? Өчнөөн сар жил өнгөрчихлөө.

Нин       Энэ ухуулах хуудас бол таныг буруутгах ганцхан хувь. Та энэ нэг хувиас татгалзах хэрэгтэй байна. Тэгэхгүй гэвэл би таныг дэмжихгүй нь дээ.

Нэм      Би эх орондоо хайртай, ойлгож байна уу? Би энэ насандаа хэзээ ч зөвлөлтийн эсрэг зүйл хийхгүй. Надад ичих зүйл байхгүй учраас би овог нэрээ номын хавтсанд тавьсан. Манай хөдөлгөөний хувьд энэ ямар чухал болохыг та төсөөлөхгүй.

Нин       Ойлгож байна аа. Гэхдээ би таныг өрөвдөхгүй байна гэж үү?

Нэм      Энэ таны сонголт байсан., Иргэн Свечкина машинаар бичдэг зүйлийнхээ утгыг төдий л сайн ухаж ойлгодоггүй байсан гэдэгт би итгэлтэй байна. Техникийн ажил гүйцэтгэдэг гэж бид хөлс өгдөг байсан.

Дро       Ойлголоо. Сууж болно. Образцов.

Обр      Алёна ер нь улс төр сонирхдоггүй байсан. Миний бодоход америкийн ерөнхийлөгчийн нэрийг ч мэддэггүй байх.

Дро       Танхимд чимээгүй байна уу! Шүүгдэгч Свечкина, та мэдэх үү?

Св         Мэднэ. Эйзенхауэр

Дро       Чимээгүй! Танхимд чимээгүй! Сууж болно. Клязьмин.

Кл         Свечкинаг орхичих л доо. Бид тохиролцсон шүү дээ.

Дро       Зөвлөлтийн шүүх яллагдагч нартай тохиролцдоггүй юм. Ялангуяа фашист байгууллагын хөлсний хүмүүстэй. Та босно уу, Клязьмин.

Кл         Иргэн Свечкина бол яруу найргийн маш нарийн мэдрэмжтэй бүсгүй. Улс төр сонирхож хэзээ ч доошоо орж байгаагүй. Ер нь бол манай гаригийн гэмээргүй бүсгүй. Би Аэлита гэдэг байсан. Яахав Аэлита Алёна гэхэд төстэй сонсогдоно шүү дээ. /Аэлита гэж ангараг гаригийн бүсгүй, зөгнөлт зохиолын баатар эмэгтэйн нэр/

Рыб      Нөхөр шүүгч ээ, асууж болох уу?

Дро       Зөвшөөрье.

Рыб      Елена Викторовна та хэлээч, “Ичгүүрт номыг” бүтээхэд оролцсондоо та харамсаж байна уу?

Св         Надаас ингэж битгий асуугаач.

Дро       Яллагдагч аа, та хийсэн хэрэгтээ харамсаж байна уу?

Св         Үгүй ээ, би харамсахгүй байна. Би ямар ч муу зүйл хийгээгүй учраас огтхон ч харамсахгүй байна.

Дро       За, тийм байна. Шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг мэдэгдэж байна!

Мар      Шүүхийн хэлэлцүүлэг зөвлөлтийн хуулийн хэв хэмжээг зөрчин барин дууслаа. Танхимд жирийн иргэдийг оруулсангүй. Зөвхөн аюулаас хамгаалахын албан хаагчдыг оруулж байлаа. Энэ хэргийг даасан шүүгч Дронов илэрхий дээрэнгүй зан гарган, өмгөөлөгч нарын асуултыг хасаж байлаа.

Зим       Нөхөр шүүгч ээ, энэ хэргийн материалыг судалж үзээд...

Рыб      Шүүх танхимаас Төв Хороо руу шууд дамжуулж байна. Энэ ч хэцүү шүү. Одоо прокурор хамгийн дээд хугацаа өгч таарна.

Зим       ...эрүүгийн хуулийн зүйл ангийг зөрчсөн тул...

Бор       Хэн ч эргэлзэхгүй ээ.

Зим       ...яллагдагч Немзерт таван жил хорих ял, яллагдагч Образцовд 7 жил хорих ял, яллагдагч Клязьминыг чин сэтгэлийн угаас гэмшиж харамссаныг харгалзан үзээд 2 жил хорих ял, яллагдагч Свечкинад 2 жил хорих ял оноохыг хүсэж байна.

Нин       Новш юм аа?

Зим       Би гүйцлээ.

Мар      Улс орондоо хууль үйлчилдэггүй гэж зоригтой хэлсэн хүмүүст прокурор олон жил хорих ял оноохыг шаардлаа! Дэлхийн бүх орны ард иргэд энэхүү зохиомол хэргийг хэрхэн хэлэлцэхийг шүүн тунгаагаасай гэж бид хүсэж байна. Дэлхийн олон нийт шүүгдэгч нарын эрхийг хамгаалахыг шаардаасай. Тийм үү?

Зэр       Тийм ээ.

Эм        Улс төрийн хоригдлуудад эрх чөлөө олго!

Мас      Ийм учраас хүндэт шүүх ээ миний өмгөөлүүлэгчид зөвлөлтийн хуульд гүн бат шингэсэн энэрэл өршөөлөөр хандахыг хүсэж байна.

Дро       Баярлалаа, Петр Евгеньевич. Надад нэг асуулт байна. Та яагаад өмгөөлүүлэгчийнхээ хамсаатнуудын тухай юу ч хэлсэнгүй вэ? Тэр хүмүүс өөрийг нь уруу татаж буруу замд оруулсан гэж өчсөн шүү дээ.

Мас      Би өмгөөлөгч хүн болохоос прокурор биш. Прокурор нар ял оноохоо шийдэж байна биз.

Рыб      Елена Свечкина зөвлөлтийн комсомолын жинхэнэ гишүүн, халуун дулаан сэтгэлтэй, тууштай бүсгүй. Тийм учраас, хүндэт шүүх, хүндэт хурал даргалагч нар аа, миний өмгөөлүүлэлгчийг гэм буруугүй гэдгийг бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрөхийг хүсье!

Бор       Нөхөд өө, өнөөдөр надад жинхэнэ хүн - цэвэр ариун сэтгэлтэнийг өмгөөлөх нэр хүндтэй үүрэг хүлээж байна.

Дро       Танхимд чимээгүй!

Бор       ...Зөвлөлтийн нэр төртэй иргэн, эх орныхоо эрх ашгийг хувийнхаа ашиг сонирхол, ахуй хангамжаас дээгүүрт тавьдаг тийм л жинхэнэ эх оронч хүн юм. Миний өмгөөлүүлэгчийн гар бие оролцсон тэрхүү түүвэр нь түгээн тараах, тэр тусмаа баруунд хэвлүүлэх зорилготой байсангүй. Энэ бол уриалга, зохиолч нарыг шүүж залруулж боломгүй алдаа гаргасан хүнд хандсан уриалга байсан. Миний өмгөөлүүлэгчийн зөв байсан, аль эсвэл төөрөлдөж явснаас нь үл хамааран, үндсэн хуулийн хэв хэмжээг сахин мөрдөхөд санаа тавьж байдаг нь түүнийг энэрэнгүй үзэлтэн, жинхэнэ иргэн гэдгийг харуулж байна. Миний өмгөөлүүлэгчийг цагаатгахыг би шүүхээс хүсэж байна.

Нин       Эрхэм шүүх, би товч үг хэлнэ ээ. Миний хамтран ажилладаг нөхөд яллагдагч нараа өмгөөлж хангалттай олон жишээ баримт татлаа. Би тэдэнтэй санал нэг байна. “Ичгүүрт ном” гэж нэрлэсэн энэхүү түүврийг санаачлагч Петр Немзер цорын ганц зорилготой байсан юм. Тэрээр ЗХУ-д үг хэлэх болон уран бүтээл туурвих эрх чөлөөг хяхан хавчдагт сэтгэл эмзэглэж явдгаа төр засагтаа айлдаж энэ түгшүүрээ хуваалцах гэсийм. Петр Немзер хүн ардад биш төр засагтаа хандсан. Тэрээр энэ номыг Барууныханд дамжуулаагүй. Бүх үйлдэл нь шударга, нээлттэй байсан. Хэлэх гэсэн санаагаа дуулгахыг хүссэн. Гэмт хэргийн шинжгүй учраас Петр Немзерийг цагаатгахыг би хүсэж байна.

Дро       Танхимд чимээгүй!, Немзер Петр Борисовичийг 5 жил хорих ял, Образцов Дмитрий Николаевичийг 5 жил хорих ял, Клязьмин Кирилл Ивановичийг 2 жил хорих ял, Свечкина Елена Викторовнаг 1 жил хорих ялаар шийтгэлээ. Шүүх ажиллагаа дууссаныг зарлаж байна.

Арван дөрөвдүгээр анги төгсөв. 2023 оны 1 сарын 3

Орчуулсан Чойжилын Ганчимэг

Back to episodes Go home