ВишнФанд Монгол ББСБ
1 Ертөнцийг үзэх үзэл - World View
Дүрүүд:
Үйлсээ - 30 гаран насны эрэгтэй, мужаан, Гэрэлээгийн нөхөр
Гэрэлээ -30 гаран насны эмэгтэй, Үйлсээгийн эхнэр , оёдолчин(Захиалгаар үндэсний хувцас оёдог)
Нинжин - Үйлсээ, Гэрэлээ хоёрын охин, 8-р анги, 13 настай
Төгөлдөр - Үйлсээ, Гэрэлээ хоёрын хүү, 6-р анги, 11 настай
Цэвэл - Үйлсээгийн ээж, насаараа мал малласан, 60 гаран настай
Дэлгэр - Үйлсээгийн найз, бичил бизнес эрхлэгч, эрэгтэй
Өгүүлэгчийн хоолой
Өгүүлэгч: Ертөнцийг үзэх үзэл.
Өгүүлэгч:Энэ залууг Үйлсээ гэдэг. Тэр хоёр хүүтэй айлын бага хүү. Гарын ур дүйтэй, аливаагбүтээж бий болгох хүслээ даган МСҮТ-д суралцан, мужааны мэргэжил эзэмшсэн. Оюутан ахуй цагтаа амьдралыг нь гэрэлтүүлсэн Гэрэл гэх бүсгүйтэй танилцан хайр сэтгэлтэй болж ханилан суугаад 10 гаруй жил болжээ. Тэд төдийгөөс өдийг хүртэл хамтын хүч, халуун сэтгэлээр орон гэрээ төвхнүүлж өөрсдийн гараар барьсан тохилог сайхан байшиндаа хүү охин хоёртойгоо, өндөр настай ээжийгээ ачилж тойлон амьдардаг.
Харин гэрийг гийгүүлэгч Гэрэлээгийн тухайд гэвэлтэрээр бага залуу насаа хөдөө өнгөрүүлсэн ч аав ээждээ нэмэр болж, дүү нартаа тус болох санаатай ажил хийхээр Улаанбаатар хотод ирсэн. Хөл хөдөлгөөнтэй хотын амьдралд дасаж ядан буйдхан цайны газарт ажиллаж байхдаа ханьтайгаа танилцжээ. Том охиноо төрүүлснийхээ дараа мэргэжил олгох сургалтад сууж оёдолчин болсон тэр жил ирэх тусам оёдол үйлдээ улам уран болж, үндэсний дээл хувцас захиалгаар урлах болжээ. Нэг мэдэхэд бичил бизнес эрхлэгч болчихсон, захиалга өгсөн хүмүүстээ чанартай, хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх сэн гэж хичээнэ.
Тэдний охиныг Нинжин, хүүг нь Төгөлдөр гэдэг. Нинжин өсвөр насны охин болоод ч тэр үү заримдаа маш олон зүйлийг сонирхож, оролдож үзэж байснаа заримдаа юу ч хийхгүй, дуугаа хураачихдаг. Найзуудтайгаа цагийг өнгөрөөх дуртай.
Харин Төгөлдөр аав ээж, эмээгийн аясаар бүх зүйлээ ярилцаад, шийдүүлээд байдаг нь багасаад, хаа нэг өөрийгөө би том болсон гэж хэлэх болжээ.Аав шигээ гарын уртай. Алх багажийг эвлэгхэн ашигладаг. Саяхан ангийнхаа хөвгүүдтэй нийлж хувцас гогодож ураад байгаа хадаас нь сугарсан сандлуудыг бүгдийг нь янзалсан. Ангийн охид нь тэдэнд ихэд баярлажээ.
Үйлсээгийн ээж Цэвэл тэдэнтэй бүл нэмэн хамт амьдарч байгаа. Насаараа мал малласан тэрээр том хүүдээ мал аж ахуйгаа даатгаад, бага хүүгээ бараадан, хотод нүүж ирсэн. Цай хоол сайтай, сайхан буурай. Хаа нэг жинтэй үг хэлж гэрийнхээ гишүүдийг бухимдуулна.
Нээрээ бас нэг гишүүн байгаа юм байна. Түүнийг Банхаадай гэж дуудна. Сайхан монгол банхар. Банхаадай тэдэнтэй 5 зуныг үдэж байна.
/банхарын хуцах шум оруулах /
ХАВАР, ҮДЭЭС ХОЙШ, ЭХНИЙ ӨДӨР.
Дэлгэц солигдоод Үйлсээ эхнэртэйгээ буйдан дээр суугаад зурагт харж сууна. Зурагтаар тэдний найз Дэлгэр хүлэмж барих тухай ярьж байгааг харуулсан нэвтрүүлэг гарч байна. Үйлсээ, Гэрэлээ 2 яриа өрнүүлнэ.
Үйлсээ:
Дэлгэрийн яриад байгаа зүйлийн тухай чи юу гэж бодож байна? Уг нь хашаанд маань жижгэвтэр хүлэмж барьчих зай байна даа. Миний бодлоор туршлагатай хүмүүсээс зөвлөгөө аваад, жаахан хичээчихвэл болмоор юм шиг санагдах юм. Тэгвэл орлого маань нэмэгдэх байх даа. Ядаж энэ жилдээ багахан ч гэсэн ургац хураагаад, борлуулаад үзвэл айхтар ашиг олохгүй ч туршлагажаад авна даа.
Гэрэлээ:
Харин яадаг бол? Би ч ногоо цагаанаас хол өссөн болохоор сайн арчилж чадах болов уу даа? Өөртөө эргэлзээд л байна шүү.
Үйлсээ:
Гайгүй байлгүй дээ. Чи минь нэг зүйлд сэтгэл шулуудахаараа үр дүнг нь үзтэлээ зогсдоггүй шүү дээ. Гол нь хоёулаа сайн зөвлөгчтэй л болох хэрэгтэй байна даа. Дэлгэр дээхэн нэг эгчийн тухай яриад байсан, тэр хүнтэй нь хурдхан холбогдоод асууж, сураглая.
Гэрэлээ:
/Инээвхийлээд/
За за чи тэгж бодож байгаа бол оролдоод үзэхэд болохгүй ч юм алга. Миний хань ямартай ч тэр эгчтэй холбогдоод юу юу шаардлагатай байдгийг нь сайн асуучих. Бидний бодсон шиг байх нь уу, үгүй юү. Харъя даа.
Цэвэл:
Хүүхдүүд минь оролдоод үзэхэд гэмгүй байлгүй дээ.
Үйлсээ:
Харин тиймээ, ээжээ. Хүү нь асууж, судалъя.
МАРГААШ НЬ, ӨДРИЙН ЦАГ
Гэрэлээ оёдлын машины ард суугаад захиалгын дээлээ оёж байна. Үйлсээ гаднаас орж ирнэ.
Үйлсээ:
Дэлгэрийн хэлж байсан эгчтэй уулзаад ирлээ.
Цэвэл:
Миний хүү яваад ирэв үү?
Үйлсээ:
Тэглээ, ээжээ. Манай хашааны сул зайд 6х4-ийн хэмжээтэй, хальсан хүлэмж барьж болох юм байна. Бидэн шиг анх удаа хүлэмжид ногоо тариалах гэж байгаа хүмүүст өргөст хэмх их зүгээр гэнэ. Хавар эртээс эхлээд, арчилгаагаа сайн хийвэл бараг 3 удаа ургацаа хурааж авдаг гэнэ шүү. Усалгаа чухал юм байна.
Гэрэлээ:
Наадах чинь харин боломжийн сонсогдож байх чинь. Эхлүүлээд үзэх үү, бүгдээрээ.
Үйлсээ:
Би бас зээлээ ярьчихлаа. Одоо тэгээд зориглоод үздэг хэрэг дээ.
ХЭДЭН ӨДРИЙН ДАРАА
Үйлсээ найз Дэлгэртэйгээ хальсан хүлэмж барьж байгааг дүрсээр харуулна.Тэд хашааныхаа багахан зайд подхийсэн хүлэмж барьчихлаа.Гэрэлээ, ээж нь, хүүхдүүд нь эрвийх дэрвийхээрээ тэдэнд тусална. Хүлэмж барих хэсгээ хэмжээд, рам зангидах модоо хэмжиж, тайрч байгааг, эхнэр нь цай, хоол аягалж өгч байгааг, тэд духны хөлсөө арчиж байгаа гэх мэт хүлэмж барих үед өрнөж болох үйл явдлуудыг дүрслээд ард нь ая явуулна.
Төгөлдөр:
Аав, Дэлгэр ах хоёр сайн юмаа. Би өшөө том байсан бол бүүр их туслахгүй юу.
Цэвэл:
Санаа зөв бол заяа зөвөө гэж. Миний хүү тун удахгүй ханхайсан том эр болоод ээж, аавыгаа юунд ч хүргэхгүй. Бүгдийг хийж өгдөг болно доо.
Төгөлдөр эмээгийнхээ хэлснийг сонсоод инээмсэглэж, баярлана.
Нинжин:
Ээжээ, энэ хүлэмждээ өргөст хэмх тарьж байгаа. Тиймээ?
Гэрэлээ:
Тиймээ, миний охин. Юу тарих талаар хүмүүстэй ярьж, зөндөө зөвлөлдлөө. Бидэн шиг туршлагагүй хүмүүст тэр нь дээр бололтой. Гол нь сайн услаад байх ёстой юм байна шүү, хүүхдүүдээ. Хэдүүлээ аавынхаа санааг дэмжээд, чадах чадахаараа оролцъё. Гэр бүлийнхээ орлогыг жаахан ч гэсэн нэмбэл бидэнд хэрэгтэй юмсан. Нэг л мэдэхэд та хоёр минь их сургуульд орох болчихно. Одооноос хурааж хуримтлуулахгүй бол болохгүй биз.
Төгөлдөр:
Эгч бид хоёр ч дор дор нь услаад гялалзуулж өгнөө. Тиймээ, эгчээ?
Нинжин:
Тэгэх байх аа (өөртөө итгэлгүйхэн хэлснээ ).За за тэгнэ ээ(итгэлтэйгээр хэлнэ) .
НЭГ САРЫН ДАРАА /текстээр дэлгэц дээр гаргах/
Үйлсээ хүүхдүүдтэйгээ хүлэмж дотроо зогсоод тарьж байгаа өргөст хэмхээ усална /услах чимээ/.
Үйлсээ:
Ээж, аав хоёр нь хэд хоног хөдөө яваад ирье. Та хоёр хичээлээсээ тарж, ирээд өргөст хэмхээ услаарай.
Нинжин, Төгөлдөр:
За,ааваа.
Энэ хэсэгт зөвхөн хүлэмж дэх өргөст хэмхийг харуулах. Ард нь 2 хүүхэд өдөр өдрөөр ээлжлэн усалж байгааг дүрсэлнэ /услах чимээ/. Услах үед өргөст хэмхийн өнгөсэргэж томорч байна. Тэгснээ хүүхдүүд ирэхээ болих үед өргөст хэмх хатаж хорчийж эхлэв.
ХЭД ХОНОГИЙН ДАРАА/текстээр дэлгэц дээр гаргах/
Аав, ээж хоёрыг хөдөөнөөс ирэх үед хүлэмжид байсан өргөст хэмх услаагүй хэд хоносон шинжтэй байна. Үйлсээ, Гэрэлээ хоёр хүлэмжид хүүхдүүдтэйгээ хамт зогсоно.
Үйлсээ:
За хүүхдүүд минь юу болсон бэ? Эднийг услаагүй харагдаж байна. Аав нь уг нь хэлээд явсан даа.
Нинжин:
Харин тийн. Бид хоёр ээлжилж услахаар тохирсон. Тэгсэн Төгөлдөр хүүхдүүдтэй худаг хаатал тоглоод усаа аваагүй.
Төгөлдөр:
Уг нь эгчийн услах ээлж байсан. Тэгээд намайг тоглож байхад, би усалж амжихгүйнь. Чи услаарай гээд яваад өгсөн. Харин би тэр үед тоглож байгаад таг мартчихаж.
Гэрэлээ:
Аав нь их хичээж байгааг та хоёр харсан даа. Нэг гэр бүл байх утга учир үүн дээр л харагдана шүү. Бие биеэ дэмжээд явцгаах хэрэгтэй хүүхдүүдээ. Өмнө бид бүгдийн гаргасан бүх хөдөлмөр, цаг хугацаа ингээд үнэгүй болох нь. Та хоёрыг ойлгосон гэж найдаж байна.
Нинжин, Төгөлдөр /зэрэг хэлнэ/:
Тиймээ. Ааваа, ээжээ уучлаарай /гэж гэмшингүй хэлнэ./
Цэвэл:
Би ер анзаарсангүй. Хүүхдүүд маань услаад байх шиг байсан. Ийм зүйл болно гэж санасангүй. Асууж, шалгааж л байхгүй бол болохгүй нөхөд шүү.
Үйлсээ:
Дотроо их халуун байхаар хурдан ууршаад байдаг гэсэн. За гайгүй байгаа. Маргааш услаад үзье.
Маргааш өглөө нь Төгөлдөр, аавтайгаа хамт усанд явж ирээд өргөст хэмхээ усална /услах чимээ/.
УРГАЦ ХУРААХ ЦАГ
Бүгд баяр хөөртэй ургацаа хураана.
Үйлсээ:
Санаа зөв бол заяа зөв гэж ээжийн минь хэлдгээр оролдож, хичээсний дүнд ургац хурааж үздэг юмаа. Анхны ургацынхаа дээжээс найз нөхөд, хөршүүдтэйгээ хуваалцана.
Нинжин:
Тэд их баярлах байхдаа /баярлан цоглог хэлнэ/ .
Үйлсээ:
Жаахан үлдсэн өргөст хэмхээ доод дэлгүүрт хүргэж өгөөд хүмүүст хэл хүргэе. Тэгэх үү, ханиа?
Гэрэлээ:
Тэгэлгүй яах вэ. Нөөцөө зөв харж чадвал орлогоо бага боловч нэмэгдүүлэх боломжтой байдаг юм байна. Чиний шийдвэр зөв байжээ. Дараа тарихдаа овоо туршлагатай боллоо. Ахиу ургац авах байх.
Аз жаргалтай ургацаа харан зогсох гэр бүлийн дүрслэл тод гарсны дараа дүрс блүрдээднаана нь “Санаа зөв бол заяа зөв” гэсэн түлхүүр үг дэлгэц дээр гарна.
Өгүүлэгч:
“Санаа зөв бол заяа зөв”
Нээрээ л..., өөр өөр зан чанар, үзэл бодол, авьяас билигтэй таван өөр ертөнцтэй, таван өөр хүний санаа нийлсэн, хамтын зөв үйлдэл, орлогоо нэмэгдүүлж, амьдралын чанараа дээшлүүлэхэд нөлөөлж байна.
Сурсан мэдсэнээ хуваалцсан Дэлгэрийн сайхан сэтгэлийн тусламжтайгаар Үйлсээгийн гэр бүл хашааныхаа сул зайг өгөөж өгөх хүлэмж барих нөөц байсныг олж харан, ашиглаж чадлаа. Санаа зөв бол заяа зөв өө.
Өгүүлэгч:
Тунгаан бодох асуултууд:
1. Та гэр бүлийн гишүүдтэйгээ цаг гарган ярилцаж, бодол санаагаа хуваалцдаг уу?
2. Гэр бүлийн хамтын шийд ямар үр дүнд хүрнэ гэж та төсөөлж байна вэ?
3. Танай гэр бүлд орлогоо нэмэгдүүлэх ямар нөөц байгаа вэ?
Анхаарал хандуулсан танд баярлалаа.
ВишнФанд Монгол ББСБ
2 Өөрийгөө таньж мэдэх нь - Identity
Дүрүүд:
Нинжин - Үйлсээ, Гэрэлээ хоёрын охин, 8-р анги
Төгөлдөр - Гэрэлээ, Үйлсээ хоёрын хүү, 6-р анги
Цэвэл - Үйлсээгийн ээж, 60 гаран настай
Худалдан авагч 1 - 40 орчим насны эмэгтэй
Худалдан авагч 2 /Дуламаа/ - 60 хүрч яваа эмэгтэй, Цэвэл эмээгийн нутгийн хүн
Өгүүлэгч: Өөрийгөө таньж мэдэх нь...
БАРААНЫ ЗАХ ДЭЭР, ҮДЭЭС ХОЙШ
Зах дээрх шуугиан, чимээ
Эмээ Цэвэл нь бараан зах дээр эсгийгээр хийсэн шаахайнуудаа лангуун дээр байрлуулсан байна. Ач охин Нинжин эмээ дээрээ ирнэ. Цүнхээ тавингаа...
Нинжин:
Эмээ! Би танд туслахаар ирлээ. Та ганцаараа байгаа юм уу?
Цэвэл:
Сайн хүн санаагаараа гэж. Ирсэн нь сайн болж. Дүү нь ойрхон байгаа. Удахгүй хүрээд ирэх байх. Миний охин өглөө их эрт гараад явах шиг болсон. Хаа хүрээв?
Нинжин:
Би харин найзтайгаа уулзаад... Тэднийх доохноавтобусны буудлын тэнд байдаг юм.
Цэвэл:
Аан за. Миний охин халуун савнаас цай хийгээд уу.
Нинжин:
Найз маань харин надтай өчигдөр уулзъя гээд байсан юм. Тэгээд л уулзчихаад ирлээ.
Цэвэл:
Аан тэгээ юү?
Ийм эрт очиж уулзахыг бодоход их яаралтай зүйл болж дээ.
/Цай аягалах чимээ, сандал татах чимээ/
Нинжин:
Манай найз бүжиглэх их дуртай. Нэг сургалтын төвд бүжиг сурахаар бүртгүүлсэн гэнэ. Тэгээд яг очих гэсэн чинь огт танихгүй хүмүүстэй, шинэ орчинд, шинэ зүйл сурна гэхээсээ бас эмээгээд, тэд намайг тоохгүй бол яана, намайг шоолбол яанагээд бөөн юм бодож, сандарсан хүн байсан. Уг нь их гоё бүжиглэдэг юм. Урлагийн үзлэгээр бүжиглэж байхыг нь харсан.
Цэвэл:
Эвий миньхөөрхий дөө /өрөвдөөд санаа тавьж байгаа/. Хүн ер нь тэгдэг дээ. Тааж бодоод өөрийгөө зовоогоод байдаг шүү.
Нинжин:
Тэгээд сая уулзсан чинь дугуйлангийн хүүхдүүдтэйгээ найз болсон гэнэ. Юу ч болоогүй байхад баахан юм бодоод өөрөө бүүр айчихсан байж.Саяхан бид 2 яагаад бүжиг сурмаар байгаа талаар ярьж байсан юм.
Цэвэл:
За болж дээ охин минь. Танай найз өөрийнхөө хэн болохыг, бусад хүүхдүүдтэй адил үнэ цэнтэй, авьяастай гэдгээ мэдэхгүй байсан болохоороо тэгж их санаа зовоод, сандраад байж. Одоо гэхэд л манай гэрт байгаа таван хүн тавуулаа өөр өөр үзэл бодол, авьяас чадвартай, өөр өөр ертөнцтэй шүү дээ.
Гэхдээ л бүгд үнэ цэнтэй, эрхэм нандин...
гээд ярьж байтал
Худалдан авагч 1:
Сайн байна уу, эгчээ?
Цэвэл:
Сайн,
Сайн уу? Ямар хэмжээтэйг сонирхож байна? Үзээд аваарай.
Худалдан авагч 1:
Би өнгөрсөн долоо хоногт ирж таны хийсэн шаахайнаас нөхөртөө авсан. Нөхөр маань аятайхан байна гэж хэлсэн. Одоо хүүдээ авах гээд ирлээ. 38 размер байна уу?
Нинжин:
/доошоо тонгойгоод хэдэн өнгийн эсгий шаахай гаргаж ирнэ/
Байгаа эгчээ. Би аваад өгье. Ийм ийм өнгөтэйтэй байгаа.
Худалдан авагч 1:
Эмээдээ тусалдаг сайн охин байна шүү. Энэ хөх өнгөтэйгөөс нь авъя. Аавынхаас нь өөр өнгөтэй байсан нь дээр байх. Ялгахад амар.
Нинжин:
За эгчээ. Би уутанд хийгээд өгье. /уутанд хийж байгаа гялгар уутны шажигнасан чимээ/
Худалдан авагч 1:
Энэ дансны дугаар уу?
Нинжин
Тиймээ, баярлалаа эгчээ. /уутанд хийсэн эсгий шаахайгаа өгнө/
Дараа дахиад ирээрэй.
Худалдан авагч 1:
/инээвхийлэн/ За тэгнэ ээ.
Худалдан авагч инээмсэглэн толгой дохиод цааш явна. Энэ үед хүү Төгөлдөр зөрөөд ирж байгааг харуулна. Эмээ охин хоёрын яриа үргэлжилнэ.
Цэвэл:
Хүүхдүүд минь ирээд сайхан байна аа./хүүхдүүдээ хараад сэтгэл дүүрэн байгаа харагдана/
Нинжин:
Та нээрээ яагаад эсгийгээр гэрийн шаахай оёхболсон бэ?
Цэвэл:
Гэртээ зүгээр сууж байхаар хэсгийн байцаагчийн хэлсэн сургалтад сууж, юу байдгийг үзэх гээд, хэрэгт дурлаж очсон юм. Эсгийгээр юм хийнэ гэж бодолгүй яваад очиход тэр багш “Та өөрийгөө хөгшин настай хүн, шинэ зүйл сурахаасаа өнгөрсөн гэж битгий бодоо. Хийхгүй хүнд шалтаг олддог, хийх хүнд арга олддог гэдэг дээ. Та чадна аа. Жаахан зүтгэл гаргачих” гэсэн. Залуу хүүхдээс тийм үг сонсох сайхан байгаагүй ч оролдоод үзсэн чинь аятайхан болж байх шиг л байна шүү дээ.
Төгөлдөр ирээд лангууны хажууд зогсчихсон, ярианд оролцоно.
Төгөлдөр:
Тийм юм байна шүү. Би зөвхөн хүүхдүүд, ах эгч нар л сургуульд сурдаг, аав ээж болчихоороо сурах шаардлагагүй болчихдог гэж бодсон чинь... Бүр манай эмээ хүртэл шинэ зүйл сурч байдаг шүү. /Эмээгээ цаашлуулах маягтай, хөгжилтэйгөөр хэлнэ./
Цэвэл:/инээмсэглээд/
Насан туршдаа л сурах бололтой хүүхдүүд минь
Худалдан авагч 2 /Дуламаа/:
Хүүеээ, Цэвэлээ чи мөн үү?
Цэвэл:
Хүүеээ, сайн уу, Дуламаа?
Дуламаа:
Сайн сайн. Чи бүүр залуужаад, танихын аргагүй, хотын хүн болжээ. Хүүхдүүд нь сайн уу?
Цэвэл:
Сайн сайн. Танайхан сайн уу? Хэзээ ирээв?
Дуламаа:
Бид сайн. Ирээд хэд хонож байна. Маргаашаас буцах санаатай.
Цэвэл:
Ингэж таарах гэж байдагаа. Уулзаагүй их удлаа шүү. Би яах вэ эсгий урлалын сургалтад суугаад, шаахай хийж сураад...хийснээ энд борлуулах санаатай л сууж байгаа. Гэрт хийх юмгүй дэмий сууж байхаар ингээд сууж байх нь их сайхан байна.
Дуламаа:
Чи нээрээ гялалзаж байна аа.
Цэвэл:
Чи бас дуртай зүйлээ олоод хийгээрэй. Хөгширсөн гэж бодож болохгүй юм байна шүү.
Дуламаа:
Нээрээ тийм дээ. Чамайг ингээд харсан чинь ёстой сэтгэл сэргээд гоё болчихлоо. Би бас нэг юм бодно оо. За найз нь явлаа. Дараа ирэхээрээ уулзана аа. Баяртай.
Нинжин:
Таны найз юм уу?
Цэвэл:
Аан тийм. Нэг голын хүмүүс байгаа юм.
Нинжин:
Эмээ, та энийг оёхоор ядарч байна уу?
Цэвэл:
Гайгүй дээ. Харин ч энийгээ хийгээд суухаар бүүр бие хөнгөрөөд сэтгэл санаа сайхан болчих юм.
Нинжин:
Яагаад тэгдэг юм болдоо? Та өмнө нь юм оёдоггүй, ажил хийдэггүй байхдаа ядраад байна л гээд байдаг байсан даа?
Цэвэл:
Харин тийн. Мал маллахаас өөрийг хийж чадахгүй надад энэ хотод хийх зүйл байхгүй гэж боддог байлаа. Зүгээр суухаар биеэ чагнаад, ядраад, өвдөөд байдаг юм байна. Харин одоо гэрийн шаахайгаа яавал илүү гоё үзэмжтэй, хүний хөлд эвтэйхэн болгох уу гэсэн бодол толгойд эргэлдээд таагүй зүйл бодох завгүй, өвдөх цаггүй болчихдог юм байна.
Нинжин:
Та энийг эхлүүлсэн нь зөв болж. Таны бие өвдөхгүй байгаад би баяртай байна.
Цэвэл:
Өтөл насан дээрээ өөр хүн болсон юм шиг мэдрэмж төрөөд сайхан байна. Хотын хүмүүстэй зэрэгцээд оёдол хийж, худалдаа наймаа эрхлээд, ингээд сууж байна гэж огт төсөөлсөнгүй. Өөрийнхөө хэр хэмжээнд оёход болоод л байна. Тэгээд болоогүй бас тэтгэврийн хэдийнхээ хажуугаар хэд гурван юм олчих нь гээч /инээвхийлнэ/
Нинжин:
Эмээ та тэгвэл зөндөө мөнгөтэй болж байгаа юм байна.
Үүнийг эхлүүлсэн нь сайн юм болж.
Цэвэл:
/Инээнэ/ Эмээ нь аав ээж хоёрынх нь зээлийг төлөхөд тусалъя гэж бодсон байсан. Харин тэр хоёр тэрэнд санаа зоволтгүй. Та өөрийнхөө орлогыг өөрийн хүссэн зүйлд зарцуулаарай гэсэн. Эмээ нь тэгээд та хоёрын их сургуулийн төлбөрийг төлөхөд нэмэр болъё гэж шийдсэн.
Нинжин:
Баярлалаа эмээ. Сургуулийн төлбөр чинь их мөнгө байдаг гэсэн. Бид хоёр хичээлээ сайн хийгээд хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ сураад танд зөндөө тусална аа. /Шийдэмгий, урам зоригтой хэлнэ./
Төгөлдөр:
Тэгье тээ эгчээ
/Эмээ хоёр ачийнхаа толгойг илнэ. Бүгд бие бие рүүгээ харж инээмсэглэнэ./
Өгүүлэгч:
“Жинхэнэ үнэ цэнээ олж мэдэх нь таны ертөнцийг үзэх үзлээ өөрчилж, хөгжих эхлэлийн цэг болох юм”
Эрхэм үзэгчта ч гэсэн өөрийн гэсэн ур чадвартай бүтээгдсэн, үнэ цэнтэй хүн билээ.
Хүн өөрийгөө таниагүй үедээ өөрийгөө дутуу үнэлж, амьдрал угаасаа л ийм гэж бодон, идэвхгүй амьдардаг. Харин өөрийгөө таньж мэдсэнээр илүү бүтээлч, үр өгөөжтэй, урам зоригтой амьдарч чаддаг.
Өгүүлэгч:
Тунгаан бодох асуултууд
1. Хүн бүр үнэ цэнтэй. Та ч үнэ цэнтэй. Та өөрийгөө хэн гэж дүгнэж байна вэ?
2. Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв зүйл юу вэ?
3. Та хөгжин дэвжихийн төлөө ямар шийдвэр гаргаж байгаа вэ?
Анхаарал хандуулсан танд баярлалаа.
ВишнФанд Монгол ББСБ
3 Алсын хараа - Vision
Дүрүүд:
Үйлсээ - 30 гаран насны эрэгтэй, мужаан, Гэрэлээгийн нөхөр
Гэрэлээ -30 гаран насны эмэгтэй, Үйлсээгийн эхнэр , оёдолчин
Төгөлдөр - Үйлсээ, Гэрэлээ хоёрын хүү, 6-р анги
Өгүүлэгч: Алсын хараа
ҮЙЛСЭЭГИЙН ГЭРТ, ОРОЙ
Үйлсээ зочны өрөөнийхөө буйдан дээр сууж байна. Эхнэр Гэрэлээ нь оёдлын машины ард суугаад юм оёж байна /оёдлын машинаар юм оёж байгаа чимээ/. Төгөлдөр сургууль дээрээ мөрөөдлийн тухай яриа өрнөсөн талаар ярихаар аавынхаа хажууд ирээд сууна.
Төгөлдөр:
Ааваа, өнөөдөр сургалтан дээр мөрөөдлийн тухай ярьсан. Танд мөрөөдөл байдаг уу?
Үйлсээ:
Тиймээ. Аавд нь мөрөөдөл бий. Хүн бүрд мөрөөдөл байдаг гэж боддог. Миний хүүд ямар мөрөөдөл байна? Чи найзууддаа мөрөөдлөө ярив уу?
Төгөлдөр:
Надад ч мөрөөдөл байгаа л даа. Гэхдээ миний мөрөөдлийг хэн ч тоохгүй дээ гэж бодоод яриагүй.
Үйлсээ:
Бусад хүмүүс чиний тухай юу гэж бодох нь чухал биш шүү дээ. Чамд чиний мөрөөдөл чухал шүү, хүү минь. Хүн бүрийн мөрөөдөл өөр өөрт нь утга учиртай, үнэ цэнтэй байдаг.
Төгөлдөр:
Аанхан/толгой дохиод, бодолхийлнэ/
Үйлсээ:
Аав ньчиний мөрөөдлийг сонсохдоо хэзээд бэлэн байж, дуртайяа сонсоно шүү. Аавдаа одоо яриад өгөх юм үү?
/Хөгжилтэйгөөр, ятгасан маягтай хүүтэйгээ ярилцах/
Төгөлдөр:
Та шоолохгүй биз?
Үйлсээ:
За, Юу гэж дээ,
Төгөлдөр:
Хмм.... За. Би маш сайн гагнуурчин болох юмсан гэж мөрөөддөг. Тэгээд энд тэндгүй маш олон, маш том тоглоомын талбай бүтээнэ.
Үйлсээ:
Хөөх, миний хүү ямар сайхан мөрөөдөлтэй юм бэ? Хүүгийнхээ мөрөөдлийг сонсоод аавынх нь сэтгэлих хөдөлж байна.
Гэрэлээ:
Дээл оёнгоо тэдний яриаг сонсоод сууж байна.
Ямар сайхан мөрөөдөл вэ? Жижигхэн хүүгийн минь дотор ийм том зүйл байна гэж ээж нь ёстой санасангүй. Миний хүү том эр болжээ. Ээж нь “Хараа зорилгогүй бол хүн зон журамгүй” гэдэг үг сонсож байсан. Миний хүү хараа зорилготой байгаа нь маш чухал. Хүүгээрээ бахархаж байна.
Төгөлдөр:
Нээрээ та хоёрт гоё санагдсан уу? Миний мөрөөдөл бусдад таалагдана гэж бодоогүй шүү.
Үйлсээ:
"Гагнуурчин болно оо" гэдэг бол миний хүүгийн мөрөөдөл. Харин "энд тэндгүй тоглоомын талбай барина аа" гэдэг нь чиний алсын хараа юм..
Төгөлдөр:
Аа бас ялгаатай байдаг байх нь ээ
Үйлсээ:
Алсын хараа гэдэг нь хүн бүр амьдарч байгаа нийгмийнхээ хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хийж бүтээхээр зорьж байгаа том зорилгыг хэлж байгаа юм. Миний хүү алсын хараагаа биелүүлэхийн тулд одооноос тодорхой төлөвлөгөө гаргаж, шат шатаар, бага багаар хэрэгжүүлж болно шүү. Аав нь чамайг энэ алсын хараандаа хүрэхэд чинь тусална.
Гэрэлээ:
Аа нээрээ, Аавынх нь бага байхдаа өөрийнхөө мөрөөдлийг зурж байсан гар зураг байдаг ш дээ.
Үйлсээ:
Инээмсэглээд
Хэхэ нээрээ тийн. Нөгөө бор чемоданд байгаа гэж санаад байна. Аав нь одоохон…/хаалга нээх, хаах чимээ/
Үйлсээ бор чемоданаа амбаараасаа авчирч, онгойлгоод /чемодан нээж, хаах чимээ/ олон жилийн өмнө мөрөөдлөө зурж байсан үнгэгдэж, бүдгэрсэн зурагтай зургийн дэвтрийн цаас гаргаж ирнэ.
Үйлсээ:
За энд байна. Бас л олон жилийн өмнө зурж байлаа.
Одоо бодоход ангийн маань багш их ухаантай хүн байжээ. Биднээр ийм зураг зуруулаад. Амьдралын зорилго, төлөвлөгөө гээд ярьж билээ. Холч ухаан, алсын хараатай, хүүхдүүдийн төлөө гэсэн сэтгэлтэй үнэхээр сайн багш байж. Энд зурж байсан мөрөөдөл маань одоо биелсэн байна.
Үйлсээг ярих зуур ангидаа суугаад зурж байсан үеэ дурсаж байгаа зургийг бүдэг өнгөөр гаргана /гэр бүлийн зураг, мужаан болоод өөрийнхөө байшинг барьж байгаа зураг ч юм уу/.Төгөлдөр аавынхаа зурсан зургийг хараад инээмсэглэн зогсоно.
Төгөлдөр:
Аав шигээ ингээд зурвал
би мөрөөдөл, алсын хараагаа мартахгүй байнга санах нь байна шүү дээ.
Гэрэлээ:
Харин тийн. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа арван жилийн дараах алсын хараагаа төсөөлж зурцгаая.
Төгөлдөр:
За, тэгье. Хараа зорилгогүй бол хүн ямар болдог гэлээ ээжээ?
Гэрэлээ:
.. Хүн зон журамгүй. Энгийнээр хэлбэл Амьдрал нь замбараагүй, ойлгомжгүй, үр өгөөж багатай байна л гэсэн утгатай даа.
Төгөлдөр:
Тэгвэл одоо зураад тавья. Эгчийг дуудъя. Эмээ хаачсан юм болоо? Би бас цаас, харандаа аваад ирье /гээд нөгөө өрөө рүү гүйнэ. /
Төгөлдөр:
/Цаас харандаа гартаа бариад ирэнгээ/
Эгчид хэлсэн. Одоо хүрээд ирнэ.
Үйлсээ:
Нээрээ л зорилго, төлөвлөгөөгүй зорьсондоо хүрнэ гэдэг хэцүү болсон цаг. Хамтдаа төлөвлөх нь сайхан санаа байна. Гэхдээ зурахын өмнө хүү минь хоёулаа мужааны байшин руу орж хамтдаа нэг зүйл хийе
Төгөлдөр:
Ааваа юу хийх юм бэ гээд аавынхаа араас даган гарна
Үйлсээ хүүтэйгээ хамт зурсан алсын хараагаа нааж, тогтоох самбар хийж байгааг дүрсэлнэ. /Самбар хийж байгаа хөрөө, алхны чимээ/
Дэлгэц солигдоход самбараа ханандаа тогтоосон байна. Цаас тавиад тойроод суугаад хоорондоо яриад хүн бүр алсын хараагаа зурцгааж байгааг харуулах /Төгөлдөр-алсыгхарагч, Нинжин-дуучин болоод тайзан дээр зогсож байгааг, аав ээж-мужааны, оёдлын цехтэй болохыг мөрөөдсөн зураг дүрслэх/.
Өгүүлэгч:
Хараа зорилгогүй бол хүн зон журамгүй.
Төгөлдөр хүүгийн сургалтаас олж авсан бяцхан цог гэр бүлтэйгээ ярилцахад улам томорч, төөнөн аслаа. Энэ гэрийн хамгийн бага нь ч гэлээ алсын хараа, зорилго төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй байхын чухлыг өнөөдөр тэр сайтар ойлголоо. Үйлсээ, Гэрэлээ хоёр ч гэсэн хүүгээсээ суралцаж, зорилгоо дахин санан, тодорхойлж, илүү эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй байх хэрэгтэйгээ санан, шийдвэр гаргалаа.
Бид хүсэл мөрөөдөл, бодол санаагаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж байвал бие биеэ илүү их ойлгож, хайрлаж чадна.
Хүн бүрд хүсэл мөрөөдөл, алсын хараандаа хүрэхэд урам дэм хэрэгтэй.
Өгүүлэгч:
Тунгаан бодох асуултууд:
Та ирэх 5 жилдээ юу хийхийг хүсэж байна вэ?
- Гэр бүлдээ
- Ажил, бизнестээ
- Өөрийгөө хөгжүүлэх тал дээр
Анхаарал хандуулсан танд баярлалаа.
ВишнФанд Монгол ББСБ
4 Энэрэнгүй сэтгэл - Compassion
Дүрүүд:
1. Үйлсээ - 30 гаран насны эрэгтэй, мужаан, Гэрэлээгийн нөхөр
2. Гэрэлээ -30 гаран насны эмэгтэй, Үйлсээгийн эхнэр , оёдолчин
3. Төгөлдөр - Үйлсээ, Гэрэлээ хоёрын хүү, 6-р анги, 11 настай
4. Долгор эмээ - Үйлсээгийн хөрш, 60 орчим настай
5. Заяа - Долгор эмээгийн зээ охин, 5-р анги, 10 настай
6. Хөрш эрэгтэй 1
Өгүүлэгч: Энэрэнгүй сэтгэл
ӨДӨР 1
АЖЛАА ТАРААД ХАРИХ ЗАМД, ҮДЭЭС ХОЙШ
/Үйлсээ ажлаа тараад гэр рүүгээ харих замд нь Долгор эмээ зээ охинтойгоо тортой зүйл дамжлаад явж байгааг хараад, урагш жаахан хурдан алхаад/
Үйлсээ:
Сайн байна уу, эгчээ? Би хүргээд өгье/гээд тортой зүйлийг нь аваад цааш хамт алхана/
Долгор эмээ:
Өө ямар сайн юм бэ? Тэтгэвэр буухаар нь ойр зуур хүнсээ цуглуулсан ухаантай. Их биш ч бас хүнд оргиод байсан юм. Баярлалаа хүү минь.
Үйлсээ:
Зүгээрээ эгчээ, туслах боломжтой байгаа дээрээ тусалж явсан нь дээр гэж би боддог. /Долгор эмээгийн хашааны хаалганы гадаа ирцгээнэ/
Долгор эмээ:
Ёстой их баярлалаа, хүү минь. Энэ хүртэл хүргээд өгч байхад. Одоо юу байх вэ? Бид өөрсдөө оруулчихна аа.
Үйлсээ:
Зүгээрээ. Та хоёр сайхан амраарай.
ГЭРТЭЭ ИРЭЭД, ЦАЙ УУХ ЗУУРАА
Үйлсээ:
/Галын өрөөнд яриа өрнөнө. Үйлсээ цай уугаад ширээн дээр аяга тавина. Цай оочлох, аягаа ширээн дээр тавих шум оруулах./
Хамар хашааны Долгор гуай, Заяахоёрт туслах хэрэгтэй байна. Удахгүй өвөл болох нь. Гэр нь дулаалга муутай байх шиг.
Гэрэлээ:
Чадалтайсан бол туслахсан. Даан ч өөрсдөөсөө илүү гарч чадахгүй л юм. Хүлэмж барих, өргөст хэмх тарих гээд авсан зээлээ төлөх хэрэгтэй. Хүүхдүүддээ бас аятайхан дулаан хувцас авмаар байдаг.
Үйлсээ:
Бид яах вэ болно шүү дээ. Хүүхдүүд өнгөрсөн жилийнхээ хувцсыг өмсөхөд асуудалгүй биз. Өргөст хэмхээ сайн услаад, ургуулбал зээлээ хугацаандаа төлчихнө дөө. Түрүү жил Долгор гуайд туслах гээд чадахгүй өнгөрсөн. Өвлийн хүйтнийг арай гэж л давах шиг болсон. Энэ жил бодсоноороо гэрийг нь сайхан дулаалаад өгье.
Гэрэлээ: /Дурамжхан/ мэдэхгүй юм даа.
ӨДӨР 2
НАРАНТУУЛ ЗАХАД, ОРОЙ
/Үйлсээ хэд гурван дулаалгын эсгий бүрээс авчээ/ Үйлсээ:
“Ёстой аятайхан бүрээс авчихлаа.”
гэж өөртөө хэлнэ. Зах дээрх олон хүний шум.
ӨДӨР 3
МАРГААШ НЬ ГЭРТ, ӨГЛӨӨ
/Үйлсээ Долгор гуайнд очихоор юм хумаа бэлдэнэ./
Үйлсээ:
Бүгдээрээ ингэс хийгээд гарцгаах уу?
Гэрэлээ:
Би маргааш гэхэд энэ хоёр дээлийг гаргаж өгөх ёстой. Тэгэхээр би хамт явж амжихгүйнь дээ. Яах уу? /Эргэлзэж, тээнэглэзэх, гэхдээ бас хамт явж тусалмаар байгаа байдалтай/
Төгөлдөр:
Ааваа, би тантай хамт явъя.
Үйлсээ:
За тэгье. Бид бусдад гараа сунгаснаар амьдрал утга учиртай болдог гэсэн үг байдаг даа. Миний хань бодлоо өөрчилбөл хүрээд ирэхгүй юү. Тиймээ. Хүн хүч их хэрэгтэй л байна. Чи минь ч ажлыг гялалзуулдаг даа. /Эхнэрээ аргадсан, зөөлөн дуугаар хэлээд гарна. /
Гэрэлээ:
Ммхн
/Аав, хүү хоёрын гарах чимээ буюу хаалга онгойж, хаах чимээ/
ДОЛГОР ЭМЭЭГИЙН ХАШААНД
/Аав, хүү хоёр айлдаа очоод ямар ажлаар ирснээ хэлтэл Долгор эмээ маш баярлаж, сүйд болно. Долгор гуайн зээ охин Заяа, Үйлсээгийн хүү Төгөлдөртэй хамт чадлынхаа хэрээр гэр доторх зүйлсийг зөөж, гаргаад, хөөрч гүйлдэнэ. Тэднийг ийнхүү их ажил өрнүүлж байгааг хөрш айлууд хараад туслахаар ирлээ /1, 2-оороо ар араасаа нэмэгдсэн эрэгтэй, эмэгтэй том хүн, хүүхдийн дүр эсвэл хөлүүд, эрч хүч дүүрэн байгааг мэдрүүлэх/. Хамтдаа айлын гэрийн бүрээсийг нэг нэгээр нь авч, ханын уяаг шалгаж, засна. Цэгцтэй хураана./
Тэр хойгуур ээж ямар нэг зүйл буруу болоод байгааг ойлгоод
Гэрэлээ:
/Гэрэлээ гэртээ оёдол хийж суух зуураа цай уух гээд аягаа авахад аяган дээр нь байгаа өгүүлбэрийг унших/
Гэрэлээгийн бодол: Бидний зөн хараа-
Хүүхэд бүрт, тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө.
Бидний залбирал-
Хүн бүрийн зүрх сэтгэлд түүнийг биелүүлэх хүсэл эрмэлзлийн төлөө
Аяган дээр бичигдсэн байна.
Хүүхэд бүрт, тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө...
. . . /амандаа уншина/ Тэгээд бага насаа дурсана. /Гэрэлээ зургаан хүүхэдтэй айлын том. Ээж нь бага дүүг нь төрүүлсний дараа хөрш айлын эгч ээжид нь санаа тавьж сүү авчраад, цай чанаж өгөөд, халамжилж байгааг санадаг.Энэ бодлыг нь өөр өнгөөр саарлаар эсвэл бороор ч юмуу зурах/
Гэрэлээ:
Тийм шүү. Би ч бас багадаа хэцүүхэн л өссөн. Ээж маань бага дүүг минь төрүүлсний дараа хөршүүд маань ирж асарч байсан. Ер нь Долгор гуайнх руу явна. Захиалгаа оройдоо сайн суугаад дуусгачихна аа. Очиж, чадах хэрээрээ тусалъя /Өөртөө хэлээд шийдэмгий босно/
ГАДАА, ҮД ДУНД
/Хүмүүс хамтдаа Долгор гуайн гэрийн муудсан эсгий туургыг авч, шинээр сольж эргүүлэн барина. Салгаж авч байгаа болон шинэ бүрээс тавьж байгаа чимээ оруулах/
Олон:
/Гэрийн бүслүүрийг чангалахдаа нээг хоёрын гурваа гэж дуу нийлүүлэн татна.Ийм хоолой, олон хүн оролцож байгааг илтгээд бүслүүрээс барьсан хүмүүсийн гарын зураг оруулах/
Долгор эмээ:
/Ард нь барьж дууссан цэмцийсэн гэр харагдах/
Бидэнд тусалсанд баярлалаа, хүүхдүүд минь. Та нарынхаа энэрэнгүй сэтгэлийн ачаар бид хоёр энэ өвөл алзахгүй ээ. Маш их баярлалаа хүүхдүүд минь.
Заяа:
Эмээ, энэ ах эгч нар ёстой сайн хүмүүс юмаа. Өчигдөр бид хоёрыг авсан юмаа даахгүй явж байхад Төгөлдөрийн аав бас тусалсан. Тиймээ?
Долгор эмээ:
Тиймээ охин минь. Миний охин, энэ ах эгч нартаа Баярлалаа гэж хэлээрэй. /Охин руугаа болон хүмүүс рүү харан инээмсэглэнэ/
Заяа:
Баярлалаа /Цоглог, сэргэлэн, үнэн сэтгэлээсээ баярласан хүүхдийн хоолой./
Гэрэлээ:
Зүгээрдээ, эгч минь. /Очиж амжихгүйн дээ гэж хэлж байсныг харуулах/Миний хань ёстой сайн байна. Сэтгэл дүүрээд нээх сайхан болчихлоо.
Үйлсээ:
/Хүү, эхнэр, Долгор эмээ, хөршүүдийг тойруулж инээмсэглэн хараад/Харин тийн. Бусдад гараа сунгаснаар бидний амьдрал утга учиртай болно гэдэг энэ шүү дээ. Сайхан байна.
Төгөлдөр:
/Аав, ээжийнхээ, томчуудын яриаг сонсоод ааваараа бахархсан байдалтай байгааг харуулах/Ааваа бид хоёр явж тоглолоо.
Үйлсээ:
Тэг тэг. Та хоёр яваад тогло тогло.
Хоёулаа явж тоглоё /гараараа нааш ир гэж дуудаж байгааг харуулах. Охин хүүг хараад араас нь гүйнэ./
Хөрш залуу 40 орчим насны
Энэ хоёртоо тусалмаар байдаг байсан юм. Эртхэн ингээд тусалдаг байж. Өгье гэвэл ганцаасаа гэж. Сайхан санаа гаргасан чамд баярлалаа. Бие биедээ чадлынхаа хэрээр туслаад л явцгаая.
Үйлсээ:
Олуулаа санаа нийлээд хурдхан, сайхан бариад дууслаа. Туслахаар ирсэнд баярлалаа. /Эргэн тойронд байгаа хүмүүс рүү харж инээмсэглэнэ./
Өгүүлэгч:
Бусдад гараа сунгаснаар бидний амьдрал утга учиртай болдог.
Хөршдөө туслах энэрэнгүй сэтгэлээ бодит болгосон Үйлсээгийн үйлдэл Долгор гуай болон түүний зээ охин Заяагийн амьдралыг баяртай, сайхан болгоод зогсохгүй Үйлсээгийн гэр бүлийнхэн, мөн хөршүүдийнх нь ч амьдралыг утга учиртай болгосон юм.Бүгдээрээ, эргэн тойронд байгаа тусламж хэрэгтэй хүмүүстээ аль чадлаараа тусалж, амьдралаа утга учиртай болгоцгооё.
Өгүүлэгч:
Тунгаан бодох асуултууд:
1. Үйлсээ сайн дураараа Долгор эмээд тусалсан. Та хэр олон хүнд Үйлсээ шиг сайн дураараа, энэрэнгүй сэтгэлээртусалсан бэ?
2. Таны амьдралд хамгийн их тусалж байсан хүн хэн бэ?
3. Таны эргэн тойронд тусламж хэрэгтэй хүн байна уу?
Анхаарал хандуулсан танд баярлалаа.
ВишнФанд Монгол ББСБ
5 Харилцаа - Relationship
Дүрүүд:
Үйлсээ - 30 гаран насны эрэгтэй, мужаан, Гэрэлээгийн нөхөр
Гэрэлээ - 30 гаран насны эмэгтэй, Үйлсээгийн эхнэр , оёдолчин
Цэвэл - Үйлсээгийн ээж, 60 гаран настай
Дэлгүүрийн эзэн - 40 орчим настай
Ариунаа - Шинээр нүүж ирсэн айлын эзэгтэй, 30 орчим настай
Баатар - Хөрш, 50 гаран настай
Гагнуурчин - 40 гаран настай
Хэсгийн ахлагч - 40 гаран настай, эрэгтэй
Өгүүлэгчийн хоолой
Өгүүлэгч: Харилцаа
ЗУН, ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРТ, ҮДЭЭС ӨМНӨ
Гэрэлээ Ариунаатай дэлгүүрт тааралдана. Дэлгүүрийн бараатай тавиур, лангуу, лангууны ард худалдагч байна. Ариунаа, Гэрэлээ хоёр наана зогсож байна.
Дэлгүүрийн эзэн:
Гэрэлээ энэ манай урд хашаанд ирсэн шинэ хөрш. Та хоёр сайхан танилцаад аваач.
Гэрэлээ:
Аан тийм үү? Би харин ямар айл ирсэн бол? Тэгж байгаад орж танилцъя гэж бодоод байсан юм. Ашгүй энд таарлаа. Намайг Гэрэлээ.
Ариунаа:
Ариунаа.
Гэрэлээ:
Бид нас ойролцоо бололтой.
Дэлгүүрийн эзэн:
Манай энэ Гэрэлээ хаана л хүний тус дэм хэрэгтэй байна, тэнд гүйж явдаг юм. Энэ хавийнхан Гэрэлээг андахгүй. Гэрэлээ ч энэ хавиа андахгүй. Биднийг холбодог гүүр л гэсэн үг. Бид ч цаашлуулаад гүүр Гэрэлээ гэдэг дээ
Гэрэлээ:
За та хүн цаашлуулаад л
Дэлгүүрийн эзэн:
Үгүй ер... Үнэн үг л хэлж байна даг. Ариунаа минь, тус дэм хэрэгтэй бол Гэрэлээг санаарай.
Ариунаа:
Аан за тэгье. Холбоотой байцгаая.
Гэрэлээ:
Тэгэлгүй яахвэ. Найз нь туслах зүйл байвал чадах чинээгээрээ тусална. Үдээс хойш завтай бол манайхаар орж цай уугаарай. Өнөөдөр би хэдэн боорцог хайрах санаатай.
Ариунаа:
Тэгье тэгье. Би үдээс хойш танайхаар оръё.
Дэлгүүрийн эзэн:
За ингээд шинэ газрын танилын хүрээ чинь нэгээр нэмэгдлээ шүү.
Ариунаа:
Харин тэглээ. Та хоёрт маш их баярлалаа. Би ингээд явъя. Түр баяртай,
Гэрэлээ.
Дэлгүүрийн эзэн, Гэрэлээ:
Баяртай./Дэлгүүрийн хаалга онгойх, хаах чимээ/
ҮДЭЭС ХОЙШ, ГЭРЭЛЭЭГИЙН ГЭРТ
Гэрэлээ:
/Ариунаа, Гэрэлээ хоёр ширээний ард хамтдаа сууж ярилцана./
Цай уу. Халуун боорцог ид.
Ариунаа:
Шинэ боорцогны үнэр ч хашааны гаднаас л үнэртэж байна шүү.
Гэрэлээ:
/инээвхийлж/
Ээж, та Ариунаатай танилцаарай. Манайхтай ойр нүүж ирсэн айлын хүн. Ариунаа, энэ хүн манай ээж.
Хадам ээж Цэвэл:
Аан тийм үү, охин минь.
Дээхнэ гадаа сууж байхад нэг айл нүүж ирээд байсан. Танайх байсан байх нь.
Ариунаа:
Харин тийн. Манайх Архангайгаас нүүж ирлээ. Шинэ газар ямар байх бол гэж бодож байлаа. Санасныг бодоход их хурдан шинэ танилуудтай болчихлоо. Бид ч энд хурдан дасах бололтой.
Гэрэлээ:
Тэгэлгүй яах вэ. Санаа зовох хэрэггүй. Хөршүүд бие биедээ тус болоод явцгаана.
Нөхөр маань хэд хоногоор хөдөө явсан. Ирэхээр нь танилцуулна. Хүүхдүүд маань тоглоомын талбай дээр л байна.
Ариунаа:
Тоглоомын талбай дажгүй, цэвэрхэн газар шиг харагдсан. Гэхдээ тэр жалга жаахан эвгүй санагдсан. Бороо орохоор их устай болох шинжтэй. Энд гүүр баривал хүүхдүүд хичээл эхлэхээр сургууль руугаа тойрч явалгүй шууд явах боломжтой юм шиг санагдсан. Өвөлдөө цас их хунгарладаг байх тэ?
Гэрэлээ:
Тийм шүү. Бороо, цас их орохоор энэ жалга хэцүү болдог. Чиний наад санаа чинь ёстой зөв санаа байна. Бид нар яагаад өмнө нь ингэж бодож байгаагүй юм бол доо. Наад санааг чинь ажил хэрэг болгоё. Гүүр барьцгаах уу?
Ариунаа:
Харин л дээ. Би ч тэгээд их санаанаас цаашгүй хүн дээ.Гүүр барина ч гэдэг мань мэт шиг хүмүүсийн хийх ажил биш байх даа. Их мөнгө хэрэг болох байлгүй.
Гэрэлээ:
Энэ хавийн айлууддаа хэлье. Олуулаа санаа нийлбэл болж л таараа. Маргаашаас энэ хавийн айлуудаараа яваад санаагаа хэлээд үзье.
Ариунаа:
Би ч одоо хэрэг байна уу? Танихгүй хүн очихоор тэдэнд сонин санагдах байх даа.
Гэрэлээ:
За юу гэж дээ. Харин ч сайхан танилцаад авах завшаан шүү дээ.
Ариунаа:
За яах вэ чамайг явна гэвэл бараа болоод явъя.
Цэвэл:
Хүний гар харж, цаг алдаж байхаар өөрсдөө хийвэл хурдан даа. Залуу хүмүүс юу байх вэ. Түргэн хийчих нь дээ.
Үйлсээ, Гэрэлээ гүүр барих ажлаа төлөвлөж, харилцааны зураглал гаргаад, /хэсгийн байцаагчтай гагнуурчин гэх үгсийг утсаар ярьж байгаа үед дэлгэц дээр гаргах. Хэнтэй утсаар ярьж байгааг ойлгуулах зорилготой/
ЗУН, ТОГЛООМЫН ТАЛБАЙД, ӨГЛӨӨ
Хүмүүс гэр гэрээсээ байгаа багаж, материалаа авчирч байгаа чимээ, олон хүний яриа, шум. Хүмүүс юм хумаа авчрах үед нартай, цэлмэг байна. Ард нь хашааны зураг, зүлгэн дээр эд зүйлс, багаж энэ тэрээ тавих
Үйлсээ:
Би өчигдөр хэсгийн ахлагчтай ярьсан. Гагнуур хийх хүн олдчих юм шиг байна. Удахгүй хүрээд ирэх байх./Үйлсээ, бусад хөршүүдтэй ярилцаж байгаа дүр/
Хөрш:
Ямар аятайхан хэрэг вэ? Гагнуурчин хүрээд ирвэл ч болох гээд байна. Гүүрний төмөр рамыг сайтар гагначихвал, хэдүүлээ банзаа тааруулж тайраад, өнгөлж будахад юу байх вэ дээ.
Ариунаа:
Тийм шүү! Санаа минь ийм хурдан дэмжигдээд бодит болгохоор бүгд идэвхтэй оролцоно гэж санасангүй шүү.
Гэрэлээ:
Бид бүгдэд тустай, хамгийн гол нь хүүхдүүдийн минь аюулгүй байдал, тав тухтай орчныг бий болгох зөв санааг дэмжилгүй яах вэ. Ээж маань Нараатай хамт цай чанаад, боорцог хайраад ирье гэсэн. Хүүхдүүд ингэж хичээж байхад би бас чадахаараа нэмэр болно гэж байна лээ.
Ариунаа, Гэрэлээ хоёрын ярианы дараалал солигдсон.
Баатар:
Танай хадам хөгшин үгүй ээ ажилсаг хүн шүү. Эгчийг ингэж хэлж байхад бид юугаа хийж хойш суух вэ. Гялалзуулчихна аа. Хэсгийн ахлагч, гагнуурчинтай ирж байх шиг байна.
Ойрын өдрүүдэд бас бороо орох шинжтэй. Шалавлацгаая, хэдүүлээ.
Энэ хэсгийн үйл явдлыг хуруулахдаа дэлгэцийн дүрс хурдан солигдох. Хүмүүс бүгд байгаа зүйлээ цуглуулаад, чадах чадахаараа урам зоригтой хийцгээнэ. Гүүрээр холбох жалганы зураг. Жалга жаахан устай, хүмүүс тэнд тавьсан чулуун дээгүүр гишгэж нааш, цааш гарна. Жалганы хоёр талд хүмүүс ажлаа хувааж аваад ажиллаж байгаа дүр. Нарны малгайтай, болон толгойгоо алчуураар боосон эрэгтэй, эмэгтэй хүмүүс. Дундуур нь цай ууж, боорцог идэж байгаа дүрс харагдаад өнгөрөх. Шум.
Их ажил өрнөж байгааг мэдрүүлсэн оргилуун дэвсгэр ая.
Гүүрээ улбар шараар будах.
Гүүр баригдаж дууссаны дараа хүмүүсийн инээж, баярласан. Өөрсдөөрөө бахархсан төрхийг дүрслэх.
Хүүхдүүд гүүрээр гарч байгааг хэд хэдэн зургийг уусгах маягтай харуулах.
Өгүүлэгч:
Олны хүч оломгүй ... гэх үгийн утгыг
хүүхдүүдийнхээ сайн сайхан, бүрэн дүүрэн, аюулгүй амьдралын төлөө нэг санаагаар хийж байгаа гүүр барих энэ хамтын ажил тод томруун харуулж байна. Хол ойрыг, гуу жалгыг гүүрээр холбодог шиг бидний эвдэрсэн, гомдсон, ганцаардсан сэтгэлийг холбож, харилцааг сэргээдэг Гэрэлээ шиг “гүүр” олонбайх болтугай! Харилцаа бол бидний амьдралын чухал, нандин, хэврэг зүйлсийн нэг. Үүнийг үргэлж, тордож анхаарч байх нь чухал шүү. Бид бие биедээ үргэлж хэрэгтэй.
Өгүүлэгч:
Тунгаан бодох асуултууд
1. "Гэрэлээ шиг хүн"ий тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгааг та мэдэж байна уу? Та түүнд хэрхэн туслах вэ?
2. Та харилцааны зураглалаа гаргана уу. Та үүнийг хараад, цаашид ямар бүтээлч алхам хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?
3. Таны амьдарч буй орчинд өөрсдийнхөө хүчээр шийдвэрлэж болох асуудал байна уу?
Анхаарал хандуулсан танд баярлалаа.
Back to episodes Go home